Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2021/01446

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 12 дугаар хороо, .... тоот хаягт оршин суух, У овогт Б гийн А /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ...ын гудамж, ..., ... дүүргийн И.А нд холбогдох,

 

Хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.А нь ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Ажлын албанд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс тус дүүргийн 14 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч Хөдөлмөрийн хүндэт медаль, дүүргийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан болно. Гэтэл 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан И.А ны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөлдөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэж тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт хууль бус шалгалт зохион байгуулж тухайн үед миний бие хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгөөгүй байхад шалгалтад унагасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлсэн зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Намайг ажлаас халах талаар урьдчилж мэдэгдээгүй. Иймд ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ... дүүргийн 14 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баягол дүүргийн И.А ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , Г.Н нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл дэх хууль бусаар шалгалт зохион байгуулсан гэх үндэслэлийн тухайд, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Хурлын Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог батлагдсан. Уг хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоохоор ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ыг баталсан. Мөн ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дугаартай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн нь дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шалгалтанд Б.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу энэ талаар ямар нэгэн мэдээлэл хэлээгүй, баримтаар нотлоогүй тул дээрх шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу тэнцээгүй гэсэн үнэлгээ өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн.

 

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухайд, ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/... дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Б.А ын тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багаас дүгнэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т зааснаар ажил олгогч нь албан хаагчийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт, явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар, стандарт шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн. Сонсох ажиллагаа хийж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан баримт бол байхгүй. Хавтаст хэргийн 101 дүгээр талд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл байгаа үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг хангасан гэж үзэж байгаа

 

Төсвийн тухай хуульд заасны дагуу ажлын албаны дарга болон тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь төсвийн шууд захирагч байна гэж заасан. Мөн төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуульд заасан эрх хэмжээг эдэлнэ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46, 47 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулахтай холбоотой асуудлыг төсвийн шууд захирагч хэрэгжүүлнэ гэж заасан. Хэдийгээр энэ нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой зохицуулалт боловч төрийн албанд хүний нөөцийн бодлогод нэгдмэл байр суурьтайгаар илэрхийлэгдэж хэрэгжих ёстой учир төсвийн шууд захирагч болох ажлын албаны дарга тушаал гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр Б.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байх тул Б.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Ажлын албанд холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дугаартай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр явуулахад Б.А нь уг шалгалтанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шалгалт зохион байгуулах журамд зааснаар тэнцээгүй гэсэн үнэлгээг өгсөн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Б.А ын тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж маргажээ.

 

... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/...дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, Засгийн газрын 2014 оны ... дугаар тогтоолыг үндэслэн Б.А ыг ... дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ... дүүргийн И.А ны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн И.А ны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т зааснаар Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 14 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Б.А нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн Хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна., мөн ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дүгээр тогтоолын 2-т Батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хүрээнд ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /А.Даваажаргал/-д үүрэг болгосон зэргээс үзэхэд Ажлын албаны дарга А.Даваажаргалд ажилтан, алба хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээ олгогджээ.

 

... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолын 1-т ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрмийг нэгдүгээр хавсралтаар, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан, мөн ... дүүргийн И.А ны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/... дүгээр тушаалын 1-т ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах зорилгоор дүүргийн И.А ны ажилтан, албан хаагчдаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалтгалт авах комиссын бүхэлдэхүүнийг хавсралтаар /уг хавсралтад комиссын ахлагч Эрх зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга С.У , гишүүд Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.С , Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Х.Э , Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Б , нарийн бичгийн дарга Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг/ баталжээ. Тус комисс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж Ажлын албаны ажилтан, алба хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу хороодын иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга нарын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан ба тус комиссын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтэд Б.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтад оролцоогүй талаар дурджээ. Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/.... дугаар тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.4-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй, шалгалтанд оролцоогүй албан хаагчдыг Тэнцээгүй гэсэн үнэлгээ авсанд тооцно. гэж зааснаар Б.А ыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцээгүйд тооцож, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгожээ. Мөн ... дүүргийн И.А ны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагч Б.А ын 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан Хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлүүдээр тус тус түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэвч хариуцагч ... дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Ажлын алба нь нэхэмжлэгч Б.А ыг дээр дурдсан 2 үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан журмыг ноцтой зөрчсөн болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А ын ... намайг ажлаас халах талаар урьдчилж надад мэдэгдээгүй, нэг өдөр л дуудаад ажлаас чөлөөлсөн тушаалыг шууд танилцуулсан гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , Г.Н ын нарын Сонсох ажиллагаа хийж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан баримт бол байхгүй. Хавтаст хэргийн 101 дүгээр талд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл байгаа, үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг хангасан гэж үзэж байгаа гэх тайлбараар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлд Б.А ын гарын үсэг зурагдаагүй, дээрх баримт нь хариуцагч талаас гаргасан нэг талын баримт юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.А ыг хууль бусаар ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг урьд эрхэлж байсан ... дүүргийн И.А ны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж зааснаар түүний ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны /ажлын 105 хоног/ цалинд 5,455,338 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.А ын нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэнээр түүний сүүлийн 3 сард авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаар 1 сарын хөдөлмөрийн хөлсийг тооцсон ба нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сард 1,211,020 төгрөг, 11 дүгээр сард 962,008 төгрөг, 12 дугаар сард 944,308 төгрөг, дундаж нь 1,039,112 төгрөг болж байх бөгөөд /1,039,112 төг : 20 хоног = 51,955 төгрөг/ ажилгүй байсан хугацааны /ажлын 105 хоногт/ цалинг 51,955 төг х 105 хоног = 5,455,338 төгрөг гэж тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А ыг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ... дүүргийн И.А ны 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 5,455,338 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг ... дүүргийн Татварын хэлтсийн .... тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР