Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2021/01445

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 1 дүгээр хороо, ... дугаар хороолол, ...ийн гудамж, .... дугаар байрны ... тоот хаягт оршин суух, Л овогт Б ын Э /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 17 дугаар хороо, ... дүгээр хороолол, А гийн гудамж,... дугаар байр оршин байх, Г өргөө төрийн бус байгууллага /РД: .../холбогдох,

 

Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , хариуцагчийн төлөөлөгч Ө.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2011 онд гадаадын хөрөнгө оруулалтай И ХХК-наас ... дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, А гийн гудамж, ....дугаар байрны хойно байрлах авто гражийн зориулалтай граж болон гражийн хажууд байрлах газрыг гэрээ хийж 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд 40,000,000 төгрөгийг дансаар шууд өгсөн, дараа нь 5,000,000 цувуулж өгөөд өөрийн болгож худалдаж авсан. Тухайн үед худалдаж авсан газраа би ямар нэгэн хашаа барих юм уу өөрийн гэсэн юм хийгээгүй. Яагаад гэвэл тэр газар алга болоод хүн ухаад авчихгүй болохоор хүмүүс машинаа тавьж байг гээд орхисон байсан. Миний газар дээр машинаа байрлуулахдаа явган хүний зам дагуу давж орж ирээд эвдээд байсан. Үүнийг би хоёр гурван удаа засаж байсан. Ийм асуудал үүсээд байхаар нь өөрийн болгоод тохижуулах зорилгоор найзаасаа 70,000,000 төгрөг зээлээд газар дээрээ хөрөнгө оруулалт хийхээр болоод блокоор барьсан гражийг буулгаад сэргээн засварласан. Анх И гэдэг компаниас гэрээ хийж авахдаа энэ газрыг би худалдаж авбал надад ус, дулаан, хүйтэн ус, тог, бохир гэх мэт бүх л асуудлыг танайх шийдэж өгөөрэй тэгж байж манайх авна шүү, өөр газраас тог цахилгаан, ус татна гэвэл газрынхаа үнээс илүү өртөг гарна гэхэд И компани зөвшөөрөөд гэрээ хийж нотариатаар баталгаажуулж авсан. Газраа аваад удаагүй байхад гадаадын хөрөнгө оруулалтай компаниудын зарим эзэд нь нутаг буцаад явсан. Ганцхан И компани захирал нь одоо байгаа юм байна лээ.

 

Ингээд газар дээрээ жижигхэн цайны газрын зориулалттай обьект бариад үйл ажиллагаа явуулах гэхэд иргэн Ө.З гэдэг залуу өөрийгөө Г өргөө төрийн бус байгууллагын тэргүүн гээд миний хийж байгаа зүйлийг хийлгэхгүй, юм бариулахгүй гэж намайг илт гадуурхаж төрийн байгууллагад гомдол гаргаад яваад байгаа. Одоо энэ Г өргөө ТББ-ын байрлаж байгаа барилга нь 300,000 м/кв орчим талбайтай барилга байгаагаас 600 м.кв орчим талбай нь Ө.З ын эзэмшлийнх юм билээ, би бас тухайн барилга дотор жижиг талбайг эзэмшдэг. Ө.З бид 2 хааяа тааралдаад ярилцахад миний хийж байгаа ажлыг хийлгэхгүй гэж хэлдэг. Тухайн барилгын хойно байрлах өөрийн газар дээр цайны газрын зориулалттай обьект барьж тог цахилгаан, цэвэр бохир ус, дулаан авах гэхээр Г өргөө ТББ нь Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанб дулааны сүлжээ ТӨХК, Улаанб цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазруудад гомдол гаргаснаас болж тухайн газрууд бидэнд техникийн нөхцөл өгөхөөс татгалзсан, мөн манай тогийг таслах, мөн үйл ажиллагаа явуулахдаа биднээс зөвшөөрөл ав гэж шаардаж байгаа хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа зогсоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г өргөө төрийн бус байгууллгын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Ө.З ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай Г өргөө төрийн бус байгууллага нь 2018 онд гишүүдийнхээ санаачлагаар байгуулагдсан, өөрөөр хэлбэл ... дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, А гийн гудамжны 47 тоот үйлчилгээний төвийн өмчлөгч нар ярилцаж тохиролцоод тухайн өмчлөгч нарынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор Г өргөө төрийн бус байгууллага байгуулагдаж Ө.З намайг сонгосон. Бүх талбай эзэмшигч нарын ус, тогны мөнгийг цуглуулж цаашаа тушаадаг, бүх юм нь ил тод байгаа. Б.Э нь бид нарыг илүү аваад байна гэх юм. Бид нар нэг ч мөнгө авахгүйгээр цааш нь тушаадаг. Намайг яагаад захирлаар томилсон гэхээр энэ барилгыг өнгөтэй өөдтэй авч явахын тулд засвар, үйлчилгээг хариуцах хүн хэрэгтэй болсон, энд цэвэрлэгээ үйлчлэгээ хийж байгаа хүмүүсээ бид 300,000 төгрөгөөр цалинжуулдаг. Манаач гэдэг хүнийг өдөр шөнөгүй ажиллуулаад 500,000 төгрөг л өгдөг, бид нар бол зүгээр л барилгаа авч явж байгаа хүмүүс юм.

 

Б.Э ын эзэмшлийн энэ газар дээр анх граж байсан. Нэхэмжлэгч Б.Э нь 2017 онд гражийн гэрчилгээтэй байж байгаад Нийслэлийн газрын албаны дарга н.Б тай яриад газраа томруулаад 116 м.кв болгож авсан. Тухайн газар доогуур нь ... дүүргийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын өмчлөлийн ф150 мм-ын бохир усны шугам байрлаж байгаа. Гэнэт нэг өдөр 2020 оны 08 дугаар сарын 22, 23-ны амралтын өдөр нийтийн эзэмшлийн талбай буюу явган хүний замыг засаад эхлээр нь хажуу талын хүмүүс янзалж байгаа юм байх гээд дугараагүй. Манай байгуулага нь Б.Э ыг барилгаа барихад нь гарч ирж орилж хашгирч саад хийгээгүй, зөвхөн тухайн барилгаа барихдаа төрийн зохих байгууллагуудаас зохих зөвшөөрлөө авсан уу гэдгийг л тодруулж гомдол хүсэлтийг гаргасан байгаа. Тэгээд ч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ны амралтын өдөр уг барилгын эзэмшигчдээс асуулгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайг хашиж хашаа барьсан. Тэрээр Хот байгуулалт хөгжлийн газар, ... дүүргийн Газрын алба гэх мэт газруудаас зөвшөөрөл авалгүйгээр Г өргөө ТББ-ын барилгын чанх арын суурийг ухан зарим цонхыг хааж барилгаа бариад дуусгасан гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г өргөө төрийн бус байгууллагад холбогдуулан хууль бус үйлдлийг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Б.Э нь И ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ... дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /..../, А гийн гудамж, ... дугаар байрны хойно байрлах гражийн зориулалттай 25 м/к талбай бүхий 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг, мөн гражийн зориулалт бүхий 14 м/к талбай бүхий 2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан. Улмаар Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/...тоот захирамжаар газрын хэмжээгээ томруулж 116 м/к газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/.... тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн .... , .....тоот гэрчилгээ, Б.Э нь Нийслэлийн газрын албатай 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ...... тоот Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр;

 

Мөн нэхэмжлэгч Б.Э нь 2020 онд уг газар дээрээ үйлчилгээний зориулалт бүхий 250 м/к талбай бүхий барилга барьсан болох нь нэхэмжлэгчийн ... би тухайн газар дээрээ цайны газар ажиллуулахаар хувь хүнээс 70 сая төгрөг зээлж үйлчилгээний барилга барьсан, ус, дулаан, 380-ын тог авах гэхээр хариуцагч хууль бусаар саад учруулж байна гэх, хариуцагчийн төлөөлөгч Ө.З ын ... 2020 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ны амралтын өдөр Б.Э нь уг барилгын эзэмшигчдээс асуулгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайг хашиж хашаа барьсан. Тэрээр Хот байгуулалт хөгжлийн газар, ... дүүргийн Газрын алба гэх мэт газруудаас зөвшөөрөл авалгүйгээр Г өргөө төрийн бус байгууллагын барилгын чанх арын суурийг ухан зарим цонхыг хааж барилгаа бариад дуусгасан гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., мөн 106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ... Тухайн барилгын хойно байрлах өөрийн газар дээр цайны газрын зориулалттай обьект барьж тог цахилгаан, цэвэр бохир ус, дулаан авах гэхээр Г өргөө ТББ нь Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанб дулааны сүлжээ ТӨХК, Улаанб цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазруудад гомдол гаргаснаас болж тухайн газрууд бидэнд техникийн нөхцөл өгөхөөс татгалзсан, манай тогийг удаа дараа тасалсан, мөн үйл ажиллагаа явуулахдаа биднээс зөвшөөрөл ав гэж шаардаж байгаа хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэж тодруулж байх бөгөөд хэрэгт Г өргөө төрийн бус байгууллагын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт гаргасан гомдол, мөн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08/.... тоот Улаанб дулааны сүлжээ ТӨХК-д гаргасан гомдлууд авагджээ. Аливаа иргэн, хуулийн этгээд нь төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрх нээлттэй бөгөөд хариуцагч Г өргөө төрийн байгууллага нь дээрх гомдлуудыг төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан үйлдэл нь нэхэмжлэгч Б.Э ын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан хууль бус үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй юм. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн цайны газрын тогийг тасалсан, үйл ажиллагаа явуулахдаа биднээс зөвшөөрөл ав гэж шаардсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Э ын хариуцагч Г өргөө төрийн бус байгууллагад холбогдуулан гаргасан төрийн байгууллагуудад гомдол гаргаж буй үйлдлийг, мөн удаа дараа тог тасалж буй үйлдлийг, үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагаас зөвшөөрөл ав гэж шаардаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э ын хариуцагч Г өргөө төрийн бус байгууллагад холбогдуулан гаргасан төрийн байгууллагуудад гомдол гаргаж буй үйлдлийг, мөн удаа дараа тог тасалж буй үйлдлийг, үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагаас зөвшөөрөл ав гэж шаардаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР