Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/шш2021/01418

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, өөрийн байр, Г ХХК /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 3 дугаар хороо, ...дугаар хороолол, ...дугаар байр, ...тоот хаягт оршин суух, Т нар овогт А ын Н /РД: ..../холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,494,714.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , хариуцагч А.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч А.Н нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ/КР/.... тоот гэрээ байгуулж, 2,400,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон боловч хариуцагч А.Н нь зээлийн гэрээний үүрэгт 1 ч төгрөгийн төлөлт хийлгүйгээр банкийг хохироосоор байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч А.Н ын төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 2,493,300 төгрөг, хүү 2,155,685.96 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 945,260.06 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 900,468.10 төгрөг, нийт 6,494,714.12 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Н ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг кредит картад байсан мөнгийг намайг залилсан хүмүүс авч хэрэглэсэн юм. Энэ кредит картын дансны хуулгыг харвал нэг удаагийн үйлдлээр уг картад байсан мөнгийг бүгдийг нь авсан байгаа нь харагдана. Энэ асуудлаар би ...дүүргийн цагдаагийн газарт хандаж үзсэн боловч одоогоор ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна. Уг кредит картаас гарсан 2,400,000 төгрөгийг би төлөх үүрэгтэй нь үнэн. Г надаас нэхэмжлэх эрх нь ч мөн байгаа. Тиймээс уг мөнгийг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Н ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,494,714.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.Н нь ... Уг кредит картад байсан мөнгийг намайг залилсан хүмүүс авч хэрэглэсэн юм. Энэ кредит картын дансны хуулгыг харвал нэг удаагийн үйлдлээр уг картад байсан мөнгийг бүгдийг нь авсан байгаа нь харагдана. Энэ асуудлаар би ...дүүргийн цагдаагийн газарт хандаж үзсэн боловч одоогоор ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна. Уг кредит картаас гарсан 2,400,000 төгрөгийг би төлөх үүрэгтэй нь үнэн. Г надаас нэхэмжлэх эрх нь ч мөн байгаа. Тиймээс уг мөнгийг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэж хүсэж байна гэх тайлбарыг гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Голомт ХХК нь хариуцагч А.Н тай 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ/КР/.... тоот гэрээ байгуулж, 2,400,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай олгожээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй б болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-д бэлэн мөнгө авсны хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан тул хариуцагч хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй. гэж зааснаар нэхэмжлэгч Г ХХК нь нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч гэрээний үүрэгт огт төлөлт хийгээгүй гэх үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г ХХК-ийн Тусгай активын хэлтсээс гаргаж хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүү тооцооллын хүснэгтээс харахад гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 400,000 төгрөг, 800,000 төгрөг, 500,000 төгрөг буюу 4 удаагийн үйлдлээр 1,800,300 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 150,000 төгрөг, 200,000 төгрөг, 43,000 төгрөг буюу 4 удаагийн үйлдлээр 593,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг, нийт 2,493,300 төгрөгийг бэлнээр авсан, хариуцагч А.Н нь энэ баримтыг үгүйсгээгүй болно. Нэхэмжлэгч Г ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 2,493,300 төгрөг, хүү 2,155,685.96 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 945,260.06 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 900,468.10 төгрөг, нийт 6,494,714.12 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч А.Н нь нэхэмжлэгчээс гаргасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй болно.

 

Иймд хариуцагч А.Н аас үндсэн зээлийн төлбөрт 2,493,300 төгрөг, хүүнд 2,155,685.96 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүнд 945,260.06 төгрөг, эрх хэтрүүлсний хүүнд 900,468.10 төгрөг, нийт 6,494,714.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч А.Н аас үндсэн зээлийн төлбөрт 2,493,300 төгрөг, хүүнд 2,155,685.96 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүнд 945,260.06 төгрөг, эрх хэтрүүлсний хүүнд 900,468.10 төгрөг, нийт 6,494,714.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 118,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР