| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0334/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/338 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/338
2024 07 24 2024/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Ц.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Ут холбогдох эрүүгийн 2425000000**** дугаартай хэргийг 2024 оны 7 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *************************** оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Д овогт Ц-ийн У /РД; ****************************/,
Шүүгдэгч Ц.У нь;
2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг 56 дугаар худагны орчим хохирогч Э.Ч-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хянах, ухаан санаагаа удирдан жолоодох чадваргүй болсон байдлыг нь далимдуулан түүний эзэмшлийн “Samsung A-54” /Самсунг А-54/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Ц.У дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг 2024 оны 6 дугаар сарын 13-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянзам 56 дугаар худгаас ус авах гэж очтол худгийн хажууд нэг эрэгтэй хүн архи уугаад согтсон байдалтай газар сууж байсан. Тэр эрэгтэй гартаа утсаа барьчихсан хүнтэй ярьж байсан ба цаанаас нь нэг эмэгтэй “хаана байна” гээд байх шиг байсан, харин согтуу залуу юм хэлж чадахгүй байсан, би наанаас нь “халуун ус гардаг худаг дээр байна” гэж чанга хэлсэн. ...согтуу залуу гартаа барьсан гар утсаа газар унагаачихаар нь би худгийн тэр хавиар явж байсан хүүхдүүдийг авчих байх гэж бодоод тэр залуугийн гар утсыг авч гэртээ харьсан. ...Би тэр залуугийн гар утсанд 8***1*** дугаарын сим карт хийж уншуулсан өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэх /хавтаст хэргийн 35 дахь тал/ мэдүүлгээс гадна,
хохирогч Э.Ч-ийн Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
хохирогч Э.Ч-ийн “...2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед...56 дугаар худгийн ойр алхаж байх үедээ эхнэр Т рүү өөрийн гар утсаар залгаж “ирээд намайг худгийн хажуугаас аваач” гэж ярьсан, ...намайг авах үед миний гар утас байхгүй болсон байсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, харин намайг худгийн ойр байх үед миний хажууд эмэгтэй хүн байсан. ...Би өөрийн хулгайд алдсан “Samsung А-54” загварын гар утсаа 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буцаан авсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, ... гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/,
гэрч А.Т-ийн “...2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр...гэртээ амарч байхад орой 17-18 цагийн орчим нөхөр Ч миний дугаар руу залгаж “худгийн хажууд байна, хүрээд ир” гэж дуудсан. ...би гэрээсээ гарч 56 дугаар худаг дээр яваад очтол нөхөр тасарчихсан шал согтуу газар сууж байсан, “Samsung A-54” загварын гар утас нь алга болсон байсан.” гэх /хавтаст хэргийн 16 дахь тал/ мэдүүлгүүд,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1929 дугаартай “...2024 оны 6 сарын байдлаар..зах зээлийн үнэ цэнийг 500.000 төгрөг гэж тооцлоо” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
Ц.У-ээс “Samsung A-54” загварын гар утсыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 45-47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.У “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,
мөрдөн байцаалтын явцад “Samsung A-54” загварын гар утсыг хохирогч Э.Ч буцаан хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 45 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал;
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Ц-ийн У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасаныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.У-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүгдэгч Ц.У-т мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э