Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/354

 

 

2024      07          31                                           2024/ШЦТ/354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,  

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Н.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.У-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежмент мэргэжилтэй, “*********” салонд гоо сайханч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн ***************************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

А овогт Н-н У /РД; ***********/,

Шүүгдэгч Н.У нь;

согтуурсан үедээ, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим ***** аймаг ****-***** сум ******** баг “**” хотхоны ***-* тоот Л.Э-ын гэрт хохирогч Ө.Болортуяаг хамтран амьдрагч Л.Эрдэнэбаттай хардаж, түүний нүүр, толгой хэсэгт цохих, газарт унаган өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Н.У дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 6 дугаар сарын 21-ний орой манайд найз Б буюу Б ирж хоносон, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед бид гурав 0.75л  архи задлаад байж байтал над руу урд нь хамт ажиллаж байсан зүс таних Б залгахаар нь түүнийг “гэрт хүрээд ир” гэж дуудсан, удалгүй Б ирсэн бөгөөд бид дөрөв архи уунгаа би хоол хийгээд нааш, цаашаа явж байсан юм. Архи  дууссаны дараа Б, Б нар хамт гарч нэг шил архи авч ирж уусан, тэгээд байж байтал Д орж ирээд Б-д “чи Эрдэнэбатын хажуугаас холдооч” гэхэд Б нь Д-ийг үсдээд авсан, Б намайг үсдэх гээд байхаар нь би зугтаагаад нойл руу орсон. ...Миний уур хүрч, Б-г зодсон бөгөөд согтолтын улмаас хаашаа нь цохисноо санахгүй байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх /хавтаст хэргийн 60 дахь тал/ мэдүүлгээс гадна,

хохирогч Ө.Б-гийн “...2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед би ******************************** тоотод найз Эрдэнэбатын гэрт ганцаараа очсон, тухайн үед найз У “Э-ынд хүрээд ир” гэж дуудсан юм. Намайг очиход Э, У нар танихгүй Б гэх залуугийн хамт гурвуулаа байсан бөгөөд У, Б нар архи задалчихсан ууж байсан, У, Б бид гурав архи хувааж ууж дуусгасан бөгөөд ахин нэг шил 0.75л архи хувааж уугаад би согтчихсон бөгөөд барагцаагаар 19 цагийн үед нэг мэдсэн чинь намайг нойлын өрөөнд байхад У “чи Э-ыг яаж таньдаг юм, хэл” гээд намайг гараараа цохиод, миний толгой, нүүр, хүзүү рүү олон удаа өшиглөөд байсан. ...Миний биед учирсан нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруу, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүдийг У гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж, өшиглөж учруулсан.” гэх /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

гэрч Б.Б-ын “...У нь Б-г нөхөртэйгөө хардаж, “Э-ын гуянаас иллээ” гээд байсан, ...нэг харсан чинь бие, биенийгээ үсдээд доош дарчихсан байхаар нь би очиж салгасан, ...Намайг Э-ын гэрээс гарч явах үед Б, У нарын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, харин хоёулаа хоорондоо үсдэлцээд үс нь арзайсан байдалтай, тэдний гарт туг тугаараа үс байсан.” гэх /хавтаст хэргийн 27 дахь тал/,

гэрч Т.С-ийн “...2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай охин Б гэрээсээ зүгээр гарч явсан бөгөөд тус өдрийн 13 цагт би ажилдаа явж, хоночихоод 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэртээ очсон, гэтэл охины маань нүд, шанаа, хүзүү, толгой, дал, мөр гэх газрууд нь хөхөрч хавдчихсан байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад “найз У-д зодуулсан гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 33 дахь тал/ мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 605 дугаартай; “...Ө.Б-ийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруу, зүүн бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ө.Б-ийн “...гомдолтой байна, гэхдээ нэхэмжлэх зүйлгүй. Хохирол барагдуулсан.” гэсэн баримтыг /хавтаст хэргийн 73 дахь тал/, мөн 840.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн банкны баримт /хавтаст хэргийн 72 дахь тал/-уудыг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Н.У ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А овогт Н-н У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Н.У-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХТУНГАЛАГ