| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0822/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1008 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1008
2024 09 17 2024/ШЦТ/1008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
хохирогч: Б.Б,
хохирогчийн өмгөөлөгч: Г.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Ц,
шүүгдэгч: Х.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эт холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийг 2024.06.27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, М ХК-д менежер ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тоосгоны 0 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Е овогт Хын Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Э нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” рестораны ариун цэврийн өрөөний үүд хэсэгт Б.Бын нүүр лүү нь мөргөх, тухайн барилгын үүдэн хэсэгт бүсэлхий хэсгээс нь тэвэрч өргөөд шидэх зэргээр эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсаны улмаас иргэн Б.Бын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-2/,
- Хохирогч Б.Бын: “2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний ажилладаг “Мах Импекс” ХК-ний борлуулалтын албаны хүмүүс цэргийн баяр тэмдэглэх гэж арга хэмжээ зохиосон. Манай ажлын Э гэх залуу хүнтэй маргалдаад яваад байсан ба “Браун хаус” дотор намайг 00-оос гарч ирэхэд миний уруул орчимд мөргөсөн. “Браун хаус”-аас намайг гарахад Э тамхи татаад зогсож байсан ба над дээр ирээд намайг тэвэрч аваад цементэн газар дээр шидсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. би Этай хэрэлдэж маргалдаагүй. Тухайн үед би хамт ажилладаг Бгийн хамт юм яриад байж байгаад 00 орчхоод гарч ирэхэд Э миний уруул хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгсэн манай ажлын Т Эыг аваад тухайн газраас гараад явахаар нь би араас нь гараад Эын хацар хэсэг рүү нэг удаа цохисон чинь миний бүсэлхий хэсгээс 2 гараараа тэврээд намайг газарт шидсэн. Тэгээд намайг газар унагаачхаад дээрээс цохиод байсан. Тухайн үед Э битгий цагдаад хандаарай би хохирлыг чинь барагдуулна гээд байхаар хандаагүй. Э юунаас болж мөргөсөн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /х.х-5/
- Гэрч Г.Тний: “Б, Э хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Эыг аваад гадаа гараад зогсож байсан чинь удалгүй араас гарч ирээд Эын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь Э зөрүүлж нүүрэн тус газар нь нэг удаа цохиод Быг бүсэлхий хэсгээс нь тэвэрч дээш нь өргөөд газарт шидсэн Б босож ирэхгүй байсан. Э, Б нараас өөр ямар нэгэн хүмүүс хэрэлдэж маргалдаагүй” гэх мэдүүлэг /х.х-11/,
- Гэрч Л.Бгийн “Б, Э 2 юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар би сайн мэдэхгүй байна Б 00 орчхоод гарч ирэх үед Э гэх эрэгтэй хүн Б дээр ирээд Бын нүүрэн хэсэгт нэг удаа мөргөхөөр нь би салгасан бөгөөд Т гэх эрэгтэй хүн Эыг аваад тухайн газраас гараад явсан бөгөөд Б араас нь гараад явсан тэгээд би удалгүй араас нь гарахад Б газарт уначихсан доошоо хараад хэвтэж байсан би гадаа яг ямар асуудал болсон талаар хараагүй учраас мэдэхгүй байна. Тухайн үед Э нь Бын нүүрэн хэсэгт нэг удаа мөргөсөн бөгөөд би тухайн үед салгасан юм. Тухайн үед Б нь Эыг цохисон асуудал байхгүй бөгөөд тухайн газраас гараад юу болсон талаар би сайн мэдэхгүй байна намайг араас нь гарах үед Б газарт доошоо хараад хэвтэж байсан юм. Гадаа юу болсон талаар би хараагүй учраас сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /х.х-13/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны 4250 дугаартай “Б.Бын биед баруун атгаал ясны далд хугарал, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.” гэх дүгнэлт /х.х-20-21/,
- Яллагдагч Х.Эын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй.2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлын газрынхантайгаа хамт “Браун хаус”-д очиж цэргийн баяраа тэмдэглэж байгаад би 00 орох гээд явж байхад манай ажлын газрын борлуулагч болох Б, Б 2 хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд 00 орчихоод буцаад гараад ирэх үед Б миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь “чи яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь “чи муу бацаан битгий давраад бай” гээд зодох гээд дайраад байхаар нь би 2 гарыг нь барьж аваад цээж хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь тэнд байсан манай ажлын хүмүүс бид 2-ыг салгасан, тэгсэн манай ахлах ажилтан болох Т над дээр ирээд хоёулаа гадаа гарья гээд би “тэгье” гээд хамт гадаа гарсан. Тэгээд бид 2-ыг хамт зогсож байх үед Б ганцаараа гарч ирээд шууд миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор би Быг гараас нь барьж аваад хана руу шахаад Бын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиод хөл хэсэг рүү нэг удаа өшиглөөд Бын ард нь гараад бүсэлхий хэсгээс нь 2 гараараа тэвэрч дээшээ өргөж байгаад хажуу тийш нь унагаасан. Тэгээд газарт унагаачхаад Бын нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, нуруу хэсэгт нь гараараа нэг удаа цохисон чинь Т ирж бид хоёрыг салгасан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ өөрийн ухаантай байсан. Тухайн үед миний зүүн талын шанаа хэсэг жаахан хөхөрчихсөн байсан бөгөөд цагдаагийн байгууллага дээр ирэх үед эдгэчихсэн байсан тул би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-63/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Х.Эын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Э нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ресторанд хамт олноороо үйлчлүүлсэн бөгөөд 22 цаг 40 минутын орчимд ариун цэврийн өрөөний үүд хэсэгт Б.Бын нүүр лүү нь ямар ч шалтгаангүйгээр мөргөх, тухайн барилгын гадна үүдэн хэсэгт бүсэлхий хэсгээс нь тэвэрч өргөөд шидэх зэргээр эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсаны улмаас иргэн Б.Бын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн “12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус заасны дагуу дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, сэтгэц, эд хөрөнгөд учирсан гэм хорыг болон эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлыг учирсан гэм хорыг шүүгдэгч Х.Э нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан гэм хорыг болон эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хохирогчийн эмчилгээний зардалд урьдчилан зарцуулсан төлбөрийг нөхөн төлүүлэхийг Х.Эаас шаардах эрхтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын газрыг төлөөлж С.С мөрдөн байцаалтын шатанд “хохирогч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2545520 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Эаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэн /х.х-94/ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийг хэрэгт хавсаргуулж өгсөн байна. Тухайн баримтаар 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Б.Б нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 2545520 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь нотлогдож байна. Тухайн төлбөрийг Х.Э нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь түүний депозит дансны хуулга баримтаар /хх-139/ нотлогдож байх тул тухайн байгууллагад Х.Э нь төлбөргүй болсон байна.
Хохирогч Б.Б нь эм тариа, эмчилгээний зардалд 1365189 төгрөг, эмчлүүлж байх үеийн хоол хүнсэнд 701353 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 1526996 төгрөг, сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийг холбогдох журамд заасан хэмжээгээр, өмгөөлөгчийн хөлс-1 сая төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт 7 хоног бариа хийлгэсэн 210000 төгрөг нэхэмжилж баримт хавсарган гаргаж өгсөн байна.
Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 495 дугаартай “Б.Бын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараахь стрессийн хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Б.Бын сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт түр зуурын, эсхүл байнгын эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх болон үргэлжлэх цаг хугацааг одоогоор урьдчилан тогтоох боломжгүй. Хувь хүний сэтгэл зүйн онцлог, дэмжлэг бүхий орчин, цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зэргээс хамаарна” гэх дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Бын баруун гар нь тухайн гэмтлээс болж гүйцэд нугаларч тэнийхгүй байгаа, нүүр, үсээ баруун гараараа угааж чадахгүй байгаа, жилийн дараа дахин хагалгаанд орж олон тооны ялтас шургаа авахуулна” гэх мэдүүлэг, урьд өмнө ямар нэг архаг хууч өвчингүй байсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7920000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Х.Эаас гаргуулж хохирогч Б.Бад олгохоор шийдвэрлэлээ.
Мөн эм тариа эмчилгээнд зарцуулсан 1317839 төгрөг, дутуу авсан цалин хөлс 1526996 төгрөгийг Х.Эаас гаргуулж хохирогчид олгох хуулийн үндэслэлтэй байна. Харин хоол хүнсэнд зарцуулсан 701353 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд хамаарахгүй ба өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч нь Мөнгөн гүүр эмнэлэгт эмчлүүлсэн зардал нь баримтаар нотлогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, тухайн зардлыг болон цаашид хийлгэх эмчилгээ, шинжилгээтэй холбоотой зарлагыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-48/ тогтоогдож байна .
Шүүгдэгч Х.Эын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон нөхцөл хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эт 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт, хохирогчоос “тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс “сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тогтоож өгнө үү. Ялын саналын хувьд улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцлээ.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Х.Эын хувийн байдал /бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эцэг гэх/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогт Хын Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е овогт Хын Эт 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Эт оногдуулсан 3000000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гучин/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1-т тус тус зааснаар Х.Эаас нийт 10764835 /арван сая долоон зуун жаран дөрвөн мянга найман зуун гучин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1701353 төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бын нэхэмжилсэн “М” эмнэлэгт эмчлүүлсэн 210000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б нь тухайн зардалтай холбоотой болон цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Х.Эаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Э нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Х.Э нь Эрүүл мэндийн даатгалын газрын төрийн санд нийт 2545520 төгрөгийг шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Х.Эт мэдэгдсүгэй.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг Х.Эт холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ