| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0353/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/363 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/363
2024 08 21 2024/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Ж.Х-д холбогдох эрүүгийн 242500*********** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймаг Хангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************************************************ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
С адуу овогт Ж-ы Х /РД; ************/,
Шүүгдэгч Ж.Х нь;
2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Захиргааны спорт заал”-ны эрэгтэй хувцас солих өрөөнд насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий куртикнийхээ халаасанд хийж цахилгаандаж үлдээсэн Т.Т-ийн “Iphone-12” /айпоне-12/ загварын гар утас,
мөн хохирогч Б.Э-ий өөрийнх нь “Huawei nova Ү61” /Хувай нова-61/ загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.583.605 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ж.Х “...Нэгдүгээрт, мөрдөн байцаалтыг буруу явагдсан гэж бодож байгаа, нотлох баримт болох гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны үед хурааж аваагүй, хэрвээ хурааж аваад тухайн үед хохирлыг барагдуулсан бол үнэлгээ үнэн зөв гарах байсан. Хоёрдугаарт, би “Iphone” утсыг огт мэдэхгүй, энэ талаар дахин шалгуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын прокурор болон Улсын ерөнхий прокурорт гаргасан боловч яллах дүгнэлт гарсан гэсэн шалтгаанаар буцаагдсан. Гуравдугаарт, тухайн үед хүүхдүүд утсаа алга болгосон бөгөөд нэг утсаа миний цүнх рүү санаатайгаар хийсэн эсхүл унтраагаад миний хувцас дээр тавьсан гэж бодож байгаа. Дөрөвдүгээрт, үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй, тухайн утсыг би 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 180.000 төгрөгөөр зарсан, цаашаа дамлагдаж зарагдахдаа хамгийн дээд тал нь 300.000 төгрөгөөр зарагдсан байдаг. Тавдугаарт, миний олж зарсан утсыг хулгайлах гэмт хэрэгт оруулсан, өөр нэг огт мэдэхгүй гар утсыг намайг хулгайлсан гэж надад тохсон. Ийм учраас яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий “...Т, Б, Г нарын хамт “Захиргааны спорт заал”-нд 18-21 цагийн хооронд тоглосон, бид нар заал авахдаа хувцасны өрөөнд хувцсаа сольсон. Тэгээд гарахын өмнө би гар утсаа куртикныхээ халаасанд хийгээд цахилгаандаж байсан чинь найз Т гар утсаа өгөөд “минийхийг цуг хийчих” гэхээр нь хоёр гар утас халаасанд хийгээд цахилгаандаад гарсан. Зааланд тоглож дуусаад хувцсаа солих гэж байсан чинь Т хувцасны өрөөнөөс “утас алга” гээд гараад ирсэн, тэгэхээр нь хувцасны өрөө рүү ороод үзэхэд куртикэнд байсан хоёр гар утас алга болоод халаасны цахилгааныг буцаагаад татчихсан байсан. ...“Huaiwei nova Ү61” загварын гар утас, гадуураа өнгөгүй, кэйстэй...нүүр кодтой байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
насанд хүрээгүй хохирогч Т.Т-ийн “...Э, Б, Г нарын хамт “Захиргааны спорт заал”-нд 18-21 цагийн хооронд тоглосон, бид нар заал авахдаа хувцасны өрөөнд хувцсаа солиод, гарахдаа өөрийн “Iphone-12” загварын гар утсаа найз Э-ий утастай хамт куртикных нь халаасанд хийчихээд гарч тоглосон, 18-21 цаг хүртэл зааланд тоглохдоо гар утсаа гаргаж үзээгүй, 21 цагийн үед заалнаас гарахаар болоод утсаа үзтэл хоёр гар утас хоёулаа байхгүй, алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
гэрч Б.Д-ын “...18-20 цагийн хооронд ажлынхан буюу Б, Т, Э нар байсан, бусдыг нь сайн санахгүй байна, Тамгын газрын хүмүүс бас заал авч байсан. ...Б, Э нарын хамт хувцсаа сольсон, нөхөр нь /Ж.Х/ эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд байсан, зааланд /Т/ хувцсаа сольж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
гэрч Б.Б-ийн “...2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр намайг “Сонорхайрхан” худалдааны төвийн 3 давхарт лангуу дээрээ сууж байхад 30 орчим насны эрэгтэй хүн ирээд 180.000 төгрөгөөр зарсан санагдаж байна, би өөрийн 5120252525 дугаарын данснаас Э гэх нэртэй 5094662367 дугаарын данс руу 180.000 төгрөгөө хийгээд авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
гэрч Б.Т-ын “...Тухайн өдөр нийтлэг үйлчилгээний алба, орон нутгийн өмчийн газрынхан байсан, миний таньдаг хүмүүсээс Д, Б, Э, Э-ын нөхөр Х нар байсан. ...20 цаг өнгөрч байсан, манайхан явчихсан, би үлдээд зааланд хувцсаа сольж байсан чинь “Захиргааны спорт заал”-д үйлчлэгч хийдэг эгчийн хүүхэд 2-3 найзтайгаа тоглож байсан залуу над дээр ирээд “эрэгтэй хувцас солих өрөөнөөс хоёр ширхэг гар утас алга болчихлоо, та миний утас руу залгаад өгөөч” гэхээр нь би утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
насанд хүрээгүй гэрч Э.Э-ын “...2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ...“Tedy” төвөөс 400.000 төгрөгөөр “Huawei nova Ү61” загварын гар утас худалдаж авсан. ...3 дугаар сарын 08-ны өдөр дүү нараараа тэр утас дээр фэйсбүүк нээлгээд ашиглах гэсэн чинь удалгүй устчихсан, фэйсбүүк нээх гэж өөрөө үзээд огт нээж болохгүй байхаар нь 3 дугаар сарын 09-ний өдөр “Tedy” төвийн 2 давхарт оруулаад зарчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
гэрч Э.Э-ын “...Ж.Х гэх хүнийг танина, бид хоёр эхнэр, нөхрийн харилцаа хамааралтай, мэдүүлэг өгөхгүй байх шалтгаан байхгүй, мэдүүлэг өгнө. ... “Huawei” загварын гар утас гаргаж ирээд “би олсон” гээд үзүүлсэн, тэгэхээр нь бид хоёр “Сонорхайрхан” төв орж 180.000 төгрөгт зарчихсан. ...намайг асааж үзэхэд кодгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
Ж.Х-ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Заал авсны маргааш цүнхэн дэх хувцсаа гаргаж байсан чинь миний цүнхэнд нэг утас байсан, тэгэхээр нь “юун гар утас юм бол” гэж бодоод утсыг асааж үзэхэд сим картны код нэхсэн, симийг нь аваад асаахад бөмбөг барьчихсан сагсчин хүний зураг байсан, би “хүүхдийн гар утас байна” гэж бодоод оролдож байгаад тэр утсыг базаад, пормат хийчихсэн. Маргааш нь эхнэр Эын хамт зах орж хүнс цуглуулж байгаад нөгөө гар утсаа гаргаж ирээд эхнэрт “сая захын урдаас оллоо” гээд худлаа хэлчихсэн, тэгээд “зарчихъя” гээд эхнэрээ дагуулж яваад “Сонорхайрхан”-ны гурван давхарт утас засвар руу ороод зүүн эргээд эхний лангуу дээр 180.000 төгрөгөөр зараад эхнэрийн 5094********** дугаарын данс руу мөнгөө шилжүүлээд авчихсан, тэр мөнгөөрөө хоолонд ороод, “Bozzolo” ороод хувцас аваад үрээд дуусгасан. Би хүүхдүүд нэг, нэгнээрээ тоглоод хийчихсэн байх гэж бодож байна, “Iphone-12” загварын гар утасны талаар мэдэхгүй, тийм утас байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Харин насанд хүрээгүй хохирогч Т.Т-ийн “Iphone-12” загварын гар утсыг би авч яваагүй, насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий “Huawei nova Ү61” загварын гар утсыг зарснаа бол хүлээн зөвшөөрч байна. …Би зааланд тоглож дуусаад хувцсаа солиод хоёр үүргэвчтэй цүнхээ аваад л гараад явчихсан, маргааш өдөр нь гэртээ байхдаа цүнхнээсээ хувцаснуудаа гаргаж байгаад “Huawei nova Ү61” загварын, бор өнгийн гэртэй, унтарчихсан гар утас гарч ирсэн, асааж үзэхэд код нэхэж байсан. ...тухайн үед эхнэртээ хэлээгүй. Хоёр хоногийн дараа эхнэр, хүүхэдтэйгээ гадуур явж байхдаа “утас олсон” гэж хэлсэн, тэр үед эхнэр “хүн, амьтан залгаагүй биз” гэхээр нь би “залгаагүй” гэж хэлээд “Tedy” дээр очоод зарчихсан, мөнгийг нь эхнэрийнхээ дансаар авсан. Би насанд хүрээгүй хохирогч Т.Т-ийн “Iphone-12” загварын гар утсыг аваагүй, өөрийнхөө зарсан гэх “Huawei nova Ү61” загварын гар утасны төлбөрөө төлж хохирогчийн хохирлыг барагдуулна, “Iphone-12” загварын гар утсыг бол төлж чадахгүй. Миний зүгээс гэм буруугаа ухамсарлаж байгаа ч насанд хүрээгүй Т.Т-ийн “Iphone-12” загварын гар утсыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
иргэн М.Б-ын Цагдаагийн газарт гаргасан “...хоёр хүүхэд хувцас солих өрөөнөөс гар утсаа хулгайд алдсан.” гэх өргөдөл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Захиргааны спорт заал”-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний 24/02/32 дугаартай; “...“Huawei nova Ү61” загварын гар утас 543.772 төгрөг, “Iphone-12” загварын гар утас 1.039.833 төгрөг нийт 1.583.605 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 62-66 дахь тал/,
Э.Э-ын эзэмшлийн Хаан банкны 5094662367 дансанд 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5120252525 данснаас “8011” утгаар 180.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дансны хуулга /хавтаст хэргийн 89 дэх тал/,
шүүгдэгч Ж.Х;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүд болон насанд хүрээгүй хохирогч нараас, мөн сэжигтэн, яллагдагч Ж.Х-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,
шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн
шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ж.Х дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий “...гар утсаа куртикныхээ халаасанд хийгээд цахилгаандаж байсан чинь найз Т гар утсаа өгөөд “минийхийг цуг хийчих” гэхээр нь хоёр гар утас халаасанд хийгээд цахилгаандаад гарсан. Зааланд тоглож дуусаад хувцсаа солих гэж байсан чинь Т хувцасны өрөөнөөс “утас алга” гээд гараад ирсэн, тэгэхээр нь хувцасны өрөө рүү ороод үзэхэд куртикэнд байсан хоёр гар утас алга болоод халаасны цахилгааныг буцаагаад татчихсан байсан.” гэх,
насанд хүрээгүй хохирогч Т.Т-ийн “...өөрийн “Iphone-12” загварын гар утсаа найз Эий утастай хамт куртикных нь халаасанд хийчихээд гарч тоглосон, ...21 цагийн үед заалнаас гарахаар болоод утсаа үзтэл хоёр гар утас хоёулаа байхгүй, алга болчихсон байсан.” гэх,
гэрч Б.Д-ын “...Ж.Х эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд байсан.” гэх,
гэрч Б.Б-ийн “...2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр...30 орчим насны эрэгтэй хүн ирээд 180.000 төгрөгөөр зарсан санагдаж байна, би өөрийн 5120252525 дугаарын данснаас Э гэх нэртэй 5094662367 дугаарын данс руу 180.000 төгрөгөө хийгээд авсан.” гэх,
гэрч Б.Т-ын “...би үлдээд зааланд хувцсаа сольж байсан чинь “Захиргааны спорт заал”-д үйлчлэгч хийдэг эгчийн хүүхэд 2-3 найзтайгаа тоглож байсан залуу над дээр ирээд “эрэгтэй хувцас солих өрөөнөөс хоёр ширхэг гар утас алга болчихлоо, та миний утас руу залгаад өгөөч” гэхээр нь би утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан.” гэх,
гэрч Э.Э-ын “...Ж.Х гэх хүнийг танина, бид хоёр эхнэр, нөхрийн харилцаа хамааралтай, ...“Huawei” загварын гар утас гаргаж ирээд “би олсон” гээд үзүүлсэн, тэгэхээр нь бид хоёр “Сонорхайрхан” төв орж 180.000 төгрөгт зарчихсан.” гэх,
Ж.Х-ы өөрийнх нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…миний цүнхэнд нэг утас байсан, тэгэхээр нь “юун гар утас юм бол” гэж бодоод утсыг асааж үзэхэд сим картны код нэхсэн, симийг нь аваад асаахад бөмбөг барьчихсан сагсчин хүний зураг байсан, би “хүүхдийн гар утас байна” гэж бодоод оролдож байгаад тэр утсыг базаад, пормат хийчихсэн. Маргааш нь...нөгөө гар утсаа гаргаж ирээд эхнэрт “сая захын урдаас оллоо” гээд худлаа хэлчихсэн, тэгээд “зарчихъя” гээд эхнэрээ дагуулж яваад “Сонорхайрхан”-ны гурван давхарт утас засвар руу ороод зүүн эргээд эхний лангуу дээр 180.000 төгрөгөөр зараад эхнэрийн 5094********** дугаарын данс руу мөнгөө шилжүүлээд авчихсан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Захиргааны спорт заал”-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Э.Эын эзэмшлийн Хаан банкны 5094********** дансанд 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5120252525 данснаас “8011” утгаар 180.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгож, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд тухайн эд зүйлийг авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь;
1.“...тухайн үед хүүхдүүд утсаа алга болгосон бөгөөд нэг утсаа миний цүнх рүү санаатайгаар хийсэн эсхүл унтраагаад миний хувцас дээр тавьсан гэж бодож байгаа, ...миний олж зарсан утсыг хулгайлах гэмт хэрэгт оруулсан.” гэж тайлбарлаж байна.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх ба түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч Ж.Х нь энэ үүргээ биелүүлээгүй, улмаар өөрийн “олсон” гэж тайлбарлаж байгаа гар утсыг дур мэдэн 180.000 төгрөгөөр зарж уг мөнгөөр нь хоолонд орох, хувцас авч өмсөх зэргээр ашиглаж, захиран зарцуулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулна.
2.“...өөр нэг огт мэдэхгүй гар утсыг намайг хулгайлсан гэж надад тохсон.” гэж тайлбарласан болно.
Шүүгдэгч Ж.Х 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 18-20 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Захиргааны спорт заал”-нд тоглосон, тухайн цаг хугацаанд буюу зааланд тоглохдоо болон тоглож дуусаад эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд ганцаараа хувцсаа сольсон үйл баримт хяналтын камерын бичлэг, мөн шүүгдэгчийн өөрийнх нь шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээр,
харин хохирогч Б.Э куртикнийхээ халаасанд “Iphone-12”, “Huaiwei nova Ү61” загварын хоёр гар утас хийгээд цахилгаандаж үлдээгээд зааланд тоглосон, 18-21 цаг хүртэл зааланд тоглохдоо гар утсаа гаргаж үзээгүй, 21 цагийн үед заалнаас гарахаар болоод утсаа үзтэл хоёр гар утас хоёулаа байгаагүй болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Э, Т.Т нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдох тул шүүгдэгч Ж.Х-ыг “Iphone-12” загварын гар утсыг хулгайлж аваагүй гэж дүгнэх боломжгүй юм.
3.“...үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй, тухайн утсыг би 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 180.000 төгрөгөөр зарсан, цаашаа дамлагдаж зарагдахдаа хамгийн дээд тал нь 300.000 төгрөгөөр зарагдсан байдаг.” гэж мэдүүлж байна.
Хавтаст хэргийн 54-55 дахь талд шүүгдэгч Ж.Х-тай гэр бүлийн харилцаа хамааралтай, түүний эхнэр Э.Э-ын “...“Huawei” загварын гар утас гаргаж ирээд “би олсон” гээд үзүүлсэн, тэгэхээр нь бид хоёр “Сонорхайрхан” төв орж 180.000 төгрөгт зарчихсан.” гэсэн мэдүүлэг авагдсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны үед өөрийнхөө сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...эхнэр Эын хамт зах орж хүнс цуглуулж байгаад нөгөө гар утсаа гаргаж ирээд эхнэрт “сая захын урдаас оллоо” гээд худлаа хэлчихсэн, тэгээд “зарчихъя” гээд эхнэрээ дагуулж яваад “Сонорхайрхан”-ны 3 давхарт...180.000 төгрөгөөр зараад эхнэрийн 5094662367 дугаарын данс руу мөнгөө шилжүүлээд авчихсан.” гэсэн мэдүүлгээ үгүйсгээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2024 оны 3 дугаар сарын 11-ний 24/02/32 дугаартай, “...“Huawei nova Ү61” загварын гар утас 543.772 төгрөг, “Iphone-12” загварын гар утас 1.039.833 төгрөг нийт 1.583.605 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлантай танилцаад санал хүсэлтгүй болохоо илэрхийлж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдал үүсээгүй, дахин шинжээч томилох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.Х-ы “...“Huawei nova Ү61” загварын гар утсыг 180.000 төгрөгөөр зарсан, ...хохирогчид 180.000 төгрөг төлнө.” гэж тайлбарлаж, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд нийцэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” гэж заасан байна.
Шүүгдэгч Ж.Х-тай гэр бүлийн харилцаа хамааралтай, түүний эхнэр Э.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 54-55 дахь талд авагдсан бөгөөд мөрдөгч түүнээс мэдүүлэг авахдаа “мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” талаар тайлбарлахад нь “мэдүүлэг өгөхгүй байх шалтгаан байхгүй, мэдүүлэг өгнө” гээд мэдүүлэг өгсөн байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Ж.Х-ы хүрээгүй хохирогч Б.Э-ий “Huawei nova Ү61” загварын гар утсыг хулгайлж 543.772 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Т.Т-ийн “Iphone-12” загварын гар утсыг хулгайлж 1.039.833 төгрөгийн, бусдад нийт 1.583.605 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэргийн үйл баримтын талаарх, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн насанд хүрээгүй хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Х-ы гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ж.Х-ы дээрх үйлдэл шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Х-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч Ж.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогч нарын гар утсыг нууц, далд аргаар авч тэдэнд хохирол, хор уршиг учруулсан байдал, багш мэргэжлтэй атлаа насанд хүрээгүй хохирогч нарын гар утсыг хулгайлсан, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийнхээ улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Э-д 543.772 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Т.Т-д 1.039.833 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2024 оны 3 дугаар сарын 11-ний 24/02/32 дугаартай, “...“Huawei nova Ү61” загварын гар утас 543.772 төгрөг, “Iphone-12” загварын гар утас 1.039.833 төгрөг нийт 1.583.605 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлангаар тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Х хохирол, төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Захиргааны спорт заал”-ны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн 2425001900373 дугаартай хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С адуу овогт Ж-ы Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ыг 9 /ес/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Х-аас 1.583.605 төгрөг гаргуулж,
543.772 төгрөгийг хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч М.Б-д, 1.039.833 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Т.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б-д тус тус олгосугай.
6.Хэрэгт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Захиргааны спорт заал”-ны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн 2425001900*** дугаартай хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э