Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2369

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02027 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Б-ын хариуцагч НЗД-д холбогдуулан гаргасан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 9 958 567 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр НЗД-ын хууль бус захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхэд хандсанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2017 оны 6 дугаар сарын 16-наас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 86 өдрийн цалинг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч НЗД нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй. Дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 177 өдрийн цалин олговор нь 8 353 869 төгрөг болж байгаа бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 34 ажлын өдрийн цалинд 1 604 698 төгрөгийг нэмж ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 9 958 567 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9 958 567 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг НЗД-ын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 189 311 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, cap, өдөр, гаригаар буюу жил, улирал, cap, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мздэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн марган таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч НЗД-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 9 958 567 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

И.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2031 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2536 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 567 дугаар тогтоол хэрэгт авагдсан, хариуцагч НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/135 дугаар захирамжаар И.Б-ыг Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн захирлаар эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ч ажилд томилогдсон өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсантай холбоотойгоор цалин хөлс авах боломжгүй болсон зөрчил үргэлжилсээр байсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй, шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 211 хоногийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин болох 47 197 төгрөгөөр тооцон хариуцагчаас 9 958 567 төгрөг гаргуулж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байсан, эрхийн зөрчил үргэлжилсэн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ