Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 109

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

иргэдийн төлөөлөгч М.Цэрэндэжид,

шүүгдэгч П.Үүрийнцолмон, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч Э.Пүрэвжаргал, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Пүрэвсүрэнгийн Үүрийнцолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  223 дугаар зүйлийн 223.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Тайж овогтой Эрдэнэбатын Пүрэвжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Урианхан овогтой Батсүхийн Хосбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030639 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Атар-Өргөө ХХК-д технологийн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны 502 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эхийн 15-1176 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь:

 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг  2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ял дээр 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосон. Шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 142 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,

2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 615 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Пүрэвсүрэнгийн Үүрийнцолмон /РД: ШД87081172/.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхэд нарын хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт Батсүхийн Хосбаяр /РД: УИ96081832/.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн техникч мэргэжилтэй, ДиЖиДиСиСи ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13 дугаар гудамжны 527 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь: 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Эрдэнэбатын Пүрэвжаргал /РД: ШЕ86060519/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Үүрийнцолмон нь ялтай байхдаа Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нартай бүлэглэн, согтуугаар, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газрын орчим 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унаган дээрээс суух зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, Самсунг Эс-2 загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч нийт 165,000 төгрөгийн хохирол учруулсан,

- ганцаараа, согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13-528 тоот хашааны гадна цоожтой байсан иргэн В.Отгонцэцэгийн эзэмшлийн 37-93 УНД улсын дугаартай Соната 6 загварын авто машинд түлхүүр тааруулан орж автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,

- ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 37 минутын орчим “Бест буйдан” ХХК-ийн гадна ил зогсоол дээр цоожтой байсан иргэн З.Оргилбаярын эзэмшлийн Верна аксент загварын автомашинд түлхүүр тааруулан орж автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Пүрэвжаргал нь П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нартай бүлэглэн, согтуугаар, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газрын орчим 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унаган дээрээс нь суух зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, Самсунг Эс-2 загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч нийт 165,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Хосбаяр нь П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал нартай бүлэглэн, согтуугаар, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газрын орчим 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унаган дээрээс нь суух зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, Самсунг Эс-2 загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч нийт 165,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч П.Үүрийнцолмон: “...Урьд өгсөн мэдүүлгүүд үнэ зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

 

Шүүгдэгч Б.Хосбаяр: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгэн дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. ...Өөрийн мунхагаас болж хэрэг үйлдсэн байна. Би одоо гэр бүлтэй, ажилтай, өөрийн гэсэн хүүхэдтэй, хүүдээ муу үлгэр дуриалал үзүүлэхгүйгээр, өөрийн гэр бүлээ эр хүн шиг авч явахыг хүсэж байна. Намайг уучлаарай...” гэв.

 

Шүүгдэгч Э.Пүрэвжаргал: “...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим дэлгүүр орж тамхи авах гээд явсан. Тэгэхэд Хосбаяр саарал өнгийн Лансер маркийн машин барьсан явж байсан. Би буудал руу дөхөж байна, чи буудлаас тамхиа авчих гээд намайг машиндаа суулгасан. Үүрийнцолмонтой хамт тамхиа аваад явж байхад Үүрийнцолмонгийн ажлын газрын залуу таарсан. Үүрийнцолмон тэр залуугаар нэг шил архи авахуулаад бид гурав машин дотор архиа хувааж уусан. Үүрийнцолмон нөгөө хүн нь явсан чинь араас нь очоод дахиад нэг шил архи авахуулаад хүрээд ирсэн. Тэгээд Хосбаярын гэрт бид хоёр очсон. Бид авсан архиа уусан. Үүрийнцолмон дэлгүүр орж нэг шил архи зээлж авсан. Бид гурав салхинд гарч ууя гээд Дарга толгой гэх газар луу явсан. Хүн дээрэмдэх гэж яваагүй. Архиа ууж дуусаад доошоо уруудаад явж байхад Үүрийнцолмон тэр үл таних эмэгтэйг хараад би тэр хүнээс юм асуугаад ирье гэсэн. Араас нь Хосбаяр буугаад явсан. Би машиндаа байсан. 18 цагийн орчим болсон асуудал. Хосбаяр, Үүрийнцолмон хоёр тун удалгүй гүйж орж ирээд хөдлөөд яваадах гэж хэлсэн. Хосбаяр надад хоёр монетон ээмэг өгөөд халаасандаа хийчих гэсэн. Би энэ чинь юу юм бэ гэхэд бид хоёр саяны хүнийг дээрэмдсэн юм гэж хэлсэн. Тэгээд л би дээрэмдсэн байна гэдгийг мэдсэн. ...Дээрмийн хэрэг хийх гэж яваагүй, архи уух гэж явсан. Ийм асуудалд оролцсондоо гэмшиж байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Ц.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойшоогоо засмал зам руу гарахаар алхаад явж байсан. 200 м орчим газар алхаад явж байхад гэнэт хойноос нэг үл таних хүн гүйж ирээд хоёр гараараа хүзүүнд байсан ороолтноос боож газар унагаасан. Би ч өөдөөс нь ноцолдоод эргэж босч ирээд “за яаж байна аа, юу болж байна” гэж тэр залууд хэлэхэд цаана уулын энгэрээс саарал өнгийн автомашин наашаа ирж байгаа харагдсан, тэр автомашин тэр залуу бид хоёрын хажуугаар өнгөрч 30 м орчим яваад зогссон. Тэр залуу над руу дахин дайраад, миний хувцаснаас зулгааж газар унагаасан. Тэр үед машинаас бас нэг үл таних залуу буугаад ирсэн, тэгэхээр нь би хөөе энэ залууг аваач ээ, болиулаач гэж орилоход машинаас бууж ирсэн залуу хүрч ирээд нөгөө залуугаа хөөе боль оо гэж хэлснээ шууд намайг дээрээс дарж аваад хоёулаа хамт нийлж байгаад над руу эхэлж дайрсан залуу нь куртикний баруун халаасанд байсан Samsung S-2 маркийн гар утсыг аваад харин сүүлд нь машинаас бууж ирсэн залуу дээрээс дарж байгаад баруун талын чихэнд зүүсэн монетон ээмгийг тайлж авсан, тэгээд зүүн талын чихэнд зүүсэн ээмгийг зулгааж авах гээд байхаар нь би өөрөө тайлж өгье миний дүү гээд ээмгээ авч өгөхөд хоёулаа гүйгээд саарал өнгийн машинд суугаад явцгаасан. ...Би эд зүйлээ бүрэн хүлээж авсан. ...Би хохирлын мөнгө болох 120,000 төгрөг авсан, надад одоо гомдол санал байхгүй...” /1хх-ийн 49-50, 51-52/ гэсэн,

 

Хохирогч З.Оргилбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагт ажилдаа ирээд өөрийн 59-31 УБҮ улсын дугаартай Аксент маркийн машинаа үйлдвэрийнхээ хашааны гадаа зогсоол дээр тавиад орсон. Орой 17 цагийн үед ажлаа тараад гараад иртэл машинаа тавьсан газарт миний машин байхгүй байсан. Цагдаа ирээд үзлэг хийгээд байж байтал манай ажлын Нэргүй гэх залуугийн портер машины аккумлятор алга болсон байна гэж хэлсэн. Би машинаа цоожлоод орсон. Би жолоочийн талын урд хаалганд түлхүүрээ хугалчихсан болохоор ямар ч хамаагүй түлхүүр хаалганд хийгээд эргүүлэхэд миний машин онгойдог юм...” /2хх-ийн 43-44/ гэсэн,

 

Хохирогч В.Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн. Хашааныхаа гадаа 37-93 УНД улсын дугаартай Соната-6 маркийн машинаа тавьсан. Би гэртээ юм угааж байгаад 40-өөд минутын дараа буцаад гараад иртэл миний машин алга болчихсон байсан. ...Орой 19 цагийн үед над руу цагдаагаас яриад машин чинь олдчихлоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бэст буйдангийн үйлдвэрийн гадаа зогсоол дээр орхиод явсан байна гэсэн. Би тэр газар нь очтол миний машины хаалга онгорхой, түлхүүр хийдэг нүхэнд нь хугархай түлхүүр байсан, машинаа шалгаад үзэхэд манай нөхрийн савхин куртик алдагдсан байсан...” /2хх-ийн 75-77/ гэсэн,

 

Гэрч Э.Наранцогт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...66-55 УБЛ улсын дугаартай Мицүбүши Лансер маркийн автомашин нь миний эзэмшлийнх. ...2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр байж байхад 14 цагийн үед Хосбаяр хүрч ирээд машинаа түр өгөөч би орой ажил чинь тарахаас өмнө буцаагаад аваад ирье гээд гуйгаад байхаар нь машинаа өгөөд явуулсан. ...2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Үүрийнцолмон ажил дээрээ ирээд надтай уулзаад Хосбаяр чиний машиныг аваачиж өгөөгүй юм уу гэхээр нь өгөөгүй гэж хэлсэн. ...13 цагийн үед над руу Үүрийнцолмон утсаар яриад Хосбаяртай уулзлаад олчихлоо, чиний машины баруун урд талын хаалгыг нь хонхойлгож эвдээд, салхины шилийг нь хагалсан байна, чи хүрээд ирэх үү гэхээр нь би ажлаасаа гараад Яармагт явж очсон. ...Миний машины баруун урд хаалгаар юм мөргүүлж салхины шилийг нь хагалсан, хаалга хонхойлгож эвдсэн байсан болохоор нь би Хосбаяр руу уурлаж чи хурдан янзалж өг, тэгэхгүй бол цагдаад өгнө гэж хэлсэн. Би тухайн үед Үүрийнцолмонгийн хашаанд машинаа оруулж тавиад, дотроос нь бичиг баримтаа аваад, битгий машин унаарай хөгшөөн гэж гуйгаад явсан. Тэгсэн Үүрийнцолмон, Хосбаяр хоёр миний машиныг жолоодож гараад хүн дээрэмдсэн хэрэгт холбогдсон байна. ...Хосбаяр миний автомашиныг янзалж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” /1хх-ийн 54-55, 56/ гэсэн,

 

Шүүгдэгч П.Үүрийнцолмон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 10 минутын үед гэрээсээ гараад өөрийн ажил дээрээ очоод байж байхад Наранцогт нөгөө Хосбаяр чинь миний автомашиныг авчирч өгсөнгүй, эхнэр уурлаад цаана чинь бөөн юм болж байна гэхээр нь би өгч явуулснаараа олоод ирье гээд ажлаасаа гарсан. Хосбаяр би Наранцогтын автомашиныг нь юм мөргүүлчихлээ, одоо яваад очьё гээд утсаа таслаад 11 цаг 50 минутын үед Жаргалантын 7 дугаар гудамжны үзүүр дээр ирсэн. Цовоо гэх ахтай тааралдахад Цовоо ах 0,5 гр Хараа архи авч Пүрэвжаргал, Цовоо бид 3 хувааж уугаад сууж байхад Цовоо ахын найзууд нь ирээд дагуулаад явсан. Цовоо ах явахдаа дэлгүүрээс 0,5 гр Их Монгол нэртэй архи зээлээр авч Пүрэвжаргал бид хоёр өгөөд явсан. Ингээд Пүрэвжаргал бид хоёр хамт Хосбаярын гэр болох Дэнжийн 4 дүгээр гудамжинд очиж уулзсан. Хосбаяр, Пүрэвжаргал бид гурав архиа хувааж уухаар Дэнжээс урагшаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарга толгой гэх нэртэй газарт очиж архиа ууцгаасан. Орой 19 цагийн үед байх цагаа сайн санахгүй байна, нэлээн согтсон байсан. Тэнд нэг танихгүй эгч алхаж яваа харагдахаар нь би машинаас бууж гүйж очоод хойноос нь тэвэрч газар унагаж гар утсыг нь өмдний халааснаас нь аваад халаасандаа хийсэн, тэр үед Хосбаяр гүйж ирээд чихэнд байсан ээмгийг нь аваад машиндаа суусан, Пүрэвжаргал машинаасаа бууж ирээгүй, тэгээд машиндаа суугаад явж байхад машины урд дугуй хагарсан тэгэхээр нь бид гурав Буянт-Ухаа 2 хороолол ороод хамгийн наад талын байрны зогсоолд байсан, суудлын автомашины урд дугуйг тайлаад хулгайлж авсан. ...Хосбаяр, Пүрэвжаргал бид гурав гурвуулаа архи уусан, нэлээн согтоцгоосон байсан. ...Би тэр эмэгтэйг алхаад явж байхад нь гүйж очоод араас нь тэвэрч аваад газар унагаж байгаад халааснаас нь Samsung S-2 маркийн гар утсыг нь авч өөрийнхөө халаасанд хийсэн, харин тэгж байхад Хосбаяр гүйж ирээд ээмгийг нь авсан. ...Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан.

...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 09-10 цагийн үед найз Пүрэвжаргалын гэрт нь очсон, бид хоёрын 500 граммтай 1 шил архи хувааж уусан. ...Гэрт ороход хүнгүй гэрийн хаалга цоожтой байсан учраас дүү Солонгын гэр лүү гэрийнхээ түлхүүрийг асуух гэж Нисэх рүү явъя гэж бодоод хашаанаасаа гартал манай өөдөөс харсан айлын Соната-6 маркийн автомашин хашааны гадна байхаар нь Нисэх рүү хөл залгуулах санаатай өөрийнхөө аксент маркийн машины түлхүүрийг Соната 6 машины түлхүүр хийдэг нүх рүү хийгээд эргүүлтэл хаалга нь онгойчихоор нь би машиныг асаагаад Нисэх рүү явсан. Дөнгөж хөдлөөд удаагүй Бэст буйдангийн үйлдвэрийн хажууханд зогсоод бие засчихаад машиныг дахиж асаах гэтэл түлхүүр нь кундактор дотроо хугарчихсан. ...Тэнд зогсоол дээр байсан бор шаргал өнгийн Хьюндай аксент маркийн машины хаалганд өөрт байсан машины түлхүүрийг хийгээд эргүүлж үзтэл хаалга нь онгойчихсон. Машиныг асаах гэтэл аккумлятор нь суучихсан асахгүй байхаар нь Соната 6 маркийн машины аккумляторыг авах гэтэл баахан боолттой байсан учраас авч чадаагүй, харин Соната 6 маркийн машин дотроос хар өнгийн эрэгтэй хүний савхин куртикыг авсан. Тэгээд аксент маркийн машины хажууханд зогсож байсан хөх өнгийн портер машины аккумляторын салгаж аваад аксент машинд холбож асаачихаад машин дотор сул хийгээд Нисэх рүү дүүгийндээ очтол гэр нь цоожтой байсан болохоор Баянхошуу руу ажлын газрын ах Батжаргалын гэр лүү явсан. Баянхошууны тойрог дээр машины бензин дуусаад унтарчихсан, тэгээд  замын хажууд үлдээгээд  би өөрөө алхаад явсан. ...Би машинуудыг хулгайлах зорилгоор унаж яваагүй. ...Пүрэвжаргал намайг машинаас хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх гэж бууж байна гэдгийг бол мэдээгүй байх, харин би машинаас буугаад хохирогчийн араас тэвэрч хамт газар унаад босохдоо гар утсыг аваад машинд суухыг Пүрэвжаргал харсан, мөн Хосбаярыг хохирогчийн дээр гараад суухыг Пүрэвжаргал харж байсан.  Би машинд түрүүлж гүйж очоод Хосбаяр луу за хурдан явъя гэж орилоход Пүрэвжаргал бас сонсоод Хосбаярыг машинд ирж суухыг харсан...” /1хх-92-93, 95-96, 2хх-ийн 85-87, 3хх-ийн 8/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 7 цагийн үед Наранцогт ахын машиныг өгөх гэж байгаад блокон хашааныхаа буланг машины баруун урд талын хаалга мөргөж гэмтээсэн. ...Гэрээс гараад очтол Пүрэвжаргал, Үүрийнцолмон нар хамт явж байсан. ...Тэр хоёр ганц шил архи байна хамт уух уу гээд машин дотор нь сууж байгаад гурвуулаа хувааж уусан. Бид гурав дахин нэг шил архи дэлгүүрээс зээлж аваад машинтайгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарга толгой гэх газар архиа хуваагаад уусан. Тухайн үед Пүрэвжаргал машин жолоодож байсан, харин урд талд нь би суусан, хойд талд нь Үүрийнцолмон суусан байсан. Бид гурав архиа ууж дуусгаад машинтайгаа хөдлөөд урагшаа явж байхад үл таних эмэгтэй зам руу алхаад явж байсан. Үүрийнцолмон машинаа гэнэт зогсоож бай гэхээр нь яах гээд байгаа юм бэ, маяглаад бай гэж хэлэхийн хооронд машинаас буугаад тэр эмэгтэй рүү гүйж очоод хойноос нь татаад газар унагаад ноцолдоод байхаар нь би гүйж очоод Үүрийнцолмонг болиоч гээд татаж босгоход Үүрийнцолмон босоод машин руу гүйхээр нь би тэр эмэгтэйн баруун талын чихэн дэх ээмэг нь үсэн дээр нь унасан байхаар нь авсан. Зүүн талынхаа чихэн дэх ээмгийг өөрөө тайлаад өгөхөөр нь аваад машиндаа суугаад явцгаасан. ...Бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байна. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би Наранцогтын автомашиныг янзлаж өгсөн, бүрэн бүтэн болгосон...” /1хх-ийн 98-99, 101-102, 103/ гэсэн, 

 

Шүүгдэгч Э.Пүрэвжаргал мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед дэлгүүр орж тамхи авч татах гээд Сонсголонгын 13 дугаар гудамжинд алхаад явж байхад Үүрийнцолмон саарал өнгийн Мицүбүши Лансер маркийн хүний автомашин жолоодоод явж байгаад тааралдсан. Үүрийнцолмонгийн ажлын газрын хүн тааралдаж ...нөгөө ах нь 0,5 литрийн Хараа архи авч машинд  суугаад гудамжны үзүүрт зогсож байгаад уусан. 15 цаг өнгөрч байхад ...Үүрийнцолмон ажлынхаа ахын араас дэлгүүр орж дахиад нэг шил 0,5 литрийн Их Монгол нэртэй архи авахуулаад гараад ирсэн. ...17 цагийн үед Үүрийнцолмон бид хоёр дахиад нэг шил архи зээлээр авна гээд Дэнжийн дэлгүүр орж 0,5 литрийн Хараа архи авсан. Тэр архиа уухаар Үүрийнцолмон, Хосбаяр бид гурав Буянт-Ухаа 2 хорооллын зүүн тал, Дарга толгой гэх газар очиж архиа хувааж уусан. 19 цагийн үед архиа ууж дуусаад байж байхад уулын энгэрээс үл таних эмэгтэй алхаад ирж байсныг Үүрийнцолмон, Хосбаяр хоёр хараад энэ эмэгтэйг дээрэмдэж, эд зүйлийг нь авна, харин чи машинаа бариад засмал зам руу ойртоод зогсож бай гээд Хосбаяр, Үүрийнцолмон хоёр буугаад явсан. Би Дарга толгойн замаар уруудаад төв засмал зам руу ороод машинтайгаа зогсож байхад Үүрийнцолмон, Хосбаяр хоёр гүйж ирээд машинд суугаад хөдлөөрэй гэж хэлсэн. Тухайн үед Үүрийнцолмон гар утас барьсан, Хосбаяр монетон ээмэг нэг хосыг гартаа барьж орж ирээд халаасандаа хийчих гэхээр нь би халаасандаа хийсэн. ...Үүрийнцолмон бид хоёр нилээд согтсон, харин Хосбаяр гайгүй байсан. ...Би тэр эмэгтэйг дээрэмдэхэд оролцоогүй, харин Үүрийнцолмон, Хосбаяр хоёрыг тэр эмэгтэйг дээрэмдэх гэж үгсэн тохиролцож байсныг мэдсэн. Тухайн үед Хосбаяр Наранцогт гэх ажлын газрынхаа ахын машины хаалга болон салхины шилийг нь эвдсэн, мөнгө хэрэгтэй гээд ярилцаж байгаад буусан.

...19 цагийн үед байх бид гурав архиа хувааж ууж дуусгаад машинтайгаа хөдлөөд урагшаа Дарга толгойн замаар уруудаад Буянт-Ухаа 2 хорооллын эсрэг талын засмал зам руу орох гээд явж байхад үл таних эмэгтэй алхаад явж байсан. Үүрийнцолмон машинаа зогсоож бай, би тэр хүнээс юм асуугаад ирье гээд буусан. Харин Хосбаяр бид хоёр машин дотроо суугаад үлдсэн. Үүрийнцолмон буцаж ирээд Хосбаярыг дуудаад дагуулж явсан. Чи яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээр чи наанаа байж бай гээд тэр хоёр гүйгээд явсан. Хэсэг хугацааны дараа Үүрийнцолмон, Хосбаяр хоёр гүйж ирээд машинд суугаад урагшаа явчих гэхээр нь би хөдлөөд явсан. Үүрийнцолмон нэг гар утас, Хосбаяр 1 хос монетон ээмэг зэрэг эд зүйл гаргаад ирэхээр нь би хаанаас авсан юм бэ гэхэд Үүрийнцолмон, Хосбаяр хоёр саяны эмэгтэйгээс дээрэмдэж авсан, хурдан яв гээд байсан...” /1хх-ийн 105-106, 108-109/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 2-4/,

- Капитал-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн тодорхойлолт /1хх-ийн 5/,

- Хураан авах тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 7-8, 9-11/,

-  Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх-ийн 12/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-17/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 18-19/,

- Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 53/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 6534 тоот акт, дүгнэлтэд:  “...Дүгнэлт 1. Ц.Энхтуяагийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /1хх-ийн 66/ гэсэн дүгнэлт,

- Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 110/,

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 112-123, 140-141/,

-Шүүгдэгч П.Үүрийнцолмонгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 124, 173/,

- Шүүгдэгч П.Үүрийнцолмонгийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Пүрэвсүрэн /хх-ийн 60-61/, П.Солонго /1хх-ийн 62/ нарын мэдүүлгүүд болон бусад баримтууд /хх-ийн 125-138/,

- Шүүгдэгч Э.Пүрэвжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 142, 176/,

- Шүүгдэгч Э.Пүрэвжаргалын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Пүрэвжал /1хх-ийн 27/, С.Отгонжаргал /1хх-ийн 58-59/ нарын мэдүүлгүүд болон бусад баримтууд 143-159/,

- Шүүгдэгч Б.Хосбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 160, 179/,

- Шүүгдэгч Б.Хосбаярын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Мөнхцэцэг /1хх-ийн 63/, Л.Болортуяа /1хх-ийн 64/ нарын мэдүүлгүүд болон бусад баримтууд /1хх-ийн 161-166/,

 

- Хохирлын баримт /1хх-ийн 184/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /2хх-ийн 17, 54/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 21-24, 60-63/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 36-38/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2хх-ийн 88/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 39/,

- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/37725 тоот албан бичиг,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 166/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэж, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх газрын орчим иргэн Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор хоолойг араас нь боож газар унаган дээрээс суух зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, Самсунг Эс-2 загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч нийт 165,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6534 тоот  дүгнэлт, эд зүйлийн үнэлээ, шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч П.Үүрийнцолмон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13-528 тоот хашааны гадна цоожтой байсан иргэн В.Отгонцэцэгийн эзэмшлийн 37-93 УНД улсын дугаартай Соната 6 загварын автомашинд түлхүүр тааруулан орж автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,

- 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 37 минутын орчим “Бест буйдан” ХХК-ийн гадна ил зогсоол дээр цоожтой байсан иргэн З.Оргилбаярын эзэмшлийн Верна аксент загварын автомашинд түлхүүр тааруулан орж автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч В.Отгонцэцэг, З.Оргилбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч П.Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч П.Үүрийнцолмонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Пүрэвжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Хосбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжид хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсгийг давхар журамлах шаардлагагүй бөгөөд Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамласныг шүүх хуралдаанаар зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэнэ.” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ.” гэж тус тус заасан ба шүүгдэгч  П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нар нь дээрмийн гэмт хэргийг хэрхэн үйлдэх, хэн нь ямар оролцоотой оролцох, гэмт хэргийн бусад асуудлын талаар тодорхой тохиролцоогүй, ярилцаагүй, шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нар нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх газар согтууруулах ундааны зүйл болох архи хувааж уугаад буцах замдаа “Мицүбүши Лансер” маркийн 66-55 УБЛ  улсын дугаартай машинаар буцах замдаа засмал зам руу гарахаар алхаж явсан Ц.Энхтуяаг шүүгдэгч П.Үүрийнцолмон хараад машинаасаа бууж түүний араас очиж хоолойгоор нь боож газар унаган ноцолдож байхад шүүгдэгч Б.Хосбаяр ирж хүч нэмэн Ц.Энхтуяагийн халааснаас гар утсыг шүүгдэгч П.Үүрийнцолмон, чихнээс нь ээмгийг шүүгдэгч Б.Хосбаяр авч, буцаж машин руугаа зугтаахад шүүгдэгч Э.Пүрэвжаргал машинтайгаа шүүгдэгч П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нарын зугтааж ирэх газар тосож шүүгдэгч П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нарыг суулгасан, машинд суусны дараа шүүгдэгч Б.Хосбаяр нь шүүгдэгч Э.Пүрэвжаргалд “...саяны эмэгтэйгээс дээрэмдчихлээ...” гэж хэлээд Ц.Энхтуяагаас авсан монетон ээмгээ өгөхөд Э.Пүрэвжаргал монетон ээмгийг авч өмднийхөө халаасанд хийж байгаа үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас хоорондоо тодорхой ярьж тохиролцоогүй, гэнэт үүссэн шинжтэй, гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул тэднийг дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарыг бусдын эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П.Үүрийнцолмонг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Энхтуяад хөнгөн зэргийн гэмтэл /1хх-ийн 66/ учирч, Самсунг Эс-2 загварын гар утас, монетон ээмэг зэрэг 165,000 төгрөгийн /эд зүйлийн үнэлгээ 1хх-ийн 53/ хохирол учирсан ба хохирогч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эд зүйлээ бүрэн хүлээж авсан. ...Би хохирлын мөнгө болох 120,000 төгрөг авсан, надад одоо гомдол санал байхгүй...” /1хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 12/ зэргээр,

Хохирогч З.Оргилбаярын эзэмшлийн 59-31 УБҮ улсын дугаартай Верна аксент загварын автомашиныг хүлээлгэж өгсөн тухай эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2хх-ийн 39/, хохирогч В.Отгонцэцэгийн эзэмшлийн 37-93 УНД улсын дугаартай Соната-6 загварын автомашиныг хүлээж авсан тухай түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний машин намайг олж авахад зүгээр байсан. Машины эд анги бүрэн бүтэн байсан...” /2хх-ийн 143/ гэсэн мэдүүлэг зэргээр энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Үүрийнцолмонг ...ялтай байхдаа... гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч П.Үүрийнцолмон нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 615 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар /1хх-ийн 119-121/ шийтгүүлсэн, уг ялыг шүүгдэгч П.Үүрийнцолмон биелүүлсэн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмонгийн ялгүй болох хугацаа өршөөгдөж байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Э.Пүрэвжаргал урьд нь 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.Хосбаяр ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 160/-аар тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат шүүгдэгч Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар доогуур хорих ял оногдуулж өгнө гэсэн саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Б.Хосбаярын гэмт үйлдэхэд оролцсон оролцоо зэргээс дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэв.  

 

Харин шүүгдэгч Э.Пүрэвжаргал,  Б.Хосбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан тэдний хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч П.Үүрийнцолмон 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 24, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл /1хх-ийн 71, 231, 233/ нийт 264 хоног цагдан хоригдсон,

шүүгдэгч Э.Пүрэвжаргал 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл /1-р хх-ийн 242, 2-р хх-ийн 128/ нийт 65 хоног цагдан хоригдсон,

шүүгдэгч Б.Хосбаяр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл /1-р хх-ийн 242, 2-р хх-ийн 01-02/ нийт 13 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг тэдний тус тусын ял эдэлсэн хугацаанд оролцуулан тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Пүрэвжаргал “...Б.Хосбаяр, П.Үүрийнцолмон нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, машинд суугаад Б.Хосбаярыг ээмэг өгөхөд нь л дээрэм хийсэн байна гэдгийг мэдсэн...” гэж мэдүүлдэг, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг “...Э.Пүрэвжаргалын үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ...түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэргийн шинжтэй.” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгч Э.Пүрэвжаргал нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би тэр эмэгтэйг дээрэмдэхэд оролцоогүй. ...Урагшаа “Дарга толгой” гэх газрын замаар уруудаад Буянт-Ухаа 2 хорооллын эсрэг талын засмал зам руу орох гээд явж байхад үл таних эмэгтэй алхаад явж байсан. Үүрийнцолмон машинаа зогсоож бай, би тэр хүнээс юм асуугаад ирье гээд буусан. Харин Хосбаяр бид хоёр машин дотроо суугаад үлдсэн. Үүрийнцолмонгийн араас Хосбаяр буугаад явсан, чи яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээр чи наанаа байж бай гээд тэр хоёр гүйгээд явсан. Хэсэг хугацааны дараа Үүрийнцолмон, Хосбаяр хоёр гүйж ирээд машинд суугаад урагшаа яваарай гэхээр нь би хөдлөөд явсан. Үүрийнцолмон нэг гар утас, Хосбаяр 1 хос монетон ээмэг зэрэг эд зүйл гаргаад ирэхээр нь би хаанаас авсан юм бэ гэхэд Үүрийнцолмон, Хосбаяр хоёр саяны эмэгтэйгээс дээрэмдэж авсан, хурдан яв гээд байсан...” /1хх-ийн 105-106, 108-109/ гэж мэдүүлэх боловч тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар шүүгдэгч Э.Пүрэвжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ “Мицүбүши Лансер” маркийн 66-55 УБЛ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн ба гэрч Э.Наранцогт мөрдөн байцаалтын шатанд “...Би тухайн үед Үүрийнцолмонгийн хашаанд машинаа оруулж тавиад, дотроос нь бичиг баримтаа аваад, битгий машин унаарай хөгшөөн гэж гуйгаад явсан. Тэгсэн Үүрийнцолмон, Хосбаяр хоёр миний машиныг жолоодож гараад хүн дээрэмдсэн хэрэгт холбогдсон байна...” /1хх-ийн 54-55/ гэж мэдүүлсэн, энэхүү тээврийн хэрэгсэл нь Эрдэнэбатын Наранцогтынх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 6/-аар тогтоож байх тул мөрдөн байцаалтын шатанд “Мицүбүши Лансер” маркийн 66-55 УБЛ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нараас тээврийн хэрэгслийн үнэ болох /1хх-ийн 75/ 3,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай түлхүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комист” даалгаж, камерийн бичлэгтэй сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эрүүгийн 201626030639 дугаартай хэрэгт шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч Ц.Энхтуяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Үүрийнцолмонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Пүрэвжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Хосбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Тайж овогт Пүрэвсүрэнгийн Үүрийнцолмон, Тайж овогт Эрдэнэбатын Пүрэвжаргал, Урианхан овогт Батсүхийн Хосбаяр нарыг бусдын эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Тайж овогт Пүрэвсүрэнгийн Үүрийнцолмонг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмонд 05 /тав/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 сарын хугацаагаар баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмонд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэм эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмонгийн цагдан хоригдсон 264 хоногийг, шүүгдэгч Э.Пүрэвжаргалын цагдан хоригдсон 65 хоногийг, шүүгдэгч Б.Хосбаярын цагдан хоригдсон 13 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нараас тус бүр 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

           

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт  зааснаар “Мицүбүши Лансер” маркийн 66-55 УБЛ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай түлхүүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, камерийн бичлэгтэй сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.  

 

10. Эрүүгийн 201626030639 дугаартай хэрэгт шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч Ц.Энхтуяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч П.Үүрийнцолмонд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

ШҮҮГЧИД                                                                 С.БАЗАРХАНД

 

П.ТУЯАТ