| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 142/2019/00199/И |
| Дугаар | 001/ХТ2025/00209 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2025/00209
Ж.Э-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00813 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207/МА2025/00086 дугаар магадлалтай,
Ж.Э-н нэхэмжлэлтэй
У-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Т.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ж.Э нь У-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00813 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан У-д холбогдох ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 412,398 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207/МА2025/00086 дугаар магадлалаар:
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00813 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-г У-н ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 412,398 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,222 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Т.Э нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
4.1.“...Хариуцагчийн төлөөлөгч Б.О-н шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хүлээж аваагүй, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнд орсон шүүгч давж заалдах шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд мөн оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1, 92 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Мөн Ж.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлгүй зүйл бичсэн, 2018.01.03 гэж буруу огноолсон өргөдөл нь 2019 онд бичигдсэн болохыг давж заалдах шатны шүүх тодруулалгүй нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн 2018.01.03-ны огноотой өргөдөл “тэтгэвэрт гарах гэж байгаа тул тэр хүртэл ажиллуулж өгнө үү” гэх агуулгатай байхад Ж.Э-н 2018 оны зөрчилд 2019.01.07-ны өдөр арга хэмжээ авсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэнгүй, А газраас зөрчлийг шалгаж цагдаагийн байгууллагад мэдээлж Ж.Э-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 2.2.3, 2.2.4.В, Д, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор нэрлэн заасан зөрчил байсан, энэ талаар байгууллагын удирдах зөвлөлийн 2 удаагийн хурлаар хэлэлцэж хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.
4.2.“...хариуцагч талаас 2019.02.27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбараа 17 төрлийн баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл магадлалаар тушаалын үндэслэл баримтаар нотлогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. У цэцэрлэгийн нярав Б.Б 2018.11.28-ны өдөр нэхэмжлэгчийн талаар гомдол гаргаснаар Ж.Э-н асуудлыг 2018.12.16, 2018.12.31-ний өдрүүдэд зөвлөлийн хурлаар хэлэлцсэн, Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тайлбарласныг давж заалдах шатны шүүх өөрөөр тайлбарлан хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.
4.3.“...Ж.Э өөрийн гэм буруугүй байдлаа хуульд зааснаар нотолж чадаагүй, хариуцагч тал түүний зөрчлийг нотолсон баримтаа хэрэгт өгсөн. Нярав Б.Б-тай ёс зүйгүй харьцаж байсан талаараа Ж.Э өөрөө хүлээн зөвшөөрсөн өргөдөл хэрэгт байхад түүнийг шүүх анхаарсангүй. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, холбогдох эрх зүйн актуудыг үндэслэн тушаал гаргасан бөгөөд эрүүгийн хэргийг үндэслэн ажлаас халаагүй. Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүд энэ хэргийн хувьд заавал үнэлэх баримт биш, харин нэхэмжлэгчийн хувийн байдлыг тогтоох баримт юм. Анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй, мэтгэлцээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гарган маргасан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байгааг анхааран үзэж магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Т.Э нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.31-ний өдрийн 001/ШХТ2025/01005 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Т.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч У-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...2015 онд энэ цэцэрлэг байгуулагдахад сонгон шалгаруулалтад орж тэнцэн ахлах тогоочоор ажиллаж эхэлсэн. 2019.01.07-ны өдөр эрхлэгч дуудаад ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэхэд нь би зөвшөөрөөгүй, ажлаас чөлөөлсөн шалтгаан тодорхойгүй бөгөөд тушаалд албан тушаалын байдлаа уруулан ашиглаж, ёс зүйн зөрчил гаргасан гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...албан тушаалын ангилалд ахлах тогооч гэх нэршил байхгүй, Ж.Э-д холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу шалгахад тэрээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдыг хэл амаар доромжилж, удаа дараа эд материал ашиглан шамшигдуулсан зөрчлүүд илэрсэн бөгөөд хамт ажиллаж байсан ажилтнуудын тайлбар, санхүүгийн баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч гаргасан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэж мэтгэлцсэн байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан завших гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрүүд хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүх үүнийг дахин нотлохгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байх тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “... Ж.Э-г ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан ч ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, мөн ёс зүйн зөрчил хэзээ гаргасан нь баримтаар нотлогдоогүй, ажил олгогч Ж.Э-н үйлдэлд сахилгын арга хэмжээ авч 2019.01.07-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан боловч түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2020, 2021 онд шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн тайлбар хэргийн бодит байдалтай нийцээгүй, Ж.Э ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч үйлчлэгчээр ажиллуулахыг хүссэн өргөдлөө 2018.01.03-нд өгсөн байхад уг зөрчилд 2019.01.07-ны өдрийн тушаалаар арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг хэтрүүлэн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлаж, ялгаатай шийдвэр гаргасан тул хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
12.Ж.Э нь У-д 2015.11.25-ны өдрөөс тогоочийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.01.07-ны өдрийн 06 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн холбогдох заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагыг тодорхойлсон 13 дугаар зүйлийн холбогдох заалтууд, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.3, 2.2.4-ийн В, Д хэсэг, ажилтны өргөдлийг тус тус үндэслэжээ.
13.Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.2.4-т “дараахь тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасанд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцална: В-д “өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан нь тогтоогдсон, хариуцсан өмч хөрөнгөө үрэгдүүлсэн, эвдсэн” гэж, Д-д “албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан” гэж тус тус тохиролцжээ.
14.У-н захиргаанд нярав Б.Б 2018.11.28-ны өдөр “...складны үлдэгдэл махыг хаврын мах нэрийдлээр “С” ХХК-аас үхрийн мах 64.9 кг-ийн орлого авахуулж тайланд тусгасан...” талаарх өргөдөл, тус цэцэрлэгт мах нийлүүлдэг “С” ХХК-ийн 2018.10.18-ны өдрийн 359,950 төгрөгийн 64.9 кг махны зарлагын баримт, тус цэцэрлэгийн удирдлагын зөвлөлийн 2018.12.26-ны өдрийн хурлаар тогооч Ж.Э-н зөрчлийг хэлэлцсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Уг хурлын тэмдэглэлийг эмч Б.Э хөтөлж, хуралд эрхлэгч Б.О, тогооч Ж.Э, эмч Б.Э, нярав Б.Б, нябо Э.Ө нар оролцсон талаар тэмдэглэлд тусгагдсан, нярав Б.Б “...10 сард 64.9 кг мах нябо, тогооч 2 орлогод авахуулсан, даргад танилцуулахад дарга баримтыг хурааж авсан...” талаар тайлбар гаргасан, хурлаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй, дараа нь 2018.12.31-ний өдрийн удирдлагын зөвлөлийн хуралд эрхлэгч Б.О, тогооч Ж.Э, эмч Б.Э, нярав Б.Б, ҮЭХ-ны дарга Э.Б нар оролцож, ахлах тогооч Ж.Э-г албан тушаал бууруулж үйлчлэгчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн тухай тэмдэглэлд тусгагдсан, тэмдэглэлд хөтөлсөн эмч Б.Э гарын үсэг зурсан байна. Хэдийгээр тэмдэглэлийг Ж.Э-д танилцуулж гарын үсэг зуруулаагүй боловч тэмдэглэлд тусгагдсан үйл баримт бусад нотлох баримтуудаар нотлогджээ.
Мөн “С” ХХК-ийн нягтлан Б.А-н “...2018 оны 10 сард тус цэцэрлэгийн нягтлан 64.9 кг махыг 5500 төгрөгөөр бичүүлэн баримт авсан, 356,960 төгрөгийг Э.Ө ирж авсан...” тухай, тус цэцэрлэгийн нябо Э.Ө-н “....64.9 кг махны үнэ 356,960 төгрөгийг Б.А-с авч Ж.Э-д бэлнээр авч өгсөн... ” тухай тус тус бичгээр тодорхойлолт гаргасан нь хэрэгт бичмэл нотлох баримтаар авагдсан байна.
15.Дээрх байдлаар У-н тогооч Ж.Э “С” ХХК-ийн 2018.10.18-ны өдрийн 359,950 төгрөгийн 64.9 кг махны зарлагын баримт бичүүлж, нябо Э.Ө-р мөнгийг нь гаргуулж авсан, энэ нь хөдөлмөрийн гэрээний 2.2.4-ийн В-д заасан “өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан”, Д-д заасан “албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан” хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд хамаарах бөгөөд цэцэрлэгийн удирдлагын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцсэний үндсэн дээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчөөгүй байна.
16.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зохицуулалтын агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болжээ. Харин нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш гарсан эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг энэ иргэний хэрэгт тогтоогдсон үйл баримт гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох агуулгаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
17.Зүй нь Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасны дагуу ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажил эрхлэхийг түдгэлзүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах нь хуульд нийцэх байжээ. Гэхдээ ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил хожим гэмт хэрэг болох нь тогтоогдсон аль ч тохиолдолд нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл байх боломжгүй юм.
18.Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх Ж.Э-г албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа зөрчил нь ямар баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, түүнчлэн ёс зүйн ямар зөрчлийг хэзээ гаргасан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус нийцээгүй байна.
19.Нэхэмжлэгч Ж.Э-н гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 2.2.4-ийн В-д заасан “өмч хөрөнгө зөвшөөрөлгүйгээр авсан буюу авахыг завдсан” 2.2.4-ийн Д-д заасан “албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан” ноцтой зөрчил гаргасан аль алинд нь хамаарч байхад давж заалдах шатны шүүх зөвхөн “албан тушаалаа урвуулан хувийн зорилгод ашигласан” ноцтой зөрчлийн хүрээнд дүгнэлт хийсэн нь өрөөсгөл болсноос гадна У цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.01.07-ны өдрийн 06 дугаар тушаалд ажилтны гаргасан зөрчлийн агуулгыг тусгаагүй нь уг тушаалыг болон Ж.Э-н гаргасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг үгүйсгэх үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ.
20.Нэхэмжлэгч Ж.Э цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.01.07-ны өдрийн 06 дугаартай ажлаас халсан тушаалын талаар шүүхэд 2019.01.30-ны өдөр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А газраас 2019.04.16-ны өдрийн 142 дугаартай албан бичгээр ирүүлсэн “…У цэцэрлэгийн нягтлан бодогч нь нярав, тогооч нартай нийлж мах нийлүүлдэг байгууллагын дансанд мөнгө шилжүүлж түүнийгээ бэлнээр харилцагч байгууллагаас гаргуулан авсан байж болзошгүй…” тухай мэдээллийн үндсэн дээр Ц газраас Ж.Э, Э.Ө, А.О нарт холбогдуулан мөрдөх ажиллагаа явуулж, энэ үндэслэлээр шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, улмаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 202/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.20-ны өдрийн 2021/ДШМ/03 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021.04.07-ны өдрийн 192 дугаар тогтоолоор Ж.Э, Э.Ө, А.О нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ж.Э 2,700,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн байна.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг хариуцагч байгууллагын эрхлэгчийн 2019.01.07-ны өдрийн 06 дугаартай тушаалын үндэслэлийг зөвтгөх үндэслэл болохгүй боловч энэ нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийг үгүйсгэхгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
21.Мөн давж заалдах шатны шүүх Ж.Э-н 2018.01.03-нд огноолсон өргөдлийн агуулгыг хэргийн бусад нотлох баримттай цаг хугацааны хувьд хэрхэн хамаарч байгааг харьцуулан үзэлгүйгээр 2019.01.07-ны өдрийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус нийцээгүй байна.
22.Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207/МА2025/00086 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Т.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч У-с улсын тэмдэгтийн хураамжид 2025.08.11-ний өдөр төлсөн 83,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ