Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2022/00004/И |
Дугаар | 134/ШШ2022/00024 |
Огноо | 2022-02-14 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2022/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Б.Дашдоржийн хууль ёсны төлөөлөгч: 1970 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Эко Сүмбэр 8-01 тоотод оршин суух, өндөр настан, Боржигин овогт Мөнхөөгийн Дүүрэнжаргал /РД:ЕГ70111001, утас 99034095/
Хариуцагч С.Жавхлантөгсийн хууль ёсны төлөөлөгч: 1973 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 1-1 тоотод оршин суух, Андууд худалдааны төвд худалдагч ажилтай, ******** овогт Арилд ын Алимаа /РД:ЗЖ73122601, утас 88890847/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын 1 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Дашдоржийн хууль ёсны төлөөлөгч: М.Дүүрэнжаргал
Хариуцагч С.Жавхлантөгсийн хууль ёсны төлөөлөгч: А.Алимаа
Иргэдийн төлөөлөгч: Д.Оюунцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Дашдоржийн хууль ёсны төлөөлөгч М.Дүүрэнжаргал нь хариуцагч С.Жавхлантөгсийн хууль ёсны төлөөлөгч А.Алимаад холбогдуулан гэм хорын хохирол 1 200 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, нийт 6 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 200 000 төгрөгөөр багасгасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Жавхлантөгс 2021 оны 10 дугаар сарын 28-нд миний хүү Б.Дашдоржийг урт үзүүртэй кнопоор хатгаж, зодож толгойн тус газар нь 4 удаа алгадаж, шороотой гутлаар хувцасыг нь арчиж, хамар луу нь 2 удаа мөргөж, хамрын ясыг нь хугалж, таславч мурийсан, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулсан шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор өсвөр насны яллагдагч С.Жавхлантөгс нь хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсанд өөгшиж байна. С.Жавхлантөгс, түүний ар гэр миний хүү болон гэр бүлээс уучлалт гуйхгүй, гэм хорын хохиролд санаа тавихгүй, тэрбүү хэл хэрэг гарсан үед ээжид нь хэлэхэд насанд хүрээгүй хүүхэд хэрэг хүлээдэггүй юм гэж хүүхдийнхээ дэргэд хэлж, хүүгээ энэ хэрэгт хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хүүхэд нь би тоглоод зодсон юм гэж хэлж байсан. Миний хүү, миний гэр бүлийн сэтгэл санаа, биеийн эрүүл мэндийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулсанаа ойлгохгүй 2021 оны 10 дугаар сарын 29-нд дахин зодож, өчигдөр зодуулсан чинь багадаад байна уу? гэж утсаар найз Алтангэрэлээрээ видео колл хийлгэж дарамтлуулсан. Мөн 1 сарын турш өдөж, хатгаж өдөр бүр ямар нэг байдлаар дээрэлхэж, хүчирхийлэл үйлдсээр миний хүүгийн эрүүл мэндийг хохироосон үйлдэлд хариуцлага хүлээхгүй хэргээс мултарч байгаа нь харамсалтай. Иймд С.Жавхлантөгсийн ар гэр, асран хамгаалагчаас Иргэний хуулийн 503 дугаар зүйлд заасны дагуу сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, эмчилгээний зардал 1 200 000 төгрөг, нийт 6 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эмчилгээний зардлаасаа давсан мөнгө нэхэмжиллээ гэж байгаад гомдолтой байна. Энэ 5 000 000 төгрөг ямар ч үндэслэлгүй нэхсэн мөнгө бол биш. Нэг хүн дээр очиж энергийн бариа хийлгэхэд 50 000 төгрөг байдаг юм байна. Би хүүгээ дагуулаад Шар хадны эмнэлэгт сэтгэцийн эмч дээр очсон. Тэгэхэд энэ хүүхэд үнэхээр сэтгэл санааны цочролд орсон байна гэж хэлсэн. Одоо миний ангийг солиод өг гээд гуйгаад байгаа. Бид хүүгээ сэтгэл санааны хямралаас нь гаргаж чадахгүй байна. 5 сая төгрөгийг цаашид сэтгэл санааг нь эмчлэхэд зарцуулна. Эмчилгээний зардалд 200 000 төгрөг өгсөн нь үнэн. 1 200 000 төгрөгнөөсөө хасаж, нийт 6 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Дахин санаатайгаар миний хүүхдэд гэмтэл учруулахгүй байхыг хүсэж байна гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний хүүхэд ийм зөрчил гаргасан нь алдаа. Эхэндээ бол манай хүүхэд тоглож байсан гэсэн. Сүүлдээ тоглоом нь хэтрээд иймэрхүү зүйл болсон. Манай хүүхдийн буруу, өөрөө гэмшиж байгаа. Хүүхдийнхээ хийсэн алдааг ойлгож эмчилгээний зардлыг төлнө. Сэтгэл санааны хохирлын мөнгийг бол өгөх боломжгүй. Сэтгэл санааны хохирлын хувьд гэвэл манай хүүхэд ч мөн адил сэтгэл санааны дарамтанд байгаа. Намайг яваад ороход манай хүү С.Жавхлантөгс айгаад, хүн хүн рүү хараад хагас цэргийн байдалтай байж байсан. Б.Дашдоржийн аав Батсайхан гуай орж ирээд элдвээр загнаад, харааж, доромжилж байхад нь багш нь ч, би ч юм хэлж чадаагүй. Шилжилтийн насандаа яваа хүүхдүүдийг ширүүлээд байж болохгүй. Үнэн зөвийг ойлгуулж хэлж, ярьж зөвлөх хэрэгтэй. Би 6 хүүхэд тэжээдэг, өөрөө зүрх өвддөг учраас гар байнга чичирдэг. Ажилд оръё гэхээр бие өвдөөд ажил хийж дийлэхгүй байна. Бид нар хүүхдээ зөвтгөөд байгаа юм байхгүй. Одоо хоорондоо маргалдаад яахав, хоёр хүүхдээ яаж хооронд нь эвтэй байлгах талаас нь цаашид анхааръя. Хэрэгт байгаа эмчилгээний баримтуудыг үгүйсгэх юм байхгүй. Бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл санааны хохирлыг үнэхээр төлөх боломжгүй гэв.
3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С.Жавхлантөгсийн хууль ёсны төлөөлөгч А.Алимаа нь эмчилгээний зардал 1200000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5000000 төгрөг гаргаж өгөх шаардлагатай гэжээ.
4.Нэхэмжлэгчээс Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 378 дугаартай тодорхойлолт, М.Дүүрэнжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Дашдоржийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Дашдоржийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт-ын хуулбар, Мөнгөн гүүр эмнэлгийн 120000 төгрөгийн үзлэгийн хуудас гэсэн баримт, Бериш Эх нялхас эмийн сангийн 14450 төгрөгийн И баримт, Сөд эмийн сангийн 4500 төгрөгийн И баримт, Ансот эмийн сангийн 252600 төгрөгийн И баримт, НИК ХХК-ийн 30000, 33000, 100837, 100000, төгрөгийн шатахууны И баримтууд, шатахууны 95500 төгрөгийн И баримт, бариачид 180000 төгрөг гэсэн бичилттэй гар утасны мессежний зураг, Энэ авсан бензин дээрээ нэмж хот явсан гэсэн бичилттэй И баримтын мэдээллийн зураг, ХААН банкны 5990192027 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд мөрийн баримт болох бичгийн хадаас зэргийг,
хариуцагчаас С.Жавхлантөгсийн төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт, Хас банкны 1120035209 тоот дансны хуулга, ХААН банкны 5024883775 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
************** нь миний хүү Б.Дашдоржийг зодож, хамрыг нь хугалсан боловч насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул гэм хорын 1 200 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч А.Алимаагаас гаргуулна гэсэн ба шүүх хуралдааны явцад гэм хорын хохирол 1 200 000 төгрөгийг багасгаж, нийт 6 000 000 төгрөг нэхэмжилсэн.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Гэм хорын хохирол 1 000 000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрнө. Сэтгэл санааны хохирлыг төлөх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.Дашдорж, С.Жавхлантөгс нарын төрсний гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын тогтоол, Б.Дашдоржийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмийн сангаас эм, тариа худалдан авсан болон шатахуун түгээх газраас шатахуун худалдан авсан баримтууд, эд мөрийн баримт болох бичгийн хадаас, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Дашдоржийн эх буюу хууль ёсны төлөөлөгч нь М.Дүүрэнжаргал, 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн С.Жавхлантөгсийн эх буюу хууль ёсны төлөөлөгч нь А.Алимаа болох нь тус тус тэдний төрсний гэрчилгээнээс харагдана.
4.2.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын * дүгээр сургуулийн ** ангийн сурагч С.Жавхлантөгс нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэг ангийн сурагч Б.Дашдоржтой маргалдаж, зодсоны улмаас түүний биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогджээ.
4.3.*************-ийг өсвөр насны яллагдагчаар татаж, гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
4.4.Уг гэмтлийн улмаас Б.Дашдорж нь хамрын мэс засалд орж, эмчилгээний зардалд 571 550 төгрөг /хх-ийн 15-17, 24, 61/, шатахууны зардалд 459 126 төгрөг /хх-ийн 19-24/ нийт 1 030 676 төгрөгийн зардал гарсан гэсэн баримтыг шүүхэд өгсөн.
5.Талуудын маргааны зүйл нь сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах ба гэм хорын хохирол хохирол 1 000 000 төгрөгийн талаар маргаагүй.
6.Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д зааснаар Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэснээр нэхэмжлэгч М.Дүүрэнжаргал, хариуцагч А.Алимаа нар нь хэн аль нь насанд хүрээгүй хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөх эрхтэй байна.
Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд С.Жавхлантөгс нь, Б.Дашдоржийн эрүүл мэндэд гэм хор учруулсан нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1.-д заасан 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана. гэснээр С.Жавхлантөгсийн эх А.Алимаа нь гэм хорын хохирлыг хариуцна.
Гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал болон шатахууны зардал нийт 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч А.Алимаа нь маргаангүй хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Харин, нэхэмжлэгч М.Дүүрэнжаргал нь сэтгэл санааны хохирлыг арилгахад зайлшгүй шаардлагатай зардал 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, С.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдэл нотлогдсон хэдий ч түүнтэй холбоотой сэтгэл санаанд учирсан үр дагаврыг арилгах зайлшгүй шаардлагатай нотлох баримтаа нэхэмжлэгч шүүхэд гаргаж ирүүлээгүй.
7.Иргэдийн төлөөлөгчийн гэм буруутай гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь С.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
8.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 114 150 төгрөг төлсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу 1 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бичгийн хадаасыг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч М.Дүүрэнжаргалд буцаан олгож, хэрэгт гэрэл зураг авч үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 503 дугаар зүйлийн 503.1.-д зааснаар хариуцагч С.Жавхлантөгсийн хууль ёсны төлөөлөгч А.Алимаагаас гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дашдоржийн хууль ёсны төлөөлөгч М.Дүүрэнжаргалд олгож, нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бичгийн хадаасыг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Дүүрэнжаргалд буцаан олгож, хэрэгт гэрэл зураг авч үлдээхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЦОГЗОЛМАА
Р.БАТБАЯР