Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/01350

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, 3 дугаар баг, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, М овогт Б гийн М /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 20 дугаар хороо, ..., өөрийн байранд байрлах, Н ТӨХК /РД: .../-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 8,662,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.М нь ... аймгийн ... сумандаа Тоёото приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ таксиний үйлчилгээнд явж амжиргаагаа залгуулдаг байсан. 2020 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цаг 15 минутын үед ... чиглэлд буюу Төв аймгийн ...ын Өгөөмөр 2 дугаар баг нутагт Тоёото Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож явж байх үедээ асфалтан зам дээрх овоолсон шороог мөргөж осол гарсан. Дээрхи ослын үед машины салхины шилийг дотор талаасаа мөргөсний улмаас хагарч цуурсан, урд гуфер тасарч урагдсан, хөргөлтийн радиатор, доод урд крыло сэвтсэн, 3 ширхэг дугуй хагарсан гэх зэрэг үнэлгээний жагсаалтанд дурдсан эд ангиуд эвдэрсэн болох нь Мастер үнэлгээ ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдох ба дээрх үнэлгээгээр 2,730,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

 

Төв аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.М ын 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан актаар Н төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйлийн а-д Замын хөдөлгөөний оролцогч бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг, засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байршуулах гэж заасныг зөрчснөөс зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэсэн.

Н ТӨХК нь тухайн ослын дараа Б.М ын өмчлөлийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын нүүрний шил, урд талын бүферыг тус тус сольж өгсөн боловч удалгүй салж унасан тул скочоор тогтоосон, мөн кондейшний аппарат сольж өгсөн боловч ажилдаггүй, хагарсан 3 дугуйны оронд сольж өгсөн 3 дугуйны 2 нь хавантай маш муу дугуй хийж өгсөн нь нотлох баримтаар нотлогдоно. Үүнээс өөр ямар ч засвар үйлчилгээ хийж өгөөгүй ба Б.М д учирсан хохиролыг огт барагдуулаагүй болно. Н ТӨХК-ийн захирал Ц.Баттулгатай холбогдох гэж удаа дараа залгасан боловч утсаа авахгүй болохоор нь ослоос болж гаргасан хохирлоо төлөөчээ гэж мессеж бичдэг байсан. Б.М такси үйлчилгээний ажил эрхлээд сард дунджаар 1,200,000 төгрөгийн орлого олдог байсан. Уг ослын улмаас машин нь эвдэрч ажилдаа явж чадахгүйгээс болж сард олдог байсан амжиргааных нь орлого тасарсан, мөн ослоос шалтгаалан Улаанбаатар хотод ирээд орж гарах айлгүйн улмаас машиндаа хонож, заримдаа буудалд хонож маш хүнд нөхцөлд байна. Уг хэрэг учирлаас болж сар болгон төлдөг зээл, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, зэрэг бусад зардлаа төлж чадахгүйд хүрээд байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр И ХХК-иар дахин үнэлгээ хийлгэхэд усны болон хөргөлтийн радиатор хагарсан, сэнсний хүрээ хагарсан, хойд тэвш гулзайсан, зүүн хойд цап гулзайсан, баруун урд амортизатор, гар, босоо тэнцүүлэгч, өндгөн тулгуур гулзайсан, урд тэвш гүйсэн, урд карказ төмөр гулзайсан ба эдгээрийн нийт үнэлгээ 715,000 төгрөгөөр тогтоогдсон, үнэлгээний хөлсөнд 45,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 760,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.

 

Хариуцагч Н ТӨХК нь нийт 2,450,300 төгрөгийг М.М д өгсөн гэж тайлбарлаж байна. М.М аас осол болсны дараа шууд гарсан зардал нь 742,300 төгрөг юм. Уг мөнгөнөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг Н ТӨХК нь өгсөн, мөн бичгээр гаргасан өргөдөл байсан бөгөөд уг өргөдөлд 2020 оны 08 дугаар сарын 01-ээс 2020 оны 08 дугаар сарын 05-ны хооронд үлдэгдэл 442,300 төгрөгийг өгнө гэж бичсэн байдаг боловч уг мөнгөө өгөхгүй байсаар байгаад сая 2020 оны 12 дугаар сарын 01-нд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 442,300 төгрөгийг гүйцээж өгсөн. Уг шууд гарсан зардалд эвдэрсэн автомашиныг Улаанбаатар хот руу ачуулсан 370,000 төгрөг, автомашиныг оношилгоонд оруулахдаа ачуулсан зардал 60,000 төгрөг, оношилгооны 45,000 төгрөг, үнэлгээний 123,000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 100,000 төгрөг, Төв аймгийн Шүүх эмнэлэгт үзүүлсэн 10,500 төгрөг, Зам-Үүдээс Улаанбаатар хот руу явсан замын зардалд буюу 23,800 төгрөгийн бензин хийсэн, автомашины дугаарт 10,000 төгрөг гээд нийт 742,300 төгрөг болсон. Н ТӨХК нь 900,000 төгрөг өгсөн гэж хэлж байна, ийм мөнгө бол өгөөгүй, 688,000 төгрөгийн падаан дээр шинэ сэлбэгүүд тавьсан гэж задалж бичсэн байна. Эдгээртэй мөн санал нийлэхгүй зүйлс байна. Уг сэлбэгийн падаан нь он, сар, өдөр байхгүй, и-баримт байхгүй, дугаар байхгүй, худалдсан болон худалдаж авсан газрын нэр байхгүй зэргээс харахад нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Шинээр тавьсан сэлбэгт 2 ширхэг дугуй тавьсан 70,000 төгрөг гэж бичсэн байгаа боловч уг дугуй нь хавантай хуучин дугуй байсан. Осол гарахын өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М.М нь хотоос гарахдаа автомашиндаа 2 шинэ дугуйг Өгөөмөр захаас худалдаж авсан байсан. Мөн падаан дээр сигнал сольж тавьсан гэж байгаа боловч сигналыг солиогүй, шинийг худалдаж авч өгөөгүй юм. 300,000 төгрөгөөр гуфер тавьж өгсөн гэж мөн бичсэн байгаа боловч уг гуфер нь хуучин гупер ба зах зээлийн үнэ нь 130,000 төгрөгөөс 180,000 төгрөгийн хооронд зарагдаг юм байна. М.М ын автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн гэж тайлбар гаргаж байна, уг газар нь айлын хашаанд буюу хувь хүн дээр засварыг хийлгэсэн бөгөөд уг хүн нь хуучин автомашины сэлбэгийг М.М ын автомашинд хийсэн. М.М нь 10 гаран жил ... аймгийн ... суманд өөрийн автомашинаараа такси үйлчилгээнд явдаг 55 настай, ганц бие эмэгтэй юм. ...эд таксиний үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүнээр 6 жил ажилласан бөгөөд таксины орлогоороо өөрийн зээлд сар болгон 250,000 төгрөгийг төлдөг байсан. Зээлийн үлдэгдэл нь 3,826,068 төгрөг байгаа. Мөн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 56,700 төгрөг, Хүн амын орлогын албан татварт 156,710 төгрөг, өдөр болгон Голомт банкны дансанд 10,000 төгрөгийн орлого хийдэг байсан. Энэ нь Голомт банкны дансны хуулгаар харагдах ба мөн М.М ын өөрийн орлогоо хөтөлдөг дэвтрээс ч мөн харж болно. Б.М нь санхүүгийн хувьд ч орлогын хувьд ч эмх цэгцтэй дэвтэр хөтөлдөг байсан. Осол гарснаар хойш Б.М ын орлого зогссон учир Голомт банкин дахь өр зээлээ төлж чадахааргүй байдалд хүрч эцэст нь таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлж банкин дахь зээлээ төлсөн.

 

Иймд хариуцагч Н төрийн өмчит хувьцаат компанийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн замын тээврийн осол гарсан. Ослын улмаас Б.М д дараахь хохирол учирсан. Үүнд, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны буюу 100 хоногт олох байсан орлогод 4,000,000 төгрөг, осол болсноос хойших урсгал зардалд 1,179,602 төгрөг, Мастер үнэлгээ ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээгээр тогтоосон 2,730,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр И ХХК-иар дахин үнэлгээгээр тогтоогдсон 715,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн 45,000 төгрөг, нийт 8,662,602 төгрөгийг хариуцагч Н ТӨХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.М 2020 оны 07 дугаар сарын 04-ний орой Тоёото приус-20 маркийн ... дугаарын тээврийн хэрэгслээрээ Улаанбаатар хотоос Чойр орохоор явж байхдаа зам дээр овоолсон шороог мөргөж осол гаргасан. Уг ослын улмаас машин эвдэрсэн гэж манайд гомдол гаргасны дагуу бид машины бүх эвдэрсэн эд ангиудыг сольж, засаж өгөөд явуулсан. Түүний гаргаж өгсөн 742,300 төгрөгийн баримттай зардлаас 300,000 төгрөгийг өөрт нь өгсөн ба үлдэгдэл 442,300 төгрөгийг мөн төлсөн. Гэвч нэхэмжилсэн үнийн дүн болох 7,902,602 төгрөгийн тооцоонд үндэслэлгүй мөнгө нэхэгдсэн байна. Үүнд: 100 хоногийн хугацаанд олох байсан орлого 4,000,000 төгрөг, авто машины техникийн үнэлгээний 2,730,000 төгрөг, зочид буудлын 195,000 төгрөг зэрэг нийт 6,925,000 төгрөгийн зардал нь үндэслэлгүй, хувийн зардлыг бид хариуцахгүй.

 

Иргэн Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 22-нд тээврийн хэрэгслээ үзлэг оношлогоонд оруулсан, тэнхлэг тохиргоог бүрэн хийсэн машиныг "Н ТӨХК-ийн хашаанаас хүлээлгэж өгөхөд хохиролгүй, гомдолгүй баярлалаа, одоо болсон гээд машинаа бүрэн бүтэн хүлээн авсан юм. Гэвч энэ өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 13-нд буюу 80 хоногийн дараа нэхэмжлэх гаргаж шүүхэд

хандаад байгаа нь хачирхалтай юм. Энэ урт хугацаанд Б.М нь хэдэн зуун

километр зам туулж ямар ч эвдрэл, гэмтэл, элэгдэл, хорогдол гаргасан байх магадлалтай юм. Н ТӨХК-ийн зүгээс Б.М ын өмчлөлийн приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн засварт гарсан дараахь зардлыг гаргасан болно. Үүнд, урд шил 1 ширхэг 130,000 төгрөг, уян 30,000 төгрөг, таван бул 30,000 төгрөг, сигнал 22,000 төгрөг, /нийт 212,000 төгрөгийн паданаар/, кондейшны трупп-40,000 төгрөг, АВSS баруун 20,000 төгрөг, гүфер 1 ширхэг 350,000 төгрөг, под крило баруун-зүүн 2 ширхэг 40,000 төгрөг, элгэвч баруун-зүүн 2 ширхэг 30,000 төгрөг, сетка баруун-зүүн З ширхэг 45,000, төгрөг, нэмэлт гэрэл баруун зүүн 2 ширхэг 40,000 төгрөг, нэмэлтийн ламп 2 ширхэг 8,000 төгрөг, обуд 1 ширхэг 30,000 төгрөг, дугуй 2 ширхэг 70,000 төгрөг, гуфер тогтоогч 1 ширхэг 15,000 төгрөг нийт 688,000 төгрөг /падаан/, приус 20 маркийн ... улсын дугаартай машин засварын ажлын хөлс 480,000 төгрөг /падаантай/, приус-20 маркийн машины ком мотор 1 ширхэг 60,000 төгрөг /падаантай/, пирон шахах 1 ширхэг 48,000 төгрөг /падаатай/, тэнхлэг тохиргоо 1 ширхэг 20,000 төгрөг, оношлогоо 22,000 төгрөг, нэхэмжлэгч Б.М д 300,000 төгрөг бэлнээр өгсөн, нийт 2,030,000 төгрөгийг төлж барагдуулаад байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н ТӨХК-д холбогдуулж гэм хорын хохиролд 8,662,602 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.М нь приус 20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Чойр сумын чиглэлд явахдаа 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 55 минутын орчим Төв аймгийн ...ын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт асфалтан зам дээр овоолсон шороог мөргөсөн, дээрх осол нь хариуцагч Н ТӨХК-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-д Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараахь үүргийг хүлээнэ:, а засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах; гэж заасныг зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдэгдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Зам цагдаагийн тасгийн зохицуулагч Г.М ын үйлдсэн Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Осол хэрэг гарсан замын байдал, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зөрчлийн хэрэг нээх тухай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ...дүгээр тогтоол, 2020 оны ...дугаар шийтгэлийн хуудас, фото зургаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н ТӨХК-иас гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

а/ Нэхэмжлэгчийн олох байсан орлогод 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.М нь Тоёото приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ таксиний үйлчилгээ эрхэлж өдөрт дунджаар 40,000 төгрөг олох боломжтой, ослын улмаас 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 100 хоногийн хугацаанд 4,000,000 төгрөг олох боломжтой байсан гэж үндэслэлээ тодруулжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлохоор Голомт банкин дахь ... тоот өөрийн эзэмшдэг дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг /хавтаст хэргийн 37-64 дүгээр тал/, мөн Б овогтой М нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш такси үйлчилгээнд яваагүй нь үнэн болно гэх нэр бүхий 31 иргэний гарын үсэг бүхий тодорхойлолт /хавтаст хэргийн 68 дугаар тал/-ыг шүүхэд гаргаж өгсөн. Дээрх ... тоот дансанд орлого гэх утгатайгаар хийгдсэн гүйлгээнүүд нь хэнээс орлого оруулж буй нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Б.М ын такси үйлчилгээнээс олсон орлого болох нь энэ дансны хуулгаар тогтоогдохгүй байна. Мөн нэр бүхий 31 иргэний гарын үсэг бүхий тодорхойлолт нь гэрчийн мэдүүлэг биш, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримт тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт дээрх баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

б/ Осол болсноос хойшхи урсгалд зардалд 1,179,602 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 ширхэг дугуй 100,000 төгрөгөөр худалдан авсан, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8,000 төгрөг, мөн өдөр Төв аймаг явсан зардалд 2,300 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дугуй засварт 3,500 төгрөг, мөн өдөр 1 ширхэг дугуй худалдан авахад 45,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-нд Genius hotel-д 3 хоногийн төлбөрт 195,000 төгрөг, галт тэрэгний гар тээшний үнэ 1,400 төгрөг, Улаанбаатар хотод байх хугацааны хоол хүнсэнд 102,602 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 04-ны өдөр автомашиныг Улаанбаатар хот руу ачуулсан 350,000 төгрөг, бензинд 20,000 төгрөг, автомашиныг оношилгоонд оруулахдаа ачуулсан зардал 60,000 төгрөг, оношилгооны 45,000 төгрөг, үнэлгээний 123,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Лазер мед эмнэлэгт компьютер томографт харуулахад 100,000 төгрөг төлсөн, Зам-Үүдээс Улаанбаатар хот руу явсан замын зардалд буюу 23,800 төгрөгийн бензин хийсэн, нийт 1,179,602 төгрөгийн урсгал зардал гарсан гэж тайлбарлаж байх бөгөөд үүнээс машин ачуулсан, бензин, оношилгоо, үнэлгээ, компьютер томограф, замын зардлын 742,300 төгрөгийг хариуцагч Н ТӨХК төлсөн болох зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Б.М ын гараар бичсэн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа энэ зардлыг хасаагүй, давхардуулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагаас /1,179,602-742,300= 437,302/ үлдэх 437,300 төгрөгт холбогдох хэсэгт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ шаардлагаа нотлохоор нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 96-125 дугаар талд авагдсан Иргэнд очих баримт, зочид буудлын өрөөний тооцоо, зорчих тасалбар, элдэв хураамжийн тасалбар, зарлагын баримт, мөнгөн шилжүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэх зэрэг баримтууд нь бүдгэрч дээрх бичвэр нь харагдахгүй болсон, осолтой хамааралгүй бараа, үйлчилгээ худалдан авсан, мөн нотлох баримтын шаардлага хангахгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

в/ Мастер үнэлгээ ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3829 дүгээр тайлангаар тогтоогдсон 2,730,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Осол гарсны дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.М ын приус 20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг тогтоохоор Мастер үнэлгээ ХХК нь 3829 дүгээр үнэлгээний тайланг гаргасан байх бөгөөд тус тайлангаас үзэхэд урд салхины шил 130,000 төгрөг, урд гуфер, доод сетка, хүрээ 400,000 төгрөг, урд шаврын хаалт, доод хаалт 70,000 төгрөг, ус, хөргөлтийн радиатор, сэнсний хүрээ 250,000 төгрөг, дугуй 2 ширхэг, хайлшин обуд 2 ширхэг 160,000 төгрөг, доод хөндлөн тариус 100,000 төгрөг, баруун урд их гэрэл 50,000 төгрөг, урд хос 3 бул, хос 5 бул 240,000 төгрөг, урд 2 цапны шаариг 120,000 төгрөг, урд 2 амортизатор 130,000 төгрөг, урд 2 босоо тэнцүүлэгч, зүүн урд өндгөн тулгуур 60,000 төгрөг, урд тэвш /дан/ 80,000 төгрөг, кастерийн таг 40,000 төгрөг, ABS утас, даралтын шаланк, сигнал 45,000 төгрөг, хурдны хайрцагны лап 30,000 төгрөг, хойд яндан глушитель 50,000 төгрөг, хойд тэвш 120,000 төгрөг, хойд 2 амортизатор 130,000 төгрөг, нийт 2,055,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлтэй. Эд анги солих 300,000 төгрөг, гуфер, крыло будах 120,000 төгрөг, 200 грамм будаг, туслах материал, лак 40,000 төгрөг, тэнхлэг тохируулах 20,000 төгрөг, компьютер оношлогоо хийлгэх 45,000 төгрөг, нийт 525,000 төгрөгийн хийгдээгүй завсарын ажлын хөлс буюу шууд бус зардлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид учирсан шууд зардал буюу 2,055,000 төгрөгөөс хариуцагч Н ТӨХК нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 20-нд 900,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 480,000 төгрөг, нийт 1,680,000 төгрөгийг төлсөн нь /хавтаст хэргийн 161, 163, 165 дугаар тал/ баримтаар тогтоогдож байх тул энэ төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохирлоос хасч 2,055,000-1,680,000=375,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлохоор хэрэгт гаргаж өгсөн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 200,000 төгрөгийн Бэлэн мөнгөний баримт нь /162 дугаар тал/ нэхэмжлэгч Б.М ын хохирлыг төлсөн баримт биш, Зөрчлийн тухай хуулиар торгууль ...ын замын цагдаа гэх гүйлгээний утгатайгаар Д.О гэх иргэнд 200,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, мөн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн /166 дугаар тал/ 128,000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй буюу П.У гэх иргэнд мөнгө төлсөн баримт, мөн 167 дугаар талд авагдсан 60,000 төгрөг, М гэх баритм нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

г/ Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох И ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаа засвар хийлгэсэн үнэ 715,000 төгрөг, оношлогооны үнэ 45,000 төгрөг, нийт 760,000 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үнэлгээчин И ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр приус 20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн усны болон хөргөлтийн радиатор хагарсан, сэнсны хүрээ хагарсан, хойд тэвш, зүүн хойд цап, баруун урд амортизатор, баруун гар, баруун урд босоо тэнцүүлэгч, баруун урд өндгөн тулгуур гулзайсан гэх дүгнэлтийг гаргасан ба 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримтаар дээрх эд ангиудыг 715,000 төгрөгөөр худалдан авсан, үнэлгээний зардалд 45,000 төгрөг төлсөн гэх баримтуудыг хэрэгт гаргаж өгчээ. Осол гарсан 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 188 хоногийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр И ХХК нь дээрх тээврийн хэрэгслийн эвдрэлийн талаар дүгнэлт гаргасан нь тухайн осолтой холбоотой эвдрэлийн үнэлгээ гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н ХХК-иас гэм хорын хохиролд 375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,287,602 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас гэм хорын хохиролд 375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,287,602 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

Ж.КУЛЬДАНА