| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01454/И |
| Дугаар | 155/ШШ2022/00170 |
| Огноо | 2022-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2022/00170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2021/01454/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг SB төвийн 4 давхарт байрлах, регистрийн дугаар 4139992, Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, Засаг даргын тамгын газрын А байр 3 дугаар давхарт байрлах, Төсвийн ерөнхийлөн захирагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох эрчим хүчний тарифын үнийн зөрүү 19,124,431 (арван есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл дулааны станц ТӨХК нь жил бүр төсөвт байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч болох Хөвсгөл аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф нь төсөвт байгууллага НӨАТ оруулахгүйгээр 1 м3 1.560 төгрөгөөр батлагдсан бөгөөд манай байгууллага нь албан татварыг суутган төлөгч учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д зааснаар үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулахаар заасан тул НӨАТ шингээж 1м3 нь 1.716 төгрөг байхаар тооцоолсон боловч төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга манайд байдаггүй дулааны эрчим хүчний тариф буюу 1м3 талбайг 1.561.15 төгрөгөөр тооцож төсвийн санхүүжилт хийсэн. Үүнээс үүдэн 2020 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ тарифын зөрүү үүссэж байгууллагад 19,124,431 (арван есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөгийн алдагдал, хохирол учраад байна.
Манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон эрчим хүчний тарифыг мөрдөн ажилладаг бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч тус тарифыг мөрдөн ажиллаагүйгээс алдагдалд ороод байна. Аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх ажлыг гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооноос батлан мөрдөгдөж байгаа эрчим хүч нийлүүлэх үнийн батлагдсан тарифаар саналаа хүргүүлсэн боловч улсын төсөвт суугдаагүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй юм. Хөвсгөл аймгийн Засаг дарга нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дахь хэсэгт төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөж, батлагдсан төсвийг хууль, тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ гэсэн бөгөөд Засаг дарга нь эрчим хүч худалдан авах төсвийг улсын төсөвт суулгах үүргийг хүлээсэн бөгөөд тус үүргээ хэрэгжүүлээгүйгээс хохирол учирсан.
Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар луу дулааны эрчим хүчний төлбөрийн зөрүү үүссэж байгаатай холбогдуулан төлбөрийг барагдуулах талаар албан тоот хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирээгүй.
Тиймээс Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй Хөвсгөл дулааны станц ТӨХК-д 2020 онд дараах байдлаар хохирол учруулсан байна. Үүнд:
| Сар | Бичилт | Орлого | Төлбөрийн зөрүү үлдэгдэл |
| 1 | 26,489,947.0 | 24,100,000.0 | 2,389,947.0 |
| 2 | 26,489,947.0 | 24,100,000.0 | 2,389,947.0 |
| 3 | 26,489,947.0 | 24,100,000.0 | 2,389,947.0 |
| 4 | 26,489,947.0 | 24,100,000.0 | 2,389,947.0 |
| 5 | 13,245,001.0 | 12,000,000.0 | 1,245,001.0 |
| 9 | 13,245,001.0 | 22,000,000.0 | 8,754,999.0 |
| 10 | 26,489,947.0 | 24,100,000.0 | 2,389,947.0 |
| 11 | 26,489,947.0 | 14,100,000.0 | 12,389,947.0 |
| 12 | 26,489,947.0 | 24,195,200.0 | 2,294,747.0 |
| Нийт дүн | 211,919,631.0 | 192,795,200.0 | 19,124,431,0 |
Иймд Төсвийн ерөнхийлөн захирагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн Эрчим хүчний тарифын үнийн зөрүү болох 19,124,431 (арван есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн эрчим хүчний тарифийн үнийн зөрүү болох 19,124,431 (арван есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгох тухай нэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 1. Сангийн яам, Улсын Их Хуралд 2017 оноос хойш 2018, 2019, 2020 оны төсөвт аймгийн орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад нэмж шаардагдах дулаан, түлш халаалтын зардлыг тусгаж шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна., мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх. гэсэн заалтуудыг зөрчсөн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төсвийн байгууллагуудын халаалтын тарифыг 1560 төгрөгөөр мерт куб гэж тогтоосон нь үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын халаалтын үнэ тарифаас 710 төгрөг метр кубаар өндөр тогтоогдсон үндэслэл нь тодорхойгүй бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д заасан хэрэглэгчийн ангиллыг байгууллагын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан нарийвчлан тогтоож, төсөвт байгууллага аж ахуй нэгж байгууллагын ялгаатай байдлыг арилгаж, тарифыг шинэчлэх талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж Сангийн яамны зүгээс шийдвэрлэхгүй ирсэн. Төсвийн Ерөнхийлөн захирагчийн зүгээс бусад яамдуудад мөн хандсан бөгөөд яамдууд нь улсын хэмжээнд тогтмол зардлын үнийн өсөлт дэмжигдээгүй гэх шалтгаанаар саналыг хүлээж аваагүй өдийг хүрсэн. Улсын Их Хурлаас батлагдсан төсөв байгууллага бүрээр, зардлаар хуваарилагдаж ирдэг бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын түлш халаалтын зардлын тухай нэмэгдсэн тарифаар тооцож олгоход хүрэхгүй дүнгээр буюу 2020 онд 192,795,200 төгрөгөөр батлагдаж ирсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн 3/520 тоот гэрээ байгуулах тухай мэдэгдлийн албан бичигт Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх ХӨАНӨГ/202002147/01/01 дугаартай тендерийн 01 дүгээр багцад оролцож 4,519,879,058,10 төгрөгөөр гүйцэтгэхээр зөвшилцсөний дагуу манай талаас тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн тул гэрээ байгуулахыг зөвшөөрч байна гэж дурджээ. Үүнээс үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дулааны тарифын нэгж үнэ 1561 төгрөг байхаар Хөвсгөл дулааны станц ТӨХК-аас хүлээн зөвшөөрсөн харагдаж байна.
Аймгийн Засаг дарга, Хөвсгөл дулааны Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь төсөвт байгууллага, аж ахуй нэгжүүдэд дулааны эрчим хүч нийлүүлэх ажлын №ХӨА-2020/8.8.01 дугаартай гэрээний хавсралтын 21 дугаарт Хө Засаг даргын Тамгын газар тарифын нэгж үнэ 1561 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар нь тарифийн нэгж үнийн нийт 192,795,162 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх гэж заасны дагуу тухайн жилд төсвийн авлага, өр төлбөр үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажилладаг. Мөн Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэхж заасныг хэрэгжүүлэн ажилласан. Асуудлыг шийдвэрлэх боломж нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.17-д Хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай ззэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах гэсэн зохицуулалт бөгөөд тухайн зохицуулалтын хүрээнд үнэ тариф өөрчилсөн шалтгаан үндэслэлээ Дулааны станц буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Эрчим хүчний зохицуулах хороо тайлбарлаж, Засгийн газар, Улсын Их Хурлаар эрчим хүчний үнэ тарифийн алдагдалтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой юм.
Иймд Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсвийн тухай хуулийн 3.4 дэх хэсэг төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутгийн салбарын үйл ажиллагаанд санхүүжилт, эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна, мөн хуулийн 6.2.5-д заасан төсвийн дундуур орлого бууруулах зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүний дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх, мөн хуулийн 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, мөн хуулийн 41.2.2-д заасан батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэх мэт хуулийн үндэслэлүүдийг тусгасан байна. Үүнээс Төсвийн тухай хуулийн 6.2.5 дахь заалт нь 2020 оны үүссэн өр авлагатай нийцэхгүй байгаа юм. Учир нь манай үнэ тариф 2017 онд батлагдсан. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагчаас дээрх заалтыг барьж, энэ жил дулааны эрчим хүчний төлбөрийг нэмэх боломжгүй гээд тухайн жилийнх нь аудитлагдсан дүнгээр Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн өр авлагыг аудитын байгууллага чөлөөлж байсан. Авлага өглөгийг тухайн программдаа үүсгээд жилийн аудитлагдсан тайландаа тусгаад явах үүрэгтэй. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч нь энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Эрчим хүчний хуулийн дагуу хангагч байгууллага, хэрэглэгч байгууллага хоёр бол хоёулаа эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байтал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслээд тендер зохион байгуулсан. Тендер зохион байгуулахдаа батлагдсан тарифаар зохион байгуулах байтал манайд байдаггүй тарифаар тус онд зохион байгуулсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нь 1 метр кубыг 1561.15 төгрөгөөр бодсон байдаг. Энэ нь эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тариф биш юм. Манай байгууллага улсын онцгой объект учраас тендерт оролцсон. Хэрэглэгчээрээ санхүүжилтээ авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл халаалтын улирал эхлэх үед гэрээ байгуулсан байхад буюу жилийн эхний үед Хөвсгөл аймгийн Засаг даргаас батлагдаагүй тарифаар тендер зохион байгуулсан. Тухайн тарифаар тендерт оролцохгүй гэхээр Тендерийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гээд материалыг буцаадаг. Тендерт оролцохгүй бол төсвийн байгууллагууд гэрээ байгуулаагүй, тендерт оролцоогүй гээд манай байгууллагад дулааны мөнгө өгдөггүй.Үндсэндээ 1, 2 дугаар сард төсвийн байгууллагуудын төлбөр орж ирдэггүй.Төсвийн байгууллагын дулааны эрчим хүчний орлого нь манай байгууллагын 80 хувийг бүрдүүлдэг.Энэ асуудлаас шалтгаалаад манай байгууллага санхүүгийн хүндрэлд орж цаашдаа нүүрс татан авалт болон ажилчдын зардал гэх мэт асуудал үүсдэг учраас тендерт ьавьсан саналыг дагуу оролцохоос өөр аргагүй байдаг. Мөн гэрээ байгуулахгүй бол Хөвсгөл аймгийг хөлдөөх нөхцөл байдалд хүрдэг. Энэ жил тендер зохион байгуулаагүй.
Төсвийн бүх байгууллага баталсан тарифаа мөрдөж байгаа. Төрийн олон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт ороогүй. Энэ жилээс Аймгийн Засаг даргатай, Хөгжимт драмын театртай байгууллага тус бүртэй нь гэрээ байгуулж байгаа. Урьд нь 2017-2019 оны хооронд 600,000,000 төгрөгийн алдагдал үүсэж байсан. Энэ асуудлаар шүүхэд хандсан боловч манай талд шийдвэрлэгдээгүй. 2020 онд ганцхан байгууллага буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар л тарифаа мөрдөөгүй. Бусад байгууллагууд мөрдөөд гэрээгээ байгуулаад эхэлсэн. Шүүхэд авагдсан материалаас үзэхэд Ахмад настны асрамж үйлчилгээний газрын тариф нь 1541.53 төгрөг. Үүгээрээ тендерт оролцсон боловч Ахмад настны асрамж үйлчилгээний газартай дахин зохицоод 1716 төгрөгөөр буюу батлагдсан тарифаараа 2020 онд төлбөрөө аваад гэрээгээ байгуулаад дууссан. Бүх төсвийн байгууллагууд төлбөрөө барагдуулсан. Тэгэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар бол өөрсдөө хуулийг илтэд гуйвуулж, нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага бол хуулийг гуйвуулдаг бус хуулийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Дулааны станцын үнийн зөрүүтэй маргаан 2017 оноос эхэлсэн. Тухайн үед аймгийн Засаг дарга болоод Засаг даргын Тамгын газраас үнийн өсөлттэй холбоотой асуудлыг 2017, 2018, 2019, 2020 онуудад Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд холбогдох бүх байгууллагуудад нь хандаад шийдвэрлүүлэхээр явсан байгаа. Манайхаас гаргасан хариу тайлбарт дурдсан 6.2.5, 3.4 гээд холбогдох хуулийн заалтуудыг 2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны процессыг харуулах гэж уг заалтуудыг дурдсан байгаа. Аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч гэж явдаг. Монгол Улсын Их хурлаас батлагдсан төсөв нь байгууллага бүрээр зардлаар хуваарилагдаж ирдэг бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын түлш халаалтын зардлын тухайд нэмэгдсэн тариф буюу 1716 төгрөг буюу НӨАТ орсон дүнгээр тооцох боломжгүй. 2020 онд 192,795,200 төгрөгийн төсөв Улсын их хурлаас батлагдаж ирсэн байдаг. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн, гэрээ байгуулах тухай мэдэгдлийн албан бичигт Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх Хөвсгөл ХӨАНҮГ/202002147/0101 дугаартай тендерийн 1 дүгээр багцад оролцож 4.519.879.000,10 мөнгөөр гүйцэтгэх санал тавьсан. Хөвсгөл дулааны станц ТӨХК нь дээрх саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төсөвт байгууллага аж ахуйн нэгжүүдэд дулааны эрчим хүч нийлүүлэх ажлын №ХӨА2020/8.8.01 дугаартай гэрээний хавсралтын 21 дүгээрт Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар тариф нэгж үнэ 1561 төгрөг байхаар тусгажээ. Дээрх гэрээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар дулааны тарифын нэгж үнэ 192,795,162 төгрөгийн санхүүжилтийг 2020 онд бүрэн олгож ажилласан. Мөн Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийг зохистой удирдаж өр авлага төлбөр үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажилладаг. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу батлагдсан төсвийн дагуу зарлага гаргаж хуулийг хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 606 дугаартай Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт хандаж гаргасан албан бичгийн хуулбар 1 хуудас, Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, дулааны шугам сүлжээ, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0000085907 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь төсөвт байгууллага, аж ахуй нэгжүүдэд дулааны эрчим хүч нийлүүлэх ажлын №ХӨА-2020/8.8.01 дугаартай гэрээ, хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 6 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эх хувь 1 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон баримт 1 хуудас.
Хариуцагчаас Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаартай захирамжийн хуулбар хувь 1 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг эх хувь 1 хуудас, тайлбар эх хувь 3 хуудас, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/520 дугаартай Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал Д.Цанлигренчин танаа гэх албан бичгийн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/238 дугаартай Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Х.Ган-Очир танаа гэх албан бичгийн хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь төсөвт байгууллага, аж ахуй нэгжүүдэд дулааны эрчим хүч нийлүүлэх ажлын №ХӨА-2020/8.8.01 дугаартай гэрээ, хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 10 хуудас, Хөвсгөл аймгийн засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/1488 дугаартай Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танаа гэх албан бичгийн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/58 дугаартай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан танаа гэх албан бичгийн хуулбар 2 хуудас зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компани нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан эрчим хүчний тарифийн үнийн зөрүү 19,124,431 (арван есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, дулааны шугам сүлжээ, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0000085907 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх ба нэхэмжлэлийг шүүхэд тус компаний гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин гаргасан.
Тус компаний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4-т гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаас үзвэл Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин нь байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ...Манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон эрчим хүчний тарифыг мөрдөн ажилладаг ба Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор дулааны үнэ тарифыг шинэчлэн тогтоосон.
Мөн манайх байгууллага нь албан татварыг суутган төлөгч тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулдаг. Үүний дагуу НӨАТ шингээж 1м3 талбайд 1.716 төгрөгөөр дулаан нийлүүлэхээр тооцоолсон. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга тус тарифыг мөрдөн ажиллахгүй, Засаг даргын тамгын газрын байрны 1м3 талбайг дулааны эрчим хүчээр хангах үнийг 1.560 төгрөгөөр тооцож төсвийн санхүүжилт хийсэн. Үүнээс үүдэн 2020 онд үнэ тарифын зөрүү үүсэж манай байгууллага 19,124,431 төгрөгийн алдагдалд орсон тул энэ зөрүү мөнгийг гаргуулж авна...гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотолж чадаагүй болно.
Тодруулбал Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор дулааны үнэ тариф хэрхэн тогтоогдсон эсэх тодорхойгүй, энэ талаарх ач холбогдол бүхий баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна.
Мөн 2020 онд Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Хөвсгөл аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх тендер зарлахдаа Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 15,437.01 м3 талбайг, нэгжийн үнэ 1.560 төгрөг, нийт 192,795,162.9 төгрөгөөр дулааны эрчим хүчээр хангах үнийн санал гаргасныг нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани хүлээн зөвшөөрч, тендерт оролцон ялж, гэрээ байгуулсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд бусад холбогдох баримтуудаар нотлогдож байна.
Дээрхээс үзвэл талуудын хооронд Тооцоо нийлэх гэрээ буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсгээр зохицуулсан.
Гэвч нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл гэрээний дагуу 2020 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас дулааны төлбөрт 192,795,162.9 (нэг зуун ерэн хоёр сая долоон зуун ерэн таван мянга нэг зуун жаран хоёр төгрөг есөн мөнгө) төгрөгийг Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь шилжүүлсэн ба гэрээний нэг тал үүргээ зөрчсөн болох нь тогтоогдохгүй байгаа болно.
Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох эрчим хүчний тарифийн үнийн зөрүү 19,124,431 (арван есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох эрчим хүчний тарифийн үнийн зөрүү 19,124,431 (арван есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,572 (хоёр зуун тавин гурван мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ