Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2022/00045

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

        Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр багт оршин суух Шарнууд Нийн Б-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багт оршин суух Жагарган Дын Б-д холбогдох,

       3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

       Н.Б миний бие 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх сумын 3 дугаар багийн иргэн Д.Боос 60 төлгийг нэг бүрийн үнэ 60,000 төгрөгөөр тооцож авахаар нийт 3,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед хонио хэзээ өгч, авахаа тохиролцоогүй. Д.Б нь намайг боломжтой үедээ төлгөө ирж аваарай гэсэн. Ингээд зуны хугацаанд бороо ус ихтэй голоор гарах боломжгүй байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хонио авахаар очиход надад 30 ширхэг төлөг өгөөд бусдыг нь өгөхгүй гээд өгөөгүй. Одоо төлөг 100,000 төгрөгийн үнэтэй байгаа учраас намайг дээрэмчин гэж янз бүрээр хэлж байсан. Тухайн үед худалдах худалдан авах гэрээг амаар тохиролцож мөнгөө бэлнээр хүлээлгэн өгсөн учир би хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. Иймд Д.Боос 30 төлөг буюу нэг бүрийн үнэ 100,000 төгрөгөөр тооцож нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

      Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багт оршин суух, Дын Б /РВ63021611/ би тус сумын иргэн Нийн Бд 55,000-60,000 төгрөгөөр төлөг олж өгөхөөр амаар ярилцаж 3,300,000 төгрөгийг сайн санахгүй байна.   

      Гуравдугаар сарын сүүлээр байх бэлэн авсан. Тухайн үед надад 55,000-60,000 төгрөгөөр төлөг өгөх хүн олдоогүй, Тэгээд 4,5 сар мал мууддаг үе, ганц нэг олдсон нь болохоор онд орохооргүй байгаад ногоо идээд үхчих магадлалтай, их муу мал аваад түүнийгээ үхүүлчихвэл бас өөрт хохиролтой санагдаад байж байсан. Хавар ноолуур гараад малчид мөнгөний хэрэг багасаад надад төлөгөө хямд өгөх хүн байхгүй байсан.    

      Тэгээд ногооны дараа буюу 6 дугаар сараас төлөг үнэ ороод 70,000-80,000 төгрөг болоод удалгүй 100,000 төгрөг болж ханш нь өссөн. Тэгээд тухайн ханшаар нь цуглуулсан 30 төлгөө Бд өгсөн. Түүнээс би тэр мөнгөөр нь тухайн үед 60 төлөг цуглуулаад түүнээсээ 30 төлгийг өгөөгүй юм биш. Тиймээс би Бд мөнгө өгвөл 300,000 төгрөгийг л төлж өгнө. Анх 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөг авсан, түүний 3,000,000 (гурван сая/ төгрөгт нь 30 төлөг өгсөн, үүний үлдэгдэл 300,000 (гурван зуун мянга) төгрөг байгаа, надад хөлс мөнгө өгөөгүй. Гэхдээ энэ мөнгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өгнө гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

      Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх сумын 3 дугаар багийн иргэн Д.Боос тухайн үед 60 төлгийг нэг бүрийн үнийг 60,000 төгрөгөөр тооцож авахаар нийт 3,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед төлгөө хэдэн сарын хэдэнд авахаа цаг хугацаа зааж тохиролцоогүй. Зуны улиралд буюу 8, 9 дүгээр сард авъя гэхэд Баянзүрх суманд гол гарах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас 10 дугаар сарын 10-ны өдөр 60 ширхэг төлгөө авахаар нэхэмжлэгч Н.Б очсон. Тэгэхэд 30 ширхэг төлгийг нь өгөөд үлдсэн 30 ширхэг төлгийг нь ямар нэгэн шалтгаангүйгээр өгөөгүй байгаа. Өнөөдрийн байдлаар нэг төлөгний зах зээлийн ханш 100,000-120,000 төгрөгийн үнэтэй байгаа. Нэг төлгийг 100,000 төгрөгөөр тооцож 3,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэл дээрээ бичсэн боловч уг нь 100,000 төгрөгөөр тооцож 30 төлөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Гэхдээ нэхэмжлэлдээ буруу 3,000,000 төгрөг гаргуулах гээд биччихсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд 30  төлөг гаргуулахаар нэхэмжилж байна.

      Нэхэмжлэлийн шаардлагыг шууд шүүх хуралдаанд өөрчлөөд шийдвэрлүүлэх боломжгүй гэдгийг ойлгож мэдлээ. Иймд 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

      Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Бод холбогдуулан 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.

      Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...60 тооны төлгийг нэг бүрийн үнийг 60,000 төгрөгөөр тооцож  3,600,000 төгрөгийг төлсөн боловч 30 тооны төлөг өгсөн, үлдсэн 30 ширхэг төлгийг нь ямар нэгэн шалтгаангүйгээр өгөөгүй. Өнөөдрийн байдлаар нэг төлөгний зах зээлийн ханш 100,000-120,000 төгрөгийн үнэтэй байгаа учраас нэг төлгийг 100,000 төгрөгөөр тооцож 3,000,000 төгрөг гаргуулна...хэмээн тайлбарласан.

      Шүүхээс хариуцагч Д.Бод шүүх хуралдааны товыг  шүүхэд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 23ы өдөр түүний эзэмшлийн 9838-5757 дугаар утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байгуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

        Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй, нэхэмжлэгч тал 60 төлгийг нэг бүрийн үнийг 60,000 төгрөгөөр тооцож авахаар тохирч нийт 3,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх боловч тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” гэсэн хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй болно.

       Хэдийгээр нэхэмжлэгч тал хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй боловч хариуцагч нь 60 тооны төлөг өгөхөөр тохирч 3,300,000 төгрөг авсан гэх тайлбарыг ирүүлсэн.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүнгэж үзвэл талуудын хооронд мал бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан  байна.

        Тодруулбал 60 тооны төлөг авахаар тохиролцож, Д.Б 3,300,000 төгрөгийг хүлээн авснаар талуудын хооронд  хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

        Уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.    

        Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэнэ.

       Гэтэл Д.Б нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээнээс бага тооны малыг Н.Бд  өгсөн  байх бөгөөд энэ нь худалдан авагчийн зорилгын бүрэн хангасан гэж үзэх боломжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, доголдолтой биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

       Хариуцагч нь 60 тооны төлгийг нэг бүрийн үнийг 55,000-60,000 төгрөгөөр тооцож  3,300,000 төгрөг авсан. Гэвч төлгийн нэг бүрийн үнэ 100,000 төгрөг болж өссөн тул тухайн ханшаар 3,000,000 төгрөгт нь 30 төлөг өгсөн гэх боловч тэрээр үүргээ биелүүлэх бодит боломжгүй болсон, ийм боломжгүй нөхцөл байдал үүссэн талаараа үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдээгүй байх тул үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй.

       Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул гэрээний үүргийн гүйцэтгэлээс 30 тооны төлөг буюу 1,650,000 төгрөгийг гүйцэтгээгүй үнийн дүн гэж үзэж хариуцагч Д.Боос гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож шийдвэрлэв.

         Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Учир нь: нэхэмжлэгч 60 тооны төлгийн нэг бүрийн үнийг 60,000 төгрөгөөр тооцож  3,600,000 төгрөгийг төлсөн гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй,           хариуцагч  60 тооны төлөг өгөхөөр тохиролцож, 3.300.000 төгрөгийг авсан гэх тайлбарыг ирүүлсэн.

      Иймд талууд 1 төлгийг 55,000 төгрөгөөр тооцож, 60 тооны төлөг өгөхөөр тохиролцож, 3,300,000 төгрөгийг өгч, авалцана гэж үзэх үндэслэлтэй ба үнийг тухайн үеийн ханш болох 55,000 төгрөгөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн өнөөдрийн байдлаар нэг төлөгний зах зээлийн ханш 100,000-120,000 төгрөгийн үнэтэй байгаа учраас нэг төлгийг 100,000 төгрөгөөр тооцож 3,000,000 төгрөг гаргуулна гэх тайлбар үндэслэлгүй болно.

      Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 1,650,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 41,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгов.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                             ТОГТООХ НЬ:

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Боос 1,650,000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 (жаран хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 41,350 (дөчин нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮ