Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2022/00233

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт оршин суух Халиугчин Нын С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар баг, Баян Улааны 2-4 тоотод оршин суух Хонин онход Чын А-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,  нэхэмжлэгч Н.С, хариуцагч Ч.А нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Би Ч.Атай 10 жилд байхын нэг ангид сурч байгаад 2014 онд хурим найраа хийгээд албан ёсоор тусдаа гарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй. Бид дундаасаа 2 хүүхэдтэй ба том охин С.С 2013 оны 07 дугаар сарын 22 ны өдөр төрсөн , 9 настай, удаах охин С.Сгэрэл 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 3 настай юм. Хадам ээж Мядаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд амьдардаг ба эхнэр Ч.Аыг би чамайг хүнтэй яриад ажилд оруулах боллоо, багшаар ажилд ор гэж ятгасаар байгаад эхнэр Ч.А Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар 2015 оноос эхлэн ажилласан. Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд малаа маллаад үлдсэн. Ч.А бид хоёр тусдаа байсан боловч хэн хэн нь ирж очоод байдаг байсан. Тусдаа байх явцад Ч.А бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж эхэлсэн. Том охин С.С надтай байж, бага охин С.Сгэрэл ээжтэйгээ байх болсон. Том охин С.С ээжтэйгээ нэг хэсэг байх явцад Ч.А хүүхэд дагуулж архи пиво уудаг. Үүгээр ч зогсохгүй, толгой дээр нь унтаж байхад нь согтуудаа бөөлжсөн байсан. Том охин С.С ээжийнхээ эдгээр байдалд нь дургүйцэж ээж дээрээ очихоос дургүйцдэг болсон. Ч.А нь тус шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн дагуу миний зүгээс охин С.Сыг өөрийнхөө асрамжид авах талаар маргасан.

          Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2021/00628 дугаар бүхий Шүүхийн шийдвэрээр том охин С.Сыг эцэг миний асрамжид үлдээж, бага охин С.Сгэрэлийг эх Ч.Аын асрамжид үлдээж надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу том охин С.С миний асрамжид байгаа. Эх Ч.А нь охин С.Сад улсаас сар бүр олгодог хүүхдийн 100,000 төгрөгийг өгдөггүй өөрөө авдаг. Иймээс Ч.Ааас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай охин С.Сын хүүхдийн мөнгө хариуцагч Ч.Аын дансанд ордог. Охиныхоо мөнгийг авъя гэхэд өгөхгүй гэж хэлдэг. Мөн би бага охиндоо хүүхдийн тэтгэлэг төлдөг учраас охин С.Сад эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрвээ хоёр охиноо өөрийнхөө асрамжид авсан бол охин С.Сад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

           Хариуцагч Ч.Алтанзул шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

Ч.А миний бие Н.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нотлох баримтаар

             Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Мөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн “Сын С эрүүл бойжиж байгаа нь үнэн...” гэх тодорхойлолт, (хх-ийн 5 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Ундармаагийн“... Сурагч С С нь Хулан багштай 3Д ангид суралцдаг нь үнэн...” гэх тодорхойлолт, (хх-ийн 6 дугаар тал)

         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...Бүрэнтогтох сумын Эрчим багийн Н С нь эрэгтэй, ам бүл 2, хаяг Эрчим багт оршин суудаг нь үнэн...” гэх тодорхойлолт, (хх-ийн 7 дугаар тал)

          Сын С (РК13272206)-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 8 дугаар тал)

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 155/ШШ2021/00628 дугаартай Шүүхийн шийдвэрийн эх хувь (хх-ийн 9-16 дугаар тал) зэрэг нотлох баримтыг гаргаж ирүүлсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Ч.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Ч.А нар нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 628 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх ба тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин С.С төрсөн болох нь №00009915260-57 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр Н.С, Ч.А нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч тэдний дундаас төрсөн охин С.С нь гэрлэлт бүртгэлтэй гэр бүлийн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эх Ч.Ааас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин С.Сыг  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон         

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар дундаас 2013 оны 7 дугаар сарын 22-ны төрсөн охин С.Сыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Ч.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ааас улсын тэмдэгтийн хураамж 35,337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сад олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮҮ