Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00148

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух Урчууд Аийн Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны  11 дүгээр сарын 01-ний өдрийн ”Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Ж.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Х би 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шинээр томилогдсон захирал Ж.Баярмаа нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалаараа намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 16.1.1, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд буюу сургуульд согтууруулах ундаа үнэртүүлж, согтуу байдалтай ирсэн, ажлын цагаар ажлын байраа орхин согтууруулах ундаа хэрэглэж явсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би ахуйн хүрээнд хөлөө түлсний улмаас бариу гутал өмсөх боломжгүй пүүзэн гуталтай ажил дээрээ иртэл ийм хувцас ингэж өмсөж явж болохгүй, наад хувцас хунараа хараач, арайч дээ гэж удаа дараа миний өмссөн зүүсэн байдлаар минь ялгаварлан гадуурхаж нүд үзүүрлэн дарамталж байгаад  2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогч нь намайг үндэслэлгүйгээр гүтгэж, эрүүл мэндийн шалтгаан, урьд өмнө ажлаа хийж яваад морьноос унаж бэртэж доголон гишгэдэг болсон хөлийн явдлыг минь ажиглан далимдуулж чиний хөл гуйваад байгаа юм биш үү, наана, цаана гишгээд байна, согтуу байгаа юм биш үү чи гэж гүтгэн уг үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргасан. Миний хувьд ажлын байранд архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй, үнэртүүлээгүй, согтуу байдалтай ирээгүй, ажлын байраа орхин согтууруулах ундаа хэрэглэж яваагүй. Мөн захирал нь намайг ажлаас халсан тушаалын үндэслэлийг бүх ажилчдын хуралд бүрэн эхээр нь уншиж танилцуулсан бөгөөд сургуулийн бүх ажилчид намайг ажил дээрээ архи ууж байгаад баригдаж гэсэн яриа сургууль даяар яригдаж, сургуулийн хүүхдүүд хүртэл эмч архичин юм бишүү гэх байдлаар яригдах болж тус сургуулийн 7 дугаар ангид суралцаж байгаа миний 12 настай охин энэ байдлаас болж хичээлдээ явахаас татгалзаж, уур уцаартай болж, би энэ сургууль руу дахин ормооргүй байна, би ичээд байна, таныг архи ууж ажлаасаа халагдсан гэж яриад байна гээд сургуулиасаа дайжаад хичээлээ хийж өгөхгүй уйлах болсон. Захирлын хууль бус үйлдэл нь миний гэр бүл, 12 настай хүүхдийн минь хэвийн сурч боловсрох, өөрийгөө, гэр бүлээ үнэлэх үнэлэмжийг үгүй хийж, миний болон гэр бүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулаад байна. Хүүхдийн асуудлаас болж дахин сэтгэл зүйн хүнд дарамтад орж байна. Мөн би оюутан хүүхдийн төлбөрөөс болж цалингийн өндөр зээлтэй, зээлээс зээлийн хооронд амьдардаг. 

Ковид-19 цар тахлын нөхцөлд хүүхэд, ажилчид хордох эрсдэлтэй учир сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссоны дараа байнга илүү цагаар, хагас, бүтэн сайнд ч хамаагүй 2552 метр квадрат талбайг ариутгал, халдваргүйтгэлийг ганцаараа хийж, сургуулийн багш, хүүхдүүдийн аюулгүй байдлын эрсдлийг хамгаалж маш хүнд, хортой нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөж байсан. Би 2015 оноос өнөөдрийг хүртэл ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байсан, надад урьд өмнө сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.

Иймд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Баярмаагийн 2021 оны11 сарын 01-ний өдрийн Б/38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.Х намайг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Би Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Ж.Баярмаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал албан тушаалтай Ж.Баярмаа би А.Хгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа юм. А.Х нь манай сургуульд эмчээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын цагаар архидан согтуурч, ажлын байраа орхиж явсан. Ажлын байранд согтуу байсан зөрчил гаргасан. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгох боломжгүй тул хууль, дүрэм, гэрээнд зааснаар хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн. Дээрх шийдвэр бодит байдалд нийцсэн, хуулийн хүрээнд гарсан тушаал шийдвэр тул А.Хгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд А.Хгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний хувьд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Түнэл сумын ерөнхий боловсролын сургуульд эмчээр томилогдож орсон. Үүнээс өмнө 2006 оноос хойш эрүүл мэндийн төвд сувилагч бага эмчээр ажиллаж байсан. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жил ажиллах хугацаанд ажил мэргэжлийн ямар нэгэн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй. Сүүлийн 2 жилд Ковид-19 цар тахлын улмаас миний хувьд маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. 2552 метр квадрат талбайд халдваргүйтэл, ариутгал хийж ажилладаг. Хэрвээ мэргэжлийн зөвшөөрөлтэй байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэвэл 1 метр квадрат нь 400,000 төгрөгөөр тооцогддог учраас 1,000,000 гаруй төгрөгийн зарлага гарна.

Төсөвт ийм хэмжээний мөнгө байхгүй учраас би өөрөө хариуцаж ажилладаг юм. Жавлин гэдэг бодисоор ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг. Энэ хадваргүйжүүлэлт хийгдсэн үед вирусын үе гээд өндөр тун хэмжээтэйгээр явдаг. Жишээ нь 10 литр усанд 7 ширхэгийг хийж 0,1 процентийн өндөр тунтай уусмалаар халдваргүйжүүлэлт хийдэг.

Энэ уусмал нь маш хортой нүдний салст, хоолой руу орох юм бол хоолой түлнэ гэсэн заалттай байгаа.

Шүүхээс Хөвсгөл аймгийн Түнэл ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Баярмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож А.Х намайг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй. Цар тахал гарснаас хойш 9 дүгээр сараас эхлэн өглөө 8 цагт ажилдаа ирээд өдөр ундандаа явдаггүй орой зарим үед ажил тарсны дараа 22 цаг, 23 цаг хүртэл илүү цагаар ажиллаж байсан. 70 багш, ажилчин, 590 хүүхдийн дотор цар тахлыг голомт болгоод алдсан байвал миний хариуцлага учраас ажлын бус цагаар ажилласан...гэв.

Хариуцагч Ж.Баярмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ж.Баярмаа миний бие 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын захирамжаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Нэхэмжлэлийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй  байгаа вэ гэхээр хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэр гаргасан учраас зөвшөөрөхгүй байна. Анх намайг ороход ажлын цагаар тас хар хувцастайгаа куртиктэйгээ зогсож байсан. Гэхдээ хүнийг доромжлох ёс зүй надад байхгүй учраас та яагаад ийм хувцастай зогсож байдаг билээ, эмч хүн гэдэг чинь цагаан халаадаараа гоёж хүнд үлгэр дууриал үзүүлж байх ёстой шүү гэж хэлсэн. За тэгье гээд гарсан. Энэхүү 21-ний өдрийн архитай холбоотой асуудал бол өглөө 11 цагаас хойш ажлын байранд үзэгдээгүй. Тэгээд би хэзээ ирэх бол гээд тандаад байж байтал үдээс хойш 3-4 цагийн хооронд ирсэн. Тэгэхдээ яг энэ хар хувцастайгаа ийм байдалтай нэлээн бухимдал төрүүлэхээр гуйваад, ойртоход архины нэвширсэн үнэр үнэртэж байсан учраас маш их бухимдал төрсөн. Яагаад гэвэл энэ бол сургуулийн орчин, насанд хүрээгүй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг газар, багш албан хаагч нар үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Ингээд би олон хүн харчих вий гээд өрөөндөө дуудаж оруулаад сануулга өгөөд за та ингэж болохгүй дахиж битгий алдаа дутагдал гаргаарай гэхэд А.Х надаас уучлалт гуйгаад гарсан нь миний утсан дээрх үзлэг хийлгэсэн бичлэг дээр  байгаа.

Уучлаарай би жаахан архи уучихсан юм гээд хүлээсэн байгаа. Гэтэл 11 дүгээр сарын 01-ний өдөр ямар ч ор сураггүй ажлын байраа хаяад явсан. Би орой 5 цагаас ажилчдын шуурхай зарласан байсан. Шуурхай хуралд ирээгүй. Гэтэл хурлын дараа нэг ажилтан маань эмч өдөр согтуу явж байгаад энд ирчихээд хурлаас өмнө эрүүлжээд ирье гээд явсан гэсэн зүйл ярьсан. Ингээд ямар ч сураггүй байж байгаад маргааш өглөө нь надад акт авч ирж өгсөн. Актыг нь харахад засвартай буюу он сарыг нь өөрчилсөн байгаа. Цаашлаад 11 дүгээр сарын 01-ний өдөр нэг дэх өдөр байсан. Хагас, бүтэн сайн өдөр завсаргүй архи уусныг нь хамт уусан хүмүүс хүртэл ярьж байгаа. Яагаад үүнийг ярих болсон бэ гэхээр энэ хүмүүсээ ажлаасаа халагдсан өдрөөс эхлээд зогсоо зайгүй мессежээр дарамталсан гэсэн. Үүнийгээ тэр хүн скрин шот хийгээд авчихсан байгаа. Ажлаас халагдсан өдрөөсөө ажилчдад дандаа утсаар мессежээр ялангуяа чатаар дарамталдаг. Чи тэр Ж.Баярмаадаа хов зөөж очдог. Та нар ингэдэг, та нарыг ажилдаа эргэж очоод ингэж дарамтална, тэгж дарамтална гэдэг зүйлийг манай ажилчдын хэнээс нь ч очоод асуусан хэлнэ. Би туршлагагүй, хүний мууд дургүйдээ А.Хгийн архи уусан байдалд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй. Нотлох баримт байхгүй миний алдаа болж байх шиг байна.

Бодит байдалд Түнэл сум үнэхээр жижиг сум. Алган дээр тавьсан юм шиг бүх зүйл нь харагдаж, сонсогддог. Энэ хүнийг намайг ирэхээс өмнө 2 сарын хугацаанд ямар ч ажил хийгээгүй өдөр болгон архи уусан гэдгийг захын хүн нотолно. Би буруу хүнээ халчихсан юм болов уу гээд ажилчдаасаа тандалт судалгаа авсан.

Тэгэхэд 56 хүн оролцсон, 4 асуулттай. Үүнд, Нэгдүгээрт: А.Х нь ажлын байрандаа согтуу ирж байсан уу гэсэн асуултад 56 хүнээс 32 нь тийм гэж хариулсан, хааяа гэдэг дээр 11 хүн. Хоёрдугаарт: Хэрвээ архи ууж байсан бол давтамжийн хувьд хэд вэ гэхээр нийт 2-оос дээш гэж хариулсан 21 хүн байгаа. Ёс зүйн хувьд хандлага нь ямар вэ гэхээр янз янзын байдлаар нээлттэй байсан учраас олон зүйлийг бичсэнгүй гэсэн байгаа. Дөрөвдүгээрт: Энэ хүн ажлын байрандаа тэнцэх хүн үү гэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 37 нь ажлын байранд тэнцэхгүй гэдэг хариултуудыг өгсөн байгаа. Баримттайгаа энд байгаа боловч яг энэ асуумжид нэр нь байхгүй. Сумын ард түмэн  хүртэл зөндөө олон удаа надад хэлж байгаа. Өмнөх захирал нь “одоо шинэ ирэх захиралд хэлнэ шүү. Над шиг толгойг чинь илэхгүй, чиний энэ даварсан байдлыг шинэ захиралд хэлээд гаргана” гэж телеграмм гэдэг зүйл дээрээ бичсэн байгаа юм.

Өнөөдөр би хэргийн материалтай танилцахад шинээр телеграммаа өнгөтөөр оруулж ирсэн байсан. Энэ дээр 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойших зүйлийг бичээд ирсэн байгаа юм. 10 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө яасан бэ гэхээр сургалтын менежер  эмч ажлаа хийгээч ээ, та арай даварч байна гэх мэтчилэн маш их зүйлийг хоорондоо бичилцсэн юм байсан. Тэрийг сая устгаад тэрнээс хойших зүйлийг скрийн шот хийгээд угаалгаад хэрэгт хавсаргасан байгаа нь харагдаж байсан. Мөн эмчийн магадлагааны хувьд өмнөх 7 хоногт эмнэлгээр явж энэ материалыг бүрдүүлж байсан гэдэг. Надад нотолгоотойгоо байгаа. Үнэхээр энэ хүн хүүхдийн орчинд дахиж ажиллахааргүй хүн. Мөн хүүхэдтэйгээ холбоотой асуудал нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. Би анги удирдсан багшаас  асууж ирцийг нь авсан байгаа. Мөн анги удирдсан багшийнх нь тодорхойлолтыг авсан. Энэ хүний хэлдгээр хүүхдийнх нь хувьд ямар нэгэн сөрөг зүйл гараагүй. Яагаад гэхээр нь энэ хүн тэр байтугай ажилчдынхаа нийллэгээр долдугаар ангийнхаа охиныг дагуулаад архидаад явж байдаг. Тэгээд та хүүхдээ гэртээ орхиоч гэхэд бөөн хэрүүл дэгдээж байсан гэдгийг ажилчид хэлж байгаа.

А.Х  цаашдаа сургалтын байгууллагад, хүүхдүүдийн хувь заяаг шийдсэн ажилд хүмүүжил төлөвшилд нөлөөлсөн ёс зүйн хувьд ч, мэргэжлийн хувьд ч тэнцэхгүй. Мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж яагаад хэлж байгаа вэ гэхээр би ажлаа аваад нэг хонож байсан өа би дотуур байрандаа амьдардаг. Манай жижүүр нэг орой хүүхэд халуурлаа гэсэн. Намайг эмчээ дуудаач ээ гэсэн чинь эмч ирэхгүй гэж байна гэсэн. Тэгэхээр нь  А.Х эмч рүү залгаад хүүеэ та одоо ирээч ээ хүүхэд халуураад тусгаарлачихлаа гэсэн чинь “би хүүхэдтэйгээ хоёулахнаа байна, нөхөр машин унаад явсан учраас би очих боломжгүй гэхээр нь таны хүүхэд ийм бага билүү гэсэн чинь надад гуравдугаар анги  гэж хэлж байсан. Тэгээд би хэнд хандах ёстой вэ хүүхэд халуураад байна гэсэн чинь за за би явж очъё гэсэн. Дараа нь удаагүй би доошоо бууж ирээд эмч ирж үзэв үү юу гэж байна гэсэн чинь эмч ирж үзээд иймхэн асуудлаар дуудлаа гээд намайг харааж загнаж байгаад гараад явлаа гэдэг зүйлийг ярьж байсан. Ажлаас халсны дараа байрын багш, жижүүрүүд миний өрөөнд орж ирээд эмчтэй холбоотой маш олон гомдлуудыг хэлсэн. Эмчийн өрөөнд хангалттай эмнүүд байдаг. Хүүхдүүд өвдөөд  очихоор өгдөггүй. Тэгээд бид нар хувиасаа мөнгө төлж эм авдаг. Ганц өгдөг нь н.Нэргүй гээд байрын багш байдаг. Ариутгаад өгөөч гэхээр өгдөггүй гэх зэрэг маш олон гомдлуудыг хэлж байсан. Иймэрхүү зүйлийг яриад байвал Түнэлийн ард түмэн архи ууж архидан сргтуурдаг, ажилдаа хариуцлагагүй ханддаг, ёс зүйгүй, бусдыг доромжилдог, гутаадаг гэх мэт зүйлийг нь мэднэ гэж бодож байна. Тиймээс би энэ шийдвэртээ цаашдаа баттай зогсоно,  энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

          Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хуулбар 01 хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 02 хуудас, Ажлын цагийн тооцоо эх хувь 01 хуудас, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн эмч Түмэнжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Эмнэлгийн магадлагаа эх хувь 01 хуудас, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын телеграмм буюу сүлжээгээр ажл үүрэг гүйцэтгэж буй ажлын үйл ажиллагааны харилцааны баримт гэх гэрэл зураг хуулбар 6 хуудас, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын хуулбар 01 хуудас, 10 дугаар сарын ковид 19 өвчний тандалт гэх эх хувь 2 хуудас, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын   нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 02 хуудас, Түргэн тусламжийн явуулын бүх үйлчилгээг бүртгэх бүртэлийн дэвтэрний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Яаралтай эм тарианы орлого зарлагын дэвтрийн хуулбар 5 хуудас, Ерөнхий эмч Өлзийбадрах гэх Эмнэлгийн магадлагаа эх хувь 01 хуудас,

       Хариуцагчаас  чөлөөний хуудас эх хувь 01 хуудас, багш Т.Отгончулуун гэх бичвэр бүхий эх хувь 01 хуудас гар өргөдөл зэрэг баримтуудыг ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг хариуцагч талаас гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ”Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”  Б/38 дугаар тушаалыг  хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         Учир нь: Хариуцагч нь А.Хг ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд буюу сургуульд согтууруулах ундаа үнэртүүлж, согтуу байдалтай ирж, сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн, тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

А.Х нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчээр ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн ”Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/38 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Ажил олгогч нь А.Хд сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсгийн 4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсгийн 3 дахь заалтуудыг тушаалдаа тус тус баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, 79 дүгээр зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах, 80 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, мөн хуулийн 80 дугаар  зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлахаар  заасан.

        Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээх үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд ажилтан А.Хгийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчид ямар хохирол учирсан нь тодорхойгүй, хэргийн баримтаар дээрх байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой.

Гэтэл тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч буюу хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд  гаргаж өгөөгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж байгаа боловч, тайлбартай холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” гэсэн хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар дангаараа бүрэн нотлохгүй бөгөөд хариуцагч байгуулагын захирал Ж.Баярмаагийн нэхэмжлэгч А.Хтай ярилцсан яриаг бичсэн гэх гар утасны  бичлэг нь хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

         Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ”Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”  Б/38 дугаар тушаалыг  хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Хг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.Х нь 2021 оны 08 дугаар сард 997,096 төгрөг, 2021 оны  09 дүгээр сард 1,239,699 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 1,239,699 төгрөг авч байсан нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин бүгд 3,476,494:3=1,158,831 төгрөг /нэг сард/, үүнийг ажлын 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 53,899 төгрөг. Ажилгүй байсан хугацаа 2021 оны 11 дүгээр  сарын 01-ний  өдрөөс  2022 оны  01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл  буюу ажлын  нийт 60  хоног, 53,899x60=3,233,940 төгрөг  болж байх тул хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулиас  ажилгүй байсан хугацааны  цалин  хөлс  3,233,940  төгрөгийг  гаргуулж,  нэхэмжлэгч А.Хд олгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасан.

        Нэхэмжлэгч нь дээрх  гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг.  

        Ажил олгогчийн санаачилгаар  ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  3,233,940 төгрөг гаргуулах шаардлагад төлөх  улсын тэмдэгтийн хураамж 66,693 төгрөг, нийт  136,893 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулиас  гаргуулан улсын орлогод орууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ”Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/38 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Хг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,233,940 /гурван сая хоёр зуун гучин гурван мянга есөн зуун дөч) төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч А.Хгийн  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулиас 136,893 (нэг зуун гучин зургаан мянга найман зуун ерэн гурав) төгрөг  гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.ДАВААХҮҮ