Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/1243

 

 

 

 

  

 

    2020            9             22                                      2020/ДШМ/1243

 

 

Э.А, М.Б, М.Б,

Л.Б, Л.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

яллагдагч Э.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/2867 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Э.А, өсвөр насны яллагдагч М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн 2006 0000 01580 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Өсвөр насны яллагдагч М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа талбай дээр иргэн Э.А-тэй “чи намайг дүү нартаа зодно гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

өсвөр насны яллагдагч М.Б, Л.Д, Л.Б, яллагдагч Э.А нар нь бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.А-г “найз М.Б-тэй зодолдсон” гэх шалтгаанаар М.Б нь гараараа хоолойг нь боож, сэгсэрч, Л.Д нь гараараа нүүрэн тус газарт нь цохиж, М.Б нь гараараа нүүрэн тус газарт нь цохиж, газарт унаган, Э.А нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Б, Л.Д, Л.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6114 дугаартай дүгнэлтэд Э.А-ийн биед зүүн чихний дэлбэн, зүүн мөр, аюулхай, баруун хөх, хэвлий, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтлийн аль нь чухам хэний, ямар үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан нь тодорхойгүй. 2. Яллагдагч нарын уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн” үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан байх тул шүүх  хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрхгүй юм гэсэн дүгнэлт хийсэн нь яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлээгүй байхад урьдчилан дүгнэлт хийж, шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. ...хохирогч болон насанд хүрээгүй гэрч Л.Хишигбат, Г.Чингүн, гэрч Б.Пүрэвдорж, Э.Энхбаатар нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6114 дугаартай дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн мэдүүлэг зэргээр яллагдагч Э.А, өсвөр насны яллагдагч М.Б, Л.Д, М.Б, Л.Б нар нь гараараа цохих, хоолойг нь боох, хөлөөрөө өшиглөх зэргээр хохирогч Э.А-ийн биед халдсан болох нь тогтоогддог. Харин Э.А-ийн хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлгээр “бусдад зодуулах цаг хугацаанд ганцаараа байсан, мөн нүүрээ дараад хамгаалж байсан учраас хэн, хаана нь хэдэн удаа цохисон талаар хараагүй, харах боломжгүй байсан” талаар, насанд хүрээгүй гэрч Л.Хишигбат, Г.Чингүн, гэрч Б.Пүрэвдорж, Э.Энхбаатар нарын “гэмт хэргийн талаар өөрийн мэдэх хэмжээнд буюу зарим цаг хугацаанд хэн, хэнийг, хаана нь, юугаар цохиж байсан” талаар мэдүүлдэг. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хяналтын камерын бичлэг байхгүй үйл баримт тогтоогддог тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6114 дугаартай дүгнэлтэд заасан гэмтлүүдийн аль нь чухам хэний, ямар үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан болохыг тогтоох боломжгүй, харин яллагдагч нарын хувьд нэг санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хохирогчид учруулсан хохирлыг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, тэдний хохирогч Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, өшиглөж, цохиж зодсон үйлдлийн шинж чанараас харахад тэдний хэн аль нь хохирогчийн биед учирсан үйлдлийн шинж чанараас харахад тэдний хэн аль нь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг учруулж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг хийсэн болон хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогдож байна. Нийтийн хэв журам гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон, дүрэм, журмыг зөрчсөн гэж ойлгох ба олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд хэргийн хувьд яллагдагч нар нь хохирогчийг зүс таньдаг, хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнд хүч хэрэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогддог тул дээрх төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хянаж, шийдвэрлэхээр зохицуулаагүйг дурдах нь зүйтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №2867 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Э.Э-ийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Учир нь, хэний үйлдлээс ямар гэмтэл учирсан болохыг тодруулах зорилготой байсан. Э.А-ийн хувьд хохирогчийг нэг удаа алгадсан нөхцөл байдал тогтоогддог. Өөрөө ч анхнаасаа энэ мэдүүлгээ тогтвортой өгсөн. Мөн хохирогчийн нүүрэн тус газар яллагдагч Л.Д 4-5 удаа алгадсан нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр яллагдагч нарын хэнийх нь үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан болохыг тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байна гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргахад шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэхдээ шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалга гэх заалтыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг биш, эсхүл шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдвол хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх бүрэн эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжийн үндэслэлд заасан мөрдөн шалгах ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэв.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, үнэлсний үндсэн дээр тухайн үйл баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон яллагдагч нарын гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ялангуяа өсвөр насны хүүхдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тэдний насны онцлогийг харгалзан хурдан шуурхай явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “... шуурхай байх” зорилтод нийцэх төдийгүй өсвөр насны шүүгдэгч нарын тусгайлан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн зохицуулалтыг хэрэглэх ач холбогдолтой.

Иймд прокурор А.Ариунаагийн бичсэн “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  Э.А, өсвөр насны М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/2867 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.А, өсвөр насны яллагдагч М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн 2006 0000 01580 дугаартай хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч Э.А, өсвөр насны яллагдагч  М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                                                                                      ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ