| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 192/2025/01568/И |
| Дугаар | 001/ХТ2025/00230 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/00230
Б.Т-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05297 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2025/01474 дүгээр магадлалтай,
“Н” ХХК-д холбогдох
2024.12.22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Т-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 2024.12.22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05297 дугаар шийдвэрээр;
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар “Н” ХХК-д холбогдох 2024.12.22-ны өдрийн Б24/1694 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2025/01474 дүгээр магадлалаар;
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Б.Т анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хоёр шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар “хөдөлмөрийн гэрээг анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно” гэсэн заалтыг гол эх сурвалжаа болгон мэтгэлцсэн боловч шийдвэр, магадлалд үүнийг хэрхэн үгүйсгэж буйгаа дурдаагүй. Дээрх хэм хэмжээг хэрэглэхэд хамгийн багадаа 2 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулан хугацааг тодорхойлсон байх, эдгээр гэрээнүүдийн үндсэн дээр ажилтны ажил үүрэг гүйцэтгэсэн нийт хугацаа 2 жилээс дээш байх гэсэн шаардлагууд тавигддаг. Миний хувьд эдгээр шаардлагыг хангаж байгаа бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээ гэж үзэх тул гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халсан нь хууль зөрчсөн. Мөн надтай ижил үүрэг гүйцэтгэж байсан 3 хүнийг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалын үндэслэл ч мөн адил, гагцхүү огноо, дугаар нь зөрүүтэй байгаа. ... Энэ хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан зохицуулалтыг тайлбарлах замаар эцэслэн шийдвэрлэж, хөдөлмөрийн харилцаан дахь хугацааны талаарх нэгдсэн ойлголт бий болгох шаардлагатайгаас гадна компанийн зүгээс ажилчдын эрх ашгийг хохироож байгаа асуудалд зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү хэмээн шүүхэд хандсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгч Б.Т-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01134 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Б.Т-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 2024.12.22-ны өдрийн Б24/1694 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...2021 оны 11 сараас туршилтаар ажиллаж байгаад 2022.03.01-ний өдрөөс жинхлэгдэж, хөдөлмөрийн гэрээний хугацааг төслийн хугацаагаар байгуулан ажилласан ба 2022 оны 10 сард ажлаас халагдсан. Уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж 2024.01.22-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан ба Улсын дээд шүүхийн 2024.06.06-ны өдрийн хяналтын шатны хуралдаанаар хэвээр үлдсэн. Гэвч шүүхийн шийдвэр зохих ёсоор биелэгдээгүй, 2024 оны 12 сард хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дахин ажлаас халагдсан. Хөдөлмөрийн гэрээний хугацааг үйл явдлаар тодорхойлох ёстой бөгөөд гэрээ сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш байвал хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай, “Н” ХХК-ийн “Э” ХК-тай байгуулсан 2021 оны гэрээний хугацаа дууссан гэж тайлбарласан ч 2024 оны 05 сард уг гэрээг 36 сараар сунгасан, хариуцагч одоо хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа. Өмнөх 2022 оны хяналтын шатны шүүхийн шийдвэрт 1 сарын цалинг 3,515,262 төгрөг, 1 өдрийн цалинг 163,500 төгрөгөөр тооцсон тул ажилгүй байсан 7 сарын цалин 24,606,834 төгрөгийг нэхэмжилнэ.” гэж тайлбарласан.
8.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Анх 2021.11.29-ний өдөр туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа “Э” ХК-тай 2021.11.09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 дугаар гэрээний хугацаагаар ажиллуулна гэж тохирсон, 2024.11.22-ны өдөр ажилтанд хөдөлмөрийн гэрээний хугацаа 12 сард дуусна гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2024.12.22-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй ажлын цалинг нь олгосон. Хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Б.Т-н хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүргийг хариуцагч хүлээхгүй, ажлаас халсан тушаалыг хуульд зааснаар бичгээр гаргаж, ажилтанд гардуулсан бөгөөд тушаал хуульд заасан шаардлагыг хангасан, хариуцагч нь “Э” ХК-тай 2024 оны 05 сард ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан тул хөдөлмөрийн гэрээ мөн хугацаагаар сунгагдах талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянаад анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээжээ.
10.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон ижил шийдвэр гаргасан ч хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
11.1.Нэхэмжлэгч Б.Т 2021.11.29-ний өдрөөс “Н” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан “дампын оператор” ажлын байранд 2022.02.28-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар, 2022.03.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний хугацааг “...ажил олгогч болон “Э” ХК нарын хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан “Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусах хүртэл” байхаар харилцан тохиролцсон.
11.2.Ажил олгогч “Н” ХХК Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022.10.03-ны өдрийн Б22/814 тоот тушаалаар цуцалсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэрээр Б.Т-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 53,489,081 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хууль заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг “Н” ХХК-д даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн ба Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2024/00720 дугаартай тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Б.Т-г хариуцагч байгууллагын 2024.08.02-ны өдрийн Б24/0914 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон.
11.3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04200 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2024/02129 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2025/00053 дугаар тогтоолоор Б.Т-н 2024.01.22-ны өдрөөс 2024.12.09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36,787,620 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хүчин төгөлдөр болсон.
11.4.Хариуцагч “Э” ХК болон “Т” ХХК, “Н” ХХК-уудын “Т”-тэй 2021.11.09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай байгуулсан “Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болж, 2024.05.27-ны өдөр 2024/1171 дугаартай “Ц зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г шинээр байгуулсан,
11.5.Ажил олгогч “Н” ХХК 2024.12.22-ны өдрийн Б24/1694 дүгээр тушаалаар Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хугацаа 2024.12.22-ны өдөр дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.
12.Нэхэмжлэгч Б.Т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2025.01.29-ний өдрийн 25/11 дугаартай хуралдааны тэмдэглэлийг авч, шүүхэд 2025.02.18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д нийцсэн, энэ талаар талууд маргаагүй.
13.Харин хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох эсэх талаар буюу ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т нийцсэн эсэх талаар маргажээ.
14.Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгч Б.Т-г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн тул ажил олгогчийн 2024.12.22-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б24/1694 дүгээр тушаал гарах хүртэл хугацаанд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан гэж үзнэ.
15.Анхан шатны шүүх ажилтан 2021.11.29-ний өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд хариуцагч байгууллагад ажилласан үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг хэрэглэхгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
16.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна” гэж, 50.1.6-д “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх”, 50.4-т “Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно” гэж, 50.5-д “Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно” гэж тус тус зохицуулжээ.
17.Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох ба хугацаатай байгуулах тохиолдлыг хуульд тусгайлан заасан. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлүүдийг нэрлэн заасан ба мөн хуулийн 50.1.6-д заасан “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх” тохиолдол үүнд хамаарч байна.
18.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т “Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд” гэж зааснаас үзэхэд уг зохицуулалтад мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан тохиолдлыг хууль тогтоогч хамааруулсан гэж үзэхээр байх бөгөөд хугацаатай байгуулсан гэрээний хугацааг “… анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс…” дээшгүй байхаар хязгаарлаж өгснөөр ажилтны тогтвортой ажиллах эрх ашгийг хамгаалах хуулийн зорилготой холбоотой байна.
19.Хугацаатай хөдөлмөрийн гэрээг тодорхой, хууль ёсны үндэслэлтэй тохиолдолд л байгуулахыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд анх байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацааг “Эрдэнэс таван толгой” ХК-тай 2021 оны 11 сард байгуулсан “Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусах хүртэл” байхаар харилцан тохиролцсон, уг гэрээний хугацаа дуусгавар болж, 2024.05.27-ны өдөр 2024/1171 дугаартай “Ц- зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г шинээр байгуулсан, нэхэмжлэгчтэй анх байгуулсан хөдөлмөрийн гэрээг тухайн үед ажил олгогч цуцлаагүй, нэхэмжлэгчийг 2024.08.02-ны өдрийн Б24/0914 дүгээр тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон зэргээс үзэхэд дээрх хуульд заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа хоёр жилээс дээш болсон тул хугацаагүй гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
20.Нөгөө талаар, хугацаатай хөдөлмөрийн гэрээний талуудын тохиролцсон хугацаа дуусахаас гадна ажил олгогчийн бусадтай байгуулсан гэрээний зорилго биелэгдсэн тохиолдолд дуусгавар болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар зохицуулсан.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа “Э” ХК болон “Т” ХХК, “Н” ХХК-уудын “Т”-тэй 2021.11.09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай “Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаагаар тодорхойлогдсон боловч хариуцагч компани 2024.05.27-ны өдөр ЭТТ-2024/1171 дугаартай “Ц зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г шинээр байгуулжээ.
Дээрх 2 ажил гүйцэтгэх гэрээний хавсралтуудыг харьцуулан үзвэл ЭТТ-2021/705 дугаартай гэрээний хавсралт 2-т “нийт шилжүүлэх цулын хэмжээ 215,057,100 м3” гэсэн бол ЭТТ-2024/1171 дугаартай гэрээний хавсралт 2-т “уулын цул 270,000,000 м3” болж нэмэгдсэн, ажлыг зогсоосон 2024.12.16-ны өдрийн актад “…Ц зүүн уурхайн ашиглалтын A, B, C, D, TTR блокуудын 1427-1522 метрийн түвшинд ажиллаж байсан “Т”-ийн 23 ширхэг экскаватор, 158 ширхэг автосамосвалуудыг … зогсоосон” гэсэн бол ажил эхлүүлэх 2024.12.16-ны өдрийн актад “… Ц зүүн уурхайн ашиглалтын A, B, C, D, TTR блокуудын 1427-1522 метрийн түвшинд “Т”-ийн 23 ширхэг экскаватор, 158 ширхэг автосамосвалын хослолоор ажлыг эхлүүлж байна” гэж тусгагдсан, хариуцагч нь нэмж ажилтан авах зорилгоор “нүүрсний мастер” зэрэг ажлын байрны зар байршуулсан зэргээс үзэхэд хариуцагч компанийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, нүүрс гаргалтын ажил үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан тухайн ажлын байр хариуцагчид шаардлагагүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Б.Т-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2024.12.22-ны өдрөөс энэ тогтоол гарах хүртэл 11 сар 15 хоног байх бөгөөд хүчин төгөлдөр 2025.03.07-ны өдрийн 001/ХТ2025/00053 дугаарт тогтоолоор сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 3,515,262 төгрөгөөр, нэг өдрийн цалин хөлсийг 16,500 төгрөгөөр тус тус тооцсон тул Б.Т-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 41,120,382 /11*3,515,262+15*163,500/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2025/01474 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-г “Н” ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагч “Н” ХХК-аас 41,120,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 363,551 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД