Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 0283

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг

улсын яллагч: Д.Уянга

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Н.Ганбат

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэ-очир

шүүгдэгч: Ц.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цэгмидийн Оюунгэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014496 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын  09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цэгмидийн Оюунгэрэл, 1968 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх  дүүргийн 10 дугаар хороо Амгалангийн урд задгайд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,1999 оны  01 дүгээр сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,1999 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, уг хорих ялаа биеэр эдлэж байгаад 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдаж байсан, 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлэж байгаад 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан,РД:ВЮ68051564,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Оюунгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан өртөөний урд задгайд Ч.Тамирлааны гэрт Ч.Тамирлаан, В.Отгонбаяр болон бусадтай архидан согтуурч байхдаа В.Отгонбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодолдон В.Отгонбаярын биед санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ц.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оын 12 дугаар сарын 29-ний өдөр хамтран амьдрагч Тамирлааны төрсөн өдөр болсон. Намайг гэрт ирэхэд талийгаач Отгонбаяр, Баду, Банзай, Баадай, Тамирлаан нар байсан. Би тэр хэдийг хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна.  Намайг ороход нилээн согтуу байсан. Би 0.75 литрийн Ерөөл архи авчирсан байснаа задалсан. Тамирлаан бид хоёртой Баду, талийгаач Отгонбаяр нар үлдсэн. Тэгтэл гэнэт талийгаач Отгонбаяр угаалтуур дээр архины шил хагалаад ална гэхээр нь би архины шилийг нь барьж аваад талийгаач Отгонбаярын шилэн хүзүү рүү нь цохисон. Тэгээд би галаа түлж байтал талийгаач Отгонбаяр “чамайг хүчиндэнэ, алсан ч чадна” гэж  хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм, айлын гэрт ирчихээд аятайхан архиа уугаад хоночихоод өглөө явахгүй” гэж хэлэхэд “харилаа” гээд гараад явахаар нь харьсан байх гэж бодсон. Би маргааш өглөө нь галаа түлэх гээд гартал манай гэрийн үүдэнд талийгаач Отгонбаяр хөлдчихсөн байсан. Манай гэрийн хажуугаар машин их явдаг болохоор талийгаачийг нүүрсний амбаарт оруулсан. Тэгээд маргааш нь цагдаа, түргэн дуудсан гэв.

   Хохирогч  А.Эрдэнэ-Очир  шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:Талийгаач Отгонбаяр нь манай ээжийн төрсөн дүү, миний нагац ах юм. Талийгаач ажил хөдөлмөр эрхлээд гэр бүлтэй болсон боловч эхнэр нь Солонгос Улс руу явсан. Талийгаач урьд нь хүнд зодуулаад хөл нь муу болсноос хойш гутраад архи уудаг болсон. Гэхдээ талийгаачийг агсам согтуу тавьж муухай зан гаргаж байхыг мэдэхгүй байна. Би талийгаачтай хамгийн сүүлд 12 дугаар сарын 26-ны өдөр уулзсан. Талийгаач групп авч байгаад группээ сунгаж чадалгүй гарсан. Шүүгдэгчид гомдолтой байна гэв.

          Шүүгдэгч  Ц.Оюунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 28-ний орой би гэртээ 19.00 цагийн орчимд ирсэн чинь Тамирлааны найз нар гээд 4 хүн ирчихсэн байсан. Тэд нарын 2 нь явлаа гээд гараад явсан. Хоёр эрэгтэй нь үлдсэн. Тэр өдөр Тамирлааны төрсөн өдөр болж байсан. Би нэг шил архи авчирсан байснаа задалж өгсөн. Тэгээд бид 4 нөгөө архиа ууж байтал талийгаач залуу өөрөө гэнэт уурлаад босоод ирсэн. Тэгснээ Тамирлаан руу зуухны хажууд байсан хадаастай модыг аваад шидсэн ба Тамирлааны хамрын хажууд нь урагдсан. Улмаар нөгөө залуу манай нүүр гарын угаалтуурын хажууд байсан архины шилийг барьж аваад хагалангуутаа намайг ална гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би шилийг нь булааж аваад талийгаачийн хүзүү рүү архины шилээр нэг удаа цохисон. Талийгаач авдрын урд талд унасан чинь цус гарсан. Тамирлаан цус гараад байна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр цусыг нь тогтоох гээд даавуугаар толгойн тус газарт нь боосон. Тэгээд цусыг нь тогтоож өгсөн. Тэгтэл талийгаач хэсэг хэвтэж байснаа би явлаа гээд босоод үүдний босгон дээр өнхрөөд уначихсан. Тэгээд надад намайг босгоод өгөөч гэхээр нь би босгож өгсөн ба гараас нь өргөөд мөрөн дээрээ тавиад гэрээсээ гаргасан. Талийгаач би явлаа гээд цаашаа явсан. Би гэртээ эргэж орж ирээд Тамрлаан бид хоёр юм ярьж сууж байгаад өглөө болгосон. Би өглөө үнсээ асгах гээд гартал үүдэн дээр талийгаач хэвтэж байсан. Би эргэж ороод нөхөртөө хэлсэн. Тамирлаан очиж үзчихээд хөлдчихсөн байна гэсэн. Бид хоёр түүнийг өргөөд үүднийхээ амбаарт оруулсан. Тэгээд Амгалангийн өртөөнөөс цагдаа дуудсан гэжээ. /хх-ийн 98/

        Хохирогч А.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаач Ванжаагийн Отгонбаяр 1967 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. 49 настай, эрэгтэй хүн байсан. Манай ээж Төмөрсүхийн бага дүү нь байгаа юм. Талийгаач бага насаа эцэг эхийн гар дээр өсөж өнгөрөөсөн. Бүрэн бус дунд боловсролтой. 1986-1988 оны хооронд БЦ-ийн 088 дугаар ангид цэргийн алба хаасан. Талийгаач эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаад олон жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салсан. Эгч Намжилсүрэнгийн гэрт талийгаач хамт амьдарч байсан юм. Хувиараа барилгын ажил хийж байсан. 4-5 жилийн өмнө хөлөө гэмтээгээд эмнэлэгт хэсэг хэвтсэн. Тэгээд группд орж байсан. Талийгаач архи л уудаг өөр муу зүйл байхгүй гэжээ. /хх-н27-29 /

           Гэрч Н.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаач миний ээж Намжилсүрэнгийн төрсөн  бага дүү нь байгаа юм. Манай ээжтэй хамт нэг гэрт амьдарч байсан юм: Талийгаач Манжаагийн Отгонбаяр 1967 оны 10 дугаар сарын 28-ны  өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. Талийгаач  эцэг эхээс 11-үүлээ айлын бага хүүхэд байгаа юм. Талийгаач бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. Төв аймгийн Борнуурын  САА-н 1 дүгээр ангид элсэн орж суралцаад тэндээ 8 дугаар анги төгссөн. Хөдөө голдуу мал маллаж байсан. 1986-1988 оны хооронд цэргийн алба хаасан. 1990 онд гэр бүлтэй болсон. Эхнэр Ууганцэцэг нь Солонгос улс руу яваад тэгээд л салцгаасан. Сүүлийн 5 жил архи ууж байна. Талийгаач бол сайхан сэтгэлтэй, тусархаг хүн байсан. Архи ууж эхэлсэнээсээ хойш нэлээн их гэмтэж байсан байх. Группд байдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талийгаач гэрээсээ гарч яваад ирээгүй гэсэн. Тэгээд асууж сурагласан чинь цагдаа зургийг нь бариад явж байна гэж дуулдсан байсан. Түүнийг хэнтэй хамт архи уудгийг нь мэдэхгүй. Манай ээж хэвтрийн хүн болохоор согтуу хүн битгий дагуулж ирж байгаарай гэдэг байсан юм гэжээ.  /хх-н 30/

            Гэрч Д.Бадам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тамирлаан миний 2 дахь хүү байгаа юм. Чогсомын Тамирлаан 1963 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар амаржих газарт төрсөн. Миний 2 дахь хүү байгаа юм. Тамирлаан бага насаа эмээ өвөө, ээж аавынхаа гар дээр өнгөрөөсөн. 1971 онд Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон.  1981 онд 10 дугаар ангиа төгсөөд 1981-1984 онд цэргийн алба хаасан. 1983 оноос ЗХУ-д ХХКС –д элсэн орсон. 4 дүгээр курссээс Монгол улсад ХЦ-ын сургууль төгсөөд Замын үүдэд хилийн цэргийн байцаан өнгөрүүлэх ангид алба хаасан.  Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэгт цагдаагийн газарт ажиллаж байгаад архи уугаад халагдсан.  Хилийн цэрэгт ажиллаж байхдаа архи уудаг болсноос хойш тогтвортой ажил хийж  байгаагүй. ОХУ-аас эмчийн актаар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж ирж байсан. Гэр бүл болоод охин хүү хоёртой болсон. Тамирлааныг архи уудаг болохоор салцгаасан. Төмөр замын хашаанд гэртэйгээ амьдарч байхад нь Төмөр зам хашаагаа авчихаад одоо задгай газарт гэр нь байгаа. Гэрлээ гэдэг хүүхэнтэй амьдарч байсан тэр нь мөн архи уудаг юм байна лээ. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Тамирлаан хамтран амьдрагч Оюунгэрэлийн хамт манайд ирсэн. Тэгээд архи уусан хүн Тамирлааныг хэвтэж байхад толгойд нь цохисон тэгэхээр нь би нөхрөө өмөөрөөд архины шилээр толгойд нь цохисон. Би нөхрөө өмөөрч болно биз дээ гээд байсан. Тэгээд би нөгөө хүний цусыг цэвэрлэж өгөөд гэрээ цэвэрлээд өглөө гараад хартал нөгөө хүн хөлдөөд үхчихсэн байсан. Бид хоёр тэр хүнийг өргөөд амбаарт орууллаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг загнаад одоо цагдаад хэл гэсэн. Би Тамирлаанд 20.000 төгрөг өгөөд одоо яваад учрыг нь ол гэж хэлсэн. Оюунгэрэл би нөхрөө өмөөрч болно биз дээ би тэр хүнийг алсан Тамирлаан алаагүй гээд л байсан. Би архины шил чинь хаана байгаа юм гэхэд шилийг хагалаад булчихсан гэж хэлсэн. Тамирлаан надад хэлэхдээ Оюунгэрэл орж гараад л явж байдаг юм гэж байсан. Мөн түүнийг хүн амины хэргээр 7 жилийн ял авч байсан юм гэнэлээ гэж байсан. Оюунгэрэл манай хүүтэй хамт архи л уудаг юм шиг байна лээ. Оюунгэрэлд бичиг баримт ч байдаггүй гэсэн. Би хааяа хүүдээ идэж уух юм цуглуулаад очихоор баахан хүн байж байдаг юм. Нарантуулын архичид л гэдэг юм байлаа гэжээ. /хх-н  31-32/

              Гэрч Ч.Тамирлаан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болсон ба оройн 20.00 цагийн орчимд миний найзууд болох Баадай, Банзай хоёр ирээд араас нь том гарт Ооёо 1 шил 0.75 литрийн найрсаг архи авч ирсэн.  Тэгээд миний хамтран амьдрагч Оюунгэрэл бид 5 архиа ууцгаасан. Орой цагийг нь сайн мэдэхгүй байна Баадай, Банзай хоёр яваад Ооёо, Оюунгэрэл бид 3 үлдсэн. Нэг мэдэхэд би архиндаа согтоод орон дээрээ унтаад өгсөн байсан. Гэнэт хүмүүс зодолдоод байх шиг чимээ гарахаар нь босох гэтэл Ооёо манай гэрийн хуучин хаалгыг түлэх гээд бэлдээд тавьсан байсныг аваад миний нүүр лүү цохьсон гэсэн тэгээд би унаад өгсөн түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа юм. Өнөө өглөө 09.00 цагийн үед сэрээд Оюунгэрэлээс өчигдөр юу болов гэтэл Оюунгэрэл чамайг тасраад унасан хойгуур том гарт Ооёо намайг оролдоод байхаар нь би архины шил хагалаад толгой руу нь цохиод гэртээ харь гээд хөөгөөд явуулсан гэж хэлсэн. Би аан гэж хэлээд л өнгөрсөн. Бид хоёр өглөө 11.00 цагийн орчимд Нарантуул зах орж найзаасаа мөнгөний авлагаа авах гэхэд байхгүй байхаар нь Сансарт аавынд очтол мөн хүнгүй байсан. Тэгэхээр нь буцаад гэртээ 17.00 цагийн үед ирсэн. Би гал түлэх гээд амбаараас нүүрс оруулаад ир гэтэл Оюунгэрэл гараад буцаж орж ирэхдээ өчигдөрийн хөөгөөд явуулсан хүн чинь нүүрсний амбаар дотор унтаад байна гэхээр нь би гараад хартал том гарт Ооёо манай нүүрсний амбаар дотор доошоо харчихсан байдалтай байж байсан. Намайг хүрэхэд хөшчихсөн байхаар нь би Амгалан өртөөний манаачид хэлж утсаар нь 102-т мэдэгдсэн. Оюунгэрэл бид 2 хамтран амьдраад 5 жил орчим болж байна. Манай зуухны зүүн талд газар нилэнхүйдээ цус болсон байсан. Оюунгэрэл тэр цусыг цэвэрлэсэн. Манайх тоггүй харанхуй байсан болохоор Оюунгэрэл хэлэхдээ чамайг модоор цохьчихсон гэж хэлж байсан гэжээ. /хх-н  33-34/

             Гэрч Б.Одонтунгалаг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Цэгмид овогтой Оюунгэрэл 1968 оны 5 дугаар сарын 15-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн. Би ээжээсээ төрсөн цагаасаа хойш түүний төрсөн эгч болох Хүүхнээ гэдэг хүн дээр өссөн.  Манай ээж гадуур тэнэж архи дарс уудаг юм.  Тогтсон ажил төрөл гэр орон байхгүй.  Сүүлд Тамирлаан гэдэг хүнтэй хамтран амьдарч  байна гэж гэр орноор нь  байсан. Сүүлийн 3 жил тэр хүнтэй хамт байгаа юм. Хааяа л ээж над дээр ирдэг юм. Хэсэг байж байснаа тэнээд явчихдаг юм. Манай ээж архи уухгүй бол их сайн хүн байгаа юм. Архи уучихаараа их хэцүү орилж хашгичаад агсам согтуу тавиад байдаг юм.  Заримдаа хүн шиг ороод ирдэг юм. Хааяа Тамирлаандаа зодуулчихсан ирдэг нэг удаа бүр заазуурдуулчихсан ирсэн. Тэгээд цагдаад хандая гэхэд яах юм гээд байсан.  Тамирлаан гэдэг хүн ямар хүн гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан манай ээжийг их зоддог юм байлаа гэжээ. /хх-н  37/

           Гэрч С.Баярсайхан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 28-ний орой Тамирлааны гэрт талийгаач Отгонбаярын хамтаар очиход үл таних 2 залуугийн хамт байсан. Тэр хоёр залуугийн нэгийг Банзай гэж дуудаад байсан. Талийгаач бид хоёр тэднийд нэг шил архитай очсон. Бид хоёрыг очиход тэд нар бүгдээрээ согтуу байсан. Бид хоёрын авч очсон архийг бид нар 5-уулаа хувааж уусан. Тэгж байхад Тамирлааны эхнэр ирсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу гараад явчихсан. Тамирлааны эхнэр нэг шил архитай ирсэн. Бид 4 нөгөө архийг ууж байхад нөгөө 3 буюу Тамирлаан, Оюунгэрэл, Отгонбаяр 3 хэрэлдээд байсан. Тэгээд Гэрлээ талийгаач Отгонбаяртай маргалдаж байгаад нэг юмаар цохиод авсан. Тэднийх гэрэлгүй, тоггүй лаа барьчихсан байсан болохоор юугаар цохисоныг нь би хараагүй. Гэтэл талийгаачийн толгойноос цус гоожсон. Тэгэхлээр нь би та нар наад хүнийхээ цусыг арчиж  өгөөч гэхэд Гэрлээ нэг даавууг талийгаач Отгонбаярт өгсөн. Түүнийг нь Отгонбаяр толгой дээрээ тавьж байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би гараад явчихсан. Тэд нар юунаас болоод хэрэлдээд байгааг би мэдээгүй. Ямар ч байсан маргалдаад л байсан. Би 2016 оны  12 дугаар сарын 28-ний орой 20.00 цагийн үед тэднийхээс гарсан. Би Сүхээгийн гэрт хоночихоод маргааш өдөр нь 10.00 цагийн үед Тамирлааны  гэрт очоод  талийгаач Отгонбаярыг асуухад тэр хоёр талийгаачийг шөнө гараад явчихсан гэж хэлсэн. Гэрлээ гэрээ цэвэрлээд Тамирлаан тэр хоёр гэртээ байж байсан. Тэгээд Тамирлаан, Гэрлээ хоёртой Нарантуул зах ороод таньдаг ахтайгаа таараад 2 шил архи авч өгөхөөр нь Сүхээгийн гэрт ирээд хэдүүлээ уусан. Тамирлаан, Гэрлээ хоёр аавындаа очно гээд явчихсан гэжээ /хх-н  38-39/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол: /хх-н 42/

            Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 121 тоот дүгнэлтэд:

1.2.3. Нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүний бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдохгүй байна.

4.Нэр хаяг тодорхойгүй эрэгтэй нь осгож нас барсан шинж илэрч байна.

5.Энэ нь хэт нам хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

6.Шүүх химийн шинжилгээний хариуд цусанд 3.5%0 спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу өгсөн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.

7.Талийгаач нь АВО-н системээр АII-р бүлэгтэй байна.

8.Биеийн ил хэсгийн шарх шалбаралтууд нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй гэмтэл болно гэжээ. /хх-н 43-44/                    

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 453 дугаартай дүгнэлтэд:

        1.Нэр хаяггүй эрэгтэй хүний бие цогцост тогтоогдсон зулайн хуйхны шарх, цус хуралт, дух, хөмсөг, эрүү, хамрын нурууны шалбаралт зулгаралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

        2.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно

        3.Баруун гарын сарвуу, шууны шархнууд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ. /хх-н 146-147/

           Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хамар зулайн хуйх, баруун гарын шуу сарвуунд, эрүүнд шарх шалбаралтууд, зулгаралтууд үүссэн байсан. Дээрх гэмтлүүд үхэлд нөлөөлөхгүй хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц иртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь мод чулуу, ир ирмэгтэй бүх зүйлүүд, шил, хутга гэх мэт зүйлээр үүсгэгдэж болно. Дээрх биеийн ил хэсгийн шарх шалбаралтууд, зулгаралтууд нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ.  /хх-н 70-71/

          Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл / хх-н 72/

          Ц.Оюунгэрэлийг баривчлах тогтоол, сэжигтэн, ялллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжууд /хх-н 73/, /хх-н 77-81/

          Ц.Оюунгэрэлийг Б.Одонтунгалаг, З.Мөнхжаргал нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 91-93/

          Ц.Оюунгэрэлийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 94-105/, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах санал, байцаасан тэмдэглэл  /хх-н 148-149/

          Ц.Оюунгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н126 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 115/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-н 117-125/ зэрэг болно.

Ц.Оюунгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан өртөөний урд задгайд Ч.Тамирлааны гэрт Ч.Тамирлаан, В.Отгонбаяр болон бусадтай архидан согтуурч байхдаа В.Отгонбаярын нүүр гарын угаалтуурын хажууд байсан архины шилийг барьж аваад хагалангуутаа намайг ална гээд өөр лүү нь дайрах үед шилийг нь булааж аваад хүзүү рүү архины шилээр нэг удаа цохисоноос зулайн хуйхны шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

           Шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн …Хамар зулайн хуйх, баруун гарын шуу сарвуунд, эрүүнд шарх шалбаралтууд, зулгаралтууд үүссэн байсан. Дээрх гэмтлүүд үхэлд нөлөөлөхгүй хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц иртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь мод чулуу, ир ирмэгтэй бүх зүйлүүд, шил, хутга гэх мэт зүйлээр үүсгэгдэж болно. Дээрх биеийн ил хэсгийн шарх шалбаралтууд, зулгаралтууд нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэл болно гэсэн мэдүүлэг   /хх-н 70-71/

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэ-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …Талийгаач Отгонбаяр нь манай ээжийн төрсөн дүү, миний нагац ах юм. Талийгаач ажил хөдөлмөр эрхлээд гэр бүлтэй болсон боловч эхнэр нь Солонгос Улс руу явсан. Талийгаач урьд нь хүнд зодуулаад хөл нь муу болсноос хойш гутраад архи уудаг болсон. Гэхдээ талийгаачийг агсам согтуу тавьж муухай зан гаргаж байхыг мэдэхгүй байна. Би талийгаачтай хамгийн сүүлд 12 дугаар сарын 26-ны өдөр уулзсан. Талийгаач групп авч байгаад группээ сунгаж чадалгүй гарсан. Шүүгдэгчид гомдолтой байна гэсэн мэдүүлэг  

             Гэрч С.Баярсайханы  мөрдөн байцаалтад өгсөн … Бид 4 нөгөө архийг ууж байхад нөгөө 3 буюу Тамирлаан, Оюунгэрэл, Отгонбаяр 3 хэрэлдээд байсан. Тэгээд Гэрлээ талийгаач Отгонбаяртай маргалдаж байгаад нэг юмаар цохиод авсан. Тэднийх гэрэлгүй, тоггүй лаа барьчихсан байсан болохоор юугаар цохисоныг нь би хараагүй. Гэтэл талийгаачийн толгойноос цус гоожсон. Тэгэхлээр нь би та нар наад хүнийхээ цусыг арчиж  өгөөч гэхэд Гэрлээ нэг даавууг талийгаач Отгонбаярт өгсөн. Түүнийг нь Отгонбаяр толгой дээрээ тавьж байсан гэсэн мэдүүлэг /хх-н  38-39/

              Шүүгдэгч  Ц.Оюунгэрэлийн  мөрдөн байцаалтад өгсөн … талийгаач залуу өөрөө гэнэт уурлаад босоод ирсэн. Тэгснээ Тамирлаан руу зуухны хажууд байсан хадаастай модыг аваад шидсэн ба Тамирлааны хамрын хажууд нь урагдсан. Улмаар нөгөө залуу манай нүүр гарын угаалтуурын хажууд байсан архины шилийг барьж аваад хагалангуутаа намайг ална гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би шилийг нь булааж аваад талийгаачийн хүзүү рүү архины шилээр нэг удаа цохисон. Талийгаач авдрын урд талд унасан чинь цус гарсан. Тамирлаан цус гараад байна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр цусыг нь тогтоох гээд даавуугаар толгойн тус газарт нь боосон. Тэгээд цусыг нь тогтоож өгсөн. Тэгтэл талийгаач хэсэг хэвтэж байснаа би явлаа гээд босоод үүдний босгон дээр өнхрөөд уначихсан. Тэгээд надад намайг босгоод өгөөч гэхээр нь би босгож өгсөн ба гараас нь өргөөд мөрөн дээрээ тавиад гэрээсээ гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 98/ зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         С.Оюунгэрэл нь хамт архи ууж байхдаа өөрийг нь  ална гээд дайрахад нь  шилийг нь булааж аваад талийгаачийн хүзүү рүү архины шилээр нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна. Талийгаач осгож нас барсан болох нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн актаар тогтоогдсон.

          С.Оюунгэрэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           2017.3.17-ны өдрийн 156 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Ц.Оюунгэрэл, Ч.Тамирлан нарт  холбогдох Эрүүгийн хуулийн 107 дугар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгахад гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хх-н 156/

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдпсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

           Ч.Тамирлаан, Ц.Оюунгэрэл нар нь хохирогчийн ар гэрт 500.000 төгрөг төлсөн байна.

           Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүх шийдсэн  болно.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл  оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Цэгмидийн Оюунгэрэлийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1   дэх хэсэгт зааснаар  Ц.Оюунгэрэлийг 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оюунгэрэлийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Оюунгэрэлийн цагдан хоригдсон  41 хоногийг баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархайг   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх  хэсэгт зааснаар  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ц.Оюунгэрэл бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Оюунгэрэлд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

 

7.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Оюунгэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН