Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э, 

Хариуцагч: Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/80 САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актын Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Э*******г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Сяр, хариуцагч Ц.Э, хариуцагч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, иргэдийн төлөөлөгч П.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Үндэсний Аудитын Газраас төлбөр тавьсан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/80 дугаартай эрх зүйн акт нь процессын болон агуулгын хувьд маш их алдаатай байгаагаас шалтгаалж хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж байна. Санхүүгийн анхан шатны баримтаас нэг хэсгийг нь зөв гэж үзсэн мөртлөө зарим хэсгийг нь буруу гэж үзэж байгаа нь өөрөө хууль эрх зүйн зөрчил үүсгэж байна. Хэрвээ сургуулиас ирсэн нэхэмжлэхийг буруу хүчингүй гэж

 

байгаа бол зөв нэхэмжлэл нь хаана байна.

Суралцагсдын дансанд илүү мөнгө шилжүүлсэн. Үүнийг буцаан төлүүлэх гэсэн агуулгатай. Гэтэл энэ мөнгийг тухайн суралцагчийн дансанд шилжүүлээгүй. Олон улсын итгэмжлэгдсэн сургууль өөрийн стандарт шаардлагын дагуу гаргасан нэхэмжлэлээ суралцагчийн спонсор болох Монгол Улсын Боловсролын зээлийн санд явуулсны дагуу тухайн Миннесотагийн сургуулийн дансанд Боловсролын зээлийн сан Монгол банкаар дамжуулан шилжүүлсэн байгаа.

Биднээс илүү шилжүүлсэн мөнгийг төлөхийг шаардсаны улмаас нэхэж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь энэ акт нь Боловсролын зээлийн сангийн эрх бүхий албан тушаалтанд хаяглаж тэднээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байгаа. Бид захиргааны энэ актыг анхнаас нь зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны нэг байгууллага, төрийн тусгай чиг үүргийн байгууллага нарын хоорондын акт байгаа. Энэ нь гуравдагч этгээдэд хамааралгүй юм. Гэтэл энэ актын зарим хэсэг нь иргэн миний эрх ашгийг хөндөж хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна.

Суралцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Боловсролын зээлийн сантай 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутан зээл олгох, эргэн төлүүлэх, гэрээг байгуулсан. Гэрээний 2.2-т заасны дагуу сургалтын төлбөрийг нэхэмжлэлийг үндэслэн суралцагчийн сургуулийн дансанд Сургалтын төрийн сан шилжүүлэхээр байгаа. Боловсролын зээлийн сан сургуулиас ирсэн нэхэмжлэхийн дагуу шийдвэрээ гаргасан байх гэж үзэж байна. Энэ гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Акт тавихын өмнө Үндэсний Аудитын Газраас сургалтын төлбөрт юуг хамааруулах талаар Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас тодруулга авахаар 2019 оны 02/735 тоот албан бичгээр хандсаны дагуу Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас 2019 оны 1а/3472 дугаар албан бичгээр хариу тайлбар авсан байдаг. Албан бичигт Сургуулиас ирүүлсэн нэхэмжлэх санхүүжилт олгох үндэслэл болно гэж хариу өгсөн хэдий ч уг хариуг үл харгалзан төлбөрийн актаа гаргасан байдгийг нарийвчлан судлах шаардлагатай. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын тайлбарыг боловсролын чиглэлээр баримтлах төрийн бодлого, шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэр гэж үзэж байна.

Мөн Боловсролын зээлийн сангийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн 2.12 дахь хэсэгт 2017 онд сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг тодорхой болгож, эрх зүйн актаар баталгаажуулах талаар албан шаардлага зөвлөмжийг өгсөн гэжээ. Үүнийг хэрэгжээгүй байна гэж дүгнэсэн байна. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын талаар гарсан төрийн байгууллагуудын ойлгомжгүй шийдвэр, үйл ажиллагаанаас болж иргэн хохирох ёсгүй гэж бодож байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 тоот магадлалын хянасан хэсэгт, нэхэмжлэгч нь Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутан зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу сургалтын төлбөрт 24,994 ам доллар шилжүүлэхээс 13540 доллар илүү шилжүүлсэн гэх үйл баримт хэрэг цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Бид тавьсан эрх зүйн баримтыг нь судалж үзсэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам нь захиргааны хэм хэмжээний хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэж тавьсан байна гэж үзэж байгаа. Яагаад энэ асуудлыг хөндөх болсон вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу Үндэсний Аудитын Газраас сонсох ажиллагаа явуулсан.

Акт тавих үндэслэл болгож байгаа процесс ажиллагааны журамд хамаарч байгаа захиргааны байгууллагын хувьд тус хуулийн 59.1-т заасан захиргааны хэм хэмжээний акт гаргаж, энэ дагуу гаргасан Монгол улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам 3.1-д заасныг тус тус үндэслэн нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заалтыг зөрчиж байна.

Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэл бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Хүчин төгөлдөр болоогүй журмыг үндэслэж акт гаргаж байгаа нь мөн хуулийн 67.3-т заасан үр дагаврыг үүсгэж байна. 67.3 Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байх боловч энэхүү хуулийн заалт болон журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан бүртгэлгүй нийтээр дагаж мөрдөх эрхийн акт биш тул уг актаар хүлээлгэсэн үүргийг нийт иргэн, аж ахуйн нэгж байгууллага биелүүлэх үүргийг хүлээхгүй гэж үзэж байна.

Шалгалтын хамрах хугацааны асуудал байна. Үндэсний Аудитын Газраас баталсан төлөвлөгөөний дагуу Боловсролын зээлийн сангийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн шалгалт байна гэж холбогдох нотлох баримтаар харагдаж байна.Гэтэл 2016-2018 оны санхүүгийн баримтыг хамруулжээ. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалт. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Төсвийн жил гэж 1 дүгээр сарын 1-ээс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж заасан. Үндэсний Аудитын Газраас Боловсролын зээлийн сангийн 2016, 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн шалгалтаар зөрчил илрээгүй байгаа нь нотлогдож байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-т Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Хэрэв давхар хяналт шалгалт хийхээр бол тусдаа удирдамж төлөвлөгөөтэй байх гэж бодож байна. Үндэсний Аудитын Газраас ирүүлсэн материалаас нотлогдохгүй байна.

Бидний маргаж байгаа сэдэв бол акт. Актад амьжиргааны зардалтай холбоотой асуудлаар тавигдсан ямар ч үг үсэг, холбоотой нотлох баримт байхгүй. Бидний маргаж байгаа сэдэв асуудлаас хальж асуудлыг тавьж байгаа тул хамааралгүй асуудлыг хөндөж байгааг хурлын протоколд тэмдэглүүлэх санаатай байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдааны үеэр 5 цаг орчим хэлэлцсэн байдаг. Хавтаст хэрэгт байгаа шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогч нарын тусгуулах гэсэн мэдүүлэх гэсэн зүйлүүд хангалттай орсон. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг буцаасан үндэслэл нь гадаад хэл дээр байсан нотлох баримтуудыг орчуулж, хавтаст хэрэгт хавсаргах гэсэн үндэслэлээр буцаасан. Бид юуг анхаарах ёстой вэ гэвэл орчуулагдаж ирсэн баримтуудыг үнэлж дүгнэх хэрэгтэй. Миннесотагийн их сургуулиас ирээд байгаа нэхэмжлэлүүдэд дагалдаж ирж байгаа гадаадын сургууль суралцагчийн төлбөрийг төлүүлэхдээ гуравдагч этгээдээр төлүүлэх журмыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй. Нэхэмжлэгч нь анхнаасаа энэ мөнгийг өөрөө аваад байгаа зүйл байхгүй. Дотоодод мөрдөгдөж байгаа суралцагчийн сургалтын төлбөрт сургалтын зээл олгохдоо яаж төлбөр мөнгийг нь шилжүүлэх вэ гэдэг журмуудыг харах юм бол Сайдын тушаалд ч тэр Засгийн газрын тогтоолоор ч тэр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг үндэслэж гэж л байгаа. Тэгэхээр зэрэг нэхэмжлэгч нь хэдэн төгрөг гэж тогтоож гаргаж ирээд өөрөө аваад байгаа зүйл байхгүй. Үүнийг анхаарч үзээсэй гэж үзэж байна.

Төлбөрийн акт тогтоосон актын бүтэц болон хэлбэр агуулга бүх зүйлээс нь хараад үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч бас хэлж байна. Өнөөдөр ямар ч төрийн байгууллага нь иргэн аж ахуй нэгжийн эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд нийтээр дагаж мөрдөх эрхийн актыг үндэслэх ёстой. Хариуцагчийн баримтлаад байгаа 2016 оны А/95 гэдэг тушаалаар батлагдсан төлбөрийн акт тогтоох тухай журам нь нийтээр дагаж мөрдөгдөж жагсаалтад огт бүртгэгдээгүй байдаг. Энэ процесс 2021 оноос актуудаа бүртгүүлсэн байсан. Манай үйл баримт нь 2017 оны л асуудал. Иймд шулуухан хэлэхэд Үндэсний аудитын газар хэн ч маргаж болдоггүй, хараат бус хэтэрхий дээгүүр өөрсдийн хараа хяналтаараа азаргалаад сурсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрээ дэмжиж байгаа. Нэхэмжлэгч Төлбөрийг яг хэн илүү шилжүүлээд байгаа асуудал байгаа. Үүнийг нэхэмжлэгч шилжүүлээд байгаа, үйлдээд байгаа асуудал байхгүй. Сангийн эрх бүхий албан тушаалтан байгаа гэдгийг хэлмээр байна.

Нотлох баримттай холбоотой бас дурдах зүйл байна. Нэхэмжлэгчийн дэлхийн шилдэг сургуульд суралцах гэрээ байгаа. Энэ гэрээ өнөөдөр зөрчигдсөн. Гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгчийг гадаадын их дээд сургуульд суралцах, төлбөрийг шилжүүлэх сайдын 2016 оны А/215 дугаар тушаал байгаа. Энэ тушаалын 2 дахь заалтаар түрүүн хэлсэн нөхцөл байдлыг маш тодорхой тусгасан байдаг. Сургуулийн нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоо хийгээд даалгасугай гэдэг тушаал нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...2017 онд нэхэмжлэгчийн төлбөрт 18.772 доллар 69 цент, 2018 онд 19.762 доллар 12 центийг шилжүүлэхдээ сургалтын төлбөрөөс гадна өөр зүйлд хамаарах мөнгө шилжүүлж илүү төлөлт хийсэн гэж акт тогтоосон байгаа. Монгол улсын Боловсролын төлбөр болон Нийгмийн баталгааны тухай хуулиар сургалтын төлбөр, амьжиргааны төлбөрийг төлж болно гэж заасан байгаа.

Тэгэхээр тус сургуулиас ирсэн нэхэмжлэлийг харахаар амьжиргааны зардал харагдахгүй байгаа. Сургалтын төлбөр гэдэгт юу орох тухай нарийвчилсан зүйл байхгүй. Тэгэхээр сургалтын төлбөрт багш нь хичээл заасан багц орох юм уу? Нийгмийн даатгал, олон улсын картын төлбөр гэх зэрэг зүйлийг яах талаар журамлаагүй байгаа. Гэхдээ журмуудаар сургуулиас ирсэн төлбөрийг үндэслээд шилжүүлнэ гэсэн. Шилжүүлэхдээ төлбөрийн нэхэмжлэлийн задаргааг ирүүлээд түүнийг нь шилжүүлсэн л үйл баримт байгаа.

Нэгэнт сургалтын төлбөрийг зээлээр төлж болно гэсэн байгаа. Сургалтын төлбөрийг ямар байхыг заагаагүй. Сайд нь Аудитын газарт цаад сургуулиас ирсэн нэхэмжлэлийг гээд заасан байгаа. Тэгэхээр хариуцагч нар нь дураараа, хуульд заасан үндэслэлгүй. Энэ нь амьжиргааны зардал гэж ойлгоод байгаа. Тэгэхээр үндэслэлгүй.

Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т хэтийн болон хуульчилсан төлөвлөгөөгөөр ажиллана гэж заасан байдаг. Гэтэл өөрсдөө тухай жилийн төлөвлөгөө гэж гаргаад байгаа. 2016, 2017, 2018 он гэж аудит хийсэн байгаа. Ирээд шалгалт хийхдээ 2017 онд аудит хийгээд зөрчил гэж тогтоогоогүй атлаа, 2018 онд хийсэн аудит нь хууль зөрчсөн байгаа. гэв.

Хариуцагч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Үндэсний аудитын газар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсролын зээлийн сангийн 2018 онд аудит хийж жилийн эцсийн тайланд дүгнэлт гаргасан. Аудитаар нийт 203 суралцагчийн төлбөрийг хамруулж шалгасан. Дэлхийн шилдэг сургуульд барьцаагүй, сургалтын төлбөрийн зээл олгосон, суралцагчийн суралцаж байгаа чиглэл, сургалтын дүнг хяналтгүйгээр олгож авлагаар бүртгэсэн баримт сургалтын төлбөрийг олгохдоо, эрүүл мэндийн даатгал байр болон бусад зардлуудыг илүү шилжүүлсэн мөн давхардуулж шилжүүлсэн гэх зөрчлүүд илэрч бид акт тогтоосон.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2014 оны 71 дүгээр тогтоолын 2-т заасан байдаг. Засгийн газрын 2013 оны 271 тогтоолоор баталсан Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журамд дараах өөрчлөлтийг оруулсугай гээд сургалтын зээл нь сургалтын төлбөр байна гэж өөрчлөн. Амьжиргааны зардал нь гэдгийг хасах, энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгасугай гэж заажээ. Гэтэл Боловсролын зээлийн сангаас 2016-2018 онуудад, дэлхийн шилдэг эх сургуулиудад суралцаж байгаа буюу зарим суралцагчдад сургалтын зээлийг олгохдоо эрүүл мэнд байр болон холбогдох бусад зардлуудыг төлбөрийн хамт илүү олгосон зөрчил илэрсэн. Тухайлбал нэхэмжлэгчид 2017-2018 онд 24.996 доллар шилжүүлэхээс 13545 доллар илүү шилжүүлсэн ба энэ бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд болон Засгийн газрын тогтоолыг зөрчиж байна гэж үзсэн.

Үүний дагуу үндэсний аудитын газраас холбогдох заалтуудыг үндэслээд зөрчлийг арилгуулахын тулд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/80 тоот актыг хүргүүлсэн. Дээрээс нь төлбөрийн актад дурдсан нэр бүхий 4 хүүхдийн 3 нь төлбөрийг бүрэн барагдуулж дууссан байгаа. Мөн уг актаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс удаа дараа гомдол гаргаж, манай зүгээс зохих хугацаанд хариуг нь өгөөд явсан. Мөн дээрээс нь амьжиргааны зардал хүлээж авсан гэдэгт нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий баримт нотлох баримтаар авагдсан байдаг.

Нэхэмжлэгч талаас төрийн албаны байгууллагын төлбөрийн акт тогтоох журмыг хүчингүй гэж үзээд байх шиг байна. Хуулиар олгогдоогүй эрх хэм хэмжээг бид хэрэгжүүлээгүй. Манай аудит нар нь хууль дүрмээ дотооддоо мөрдөөд явдаг. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т маш тодорхой дурдсан зохицуулалт байдаг. Үүнд бид шүүхэд гаргаж байсан хариу тайлбараа гаргаад явж байгаа. гэв.

Хариуцагч Ц.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ... Аудитын процессын асуудлыг нэмж тайлбарлах нь зүйтэй. Нэхэмжлэгч талаас 2018 оны тайлангийн асуудлыг ярьдаг. 2018 онтой холбоотой төлбөрийн нэхэмжлэл нь төлбөрийн актаар тогтоогдсон. 4 удаагийн зардал ирүүлсэн байдаг ба 2 удаа хуульд заасны дагуу хариу хүргүүлсэн байдаг. 2018 онд сургалтын зээлийг төсөвт төлөвлөж өгөөд тухайн оюутнуудад олгоод бүртгэдэг. Ингээд үзэхэд 2017 оны тухайн ярьж байх шиг байна. 2018 оны тайлангаар 2017 оны эхний үлдэгдэл нь гараад ирж байгаа. Зээлийн сангийн аудитын тайлан гараад ирж байгаа. Авлага гэдэгт 150 тэрбум төгрөг эхний үлдэгдэлд байгаа.

Тухайн 2018 онд төгсөх 203 хүүхдүүдийн материалыг хамруулж үзэхэд тухайн тогтоолыг хууль болон Засгийн газрын 217 дүгээр тогтоолоор баталсан сургалтын зээлийн төлбөр гэсэн хэсэгт 203 хүүхдээс 4 хүүхдэд ийм асуудал гарсан байдаг.

Илүү шилжүүлсэн гэдэг хэсэгт нь төлбөрийн актад тогтоогоод 2017 он нь 2018 онтой яаж холбогдоод байна вэ гэхээр авлагаар бүртгээд баталгаажуулах ёстой байдаг. Гэтэл нэр бүхий хүүхдүүдийн авлагууд зөрүүтэй байсан. Иймд тайлан хугацаа болон холбогдох түүврийн эрсдэл дээр суурилсан шалгалт хийсэн. Тухайн хүүхдүүдийн сургалтын хувийн хэргийг батлаад тэгэхээр энэ нь 2016-2018 онд олгосон мөнгө нь үнэн зөв бүртгэгдсэн байна уу гэдэг дээр асуудал үүссэн.

Сургуулиас ирүүлсэн нэхэмжлэлийн асуудал яригдаж байгаа. Засгийн газрын 271 дүгээр тогтоол байдаг. Суралцагчдын хувийн хэргүүдийг нь бүгдийг нь татаад баталгаажуулсан байгаа. Сургуулиас ирүүлсэн гэхээр тухайн нэхэмжлэлийг ирүүлсэн ба оюутны кредит, ай ди дугаартай буюу сургуульд 20 хүн суралцаж байлаа гэхэд 20 хүүхдийн баримтуудыг Боловсролын зээлийн сан бүгдийг нь ирүүлдэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувийн хэргийг шалгаж байх явцад нэг нь сургуулиас ирүүлсэн. 2016 оны хувьд танилцуулга шиг нэр байхгүй зүйл ирүүлсэн.

2017 оны намар сургуулиас ирүүлсэн байгаа. 2018 оны хувьд суралцагчийн дансны лавлагаа байгаа. Сургуулиас ирүүлсэн нэхэмжлэл биш болж таарсан. Тухайн 203 хүүхдээс 4 хүүхдийн асуудалд зөрүү төлбөрийн асуудал тавигдаад бусад нь сургуулиас ирүүлээгүй асуудлыг нь төлбөрийн актыг тавилгүйгээр албан шаардлага өгөгдөөд явсан байгаа.

Өөрөө шууд аваагүй гэдэг асуудал ярьдаг. Өөрөө авахгүйгээр сургуулийн дансруу хийгээд өөрт нь зарцуулагдаж байгаа асуудал болж байгаа. Тэгэхээр сургууль авсан нэхэмжлэгч аваагүй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм гэж үзэж байгаа.

2020 оны тухайд акттай холбоотой асуудал яриад байх шиг байна. Төрийн аудитын тухай хууль шинэчлэгдсэн байгаа. Иймд зүйл заалтууд нь дагаж өөрчлөгдөөд явж байгаа асуудал байна.

Ерөнхийдөө нэхэмжлэгч нь зөв ойлгоосой гэдэг үүднээс манайх нэг бүрчлэн баримтын шаардлага хийдэггүй. 2018 онд 8 асуудлыг эрсдэлтэй гэж үзээд тухайн байгууллагын балансыг нь үзээд байна. Байгууллагыг судлаад орчлын ойлгоод, авлага гэдэг нь ийм эрсдэлтэй байна. Хэчнээн төсвийн мөнгө батлагдсан, хууль дүрмийн дагуу олгогдож байна уу гэдэг тал дээр асуудлыг хөндөж ажилласан.

Сургалтын төлбөр амьжиргааны зардал гэдэг нь ялгаатай ойлголтууд юм. Магистр докторын хувьд бол Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоол гэж батлагдсан. Тэгэхээр 2013 он хүртэл 2012 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулагдаад явсан. 2013 оноос Дэлхийн шилдэг гэж гараад батлагдсан. 19 дүгээр тогтоолоор магистр, докторын төлбөрийг 16000 доллар санхүүжүүлээд явж байсан. Үүнд 2.12 дугаар асуудлуудаар сургалтын төлбөр амьжиргааны зардал гэж юу вэ гэдгийг дурдаж өгсөн байгаа. Дэлхийн шилдэгтэй холбоотой асуудал нь 271 дүгээр тогтоолоор зохицуулагдаж байгаа. Эхлээд бүх төлбөрийг нь өгдөг байсан. Дараа нь зөвхөн сургалтын зардлыг нь өгнө. Амьжиргаатай холбоотой хэсэг нь зөвхөн магистр, докторт хэрэглэгдээд явж байгаа. 2013 оны тогтоолоор сургуулиас ирүүлсэн нэхэмжлэл гэдгийг заагаад өгсөн байдаг. Яг сургуулиас ирүүлсэн мөн үү эсэх талаар нь шалгаж байгаад асуудлыг нь шийддэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 6 хүүхдийн нэхэмжлэл ирсэн байдаг. 5 хүүхэд нь сургалтын төлбөртэй хэсэг нь ирээд нэхэмжлэгчийн хувьд бүх төлбөр нь ороод ирсэн асуудал байгаа. Дан ганц түүвэр материал аваад ирэхээр 4 л хүүхдэд ийм асуудал гараад ирж байна гэдэг нь асуудал байна гэсэн үг. Үүнийг тодорхой болгоно уу гэж албан шаардлага өгөөд 2020 онд 70 дугаар тогтоол гээд албан шаардлагын хэрэгжилт нь гараад явсан ийм асуудал байгаа. гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжоор хангаж ажилласанд байрлаа. Дүрмийг нь бас харлаа. Зээлийн болон амжиргааны зардал гэдэг нь тодорхойлсон журам заагаагүй. Мөн гадаадад суралцаж байгаа оюутан нь ямар нэгэн хоорондын зөвшилцөл дутмаг байгаагаас болоод ийм зүйл болж байх шиг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/80 САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актын Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/80 САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актаар нэр бүхий 4 суралцагчдад 2016-2018 онуудад сургалтын төлбөр 42,224.04 ам.доллар буюу 97,959,823.27 төгрөгийг илүү шилжүүлсэн гээд холбогдох этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснээс нэхэмжлэгчид 2017-2018 оны сургалтын төлбөрт 24,994.00 ам.доллар шилжүүлэхээс 13,540.83 ам.доллар буюу 32,823,163.91 төгрөг хамааралтай байна.

Нэхэмжлэгчээс анхан шатны баримтуудыг зөрчилтэй, ойлгомжгүй байдлаар дүгнэсэн, төлбөрийг суралцагчийн дансанд бус сургуулиас ирсэн нэхэмжлэлийн дагуу боловсролын зээлийн сан Монгол банкаар дамжуулж шилжүүлдэг гэж, хариуцагчаас 2018 оны хаврын нэхэмжлэл сургуулиас ирээгүй, кредит цагийн төлбөрөөс бусдыг санхүүжүүлэх ёсгүй гэж тус тус маргажээ.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдын нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.5-д сургалтын зээл гэж Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу элсэн суралцаж байгаа иргэний сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээлийг, 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэмжих, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс суралцагчид үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлно, 8 дугаар зүйлийн 8.7-д Гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл олгож болно, 8.9-д Суралцагчид олгох сургалтын зээлийн нийт хэмжээ нь суралцагчийн суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардлын нийлбэрээс хэтрэхгүй байх бөгөөд сургалтын зээлийг буцаан төлүүлэхдээ зээлдэгчийн амьжиргаанд нь дарамт үүсгэхгүйгээр суутгал хийхээр журамлана гэж тус тус заажээ.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан суралцуулах журмын 2.3-д Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна. Энэ журамд заасан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулан тооцно гэж заасныг 2014 оны 71 дүгээр тогтоолоор Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулжээ.

Дээрх хууль болон журамд гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт юуг хамааруулах талаар тодорхой дурьдаагүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №355 дугаар төлбөрийн даалгавраар 18,772.69 ам.доллар, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 108 дугаар төлбөрийн даалгавраар 19,762.14 ам.доллар тус тус нэхэмжлэгчийн төлбөрт шилжүүлжээ.

Үүнээс Миннесотагийн их сургуулиас ирүүлсэн /Англи хэлнээс орчуулсан/ төлбөрийн нэхэмжлэлд 2017 оны Намрын семестрийн сургалтын төлбөр 12,497.00, хичээлийн хураамж 151.75, эрүүл мэндийн даатгалын хураамж 1,050.00, шаардлагатай хураамж 1,073.04, их сургуулийн хураамж 580.00, их сургуулийн байрны төлбөр 3,445.00 нийт 18,772.69 ам.доллар гэж, 2018 оны Хаврын /хариуцагч нарын тайлбараар сургуулиас ирээгүй гэх/ тэтгэлэгт хамрагдсан олон улсын оюутны хураамж 300.00, олон улсын оюутны сургалтын үйлчилгээний хураамж 250.00, олон улсын оюутны оролцооны хураамж 14.00, оюутны холбооны хураамж 2.44, стадионы засварын хураамж 6.00, оюутны эрүүл мэндийн даатгалын хураамж 1,050.00, оюутны үйлчилгээний хураамж 436.60, их сургууль доторх тээврийн үйлчилгээний хураамж 24.00, сургалтын төлбөрийн нэмэлт хураамж 1,000.00, хаврын семестрийн бакалаврын сургалтын төлбөр 11,497.00, их сургуулийн доторх номын дэлгүүрийн худалдан авалт 59.00, өрөөний хураамж 4,269.00, хөгжмийн дугуйлангийн хураамж 40.00, дугуйлангийн төлбөр 55.00, факультетийн хураамж 580.00, барилга байгууламжийн засварын хураамж 75.00, олон улсын оюутнуудыг дэмжих үйлчилгээний хураамж 165.00, нийт 19,782.14 гэжээ.

Дээрх төлбөрийн задаргаанууд нь оюутныг суралцахад хамааралтай зардлууд байх бөгөөд хуулиар сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг нарийвчлан тодорхойлоогүй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1а/3472 тоот албан бичигт сургалтын төлбөрт оюутны дотоод тээврийн хэрэгслийн төлбөр, номын сангийн үйлчилгээний төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр тооцох эсэх нь тухайн их сургуулийн дотоод баримт бичгээр зохицуулагдана, ирүүлсэн нэхэмжлэл нь санхүүжилт олгох үндэслэл болно гэж дурьдсан байхад хариуцагч нараас зөвхөн кредит цагийн төлбөрөөс бусдыг зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хуулиар тухайлан хориглосон төлбөрийг санхүүжүүлээгүй, санхүүжилтийг тухайн оюутны нэрийн дансанд бус сургуулиас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийн дагуу ID кодыг үндэслэж сургуулийн дансанд шилжүүлсэн байх тул зөрчил гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх санхүүжилт нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний үндсэн дээр хийгдэж буй санхүүжилт бөгөөд сургалтын төлбөрт юуг хамруулах нь тухайн сургуулийн дотоод журмаар зохицуулагддаг байхад кредит цагийн төлбөрөөс бусдыг санхүүжүүлэх ёсгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.7, 8.9-д тус тус баримтлан Б.Эий нэхэмжлэлтэй Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/80 САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актын Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА