Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 208

 

Х.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 124 дүгээр магадлалтай, 170300010032 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Урианхай овогт Х.С нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.С-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ял биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоож, хохирогч Г.Цэвэлсүрэнд 800.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ГБУС” ХХК-аас 4.038.537 төгрөг гаргуулж хохирогч Г.Цэвэлсүрэнд олгож, хохирогч Г.Цэвэлсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24.655.187 вонныг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 124 дүгээр магадлалаар 499 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Х.С-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэг, хохирол болох 24.655.187 вонн буюу 53.255.204 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн талаар гомдол, санал байхгүй.  ...Хохирогч Г.Цэвэлсүрэн нь өнөөдрийн байдлаар бие нь сайжирч байгаа боловч хэвтэрийн дэглэмтэй, бусдын тусламжгүй алхах чадваргүй, цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа билээ. Түүний гэр бүлийн зүгээс боломжийн хэрээр эмчилгээний зардлыг гаргасан боловч цаашид зардал гаргах эдийн засгийн бололцоо хомс байна. Ийм үед анхан болон давж заалдах шатны шүүх илэрхий баримт болох www.mongolbank.mn сайтаас ханшийн лавлагаатай танилцаж хохирогчийн хохирлыг шалгах боломжтой атал хохирогчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй байна. Улсын Дээд шүүх хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх эрүүгийн эрх зүйн үндсэн зарчимд нийцүүлэн хохирлын хэмжээг гадаад валютаас хөрвүүлэхдээ техник технологийн ололтыг ашиглаж тогтоодог жишгээр хохирогч Г.Цэвэлсүрэнгийн хохирлыг барагдуулна гэдэгт найдаж байна. Иймд Г.Цэвэлсүрэнд учирсан 24.655.187 вонн буюу тухайн үеийн ханшаар 53.255.204 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Х.С-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон. Гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтын бүрдлийг хангалттай сайн гэж үзэхгүй байна. Иргэний журмаар нэхэмжлэх боломжтой тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Х.С-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Х.С нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд талын автобусны буудлын замд “ГБУС” ХХК-ний эзэмшлийн “Хьюндай аеро сити-540” загварын 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “...Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж зорчигч Г.Цэвэлсүрэнг автобуснаас буух үед нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэс болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Шүүгдэгч Х.С-ын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцжээ.

Хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалд дараах өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

1. Гэмт хэрэг гарсан үеэс буюу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн учир хяналтын шатны шүүхээс Х.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Х.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

2. Шүүгдэгч Х.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Цэвэлсүрэнгийн биед зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан зөрүүтэй далд хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Цэвэлсүрэн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд удаа дараа эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал эдгэхгүй байсан тул БНСУ-д очиж 24.655.187 воны төлбөр бүхий эмчилгээ хийлгэсэн болох нь хохирогчийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “Asian medical center” эмнэлгийн тодорхойлолт, төлбөрийн баримт /хх-105-109/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр тооцсон Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг /хх-131/ хавсарган давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Дээрх баримтуудыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ГБУС” ХХК-иас 24.655.187 вон буюу 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ханшаар тооцсон 53.255.204 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэвэлсүрэнд олгож, иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг зааж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээхээр хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 124 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

а. “Прокуророос Х.С-т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”,

б. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Х.С-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй”,

в. “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ГБУС” ХХК-иас 53.255.204 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэвэлсүрэнд олгосугай”,

г. “Иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэжлэх эрхтэй болохыг дурдсугай”.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН