Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2022/00078

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай  хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багт оршин суух Баянзүрх Д-ийн О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Цэцэрлэг сумын 01 дүгээр багт оршин суух Жонгоор Б-гийн Ц-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхэддээ ногдох хэсэг болох 20,242,500 (хорин сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуу) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нөхөр Б.Цаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Ц.Э, охин Ц.С нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх 26,990,000 төгрөгний үнэлгээ бүхий дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох нийт 20,242,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үүнээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин хүүхдийн асрамжийн хувьд 2 хүүхдээ бид нэг нэгээр нь авч, хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон. Ингээд хүү Ц.Эыг нөхөр Б.Ц, охин Ц.Сийг миний  асрамжид үлдээж өгнө үү. Хамтран өмчлөх 26,990,000 төгрөгний үнэлгээ бүхий дундын эд хөрөнгийн хувьд бид мөн харилцан ярилцсны үр дүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн 14-02 тоотод байрлах 5x6 хэмжээтэй зуны сууцтай, хашаа байшин, Приус 10 маркийн 07-91 АРХ улсын дугаартай автомашин, 60 тооны мал зэрэг эд хөрөнгө миний болон охины өмчлөлд ирж, үлдэх мал болон Бонго маркийн 45-42 УНТ улсын дугаартай автомашин, 6 ханатай гэр тавилгын хамт, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн Чулуут гэх газар байрлах малын хаваржааны хашаа зэрэг эд хөрөнгө нь нөхөр Б.Ц болон хүүгийн өмчлөлд үлдээхээр тохиролцож, өгөлцөж, авалцсан гэв.

  Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан ямаа тоондоо бүрэн биш яаа, ишиг нийлээд 80 толгой байсан. Д.О өөрөө 60 толгой нарийн мал авч явсан.Мөн дээр нь  2 тугалтай үнээ, нэг бяруу байгаа. Түүнээс гадна  бид 6,000,000 төгрөг зээлж Приус маркийн машин авсан. Түүний мөнгө төлөгдөөгүй байсныг би Бонго автомашиныг зарж эхний төлөлт 1,500,000 төгрөгийг төлсөн. Надад бол мал үлдээгүй. Энийг хэлэх нь зүйтэй байх. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр тохиролцсон нь үнэн. Хүүгээ ээжтэй нь утсаар яриулж, холбоотой байлгах ёстой гэдгийг ойлгож мэдлээ гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

                                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Цид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхэддээ ногдох хэсэг болох 20,242,500 (хорин сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуу) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Зохигчид нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 01 дүгээр  сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 0072589 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Ц.Э,  2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин Ц.С нар төрсөн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 216701001333 дзугаар Төрсний бүртгэлийн лавлагаа,  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын иргэний бүртгэлийн ажилтны 2018  оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № 6549000002 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байгаа болно. 

Мөн  гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг   бодит   шалтгаан   нь  гэрлэгчдийг эвлэрүүлэх арга   хэмжээ  авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.Ц нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно” гэжээ.

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.Ц нар нь шүүх хуралдаанд...2 хүүхдээ бид нэг, нэгээр нь асрамждаа авч, хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон...гэх тайлбар, мэдүүлэг өгч байх тул 2009 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ц.Эыг төрсөн  эцэг Б.Ц, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ц.Сийг төрсөн эх Д.О нарын асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдлаа. 

Мөн  охин Ц.Сийг эх Д.О, хүү Ц.Эыг эцэг Б.Цийн нарын асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эцэг, эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Ц, эх Д.О нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Хамтран  өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон  хүүхэддээ ногдох хэсэг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан.

 Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдүүдээ ногдох 20,242,500 (хорин сая хоёр зуун дөчин хоёр мянга таван зуу) төгрөг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Гэвч Д.О шүүх хуралдаанд...хамтран өмчлөх 26,990,000 төгрөгний үнэлгээ бүхий дундын эд хөрөнгийн хувьд бид мөн харилцан ярилцсны үр дүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар багийн 14-02 тоотод байрлах 5x6 хэмжээтэй зуны сууцтай, хашаа байшин, Приус 10 маркийн 07-91 АРХ улсын дугаартай автомашин, 60 тооны мал зэрэг эд хөрөнгө миний болон охины өмчлөлд ирж, үлдэх мал болон Бонго маркийн 45-42 УНТ улсын дугаартай автомашин, 6 ханатай гэр тавилгын хамт, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн Чулуут гэх газар байрлах малын хаваржааны хашаа зэрэг эд хөрөнгө нь нөхөр Б.Ц болон хүүгийн өмчлөлд үлдээхээр тохиролцож, өгөлцөж, авалцаж, эвлэрсэн...гэх тайлбар, мэдүүлэг өгснийг хариуцагч Б.Ц зөвшөөрч байх тул талуудын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр эвлэрсэн эвлэрэлийг баталж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн 50% буюу 129,583 төгрөг, нийт 199,783 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                        ТОГТООХ нь:

       1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жонгоор Бгийн Ц Баянзүрх Д-ийн О нарын   гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ц.Эыг эцэг Б.Цийн,  2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ц.Сийг эх Д.Оийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэх, энэ үүргээ биелүүлэхэд харилцан  саад учруулахгүй эцэг Б.Ц, эх Д.О нарт тус тус даалгасугай.

4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд эвлэрсэн талуудын эвлэрлийг баталсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,699 (дөрвөн зуун хорин мянга зургаан зуун ерэн ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 199,783 ( нэг зуун ерэн есөн мянга долоон зуун наян гурав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.    

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ