| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01336/И |
| Дугаар | 155/ШШ2022/00036 |
| Огноо | 2021-12-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2022/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт оршин суух Чонос Бын Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт оршин суух Шарнууд Бийн О (РИ90010712)-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охиндоо оногдох хувьд 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ бүгдийг бичсэн байгаа. Хамгийн аймар нь энэ хүн амиа хорлох гэж хоёр ч удаа миний нүдэн дээр тийм үйлдэл үзүүлсэн. Нэг удаа бид хоёр Улаанбаатар хотод амьдарч байхад найзтайгаа архи ууж байгаад гэнэт найзтайгаа намайг хардаад шууд заазуур аваад толгой руугаа хэд хэд цавчсан. Тэр нь одоо болтол огт мартагддаггүй. Би тийм зүйл харчхаад айлын хүүхэд алчихлаа л гэж бодсон. Мэдээж эцэг, эх нь чи миний хүүхдийг алсан гэж дайрах байх. Тэгээд би орныхоо цагаан даавууг авч толгойг нь хэд хэд ороосон. Үнэхээр аймар байсан. Найз нь нөгөө талын өрөөнд тасраад уначихсан байхаар нь ингэчихлээ гээд очоод татахад сэрэхгүй байсан. Би энэ хүнийг тийм аймар үйлдэл хийчихээд өөрийгөө татаж авч засрах байх гэж бодсон ч тэгээгүй. Улаанбаатар хотод байхдаа хүнээр яриулаад ажилд орох гээд төрийн албаны шалгалт өгч байсан чинь Сонгинохайрхан дүүргийн хүний нөөцийн дарга нь над руу “манайхан зааланд тоглохоор болсон. Чи тоглодог гэж байна хүрээд ирээрэй” гээд ярихад “энэ муу чиний утсыг яаж мэддэг юм бэ” гээд миний тусыг авч хана савж хагалсан. Ийм үйлдэл удаа дараа давтагдаж үнэхээр хэцүү болсон. Нэг л өдөр намайг алж мэдэхээр тийм ааш араншин гаргадаг. Архи уусан үедээ бол үнэхээр аймшигтай. Би жаахан нэг настай хүүхдээ бодож, энэ хүнийг өөрчлөгдөх байх гэж бодоод 3 жилийн хугацаанд харсан.
Тэгэхэд одоог хүртэл засраагүй архи уусаар л байгаа. Мөн хүүхэддээ байнга худлаа хэлдэг. Өнгөрсөн 6 дугаар сарын 01-ний өдөр уулзахдаа тоглоом авч өгнө гэж баахан худлаа ярьчхаад огт уулзаагүй байж байгаад сая шүүхэд нэхэмжлэл өгөхөд уулзсан.Надад худлаа хэлж болно. Харин цаашид энэ хүн хүүхэддээ худлаа хэлдэггүй байгаасай гэж хүсэж байна. Намайг охинтой минь уулзуулдаггүй гэж худлаа хэлдэг.
Миний зүгээс тийм зүйл огт байхгүй. Энэ хүний хүүхэд юм чинь хэзээ ч охинтойгоо уулзаж болно, би тэрийг үгүйсгэхгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, өөрт болон хүүхэддээ ногдох 10,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Энэ хүн ирж уулзахдаа хашаа байшингаа зараад мөнгийг нь өгнө гэсэн учраас 10,000,000 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг зүйлүүд болсон нь үнэн. Гэхдээ арай хэтрүүлж ярьж болохгүй байх гэж бодож байна. Бид 2019 оноос ойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшингаа хавар зараад 10,000,000 төгрөгийг нь өгнө зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Б.От холбогдуулан гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охиндоо оногдох хувьд 10,000,000 (арван сая) төгрөгний эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчид нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №6728000022 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн гэрлэгчид нь 2019 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байгаа болно.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Б.О нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин О.М төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нээж олгосон №6728000014 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,... харилцан тохиролцож болно” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Ч нь охин О.Мийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.О зөвшөөрсөн, хүүхдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Б.Чийн асрамжид охин О.Мийг үлдээж, эцэг Б.Оаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн охин О.Мийг эх Б.Чийн асрамжид үлдээж байгаа нь эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.О, эх Б.Ч нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 10,000,000 (арван сая) төгрөгний эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 10,000,000 (арван сая) төгрөгний эд хөрөнгө гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд бид хамтран амьдар явцдаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвийн зүүн хороонд хашаа байшинтай болсон. Энэ хашаа байшинг 15.000.000 төгрөгөөр үнэлж, хашаа байшингаа Б.О үлдээж, түүнээс өөрт болон охиндоо ногдох хэсэгт 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулж авна хэмээн шаардлагаа тодруулсан.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан.
Хариуцагч Б.О нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг өгсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Оаас 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвийн зүүн хороонд байрлах хашаа байшинг хариуцагч Б.От үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.О төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.О сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 174,950 төгрөг, нийт 280,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шарнууд Бийн О (РИ90010712), Чонос Бын Ч (РИ90072900) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Мийг төрсөн эх Б.Чийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин О.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Оаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.О, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ө.Ч нарт тус тус даалгасугай.
5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-д зааснаар хариуцагч Б.Оаас 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт олгож, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвийн зүүн хороонд байрлах хашаа байшинг хариуцагч Б.От үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.487 (хоёр зуун наян мянга дөрвөн зуун наян долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280.487 (хоёр зуун наян мянга дөрвөн зуун наян долоо) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ