Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2022/00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, Шарнууд Бын Х-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, Шарнууд Бгийн Г-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай 155/2022/00098/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Нэхэмжлэгч Б.Х,

Хариуцагч Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие эхнэр Б.Гтай 2006 онд танилцаж, 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдрал дундаас 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Ё төрсөн. Охин Х.М 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэндэлсэн. Б.Г бид хоёр 2 жил нэг гэрт амьдарсан. Эхнэр Б.Г нь гэрээсээ явж 3 жил болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул хэн хэн нь салж, гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Бид хамт амьдарч байсан сүүлийн жилүүдэд байнга хэрүүл маргаантай байх болж, үзэл бодол таарахаа больсон учир цаашид хамт амьдрахад төвөгтэй байдал үүсэж бий болсон. Бид тусдаа амьдарч эхэлсэн цагаас хоёр хүүхэд минь миний асрамжид байсан. Хоёр хүүхэд минь миний асрамжид үлдэхийн хүсэж байгаа. Мөн эхнэр Б.Г нь хоёр хүүхдээ эцгийн асрамжид үлдээхийг нь хүлээн зөвшөөрч энэ талаараа надад илэрхийлж хэлсэн.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Ё, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.М нарыг эцэг Б.Х миний асрамжид үлдээж өгнө үү. ...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Нацагдоржийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд охин Х.М 5А бүлэгт, хүү Х.Ё 8Б бүлэгт суралцаж байгаа. ...Бид 2019 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. ...Эхнэр Б.Г нь гэрээсээ явж өөр хүнтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. ...Тэтгэлэг авахгүй гэж бодож байна. ...Эд хөрөнгийн маргаан байхгүйБ.Г өөрийн эд хөрөнгөө авсан....гэв.

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2006 онд танилцан үерхэж байгаад 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Ё, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин Х.М нар төрсөн. Бид 11 жил хамт амьдарсан. Бид хамт амьдарч байх үед нэхэмжлэгч нь хэрүүл маргаан үүсгэж, архи уудаг байсан. Би ихэвчлэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл далайн амралтын газруудад болон эд зүйл зарах зэрэг ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Намайг ажил хөдөлмөр эрхлэхээр явсан байх хугацаанд хоёр хүүхэд минь аавтайгаа хамт байдаг байсан учир аавтайгаа байхыг илүүд үзэж байгаа. Миний ажил хөдөлмөр эрхэлж хол байдаг байснаас үүдэн гэр бүлийн маргаан, хардах асуудал гардаг байсан. Гэртээ хамт байх хугацаандаа үргэлж маргалдаж хэрүүл маргаантай байдаг байсан. Дээрх асуудлаас болж тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдраад 3 жил болж байна. Энэ хугацаанд хэн хэн нь өөр амьдрал зохиох болсон тул гэрлэлтээ цуцлуулах нь зүйтэй гэж бодсон. Хоёр хүүхдээ төрсөн цагаас хойш ихэвчлэн ажил хөдөлмөр эрхэлж хол байсан учир хоёр хүүхэд минь аавдаа илүү амь байдаг. Цаашид аавтайгаа амьдрахаа илэрхийлсэн учир саналыг нь хүндэтгээд хоёр хүүхдээ эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Би хоёр хүүхэдтэйгээ байнга холбоотой байж, ярьж, ирдэг болохоор аавтайгаа амьдрахад татгалзах зүйлгүй. Хоёр хүүхэдтэй минь холбоотой ярилцах зүйл гарахад би татгалздаггүй.

Иймд Б.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. ...Эд хөрөнгийн маргаангүйАйл болж тусдаа гарахдаа авч очсон мал болон унаж байсан унаагаа авсан өөр эд хөрөнгө аваагүй. Хүүхдүүд минь үлдэж байгаагаас хойш эд хөрөнгө аваад яахав гэж бодсон. ...Нэг гэрт орж хамт амьдраагүй ч цаашид хамт амьдаръя гэсэн бодолтой хүн бий. 2021 онд танилцаж уулзаж эхэлсэн. Нөхөр Б.Х нь хоёр хүүхэдтэй хүнийг гэртээ аваачин одоо хамтран амьдарч байгаа. Би хоёр хүүхдээ ирэхээр нөхрийнхөө хамт амьдарч байгаа хүнийг ямар хандаж байгаа талаар асуухад асуудал гардаггүй гэж хэлэхээр нь эвтэй байдаг юм байна гэж бодсон. Би шүүх хурлаас өмнө энэ талаар нэлээд судалж үзсэн. Ноцтой асуудал гараад байдаггүй юм шиг болохоор нь би хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа....гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №0009016/41 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №226701000165 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №226701000164 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолтууд зэрэг баримтуудыг, хариуцагчаас 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь Б.Гад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргаагүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, №0009016/41 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №226701000165 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №226701000164 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Гэрлэгчид 2006 онд танилцаж, 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0009016/41 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Ё, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин Х.М нар төрсөн болох нь №226701000165, №226701000164 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаануудзохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдов. (хх-ийн 4-6 дугаар тал)

Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Б.Г нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эцгийн халамж, эцэгтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Ё, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.М нарыг эцэг Б.Хын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Х.Ё, охин Х.М нарыг эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Гын хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эх Б.Гаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эцэг Б.Х нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шарнууд Бын Х, Шарнууд Бгийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Ё, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.М нарыг эцэг Б.Х-ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Гад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Хт тус тус даалгасугай.

4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ