Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2022/00162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух, Монгол Сын Ш-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 45 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, Дунд хариад Гын Л-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 155/2022/00041/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Нэхэмжлэгч: С.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Г.Лтой 2012 онд танилцсан. Бидний хамтын амьдрал дундаас 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүү Л.Ө мэндэлсэн. 2018 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн. Хүүхдэдээ хууль заасан үндэслэл журмын дагуу эцгээс нь тэтгэлэг авах нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэл гаргасан.

Иймд 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүү Л.Өд эцэг Г.Лоос тэтгэлэг гаргуулж өгнө үү. ...Хүү минь Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн сургуулийн 2б ангид суралцдаг. ...Эрүүл саруул бойжиж байгаа....гэв.

Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Л нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан С.Шүр-Эрдэнийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгч С.Ш нь надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хүү Л.Өы төрсөн эцэг нь би өөрөө маргаангүй мөн юм. Хүүхдийн тэтгэлэгийн тал дээр төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Надаас шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй учраас шүүх хуралдааныг хурдан хугацаанд зарлаж, энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №118/001092 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14/19 дугаартай албан тоот, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн эмчийн тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №118/001096 дугаартай Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, №6701000744 дугаартай Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагчаас 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хариу тайлбар, 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ш нь Г.Лид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Г.Л нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргаагүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, №6701000744 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Ш, хариуцагч Г.Л нарын дундаас 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүү Л.Ө төрсөн болох нь №6701000744 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов. (хх-ийн 8 дугаар тал)

Хариуцагч Г.Л нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Л.Ө нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Г.Лоос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Л.Өыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Шүр-Эрдэнийн төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 22ы өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Л.Ө нь 7 нас 3 сартай байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 213,800 төгрөгийн тал хувь 106,900 төгрөгийг хүүхдэд сар бүр хариуцагч эцэг Г.Л нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Лийн сар бүр төлөх тэтгэлэг 106,900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч С.Шд олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч С.Шд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Г.Лид тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Л тус шүүхэд гаргасан эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтййг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Дунд хариад Лийн Ө (РЮ14290555)-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Лоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч С.Шд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Г.Лид тус тус мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Шүр-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лоос улсын тэмдэгтийн хураамж 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Шд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ