| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/01426/И |
| Дугаар | 155/ШШ2022/00160 |
| Огноо | 2022-02-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2022/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багт оршин суух, Тогоруутан Оийн С-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 12-07 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо Баялагийн 7-08 тоотод түр оршин суух, Дархан Дын Б-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 155/2021/01426/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Нэхэмжлэгч: О.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Д.Бтай 2020 оны 7 дугаар сард танилцан үерхэж байгаад 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Уыг төрүүлсэн. Хариуцагч нь гэр бүлтэй болж байгаа учир хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдсэн. Хүүхдээ төрсны дараа болон намайг төрөх үед ирээгүй. Хүсэлт гаргаж хүү Б.Уыг эцгээр нь овоглосон. Би 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймагт ирсэн. Түүнээс хойш бид уулзалдаагүй. Хүүхдээ төрснөөс хойш нэг ч удаа ирж ирээгүй. Чатаар холбогдон хүүгээ харж байсан. Одоо Налайх дүүрэгт уурхайд ажилладаг учир ирэх боломжгүй байгаа.
Иймд 2021 оны 6 дугаар сарын сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Ут эцэг Д.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ...Хүүг маань Б.У гэдэг. Д.Б нэрийг нь өгсөн....гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: О.Стай 2020 оны 8 дугаар сард танилцаж, 11 дүгээр сараас 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Бидний дундаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү Ууганбаяр төрсөн. Би хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №6740000025 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагчаас 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хариу тайлбар, хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч О.Сгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хариуцагч Д.Бд нэхэмжлэлийг гардуулах, хариу тайлбар авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах зэрэг ажиллагааг хийж баримтуудыг (хх-ийн 15, 24-29 дугаар тал) шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.С нь Д.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргаагүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, №6740000025 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.С, хариуцагч Д.Б нарын дундаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.У төрсөн болох нь №6740000025 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов. (хх-ийн 4 дүгээр тал)
Хариуцагч Д.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Д.У нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Уыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Сгийн төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.У нь 8 сартай байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 213,800 төгрөгийн тал хувь 106,900 төгрөгийг хүүхдэд сар бүр хариуцагч эцэг Д.Б нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.Бын сар бүр төлөх тэтгэлэг 106,900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч О.Сд олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Сд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Бд тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Бын тус шүүхэд гаргасан эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтййг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Дархан Бын У (РМ21263055)-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Баас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Сд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Бд тус тус мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамж 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Сд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ