| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00959/И |
| Дугаар | 155/ШШ2022/00107 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2022/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган 2 дугаар багийн 5-8 тоотод оршин суух, Боржигон Нын А -ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух, Өндөр нөр Мийн Д-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай 155/2021/00959/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Н.А, хариуцагч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би М.Дтай 2005 онд танилцаж үерхэж байгаад 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хуримаа хийж нэг гэртээ орсон. 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Д.Б, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Д.Б нар мэндэлсэн. М.Д бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Бид тусдаа амьдарч эхэлсэн үеэс өдийг хүртэл том хүү маань над дээр ирээгүй. Эцэг нь явуулдаггүй байх гэж боддог. Би хааяа очихоор М.Д уурлаж занаад байдаг. Над дээр ирэхээрээ дарамталж доромжилж байгаад явдаг. 2019 оноос хойш эрүүл үедээ ирж нэлээд хэдэн удаа хэрүүл маргаан үүсгэсэн. Би тэр бүрт нь цагдаад мэдэгдэж байгаагүй. ...Хоёр хүүхэд минь байхад надтай хэрүүл маргаан үүсгэж чи цагдаад өгдөг биз дээ, тэр цагдаагаа дуудаж өг гээд байдаг. Би хүүхдүүддээ эцгийнх мууг үзүүлэхгүй гээд цагдаад хэлдэггүй байтал эцэст нь миний буруу болгож хүүхдүүдийн минь хажууд ярьдаг. М.Д хүүхдүүдээ өсгөж байгаа нь худлаа. М.Д нь ээжтэйгээ, эгчтэйгээ, эмэгтэй дүү, дүүгийнхээ хүүхдүүдтэй хамт амьдардаг. Өнгөрсөн жил эмэгтэй дүү нь тусдаа гарахад бидний хамт амьдарч байсан хашаа байшинг зарсан байсан. ...Бид хуримаа хийж хүүхдээ сургуульд орох хүртэл нь хөдөө мал маллаж амьдарсан. 2013 онд хүү маань сургуульд орох насанд хүрж сумын төвд амьдрах болсон. Сумын төвд амьдрах болсноор би сумынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлд элсэн орж зөвлөлийн ажиллагааны дагуу арга хэмжээнд оролцдог байсан. Тэр бүрт М.Д нь чи эмэгтэйчүүдийн зөвлөлд орж архичин болсон гэх болсон. Бид архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ажлаа хийж тарах цагтаа тараад үйл ажиллагаа явуулаад байж байдаг байсан. Удалгүй би сумынхаа хүүхдийн цэцэрлэгт ажилд орсон. Гэтэл М.Д нь цэцэрлэгийн архичид, цэцэрлэгийн архичидтай нийлж архиддаг гэх болсон. Ажил хийх үндэслэлгүй болгож ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй дарамталж, доромжлох болсон. Гар хүрэхдээ сураар ороолгож, өшиглөж, чимхдэг байсан. Миний хувьд гэртээ агсам согтуу тавиад байсан удаа байхгүй. Би архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүн биш юм. Дээрх асуудлуудаас үүдэн М.Дтай амьдарч чадахгүй байдалд хүрж тусдаа амьдарч эхэлсэн. Хүүхдүүдийнхээ хажууд үргэлж доромжлуулж, дээрэлхүүлэх хэцүү байдаг. Хүүхдүүдийн минь хүмүүжилд муугаар нөлөөлж байна гэж үзсэн. Хүүхдүүд минь өсөж том болохыг цагт хүү минь эхнэрээ дээрэлхэж, дарамталж, доромжилж болдог, охин минь нөхөртөө дээрэлхүүлж, дуугүй байх ёстой гэх бодолтой болж өсөх хүмүүжихийг үгүйсгэх аргагүй байгаа тул хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож муу муухай зүйл харуулж яах юм бэ гэж бодоод тусдаа амьдарч эхэлсэн.
Иймд М.Д бидний гэрлэлтийг цуцалж, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Бг өөрийн асрамжил авч, 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Бийг өөрийнх нь хүсэлтийн дагуу эцэг М.Дгийн асрамжид үлдээж өгнө үү. ...Би архи согтууруулах ундааны хамааралтай болоогүй. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн багийн Засаг даргын тодорхойлолт худал зүйл байна. ...Би өмнө нь 2020 онд шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан. Тэр үед том хүү маань эцгийнхээ асрамжид үлдэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байсан. Би хүүхдээ дахин шүүхийн байгууллага руу явуулаад яах юм бэ гэж бодсоны үндсэн дээр өмнөх хүсэлтийг нь хүндэтгэсэн.
...Би охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Учир нь М.Д эрэгтэй хүн. Мөн түүний ээж өндөр настай. Миний охин сургуульд элсэн орох дөхөж байгаа. М.Д нь бичиг үсэг сайн мэддэггүй тул миний охины хичээлийг зааж өгч чадахгүй. Эмэгтэй хүүхэд учир миний асрамжид өссөн нь дээр байх гэж бодсон. Охиныг минь арчаатай цэвэрхэн авч явж чадна гэж бодохгүй байна. Сумын төвд байхдаа үсийг нь самнаагүй сэгсийсэн явж байдаг. Над дээр ирэхдээ хиртэй хувцастай ирдэг. Очиж хүүхдүүдээ авах гэхээр М.Д нь намайг доромжилж загнаад өгдөггүй. М.Д нь охиноо цэцэрлэгт нь явуулдаггүй. 2022 он гарснаас хойш цэцэрлэгт нь огт явуулаагүй. Тиймээс би охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй. ...Эд хөрөнгийн маргаангүй.
...Гуйж байгаа болон дарамталж байгааг нь ялгадаггүй. Би сална гэдэг үгийг хэлж байгаагүй. Буцаж нийлэхгүй гэж хэлэхээр чамайг яаж явахыг чинь харна, хоёр хөлийг чинь тайраад мөлхүүлж чадна шүү, амаар чинь шороо үмхүүлнэ гэх мэтээр заналхийлдэг. ...Том хүү Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А бүлэгт суралцдаг. Охин цэцэрлэгээр хүмүүждэг. ...Би сард 460,000 төгрөгийн цалин авдаг....гэв.
Хариуцагч М.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2005 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хуримаа хийсэн. Бидний хамтын амьдрал дундаас 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Д.Б, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Д.Б нар мэндэлсэн. Бид 14 жил хамт амьдарсан. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдүүдтэйгээ хамт амьдрахыг хүсэж байна. Учир нь манай хадам талын хүмүүс бүгд гэр бүлээ цуцлуулж, салж байсан. Н.А нь эцэг эхээс тавуулаа үүнээс 4 хүүхэд гэрлэлтээ цуцлуулж салсан байдаг. 2019 оноос тусдаа амьдарч эхэлсэн үеэс хойш хоёр хүүхэд маань ээж дээрээ очоогүй. Авч асарч байсан гэж худал хэлж байна. Цаашид гэр бүлээ элэг бүтэн авч үлдэн аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа хэдий ч Н.А нь салахаар шийдсэн учир хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүдтэйгээ амьдрах хүсэлтэй байна. ...Эд хөрөнгийн маргаангүй. ...Би өөрийн маллаж байсан ах, дүү нарынхаа малыг тарааж өгсөн. Өөрийн эзэмшлийн малыг борлуулсан. ...Намайг байнга цагдаад хандаж дарамтлуулдаг. Н.А нь биед халдсан гэж худал гүтгэн 100,000 төгрөгөөр торгуулж байсан. Гомдол гаргаагүй. Муухай үг хэлсэн нь үнэн....гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь М.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2005 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 25 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү Д.Б, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин М.Б нар төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 5 дугаар тал)
Нэхэмжлэгч Н.А, хариуцагч М.Д нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2019 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нь хүү Д.Бийн асрамжийн талаар маргаагүй, харин охин Д.Бгийн асрамжийн талаар маргах боловч охин Д.Бгийн өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Тодруулбал, хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Н.А нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчилгээний ажилтнаар ажилладаг болох нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов. (хх-ийн 13 дугаар тал)
Иймд 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Бийг эцэг М.Дгийн асрамжид үлдээн, хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал, тогтмол орлоготой зэрэг нөхцлийг харгалзан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Бг эх Н.Аын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг архины хамааралтай гэж тайлбарлаж, уг тайлбараа нотлохоор Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн албан бичгийг шүүх хуралдаанд гарган өгсөн боловч уг баримт нь эрх бүхий байгууллагын шийдвэр биш юм.
Мөн хавтаст хэрэгт сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцсон шүүхийн шийдвэр зэрэг эрх бүхий байгууллагын шийдвэр авагдаагүй байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Бийг эцгийн асрамжид, охин Д.Б эхийн асрамжид тус тус үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Н.А, хариуцагч М.Д нарын хувьд эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг М.Д, эх Н.А нараас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэн алиндаа саад учруулахыг хориглодог болно.
Нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Өндөр нөр Мийн Д, Боржигон Нын Анарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Б (РФ07242717)-ийг эцэг М.Дгийн асрамжид, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Б (РФ16281506)-г эх Н.Аын асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Н.А, хариуцагч М.Д нарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ