Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1281

 

 

 

 

     2020           10             01                                         2020/ДШМ/1281

 

Г.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2011 0000 00468 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны орцонд такси үйлчилгээний төлбөр төлсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Б.С-ийн үснээс татаж унагаан, гарт нь байсан “Айфоне-8” загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэн авсны улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Э-т 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдсан гомдолдоо: “...би хохирогч эгчийг заналхийлж, айлган сүрдүүлж, харааж зүхэж, хүч хэрэглэж, гэмтээж бэртээсэн зүйл байхгүй. Таксины хөлс болох 5.000 төгрөгөө л авах гэж дагаж явсан. Энэ эгч өөрөө “намайг гэрт оруулаад өг манай нөхөр намайг зоддог нөхрөөсөө айгаад байна” гэж хэлээд дагуулж явснаа гэрийнхээ гадаа дөхөж очоод орцруугаа өөрөө гэнэт гүйсэн. ...Мөн цүнхнээсээ гар утсаа гаргаад баруун гартаа барьж байх үед нь би түүнийг нь булааж аваад явсан. ...хохирогч эгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “машинд орж ирээд унтаад өгсөн. Нэг сэртэл вокзалын урд талын автобусны буудал дээр очоод зогсчихсон байсан. Тэгээд би чи яагаад энд ирчихсэн юм бэ, би “Их дэлгүүр” орно гэж хэлсэн биз дээ гэж хэлээд машинаас буусан. Надад цаасан дээр өөрийнхөө дансны дугаарыг бичиж өгсөн. Утасны дугаараа өгсөн” гэх мэтчилэн мэдүүлсэн нь үнэн юм. ...хэдийгээр дансны дугаар, утасны дугаар зэргийг хохирогчид өгсөн ч гэлээ утсыг нь булааж аваад явсан хууль бус зүйл хийснээ хожим нь ойлгож маш ихээр харамсаж, гэмшиж байна. ...энэ эгчийг надад дээрэмдэх ямар ч зорилго байгаагүй. Харин хүний хөрөнгийг булааж авсан нь миний буруу. Би гэртээ очоод “таксины мөнгөө төлөөгүй хүний утас байгаа юм шүү, би утасныхаа дугаар “Хаан банк”-ны дансныхаа дугаарыг тэр хүнд өгчихсөн. 5.000 төгрөг дансруу орохоор нь утсыг нь өгөх ёстой юм” гэж эхнэртээ хэлээд хохирогчийн утсыг сервант дээр тавьсан байсан. Тэр эгчийн утасны дугаарыг би мэдэж байсан, надад хэлсэн. ...би тэр хүний биед ямар ч гэмтэл учрахаар зүйл хийгээгүй. ...Үсдэж чирч хүч хэрэглээгүй болно. Мөн булаан авсан гэх гар утсыг буцаан өгсөн. Хохирол гомдолгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож буйг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж, цаашлаад миний зүйл ангийг дахин хянаж үзэн хүндрүүлсэн нөхцөл байдалгүйгээр, булаалтын шинж чанартайг минь харгалзан үзнэ үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн үйл баримтыг хавтаст хэргийн материалаас харахад тодорхой юм шиг мөртлөө нарийвчлан анализ дүгнэлт хийвээс зарим нэг үйл баримт, мэдүүлэг нотлох баримтаас үзвэл бүрхэг, эргэлзээ төрөх үндэслэл харагдаж байна. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал, хохирогч 10 дугаар хорооллоос такси бариад их дэлгүүрийн урдах АТМ, дараа нь вокзал, дараа нь өөр такситай “Их дэлгүүр”-ийн урдах АТМ гэсэн маршрутаар явсан атлаа хоёр дахь таксины жолоочийн “чи энэ залуутай таксидаж яваа юм уу” гэхэд нь “үгүй” гэж хариулсан байх нь гэрч Энхбатын мэдүүлэгт тусгагдсан. Хохирогч Б.С 10 дугаар хорооллоос Их дэлгүүрийн АТМ хүртэл Г.Э-ын таксинд суугаад л унтсан гэдэг, урьд шөнө нь найз нартайгаа буудалд ууж, идэж наргиж хоносон зэргээс үзэхэд үйл явдлын хэсгийг хохирогч мэдэхгүй байгаа дүр зураг харагдаж байна. ...хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт алинд нь ч шүүгдэгч хохирогчийг заналхийлсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн гэх баримт байхгүй. Хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч хохирогчийг шатруу үсдэж чирсэн гэх бөгөөд энэ талаар толгойн хуйх хавдах, үс зулгарах гэх мэт хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтэд үзсэн харсан, тодорхойлсон зүйлгүй. Иймд шүүгдэгч Г.Э нь таксины хөлс авах гэж бусдын эд хөрөнгө буюу гар утсыг булаан авсан нь буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

Хохирогч Б.С тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...миний бие шүүгдэгч Г.Э-аас нэхэмжилсэн 300.000 төгрөгийг дансаар хүлээн авсан болно. ...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Шүүхээс боломжтой гэж үзээд хөнгөрүүлэн шийдвэрлэвэл татгалзах зүйлгүй...” гэжээ.

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Э нь анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “утсыг нь хүч хэрэглэж булааж авсан” гэсэн байдаг. Дараа дараагийн мэдүүлгээрээ мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Утсыг нь шүүрч аваад зугтаачихсан юм шиг зүйл ярьж байна. Ийм асуудал болоогүй. Хүч хэрэглэж хохирогчийн эд зүйлийг авсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны орцонд “Такси үйлчилгээний төлбөрөө төлөөгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.С-ийн эзэмшлийн “Айфоне-8” загварын гар утсыг хууль бусаар авсан болох нь:

хохирогч Б.С-ийн: “...Гэрийнхээ орцны үүдэнд очоод орцныхоо хаалгыг онгойлгож ороход хойноос хүн ирэх чимээ гарахаар нь эргээд хартал нөгөө таксины жолооч залуу байсан. Тэр залуу миний үснээс татаад хойшоо чирээд намайг унагаагаад миний баруун гартуу барьж байсан улаан өнгийн гэртэй гар утсыг булаагаад гараад гүйхээр нь араас нь би гарч хөөгөөд гүйцэлгүй, урд байр хүртэл хөөгөөд гүйцээгүй хаячихсан. ...коридорт ороод эргэж харахад таксины жолооч залуу миний ард зогсож байсан ба үснээс татаж газар унагаад миний гар утсыг булааж авсан. ...” /хх 16, 18/,

гэрч Б.Бямбаарагчаагийн: “...11 цагийн үед манайд ирээд “Миний машинд нэг согтуу хүүхэн суусан. Мөнгөө өгөхгүй болохоор нь гар утсыг нь аваад ирлээ” гэж хэлээд нэг улаан өнгийн гэртэй утас барьчихсан орж ирсэн. ...” /хх 26/,

шүүгдэгч Г.Э-ын: “...тэгээд миний уур хүрээд баруун гарт нь байсан улаан өнгийн гар утсыг гараас нь хүчээр салгаж аваад зугтаачихсан. ...Би тэр эмэгтэйгээс таксиныхаа мөнгөө авах гээд л утсыг нь авчихсан. Бас мөнгөө авах гэж дагасан юм. ...Тэгээд намайг самардаад цохихоор нь уур хүрээд утсыг нь хүчээр авчихсан юм. Би тэр эмэгтэйн биед халдаагүй. ...”чи мөнгөө авчихсан байна” гэж хашгираад миний гарыг маажаад орилоод байхаар нь түүний баруун гартаа барьсан байсан гар утсыг нь гарнаас нь аваад гараад явчихсан. Би хүч хэрэглэж заналхийлээгүй, зүгээр гарт нь байсан утсыг нь аваад гарч яваад 1 дүгээр эгнээнд машинаа тавьсан байсан учраас машин руугаа явсан. ...” /хх 20, 43/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн: “...эрээн өнгийн цувтай, хар өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн, үсээ задгайлсан эмэгтэй гүйж яваад хүрэн өнгийн орц оуу орж байх ба саарал өнгийн цамц, хар өмд, хар гуталтай эрэгтэй хүн түүний араас гүйж байгаад араас нь орц руу ороод...орцноос урьд орсон саарал өнгийн цамц, хар өнгийн өмд, хар гуталтай эрэгтэй хүн гараад гүйж байх ба араас нь бичлэгт орц руу орж байсан эмэгтэй гараад гүйж байгаа бичлэг байна...” /хх 9/ гэх тэмдэглэл болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь Б.С-ийн гартаа барьж байсан гар утсыг дээрэмдэж авсан болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн тохирох хэсгээр оновчтой зүйлчилж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч, хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах гэсэн шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд гэмт хэргийн энэхүү шинжээр тус тусдаа хуульчлагдсан байдаг. Тухайлбал, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодид нь ноцтой хохирол учруулах байдлаар эсэргүүцэх, дарах, няцаах зорилготой байдаг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн тухайд өмчлөгчийн бие махбод руу чиглэсэн ямар нэгэн довтолгоон хийхгүйгээр, тухайлбал, эд хөрөнгийг хохирогчоос холдуулах, эзэмшлээс салгах, алдуулах зорилгоор “шүүрэх”, “татах”, “дугтрах”, “авч зугтаах” гэх мэт хохирогч төвөөс гадагш чиглэлтэй хүч хэрэглэсэн, энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадваргүй, довтолгооны шинжгүй байдгаараа ялгагддаг.

Уг гэмт хэргийн тухайд Г.Э нь такси үйлчилгээний төлбөр төлсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Б.С-ийн гартаа барьж байсан “Айфоне-8” загварын гар утсыг булааж аваад зугтсан нь эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэгээс тодорхой харагдаж байна.

Мөн хохирогч Б.С-ийн “...Тэр залуу миний үснээс татаад хойшоо чирээд намайг унагаагаад миний баруун гартаа барьж байсан улаан өнгийн гэртэй гар утсыг булаагаад гараад гүйхээр нь араас нь би гарч хөөгөөд гүйцэлгүй урд байр хүртэл хөөгөөд гүйцэхгүй хаячихсан. ...намайг үсдэж унагаагаад чирсэн. ...” гэх мэдүүлгээс өөр хүч хэрэглэсэн үйлдлийг нотолсон баримт байхгүй, хохирогчийн энэ мэдүүлэг нь хэрэгт хураагдсан CD бичлэгт Г.Э нь орцноос гараад зугтаан гүйж байгаа, хохирогч Б.С түүний араас хөөж байгаа нь бичигдсэн байдлаар батлагдаж байх тул шүүгдэгч Г.Э-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж /хохирогч Б.С-д гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, мөн нэмж 300.000 төгрөг өгсөн/ хор уршгийг арилгасан, мөн түүний хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан  “Хүндрүүлсэн нөхцөл байдалгүйгээр, булаалтын шинж чанартайг харгалзан үзнэ үү. ...Хэргийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдлуудыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Э нь нийт 51 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ