| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 184/2022/00049/И |
| Дугаар | 001/ХТ2025/00188 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00188
“Б” ХХК, Ж.Б, “К” ХХК нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/01083 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00875 дугаар магадлалтай,
“Б” ХХК, Ж.Б, “К” ХХК нарын нэхэмжлэлтэй
МЗ, МС, Ар, Ү-т тус тус холбогдох
Хохирол 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч МЗ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ц.Г, хариуцагч МЗ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК, Ж.Б, “К” ХХК нар нь хариуцагч МЗ-т холбогдуулан хохиролд 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/01083 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч МЗ-с гэм хорын хохиролд нэхэмжлэгч “Б” ХХК-д 4,222,676,852.26 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б-д 58,906,250.65 төгрөг, нэхэмжлэгч “К” ХХК-д 2,743,487,642.69 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК, “К” ХХК, Ж.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК, “К” ХХК, Ж.Б нар нь хариуцагч З-н Ү, Ар, МС-д тус тус холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,271,334 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б-с төлсөн 522,681 төгрөг, нэхэмжлэгч “К” ХХК-аас төлсөн 13,945,588 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00875 дугаар магадлалаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/01083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар МЗ-с 1,568,346,827 төгрөгийг гаргуулж, 804,857,332 төгрөгийг “Б” ХХК-д, 7,163,073 төгрөгийг Ж.Б-д, 756,326,422 төгрөгийг “К” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 5,456,723,918 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч “Б” ХХК-аас төлсөн 22,271,334 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.Б-с төлсөн 522,681 төгрөгийг, нэхэмжлэгч “К” ХХК-аас төлсөн 13,945,588 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЗ-с 4,182,237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д, 129,559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д, 3,939,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д тус тус олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК, “К” ХХК, Ж.Б нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,739,599 /522,681+11,271,330+7,945,588+11,000,000+6,000,000/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч МЗ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:
4.1.Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022.03.31-ний өдрийн 13 дугаартай тогтоолоос өөрөөр тайлбарлан нэхэмжлэгч нарт нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Дээрх 13 дугаартай тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг “Улсын Их Хурал 2009.07.16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч, тусгай зөвшөөрөл нь цуцлагдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох асуудлыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу МЗ-н 2010.11.17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан журмаар тухайлан зохицуулсан уг харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэхгүй, энэ хуулийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн харилцаанаас үүссэн маргаанд төсөөтэй хэрэглэх хууль зүйн боломжгүй юм” гэжээ.
4.2.МЗ 2010.11.17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.3.1-д байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор заасан.
4.3.Төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс тус “Б” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмал ашиглалтын МВ-***7 тусгай зөвшөөрлийг тус компанийн 2022.04.27-ны өдрийн 04/27 тоот, 2022.08.02-ны өдрийн 08/02 тоот албан бичиг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэн цуцалсныг бүртгэжээ. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө нь төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00779 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7.1.Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч МЗ-т холбогдуулан бодит хохиролд 1,580,049,556 төгрөг, олох байсан орлого 2,642,627,296 төгрөг, нийт 4,222,676,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...***** гэх 28 га бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах эрхийг 2007.02.12-ны өдөр А-*** дугаар гэрчилгээгээр 30 жилийн хугацаатай олгосон боловч 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдаж, түүнтэй уялдан гарсан М, З-н шийдвэрүүдийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. ... Төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа З-н алдаатай үйл ажиллагаа буюу хэрэгжүүлэгч агентлагтаа тодорхойгүй байдал үүсгэсний улмаас хохирсон. Төр өгсөн орд газраа буцаагаад авсан бол төрд өгсөн мөнгөө буцаагаад авна гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн эд хөрөнгөд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх үндэслэлтэй...”,
7.2.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч МЗ-т холбогдуулан бодит хохирол 15,169,626 төгрөгийг, олох байсан орлогод 43,736,624 төгрөг, нийт 58,906,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба үндэслэлээ “...“Б” ХХК-ийн нэр дээр лиценз байгаа боловч 1991 онд анх үүсгэн байгуулж хөрөнгө оруулсан “Б” ХХК-ийн өмнөөс лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж өөрийн нэрээр төлж байсан талаар шинжээчийн дүгнгэлт гарсан тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү...” гэж,
7.3.Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч МЗ-т холбогдуулан бодит хохирол 1,226,525,254 төгрөг, олох байсан орлогод 1,516,962,388 төгрөг, нийт 2,743,487,642 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “...“Б” ХХК-ийн нэр дээрх лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж, хайгуулын зардлыг төлж байсан талаар шинжээчийн дүгнгэлт гарсан тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү гэж тайлбарласан.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2009 онд хууль батлагдаад З-н 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөх олговор олгох журмын 3.4.2-т зааснаар нөхөх олговор олгох асуудлыг цуцалсан мэдэгдлээ нийтэд мэдээлснээс хойш 90 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлтээ гаргах ёстой ч хүсэлт гаргасан баримт байхгүй..., 2022 онд тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэлтэй холбоотой 7 тэрбум төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдалтай З ямар үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй..., Энэ асуудалд З-н санаатай болон болгоомжгүй гэм буруугийн хэлбэр агуулсан үйлдэл, эс үйлдэл байхгүй... тусгай зөвшөөрлийн төлбөр нь уг эрхийг хүчинтэй байлгахын тулд төрд өгч буй хуулиар хүлээсэн үүрэг тул үүнийг буцаан нэхэмжлэх боломжгүй. Ш газраас гаргасан дүгнэлтээр хайгуулын ажлын зардал, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид нэхэмжлэгч нар 1,568,000,000 төгрөг төлснийг тогтоосон, харин 7 тэрбум төгрөгийн хохирол учирсантай холбоотой З-н шийдвэр, үйл ажиллагаа шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй бөгөөд эдийн засгийн хувьд хийсвэр тооцоолол бүхий нэхэмжлэл тул үндэслэлгүй” гэж маргасан байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар МЗ-н гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон эрх бүхий этгээдийн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул талуудын хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, М-с батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ажилласан нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй..., харин нэхэмжлэгч нараас төрд холбогдуулан тусгай зөвшөөрлийг ашиглах боломж олгоогүй, үндэслэлгүй төлбөр, хураамж авч хохирсон тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй ... ” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой..., нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон байхад захиргааны байгууллага нь уг тусгай зөвшөөрлийг дээр дурдсан хугацаанд цуцлаагүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан зохицуулалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2022.03.31-ний өдрийн 13 дугаар тогтоолд .... заасан үндэслэлээр нэхэмжлэгч нар шаардах эрхтэй..., уг тогтоолоор холбогдох хуулийн зохицуулалтыг тайлбарласнаар нэхэмжлэгч нарыг нөхөх олговор шаардах эрхтэйг мэдсэн гэж дүгнэх тул түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолбол нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байна..., З-н 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөх олговор олгох журмын 3.4.2-т зааснаар нөхөх олговор олгохгүй байх нөхцөл бүрдээгүй, учир нь эрх бүхий байгууллага ...газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн гэх баримтыг хэрэгт өгөөгүй..., Ш газрын 2024.11.08-ны өдрийн 77 дугаар дүгнэлтийг гаргахдаа өмнө гарсан 3 дүгнэлт болон нэхэмжлэгч талын санхүүгийн баримтыг үндэслэсэн тул уг дүгнэлтэд дурдсан бодит хохирлыг тооцож, нөхөх олговорт нийт 1,568,346,827 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар талуудын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүх Иргэний хуулийн гэм хорын эрх зүйн зохицуулалтыг, давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тус тус хэрэглэн, өөр өөр шийдэл гаргасан ба энэ тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг буруу хэрэглэсэн, уг заалтыг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаарх гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т тус тус заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
12.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
12.1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь А газрын Г албаны даргын 2004.08.10-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрээр **** нэртэй элсний орд газарт 30 жилийн хугацаатай олгосон ашигт малтмалын ашиглалтын МҮ-*** дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу 28.65 га талбайд үйл ажиллагаа явуулж байсан,
12.2.уг талбай нь 2009 оны Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, З-н 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартай 18.42 га талбайгаар хэсэгчлэн давхацсан,
12.3.“Б” ХХК, Ж.Б, “К” ХХК нар нь А газарт 1999-2021 онд лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж, хайгуулын зардал тус тус төлж байсан,
12.4.А газрын Г хэлтсийн даргын 2022.08.08-ны өдрийн 340 дугаар шийдвэрээр **** нэртэй 28.65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-*** тоот дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт тогтоогдсон.
13.Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх 2021 онд хариуцагчаар Ү, А газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Б, “К” ХХК нар хамтран нэхэмжлэгчээр нэмэгдэж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хэд хэдэн удаа өөрчилж, зарим хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байсан ба хамгийн сүүлд 2024.01.05-ны өдөр хариуцагч МЗ-т холбогдуулан гэм хорын хохирол гаргуулахаар өөрчилж, А газар, С-д холбогдох шаардлагаас татгалзсан байна.
14.Нэхэмжлэгч “Б” ХХК, Ж.Б, “К” ХХК нар тус тусдаа шаардлага гаргаж байсан боловч Ж.Б нь “Б” ХХК, “К” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд гэм хор арилгуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлд нэгдэж, МЗ-н эрдэс баялгийн салбарт баримталж ирсэн тогтворгүй шийдвэр үйл ажиллагаа, түүний хэрэгжүүлэгч агентлагуудын хоорондын уялдаа холбоогүй байдал, дүрэм журмын хэрэгжилт тодорхойгүй, мэдээллээр хангаагүй зэргээс лицензийн төлбөр, хураамж төлж, геологи хайгуул, судалгааны ажил хийж, үргэлжлүүлэн баяжуулах үйлдвэр барьж, бизнесийн эргэлтэд оруулахаар их хэмжээний хөрөнгөө зарцуулж хохирсон гэсэн агуулгыг илэрхийлж байна.
15.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг, мөн хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ.
Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагч хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан ба гэм хор болон үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хооронд шалтгаант холбоотой байх, гэм хор учруулагч гэм буруутай байх нөхцөлийг шаардсан байна.
16.2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор гарсан З-н 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай 18.42 га талбайгаар хэсэгчлэн давхацсан, уг талбайд нэхэмжлэгч үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжгүй болсон явдалд хариуцагч МЗ-н гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон эрх бүхий этгээдийн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн, нэхэмжлэгч гэм хорын эрх зүйг үндэслэн З-т холбогдуулж шаардлага гаргаж байгаа үед З-н буруутай үйлдэл нь түүний ямар эрхийг зөрчсөн талаар тайлбарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгээр хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхлоо дурдан нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлбол зохино. Энэ нөхцөл байдал тодорхой биш, энэ талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байх тул хувь хүн Ж.Б Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзэхгүй.
17.Гэвч гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч талуудын хоорондох эрх зүйн харилцааг нэхэмжлэгч тус бүрийн шаардах эрхэд тохируулан өөрөөр тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, “...нэхэмжлэгч нараас З-т холбогдуулан үндэслэлгүй төлбөр хураамж авч хохирсон тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй.
18.Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх ...нэхэмжлэлийн үндэслэлийг гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээгээр тодорхойлсон нь алдаатай болсон, уг алдааг залруулах боломжтой” талаар дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг хэрэглэсэн нь оновчтой болоогүй, уг заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн байна.
Түүнчлэн, тус зүйл, заалтыг үндэслэн шаардлага гаргах эрх нэхэмжлэгч Ж.Б, “К” ХХК нарт хэрхэн холбогдож байгаа талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.
18.1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд ашигт малтмалын асуудлаарх З-н бүрэн эрхийг тодорхойлсон учраас нэхэмжлэгч нар нь З-т холбогдуулж нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй боловч уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан зохицуулалтын агуулга нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг төрийн мэдэлд тодорхой зорилгоор шилжүүлэн авч тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг олгохдоо хэлэлцэн тохирсон бол “өөр талбай”-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болох З-н бүрэн эрхийг баталгаажуулсан байна. Мөн уг заалтын дагуу шаардлага гаргах эрх гагцхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хамаарна.
18.2.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах” зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн аваагүй бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар З-н шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах эрх үүсэх тул нэхэмжлэгчид уг заалт хамаарахгүй.
18.3.Харин нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөл нь энэ хуулиар цуцлагдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох асуудлыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу МЗ-н 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “журам”-аар тухайлан зохицуулсан уг харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэхгүй, энэ хуулийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн харилцаанаас үүссэн маргаанд төсөөтэй хэрэглэх хууль зүйн боломжгүй” болохыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбарт дүгнэжээ.
18.4.Гэтэл давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу үүсэх харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.
19.Нэхэмжлэгч “Б” ХХК тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх нөхцөлийг бүрдүүлж 1999-2021 онд лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж, хайгуулын зардлыг төлж байсан бөгөөд хариуцагч З, түүний харьяа төрийн захиргааны байгууллага нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, МЗ-н 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “журам”-ын 3.1, 4.7, 5.2-т тус тус заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг бүрэн төлж, улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаагүй, 2022 онд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл нэхэмжлэгчид тодорхойгүй байдал үүсжээ.
20.Мөн МЗ-н 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “журам”-ын 3.4.2-т заасны дагуу эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн гэх баримтыг хариуцагч талаас хэрэгт гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах дээр дурдсан хууль журамд заасан нөхцөлийг бүрдүүлээгүй байжээ.
21.Нэхэмжлэгч “Б” ХХК 2021 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А газрын Г хэлтсийн даргын 2022.08.08-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-*** тоот дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь тухайн талбайд цаашид үйл ажиллагаа явуулах, ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн төлсөн лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс эхэлсэн гэж үзэх үндэстэй. Учир нь “Б” ХХК нөхөн олговор шаардаагүй, төр өгсөн тусгай зөвшөөрлөө цуцалснаар уг зөвшөөрөлтэй холбоотой нэгэнт төрд шилжүүлсэн төлбөр, хураамж, зардлаар төрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн агуулгаар маргасан байна.
Энэ тохиолдолд “...төр өгсөн зөвшөөрлөө цуцалснаас уг зөвшөөрөлтэй холбоотой төлбөр, хураамж, гаргасан зардлаа гаргуулах...” гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.
22.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
23.“Б” ХХК лицензийн төлбөрт 319,793,332 төгрөг, үйлчилгээний хураамжид 32,771,600 төгрөг төлсөн болохыг Ш газрын шинжээчийн 2024.11.08-ны өдрийн 77 дугаар дүгнэлтээр тогтоосныг үндэслэн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын агуулгад нийцнэ гэж үзэв.
24.Мөн Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т “Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж, 94.4-т “Засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан 2022.08.08-ны өдрийг хүртэл хугацаанд “Б” ХХК-ийн хайгуулын ажлын зардалд зарцуулсан 452,292,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Учир нь энэ хэмжээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн төрд шилжсэн гэж үзнэ.
Иймд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 804,857,332 төгрөгийг дээр дурдсан үндэслэлээр хангаж, харин бусад шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхийн шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
25.Нэхэмжлэгч Ж.Б лицензийн төлбөрт 5,641,448 төгрөг, үйлчилгээний хураамжид 1,521,625 төгрөг, “К” ХХК лицензийн төлбөрт 120,066,322 төгрөг тус тус “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор төлсөн болохыг Ш газрын шинжээчийн 2024.11.08-ны өдрийн 77 дугаар дүгнэлтээр тогтоосон тул “Б” ХХК-ийн шаардлагыг хангасантай адил үндэслэлээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эдгээр төлбөр, хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэв.
26.Харин “К” ХХК нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан шударга эзэмшигч биш байхаас гадна энэ үндэслэлээр шаардах эрх “Б” ХХК-аас түүнд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй тул хайгуулын ажлын зардалд нэхэмжилсэн 636,260,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. “К” ХХК-ийн гаргасан уг зардлыг “Б” ХХК нэхэмжлээгүй, тус тусдаа шаардлагаа тодорхойлсныг дурдаж байна.
27.Дээр дурдсан үндэслэлээр “Б” ХХК-д 804,857,332 төгрөг, Ж.Б-д 7,163,073 төгрөг, “К” ХХК-д 120,066,322 төгрөг тус тус хариуцагч МЗ-с гаргуулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.
28.Монгол Улсын Ерөнхий сайдын 2025.04.22-ны өдрийн 69 дүгээр захирамжаар хариуцагч МЗ-г төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Д нарыг томилсон, мөн З-н 2025.04.23-ны өдөр олгосон ЗГ-1/47 тоот итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлийн үндсэн дээр тэрээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан.
28.1.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00779 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-н 2025.10.20-ны өдрөөр огноолсон хяналтын журмаар гаргасан гомдлоос татгалзах тухай хүсэлтийг Улсын дээд шүүх 2025.10.17-ны өдрөөр хүлээн авсан байна.
28.2.Гэвч МЗ-н хэрэг эрхлэх газраас 2025.10.17-ны өдрийн ХЭГ/2904 тоот албан бичгээр хариуцагчийг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг шинээр томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2025.10.14-ний өдрийн 102 дугаар захирамжийг ирүүлсэн ба уг захирамжаар С.Д нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2025.04.22-ны өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.
28.3.Дээрх захирамж, албан бичгийг Улсын дээд шүүх 2025.10.22-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар төлөөлөгч С.Д-н бүрэн эрх дуусгавар болсон, шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хурлын тов хүргэгдээгүй шалтгаанаар 2025.10.23-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдааныг хойшлуулсан, 2025.11.07-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж, гомдлоос татгалзах үндэслэлгүй болохыг тодорхой тайлбарласан тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... гомдлоосоо татгалзсан учир энэхүү гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй...” гэсэн тайлбарыг хүлээн аваагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00875 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/01083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч МЗ-с 804,857,332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д, 7,163,073 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д, 120,066,322 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,417,819,520 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Ж.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,743,177 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,623,421,320 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
шийдвэрийн 3 дахь заалтыг “…“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч “Б” ХХК-аас төлсөн 22,271,334 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.Б-с төлсөн 522,681 төгрөгийг, нэхэмжлэгч “К” ХХК-аас төлсөн 13,945,588 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЗ-с 4,182,237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д, 129,559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д, 758,281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д тус тус олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Хариуцагч МЗ-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН