Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00288

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Р.Б

 

Хариуцагч: “Д” ТӨХК /Ү.Т/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2 566 400 төгрөг гаргуулах.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч “Д” ТӨХК-д холбогдуулан хохирол 2 566 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Р.Б 1981 оны 7 дугаар сард Д станцад трубин цехийн засварчнаар ажилд орж, 37 жил 5 сар ажиллаад хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1 дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 28 876 619 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор “Д” ТӨХК-ийн захиргаа шийдвэрлэсэн.

 

“Д” ТӨХК-иас нэг удаагийн тэтгэмжийг Р.Бын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн. Энэ талаар ямар учиртайг лавлахад “...Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн” гэж мэдэгдсэн.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд  албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж” гэж хуульчилсан.

Нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар “Д” ТӨХК-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй.

 

Анх шүүхэд 36 сарын үндсэн цалингийн дундаж 28 876 619 төгрөгийн 10 хувь буюу 2 887 661 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримтаас үзвэл 36 сарын үндсэн цалингийн дундаж 25 664 000 төгрөгийн 10 хувь болох 2 566 400 төгрөг болж байна.

 

1.2 Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг татварын албанаас нэхэмжлэх үндэслэлгүй. Учир нь, уг мөнгийг хариуцагч суутгаж татварын албанд тушаасан тул хариуцах этгээд нь хариуцагч байна.

 

1.3 Мөн талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 2 566 400 төгрөг болгон багасгаж, үндэслэлгүйгээр суутгасан хохирол 2 566 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Р.Б нь “Д” ТӨХК-д нийт 33.05 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/000 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

 

2.1 “Д” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Р.Бын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож, нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25 664 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Татварын албаны дансанд шилжүүлсэн. Иймд уг төлбөрийг нэхэмжлэгч нь татварын албанаас буцаан шаардах эрхтэй.

 

2.2 Түүнчлэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 дугаар дансны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганы хуулбар баримтыг, хариуцагчаас “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/000 дугаартай, “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай” тушаал, уг тушаалын “Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж” хавсралт, “Д” ТӨХК-ийн 2019 оны 4 дүгээр улирлын “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан” баримтуудыг шүүхэд тус тус өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой нэг удаагийн тэтгэмжээс үндэслэлгүйгээр суутгасан 2 887 661 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн хэмжээгээ 2 566 400 төгрөг болгон багасгасан. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж хохироосон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

Нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн тэтгэмжээс 2 566 400 төгрөгийг суутгасан тооцож, уг мөнгийг Татварын албанд шилжүүлсэн тул татварын албанаас шаардах ёстой, хариуцагч хариуцахгүй, мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тул шаардах эрхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000дугаар дансны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/000 дугаартай, “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай” тушаал, уг тушаалын “Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж” хавсралт, “Д” ТӨХК-ийн 2019 оны 4 дүгээр улирлын “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан” гэх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/000 дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр нэхэмжлэгч Р.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас халсан. Улмаар уг тушаалын хавсралтаар нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой түүнд нэг удаагийн 25 664 000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.   

 

5. Нэхэмжлэгчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25 664 000 төгрөгөөс хүн амын орлогын албан татварт 10 хувийг суутгасан мөнгийг хариуцагч хариуцах эсэх, мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болж байна.

 

Харин талууд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр цуцалж, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг болон хамтын гэрээнд зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид нэг сараас дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 25 664 000 төгрөгийн тэтгэмжийг олгохдоо хүн амын орлогын албан татварт 10 хувь болох 2 566 400 төгрөгийг суутгасан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

6. Хариуцагч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/000 дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай” тушаалын хавсралтаар нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой түүнд нэг удаагийн 25 664 000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, уг мөнгөн дүнгийн 10 хувь болох 2 566 400 төгрөгийг суутган олгосон үйл баримт нь 2019 оны 02 дугаар сард болж өнгөрсөн байх тул тухайн маргаанд 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай болон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зохицуулалт болон үйлчлэл хамаарна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 25 664 000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг болон Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг үндэслэн тэтгэмж олгосон байна. Өөрөөр хэлбэл, уг тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хамаарч байна.

 

6.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж нь албан татвараас чөлөөлөгднө.

 

Гэтэл хариуцагч нь хууль тогтоомжид буюу Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг болон хамтын гэрээнд тусгайлан заасны дагуу олгосон тэтгэмжээс Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар дээрх тэтгэмжийн үнийн дүнгээс 10 хувиар тооцож, албан татвар ногдуулсан нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгтэй нийцээгүй байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй буруулсан гэж үзнэ.

 

Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй буруулсан байх тул уг хохирлыг арилгах үүрэгтэй буюу тухайн маргаанд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд байна.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

 

Хариуцагч “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/000 дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай” тушаалаар мөн өдрөөр ажил олгогч болон ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг хамаарахгүй бөгөөд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-иар шийдвэрлэхгүй.

Харин дээрх шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаад хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 566 400 төгрөг шаардах эрхтэй байна.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56 012 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ТӨХК-иас 2 566 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Бд олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 155 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56 012 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН