| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2024/0638/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/647 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/647
2024 09 18 2024/ШЦТ/647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Г.Баясгалан,
шүүгдэгч Д.*, түүний өмгөөлөгч Т.Намжилцогт нарыг оролцуулан,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн “*******” дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*овогт **, /РД:*/,
Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, “*” гоо сайхны газарт шивээс хийдэг ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт *дүүргийн *дугаар хороо, *-*тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/*дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хайрцагтай *грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч
бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.*нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хайрцагтай 4,2228 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгч Д.*биед 2024 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 05 цаг 05 минутаас 05 цаг 10 минутын хооронд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Миний биед мансууруулах үйлчилгээтэй ургамал байгаа гэснээр...хар өнгийн цахилгаантай цамцны халааснаас хар өнгийн хайрцагт хийсэн нунтаг өвс мэт зүйл болон тамхины гаанс...” /1 дүгээр хавтаст хэргийн 8-17 дугаар тал/,
Шүүгдэгч Д.*биеэс 2024 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 04 цаг 49 минутаас 05 цаг 15 минутын хооронд шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...1 дүгээр багана буюу ТНС (Марихуан) илэрсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,
Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/,
Гэрч Я.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Д.*нь манай дүүгийн том охин байгаа юм. 2021 онд хар тамхины асуудлаар 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,
Гэрч Ц.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би Д.*ээж. Д.*нь 2014 оны 7 дугаар сард мотоциклтой явж байгаад осолд ороод сургуулиасаа чөлөө авсан. 2019 онд хар тамхины асуудлаар 1 жил хорих ял эдэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,
Сэжигтэн Э.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 09 цагт гэрээсээ гараад “Нарантуул” зах дээр очоод оройны 19 цаг хүртэл ажиллаад гэртээ очсон. Тэгээд *руу мессенжер чатаар “Юу хийж байна? уулзах уу?” гээд шивээсний талаар яръя гээд 1 цагийн дараа уулзахаар тохирсон. Би гэрээсээ гараад өөрт байсан өвсийг “Эрдмийн ундраа сургууль”-ийн зүүн талын грашийн дунд хэрэглэж дуусаад *руу алхаад хорооллын бичил дээр бид хоёр уулзсан. Тэгээд байрны урд талын саадад хүний 2 лааз пиво ууж, шивээсний талаар ярилцаж суусан. Удалгүй *нь “Тэнгис кино театр”-т очиж хүнтэй уулзана гээд хамтдаа такси бариад “Тэнгис кино театр”-ын үүдэнд буусан. Тэгээд 4, 5 минут найзыг нь хүлээж зогсож байхад “Приус 30” загварын машин зогсоод хоёр энгийн хувцастай залуу бууж ирээд Хар тамхитай тэмцэх газарт ирсэн. Би Томокотой 14 хоногийн өмнө танилцаж байсан. Сэтгэцэд нөлөөт бодис авч явж байсныг мэдэхгүй. Метамфетамин бол 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.*хамт “Саппоро”-гийн автобусны буудал дээр байрлах биллиард тоглох гэж ороод удалгүй Д.*нь ариун цэврийн өрөө рүү орсон. 20-30 минутын дараа намайг 00 цаас аваад ирээч гэсэн. Ороход Д.*нь мөс хэрэглэж байсан ба гуурсаа асаагуураар асаагаад сорж байгаад намайг “Сорох уу?” гэж асуусан. Би эхлээд татгалзаад “Ийм зүйл хэрэглэхгүй” гэхэд дараа нь Д.*амандаа сорсон утаагаа миний ам руу үлээсэн. Тэр үлээсэн утааг би сорсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-58, 61-62 дугаар тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Р.*2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн *дугаартай “...1, 3. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Т-191 **-р хорооны нутаг дэвсгэрт Д.*өөрийн биедээ хадгалсан хар хайрцагтай төмөр гаанс ногоон өнгийн ургамал мэт зүйл а/д Э.*2024.05.28 гэж хаягласан “Lighter classic fashionable” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, төмөр эд зүйл зэргээс дельта тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Lighter classic fashionable” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хайрцагтай үеийн жин 18,6023 гр, цэвэр жин 4,2228 гр байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дүгээр тал/,
Нийслэлийн щүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.*2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3213 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “**УШ97043081” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Метамфетамин (Methamphetamine), тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) илэрч байна. Шинжилгээнд илэрсэн бодис болох Метамфетамин (Methamphetamine), тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 113-115 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаартай “...1. Д.Энхцэцэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.*нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.*нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.*нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.*нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэсэн шинжээчдийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.*мэдүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, *2-5 тоот нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “White Pool Billiard’’-ын байранд шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 83-91 дүгээр тал/,
Гэрч Э.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай биллиардын газарт *гэх залуу 2024 оны 4 дүгээр сарын эхэнд ажилд ороод 1 cap гаруй ажиллаж байгаад 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Манай биллиардын хяналтын камер хэвийн ажиллаж байгаа. Камерын бичлэг хадгалах хугацаа 14 хоног хадгалаад устдаг. Энхтүвшин гэх залуу манайд ажиллаж байхдаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байхыг харж байгаагүй. Би өдөр тутамдаа хяналт тавьж ажилладаг. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ амарч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,
Гэрч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Д.*найз нөхдийн холбоотой. 2015 оноос хойш найзалж байна. Би “Саппоро”-д байрлах “White pool billiard” нэртэй ажил дээрээ байхад Д.*нь над руу залгасан. Тэгээд “Ажил дээрээ байгаа юм уу? наад хавьд чинь хүнтэй уулзах юм, тэр болтол найз залуутайгаа танай биллиардад яваад очъё” гээд ирсэн. Манай биллиард хаах цаг болсон байсан тул удалгүй би хаагаад нөгөө ээлжийн хүндээ үлдээгээд “Тоглож дуусчхаад гараарай” гэж хэлээд орхиод явсан. Би Д.*мөс гэх зүйлийг өгөөгүй, энэ талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 110-111 дүгээр тал),
Иргэн Д.*эзэмшлийн “Самсунг-А90” загварын гap утсанд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 112-119 дүгээр тал/,
Гэрч Б.*“...Би анх 2017 онд Фейсбүүк хаягаас гэсэн зарыг хараад Их дэлгүүрийн баруун урд байрны подволд шивээсний салонд орж Д.*гэх охинтой танилцсан. Түүнээс хойш хааяа чат бичдэг байж байгаад 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.*нь над руу залгаж холбогдсон. Тэгээд “Танай оффис дээр яваад очъё, ярих юм байна” гээд орой 22 цагийн орчимд манай ажлын “**” гэх нэртэй оффисын *тоотод ирсэн. Д.*нь надтай зуслангийн хаусны талаар ярилцаад 1 сая төгрөгөөр зураг зураад өгөөч гэж гуйсан. Би нэлээн үнэтэй гарна гээд эскиз зураг гаргаж өгөхөөр тохироод мөнгө олчхоод эргээд холбогдоно гээд манай ажлаас гараад явсан. Би Д.*өвс гэх нэршилтэй ургамал өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр тал/,
Гэрч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би “**” оффисын үйлчилгээ хариуцсан менежер. Б.*нь манай оффисын *давхар, **өрөөг түрээслэгч. Манай хяналтын камер 14 хоног хадгалаад устдаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
“***” ХХК-ний 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 79/001 дугаартай “**” оффисын гадна болон дотоод орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 63 ширхэг камер, дүрс оношилгооны төхөөрөмж суурилуулсан бөгөөд камерын бичлэг 14 хоногийн хугацаатай хадгалагдаад устдаг болно...” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар тал/,
Шүүгдэгч Д.*эзэмшлийн “Iphone XR” загварын гар утсанд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 62-70 дугаар тал/,
Иргэн Г.*эзэмшлийн “OFFO A32” загварын гар утсанд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 71-82 дугаар тал/,
Шүүгдэгч Д.*нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,
Шүүгдэгч Д.*өмгөөлөгч Т.Намжилцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу маргахгүй, шүүгдэгч Д.*оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж,
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.
Шүүгдэгч Д.*нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Д.*Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хадгалсан бодисын хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж шүүгдэгч Д.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Д.*нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.*нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Lighter classic fashionable” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хайрцаг дотор ногоон өнгийн ургамал /4,2228 грамм цэвэр жинтэй/, төмөр гаанс 1 ширхэг зэрэг нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа *дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эд мөр хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Lighter classic fashionable” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хайрцаг дотор ногоон өнгийн ургамал /4,2228 грамм цэвэр жинтэй/, 1 ширхэг төмөр гаанс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД