Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00523

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК /Ө.Г/

 

Хариуцагч: Ч.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2 348 383 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Б.А, хариуцагч Ч.М.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Ч.Мд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 2 338 483 төгрөг, нотариатын зардалд 9 900 төгрөг, нийт 2 348 383 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 303 486 төгрөг, үндсэн хүү 721 518 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 312 678 төгрөг, бусад шитгэл 800 төгрөг, нотариатын зардал 9 900 төгрөг, нийт 2 348 383 төгрөг гаргуулах.

 

1.2 Ч.М нь “Т” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 0000000000000 дугаартай “Кредит карт эзэмших гэрээ”-г байгуулан, 1 400 000 төгрөгийг бэлэн гүйлгээний хүүгийн хэмжээг жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүүгийн хэмжээг жилийн 24 хувь, 24 сарын хугацаатай зээлсэн.

 

Хариуцагч Ч.М нь гэрээ байгуулсан өдрөөс хойш хүү 742 635 төгрөг, хугацаа хэтрүүлсэн шимтгэл 208 551 төгрөг тус тус төлсөн.

 

1.3 Иймд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 1 303 486 төгрөг, үндсэн хүү 721 518 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 312 678 төгрөг, бусад шитгэл 800 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулсан нотариатын зардал 9 900 төгрөг, нийт 2 348 383 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.М хариу тайлбартаа: Миний бие “Т” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 0000000000000 дугаартай “Кредит карт эзэмших гэрээ”-г байгуулан, 1 400 000 төгрөгийг бэлэн гүйлгээний хүүгийн хэмжээг жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүүгийн хэмжээг жилийн 24 хувь, 24 сарын хугацаатай кредит карт авсан.

 

Зээлийн гэрээний хугацаанд ажлаасаа гарсан. Цар тахлын улмаас хувийн бизнес зогссон. Иймд үндсэн зээл үлдэгдэл 1 303 486 төгрөг, үндсэн хүү 721 518 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрч байна.

 

2.1 Харин хугацаа хэтрэлтийн шимтгэл 312 678 төгрөг, бусад шитгэл 800 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулсан нотариатын зардал 9 900 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь, хугацаа хэтрэлтийн шимтгэл 312 678 төгрөг, бусад шитгэл 800 төгрөг төлөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ийнхүү гаргахад гарсан зардал 9 900 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Т” ХХК-ийн 0000000000 дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Монголын нотариатчдын танхимын 0000 дугаартай мөнгөн тасалбар, зээлдэгчийн анкет,  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 0000000000000 /дугаар засвартай/ дугаартай “Кредит карт эзэмших гэрээ”, Ч.Мгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Т” ХХК-д гаргасан хүсэлт, Ч.Мгийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Т” ХХК-ийн Баянгол тооцооны төвд гаргасан өргөдөл, хүү тооцооллын хүснэгт, “Т” ХХК-ийн кредит дансны хуулга баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн.

 

4. Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 1 303 486 төгрөг, үндсэн хүү 721 518 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 312 678 төгрөг, бусад шитгэл 800 төгрөг, нотариатын зардал 9 900 төгрөг, нийт 2 348 383 төгрөг гаргуулах.

 

3. Хариуцагч Ч.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: хугацаа хэтрэлтийн шимтгэл 312 678 төгрөг, бусад шитгэл 800 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулсан нотариатын зардал 9 900 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь, хугацаа хэтрэлтийн шимтгэл 312 678 төгрөг, бусад шитгэл 800 төгрөг төлөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ийнхүү гаргахад гарсан зардал 9 900 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Т” ХХК-ийн0000000000 дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Монголын нотариатчдын танхимын 0000 дугаартай мөнгөн тасалбар, зээлдэгчийн анкет,  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 0000000000000 /дугаар засвартай/ дугаартай “Кредит карт эзэмших гэрээ”, Ч.Мгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Т” ХХК-д гаргасан хүсэлт, Ч.Мгийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Т” ХХК-ийн Баянгол тооцооны төвд гаргасан өргөдөл, хүү тооцооллын хүснэгт, “Т” ХХК-ийн кредит дансны хуулга нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 0000000000000 /дугаар засвартай/ дугаартай “Кредит карт эзэмших гэрээ” зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Гэрээний 2.3, 2.4, 2.7-д зааснаар зээлдэгч Ч.М нь зээлдүүлэгч “Т” ХХК-иас 2 жилийн зээлийн лимитийн хугацаатай, 1 000 000 төгрөгийг зээлийн лимиттэй зээлэх, зээлийн хүүгийн хэмжээг бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд жилийн 24 хувь байхаар, зээлийн лимит хэтрүүлсэн шимтгэлийг зээлийн лимитээс хэтрүүлэн ашигласан дүнгээс 2 хувь, хамгийн багадаа 2 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн шимтгэлийг төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10 000 төгрөг байхаар тохиролцсон байна.

 

5. Хариуцагч Ч.М зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэхэд, мөн зээл 1 400 000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй. Түүнчлэн, үндсэн зээлийн үлдэгдэлд 1 303 486 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 721 518 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Харин хугацаа хэтрэлтийн шимтгэл болон бусад шитгэл, мөн нотариатын зардал төлөх эсэх нь маргааны зүйл болж байна.

 

Зээлийн гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний дагуу хариуцагч нь зээл 1 400 000 төгрөгөөс 1 303 487 төгрөгийг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй. Иймд хариуцагч нь гэрээнд заасан үндсэн зээлийг тохирсон хугацаанд нэхэмжлэгчид буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1 303 487 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

5.1 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно. Талууд гэрээний 2.6-д хүүгийн хэмжээг бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд жилийн 30 хувь, харин бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд жилийн 24 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай харшлаагүй байна.

 

Хариуцагч нь зээлийг хэрэглэх явцдаа хүүгийн төлбөрт 721 518 төгрөг төлж, 742 635 төгрөг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй. Иймд хариуцагч нь гэрээнд заасан хүүгийн төлбөрийг тохирсон хугацаанд нэхэмжлэгчид буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрийн үлдэгдэлд 742 635 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

5.2 Гэрээний 2.7-д шимтгэл, хураамжийн талаар заасан байх бөгөөд 2.7.1-д зээлийн лимит хэтрүүлсний шимтгэлийг зээлийн лимитээс хэтрүүлэн ашигласан дүнгээс 2 хувь, хамгийн багадаа 2 000 төгрөг, гэрээний 2.7.2-т хугацаа хэтрүүлсний шимтгэлийг төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10 000 төгрөг байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний шимтгэлийг шаардах эрхийн үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадахгүй байна. 

 

Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, талууд нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээгээр тохирсон байх ёстой. Гэтэл гэрээнд талууд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хугацаа хэтрүүлсний шимтгэлийг нэмэгдүүлсэн хүү гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь бусад шитгэлд 800 төгрөг шаардсан боловч уг үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсний шимтгэл болон бусад шитгэлд нийт 313 478 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

5.3 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Монголын нотариатчдын танхимын 0000 дугаартай мөнгөн тасалбарт дурдсан 9 900 төгрөгийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл дээрх баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 9 900 төгрөгийг хохиролд шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2 025 004 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 323 379 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Зээлийн гэрээг цуцлах нь бие даасан шаардлага бус, харин гэрээний үүргийг шаардах эрхийн үндэслэл болж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Мгаас 2 025 004 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 323 379 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 350 төгрөг, улсын орлогоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН