| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/0986/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1013 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Агар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********,
шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2403 00352 0503 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** оны ****** дүгээр сарын ******-ны өдөр Ховд аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, захчин, тусгай дунд боловсролтой, “*********” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ********* дугаар хороо, ********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********,***********,*****************;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маш их харамсаж байна…”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** “...Шүүгдэгч залуу хүн, бага насны 2 хүүхэдтэй, нэгэнт дүү минь босоод ирэхгүйгээс цааш гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэцгээв.
Эрүүгийн 2403 00352 0503 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), иргэний нэхэмжлэгч, хариуцагч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын 1958 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-64 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2031 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 97-107дахь тал), Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 121-128 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1242 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 141 дэх тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-53 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12, 65-70 дахь тал)
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс осол гарсан газар, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 156 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 193 дахь тал), оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 194 дэх тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 195-196 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 197 дахь тал), дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 198-237 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баруунтурууны давааны замд 2024 оны 05 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 15 минутын орчимд “MITSUBISHI FUSO” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4.а-д “жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ************ мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “...манай дүү болох талийгаач нь *******... 2005 онд эхнэрээсээ салаад ...ээжийг харах гээд ээжтэй хамт хотод амьдардаг байсан. Тэгээд 2005 оноос хойш архи уудаг болоод түүнээс хойш хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр талийгаачийн ах, миний дүү болох ******* нь Сонгинохайрхан дүүргийн Баруун турууны давааны зүүн талд үйлдвэрийн манаач хийдэг бөгөөд хотод биеэ үзүүлэх шаардлага гараад талийгаачийг дуудаж тухайн өдөр нь очиж хоноод 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талийгаач тухайн үйлдвэрийг нь харж өнжөөд ******* 21 цагийн үед гэртээ очиж 21-22 цагийн хооронд ********* ажлаас нь гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын 1958 дугаартай: “Шинжилгээнд ирүүлэн осол хэргийн материалд “MITSUBISHI FUSO” маркийн 90-25 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тогтооход 75.45 км/цаг гарч байна, үзлэг шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-64 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2031 дугаартай “...амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь ясны олон хэсэг салсан бяцарсан хугарал, эрүү, хамар ясны хугарал, гол судасны тасрал, зүрхний задрал, няцрал, хоёр уушигны няцрал, урагдал, зүүн уушигны тасрал, гадагшлалт, баруун зүүн 1-12-р хавирганы хугарал, сээрний 4-р нугалмын их биеийн бүрэн тасарсан бяцарсан хугарал, сээрний 5-10-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, улаан хоолойн тасрал, зүүн бөөр дэлүүний үүдэвч, элэгний няцрал, нойр булчирхайн тасрал, чацархай, нарийн бүдүүн гэдэсний цус хуралт, зүүн гар дунд бугалга дунд 1/3-н тасрал, зүүн эгэм, мөрний үе, атгаал ясны бяцарсан хугарал, баруун шилбэний ил болон далд хоёрлосон хугарал, нүүр, их бие мөчдийн зулгаралт, шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед дайрагдахад үүсэх боломжтой... Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ... амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээр хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Цогцост үзлэг хийсэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний 01 цаг 30 минутын байдлаар 2-4 цаг болсон байна гэжээ. Амь хохирогчийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 97-107 дахь тал),
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн “…MITSUBISHI.FUSO” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн ойрын их гэрлийн хүч стандартын шаардлага хангахгүй, баруун ойрын гэрэл ажиллахгүй, баруун урд дохионы гэрэл ажиллахгүй, салхины шил арчигч ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн ослоос өмнө үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. Зүүн толь хагархай, урд салхины шил цуурсан гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. ...урд нүүр цөмөрч хонхойсон, баруун ойрын гэрэл ажиллахгүй, баруун урд дохионы гэрэл ажиллахгүй, салхины шил арчигч ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын үед өмнө үүссэн байх гэмтлүүд юм... Зүүн толь хагархай, урд салхины шил цуурсан гэх эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн ослоос өмнө үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. “MITSUBISHI.FUSO” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь АВС хийн дамжуулгат тормосны системтэй, тоормосны ажиллагаа бүрэн. “MITSUBISHI.FUSO” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь АВС хийн дамжуулгат тормосны системтэй, Тормос гишгэх үед замын гадаргуугаас хамаарч тормосны мөр зам дээр үүснэ. MITSUBISHI.FUSO маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, баруун ойрын гэрэл ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2023 онд монгол улсад импортоор орж техникийн хянатын үзлэгт хамрагдсан байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 121-128 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3326 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн хувцаснууд хөгцөрч муудсан байх тул дүгнэлтэд дурдсан хувцаснууд бусад обьектууд шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1242 дугаартай “...жолооч ****** нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасны дагуу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/ц, суурин газрын гадна цагт 80 км/ц, тууш замд цагт 100 км/ц-аас хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Амь хохирогч /явган зорчигч/ ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасны дагуу “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 141 дэх тал),
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-53 дахь тал), зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 04 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-12, 65-70 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал), гэмт хэргийн талаархи, гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), “...******* улсын дугаартай машин хүн мөргөчихлөө...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.
Шүүгдэгч ****** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4.а-т “жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1242 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 141 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1958 дугаартай шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 59-60 дахь тал) тогтоогдсон.
Дээрх зөрчлийн улмаас явган зорчигч ********** жолоодон явсан автомашинд мөргүүлж амь хохирсон ба түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд нийт 35,000,000 төгрөг төлж барагдуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт “...нэгэнт дүү маань босож ирэхгүй тул энэ залууд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Цаашид хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад гэм хор учруулсан бол ажил олгогч аж ахуйн нэгж, иргэнийг иргэний хариуцагчаар татаж хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг богино хугацаанд сэргээн эдлүүлэх, учирсан хохирол, хор уршгийн зардлыг бүрэн шуурхай гаргуулахад анхаарч ажиллавал зохино.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******* “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг тус тус гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх талаар гаргах саналгүй гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт хүсэж шаардлагатай материаллаг зардлуудыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй тухай хүсэлт гаргасан, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн 2,6 промилл буюу хүнд зэргийн согтолттой харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын хашилгатай хэсэг давж зорчих хэсэгт гарч ирсэн нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жил хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Түүний ажил хөдөлмөр эрхлэх болон хувийн байдлыг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ****** 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаанд Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ