Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00524

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.О,

 

Хариуцагч: Л.Б,

 

Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Г.О, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Я.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хүү О.Б төрсөн эцэг хариуцагч Л.Б мөн эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзсан тул хүсэлт гаргаагүй гэж үзэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Л.Бд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Л.Бтай 2008 онд танилцаж, хамтран амьдарсан. 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тэдний дундаас хүү О.Б, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Н нар төрсөн.

 

1.2 Талууд зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүдүүдийг эх Г.Оын асрамжид үлдээж, эцэг Л.Бас хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэжээ.

 

2. Хариуцагч Л.Б хариу тайлбартаа: 2008 онд Г.Отай танилцаж, хамтран амьдарсан. 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Б, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Н нар төрсөн.

 

2.1 Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Баянголд дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Оюуны ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, Их амгалан БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, О.Б болон Б.Н нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг гаргуулсан.

 

5. Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас хүү О.Б, охин Б.Н нар төрсөн. Талууд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох.

 

3. Хариуцагч Л.Б хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзаагүй.  

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянголд дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Оюуны ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, Их амгалан БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, О.Б болон Б.Н нарын төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.О болон хариуцагч Л.Б нар 2008 онд танилцаж, хамтран амьдарсан. Тэдний хамтран амьдрах хугацаанд буюу 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тэдний дундаас хүү О.Б, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Н нар төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Түүнчлэн, хүү О.Бтөрсөн эцэг хариуцагч Л.Б мөн эсэхэд хариуцагч маргаагүй.

 

5. Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хоорондын таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах үеэс хүү О.Б, охин Б.Н нар эх Г.Оын асрамжид өсөж байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн өсөж бойжиж байгаа болон ахуй нөхцөл, хүүхдүүдийн насны онцолго, хариуцагч хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар татгалзаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хүү О.Б, охин Б.Н нарт эцэг Л.Бас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү О.Б, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Н нарыг эх Г.Оын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү О.Б, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Н нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Л.Бас гаргуулан олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН