Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/00683

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц,

 

Хариуцагч: Ж.Н,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Ц.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

Хариуцагчид 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшилсон. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ж.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ж.Нтай 2008 онд гэр бүл болсон. 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.С, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин Н.С, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Н.С нар төрсөн.

 

1.2 Хариуцагч Ж.Н нь нэхэмжлэгчид бие мах бодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг.

 

1.3 Зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

 

1.4 Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Н шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүрэгт ирсэн дуудлага мэдээлэл, шийдвэрлэлтийн талаарх баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, эмчийн тодорхойлолт, Н.С, Н.С, Н.С нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд 2008 онд гэр бүлж, гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.С, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин Н.С, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Н.С нар төрсөн.

 

2.1 Хариуцагч Ж.Н нь нэхэмжлэгчид бие мах бодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг.

 

2.2 Зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх.

 

3. Хариуцагч Ж.Н шүүхэд тайлбар гаргаагүй, ирүүлээгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүрэгт ирсэн дуудлага мэдээлэл, шийдвэрлэлтийн талаарх баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, эмчийн тодорхойлолт, Н.С, Н.С, Н.С нарын төрсний гэрчилгээний хуулбар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Ц болон хариуцагч Ж.Н нар 2008 онд гэр бүлж, гэрлэлтээ 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, эхнэр, нөхөр болсон. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Н.С, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин Н.С, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Н.С нар төрсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Баянгол дүүрэгт ирсэн дуудлага мэдээлэл, шийдвэрлэлтийн талаарх цагдаагийн байгууллагын баримтаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч нь цаашид хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

7. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу мөн зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

8. Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос тусдаа амьдрах үеэс хүү Н.С, охин Н.С, хүү Н.С нар эх Б.Цгийн асрамжид өсөж байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн өсөж бойжиж байгаа болон ахуй нөхцөл, хүүхдүүдийн насны онцолго зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгч нь хэдийгээр хүүхдүүдэд эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, энэ талаар шаардлага гаргаагүй боловч энэ нь хүүхдүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр  хүү Н.С, охин Н.С, хүү Н.С нарт эцэг Ж.Наас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан У овогт Б Ц /РД: 0000000000/, Б овогт Ж Н /РД: 0000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.С, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Н.С, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.С нарыг эх Б.Цгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.С, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Н.С, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.С нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ж.Наас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН