Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/00755

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Н,

 

Хариуцагч: Л.У,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.

 

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу Япон улсад оршин суудгийн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болж  итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Л.Уд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Л.Утай 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон.

 

1.2 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тэдний дундаас хүү Н.Ц төрсөн.

 

1.3 Гэрлэгчид зан харилцааны улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

 

1.4 Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ гэжээ.

 

2. Хариуцагч Л.У болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон. 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Н.Ц төрсөн. Зан харилцааны улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Н.Ц эрүүл өсөж бойжиж буй талаарх эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургуулийн тодорхойлолт, хүү Н.Цийн төрсний гэрчилгээний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлж гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

2.1 Хамтран амьдрах хугацаанд буюу 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Н.Ц төрсөн.

 

2.2 Зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах.

 

3. Хариуцагч Л.У нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, хүүхдийг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэгчдийн 0000000 Г-68 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Н.Цийн 0000000000 Г-3029 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Н.Ц эрүүл өсөж бойжиж буй талаарх эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургуулийн Н.Ц 00 ангид сурч буй талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0012 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Т.Н болон хариуцагч Л.У нар 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, эхнэр, нөхөр болсон. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Н.Ц төрсөн.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй. Өөрөөр хэлбэл, талууд хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн байна.

 

7. Талууд зан харилцааны таарамжгүйн улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах хүсэл зориггүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн, мөн хариуцагч гадаад улсад оршин сууж байгаа зэрэг нөхцөл байдлаас мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнгүй гэж үзэхээр байна.

 

8. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

9. Талууд 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Цийг эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “...гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож болно...” гэж заасантай нийцэж байх тул хүүхдийг эхийн асрамжид үлдээв.

 

10. Шүүх хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр  хүү Н.Цт эцэг Т.Наас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Оовогт Т Н /РД: 0000000000/, Х У /РД: 0000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Цийг эх Л.Угийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Цийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Т.Наас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН