| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/03829/И |
| Дугаар | 102/ШШ2022/00756 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/00756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.А,
Хариуцагч: М.Ж,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О /цахимаар/, хариуцагч М.Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч цахимаар шүүх хуралдаанд оролцохоор болсон тул уг хүсэлтээсээ татгалзсан.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.А нь хариуцагч М.Жд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч П.А нь хариуцагч М.Жтай 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсон.
1.2 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ж.У, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Б нар тус тус төрсөн.
1.3 Хариуцагч М.Ж нь 2014 оны сүлээс өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаанд орж, тухайн эмэгтэй нь М.Жы 2 хүүхдийг төрүүлсэн. Үүнээс болж миний бие сэтгэл санааны дарамтад орох болсон. Энэ мэт асуудлаас болж М.Ж нь намайг зодсон бөгөөд цагдаагийн байгууллага үүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөн тэрээр хүүхдүүдтэй муухай харьцсанаас болж хүүхдүүд сэтгэл санааны гутралд орсон.
1.4 Иймд М.Жтай цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу М.Жаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна.
1.5 М.Жы нэр дээр гэр бүлийн хэрэгцээний 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашин байдаг бөгөөд уг автомашинаас ногдох хэсгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч М.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Атай 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсон.
2.1 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ж.У, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Б нар тус тус төрсөн.
2.2 Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна.
2.3 Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.
2.4 Хүүхдүүдэд хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө.
2.5 Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгнө гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүү Ж.Б, охин Ж.У нар эрүүл өсөж бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Ж.У болон М.Ж нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Ж.У болон хүү Ж.Бын төрсний гэрчилгээний хуулбар, 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгч байсан эсэхийг шалгах хуудас баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээний хуулбар баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлж, гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2.1 Хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ж.У, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Б нар тус тус төрсөн.
2.2 Зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах.
2.3 Охин Ж.У, хүү Ж.Б нарыг эх П.Агийн асрамжид үлдээх.
2.4 Эцэг М.Жаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах.
2.5 Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашинаас ногдох хэсэг гаргуулах.
3. Хариуцагч М.Ж нь гэрлэлт цуцлахыг, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг, хүүхдийн тэтгэлэг төлөхийг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхийг тус тус зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэгчдийн 0000000000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Ж.Угийн 0000000000 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Ж.Бын 1107800105 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүд эрүүл өсөж бойжиж буй талаарх эмчийн тодорхойлолт, 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгч байсан эсэхийг шалгах хуудас, 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчид бэлэглэсэн тээврийн хэрэгсэл бэлэглэх тухай талуудын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 0000 дугаартай гэрээ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч П.А болон хариуцагч М.Ж нар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлж гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж, эхнэр, нөхөр болсон. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Ж.У, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Ж.Б нар тус тус төрсөн.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
Нэхэмжлэгчийн хариуцагч сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан үйл баримт, мөн гэрлэгчид хэн аль нь гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах хүсэл зориггүй тайлбар зэргээс үзвэл шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
7. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.У, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Б нарыг эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “...гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож болно...” гэж заасантай нийцэж байх тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээв.
8. Шүүх хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр охин Ж.У, хүү Ж.Б нарт эцэг М.Жаас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож болно.
Талууд 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэхэд маргаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байх бөгөөд хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт харшлаагүй байна.
Иймд 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд хариуцагч шилжүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан МөнхЖргал овогт П А /РД: 0000000000/, Баян эрхт овогт М Ж /РД: 0000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.У, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Б нарыг эх П.Агийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ж.У, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 00 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг М.Жаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч М.Ж 00-00 СЭҮ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгч П.Агийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН