Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 201722000185 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А.Т-,

Шүүгдэгч А.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Ганчандмань дэлгүүрийн гаднаас 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэн А.Ж-ын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч А.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Ганчандмань дэлгүүрийн гаднаас 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэн А.Ж-ын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч А.Ж-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд зах орж хурга угжих сүү авах гэж орж ирсэн юм. Тэгээд би мотоциклио Чандмань дэлгүүрийн үүдэн дээр тавиад зах ороод 20 орчим минут болоод гараад ирсэн чинь миний Даюун маркийн мотоцикль байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн газар ирж тэмдэглүүлсэн.... Би алдсан мотоциклоо авсандаа их баярлаж байна... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч Д.Л-йн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр цас орж байсан юм. Миний санахад 15-16 цагийн үед байх А.Т- буюу Жангаа 2 улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирсэн. Тэгээд та 2 энэ мотоциклийг гудамжныхаа үзүүрт таньдаг дэлгүүр байвал барьцаанд тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь ах нь яаж дэлгүүрт тавьдаг юм. Өөрсдөө тавь гэж хэлсэн чинь манай найз Жангаагийн төрсөн өдөр нь болж байгаа юм. Манай найзын мотоцикль байгаа юм. Бид 2 жаахан жаахан юм ууж, хоол унд хийж идэх гэсэн юм гээд яриад байж байтал манай хүргэн дүү Ц.Г- манай гэрт такситай ирсэн юм. Тэгэхээр нь би алхаад очсон. Манай гэр 10-р хорооны хамгийн арын гудамжны үзүүрийн хаалга болохоор Ц.Г-ийн ирэх нь харагдаж байсан. Тэгтэл Ц.Г- надад ямааны сам авч ирж өгөөд би жоохон ноолуур тушааж ойр зуурынхаа юмыг авлаа гэж байсан. Тэгэхээр нь би ахдаа 30.000 төгрөг зээлчих энэ 2 мотоциклио барьцаанд тавиад 7 хоногийн дараа авна гээд байна гэж хэлээд 30.000 төгрөг авсан. Тэгээд Ц.Г-т ахын дүү энэ мотоциклийг нь унаад явчих гэж хэлээд мотоциклийг нь өгч явуулсан юм. Тэгээд Давааням, А.Т- хоёр 30.000 төгрөгөө аваад дэлгүүр орно гэж хэлээд явсан. Өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй .... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Гэрч Ц.Г-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын эхээр байхаа сайн санахгүй байна. Би ямаагаа самнаад хөдөөнөөс аймгийн төв орж ирээд Лхагвадорж ахынд ирсэн юм. Тэгтэл Лхагвадорж надад энэ 2 залуу мотоциклио 30.000 төгрөгөөр барьцаанд авчих гээд байна чамд 30.000 төгрөг байна уу гэхээр нь би 30.000 төгрөг гаргаж өгөөд мотоциклийг нь аваад явсан юм. Тэгтэл 4-5 хоногийн дараа Лхагвадорж ах над руу залгаад нөгөө мотоцикль чинь хулгайн мотоцикль гэнэ аваад ороод ир гэсэн. Тэгэхээр нь би мотоциклийг нөгөө барьцаанд тавьсан нэг залууд нь өгсөн. Бас цагдаа нар цуг явсан гэх мэдүүлэг

Гэрч З.Д-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын Устын амны Улаан даваа гэх газарт хөдөө байх гэрээсээ 10-аад хоногийн өмнө аймгийн төвд орж ирсэн юм. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед А-гийн гэрт Баска, Муна бид 4 3 шил архи уусан байсан. Тэгээд Тоорой ахынд очиж мөнгө авах гээд явж байгаад 10-р хороонд Босо дэлгүүрийн урд Жангаа буюу Түмэнжаргал, нэг танихгүй залуутай мотоцикль уначихсан явж байсан. Тэгээд намайг энэ мотоциклийг 50.000 төгрөгөөр барьцаанд тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид 3 хамт Тоорой гэж 10-р хороонд гутал хийдэг ахын гэрт гурвуулаа хамт очсон юм. Тэгээд Тоорой ахтай уулзсан чинь ахад нь мөнгө байхгүй би дүүдээ хэлээд өгье гэж хэлээд хүргэн дүүгээсээ 30.000 төгрөг авч өгөөд мотоциклийг нь дүү нь унаад явсан. Тэгээд бид 3 урагшаа уруудаж яваад 3 шил 0.5 литр монгол стандарт гэж архи аваад хойд тал дээр гарч хувааж уусан юм. Тэгээд би салаад Лхагвадорж ахынд 19-20 цагийн үед ирж хоносон. Гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 7-р тал/,

Камерийн бичлэг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-р тал/

Шүүгдэгч А.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 09 цагийн үед 10-р хороонд А- ахынхаас Муна, Бааска, А- ах бид 4 гараад Мандал ахынд очоод 2 нохой аваад зах орсон. Тэгээд нохойгоо зараад 3 шил 0.75 литр архи аваад түүхий эдийн тэнд уугаад Муна, Бааска 2 ажлаа хийнэ гээд явсан. Анх ах нэг мэдсэн яваад өгсөн байсан. Тэгээд би зах руу ороод Мандал, Б.Энхбат, 13-р хорооны жижиг Заяа ах нартай таараад 5 шил архи уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь Тоорой буюу Лхагвадорж ахынд ирчихсэн мотоциклио барьцаанд 30.000 төгрөгөөр өгч байсан. Тэгээд мөнгөө аваад Давааням 2 урагшаа яваад Монгол стандартын 0.75 литрийн 3 шил архи аваад А- ахын гэрт очоод А- ах Давааням бид 3 уусан тэгээд тасарчихсан байсан. Би улаан хүрэн өнгийн Даюун маркийн мотоциклийг захын Ганчандмань дэлгүүрийн урдаас авсан гэж цагдаа хэлсэн. Тэгээд камерийн бичлэг үзүүлсэн чинь би ганцаараа түрээд явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч А.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29, 39-45-р тал/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялтай байх хугацаа дууссан байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000185 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Т-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар А.Т-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай. 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Н.АРИУНЖАРГАЛ