Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 02207

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02207

 

 

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01758 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч НЗДд холбогдох,

 

НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай хэргийг нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч   Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгт 2014 оноос хойш ажилласан. НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна. Өөрийн дүү Ц.О-ыг Ц.Ч гэх нярайн чөлөө авсан туслах багшийн оронд түр ажиллуулсан. Ц.Ч багш ажилдаа орох үед цагаан хэрэглэл угаагч М.А нь хүүхдээ эмчлүүлэхээр чөлөө авсан тул Ц.О-ыг цагаан хэрэглэл угаагчаар ажиллуулсан.  2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус цэцэрлэгийн багш Д.У жирэмсний чөлөө авсан. Тус хугацаанд ажиллах багш олдоогүй тул Д.Уяахүү багшийг түр нэг сар багшаар ажиллуулсан. Д.У багшийн оронд ажилтан авахаар зар тавьсан боловч багш олдоогүй. Д.Уяахүү нь эчнээгээр суралцаж байгаа, багшлах эрхийг аваагүй байсан тул бүлгийн багшаар ажиллуулаад түүний оронд Ц.О-ыг туслах багшаар ажиллуулсан. 2018 оны 01 дүгээр сард Д.У багш ажилд орсноор Ц.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

Ж.Э багш 2014 оны 08 дугаар сард бүлгийн жижүүрээр ажиллаж эхэлсэн. Тэрээр англи, монгол хэлний багш чиглэлээр төгссөн, МУБИС-д сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжлээр сурч байсан ба багш олдохгүй тул ажиллуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр багш С.Нарантуяа шилжсэн бөгөөд Ж.Э сургуулиа төгссөн байсан тул түүнийг ажиллуулсан. Ж.Э багш 2017 оны 03 дугаар сард жирэмсний амралтаа авсан. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 3-4 багш, 1 арга зүйч, 1 эмч шаардлагатай болсон. Зар тавихад арга зүйчийн ажлын байранд М.Гансарнай тэнцсэн. Иймд заах аргын нэгдлийн гишүүн А.Ц, Ц.Б, Д.Л багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Д.Э-ыг арга зүйчээр, М.Г, С.Э, Т.А нарыг сонгож авсан. Д.У багшийг Д.У багшийн ангид эгүүлэн багшаар ажиллуулсан. Тухайн үед сонгож ажилд авсан багш нарын ажлын тайланг Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс рүү явуулсан.

НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжид нэр дурдсан хүмүүсийг би хувийн эрх ашгийн үүднээс ажиллуулаагүй, тухайн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор ажиллуулсан. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/1246 тоот албан бичигт Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу хариуцлага тооц гэсэн байхад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Уг албан бичиг нь Нийслэлийн Боловсролын газарт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхад  зөрчлийг илрүүлснээс хойш 37 хоногийн дараа сахилгын зөрчилд арга хэмжээ авсан нь үндэслэлгүй.

Захирамж нь захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт заасныг зөрчсөн учир хууль бус захиргааны акт байна. Засаг дарга нь ажлаас халсан шийдвэртээ ажил хүлээлцэх хугацааг заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Ц.Отгонжаргал, Ж.Эрдэнэцэцэг нарыг ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй. НЗД нь Хөдөлмөрийн тухай 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт заасан ажил олгогч биш, хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээд буюу Нийслэлийн Боловсролын газар л ажил олгогч байх ёстой. Иймд НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын тайлбарт: Ц.Б нь НЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/88 тоот захирамжаар Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/180 тоот захирамжаар Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон. Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9.1.2, Авилгын эсрэг хуулийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаардаг. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гомдол шийдвэрлэх тухай албан бичгээр Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Б нь 2017 оны 4 дүгээр улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд эцэг эхийн зөвлөлөөс хандивласан эд зүйлийг цэцэрлэгийн дансанд хийгээгүй. Мөн 2018 оны 02 дугаар сарын 05/1246 албан бичгээр Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн  7.1.3., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3. дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээ авч ирүүлэхийг мэдэгдсэн. Үүнд Ц.Б нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О-ыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар туслах багшаар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар угаагчаар, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар туслах багшаар, мөн өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Э-ийг 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тушаалаар жижүүрээр, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар туслах багшаар, багшлах эрхгүй Т.А, С.Э, Т.У нарыг тус тус багшийн ажилд авч, бусдад давуу байдал олгосон нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Эдгээр зөрчлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.2., 11 дүгээр зүйлийн 11.1., Авилгын эсрэг хуулийн дугаар зүйлийн  7.1.3., 7.1.6.дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Нийслэлийн Боловсролын газраас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/186 дугаар албан бичгээр НЗДд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх санал, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/1246 тоот албан бичгийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн  6.3.8, 6.3.12, 6.3.21 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтуудаар нотлогдсон учраас ажлаас чөлөөлсөн. Хариуцагч НЗД 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 03 дугаар сарын 19-ний өдөр Б/43 тоот тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЗДд холбогдох, нэхэмжлэгч Ц.Бгийн, НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/53 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б болон түүний өмгөөлөгчийн давж гомдолд:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. НЗД С.Б Б/43тоот захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 42 дугаар зүйлд заасан  журмыг мөрдөж ажиллаагүй ба энэ талаарх албан ёсны баримт хэрэгт байхгүй, шүүх ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нийслэлийн боловсролын газрын ажилтан н.У-ын Ц.Бтай уулзсан тэмдэглэлийг "сонсох ажиллагаа" мөн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Захиргааны хуульд зааснаар сонсох ажиллагааг захиргааны шийдвэр гаргах субъект эсхүл эрх олгогдсон субъект хурал хийх журмаар гүйцэтгэх журамтай байтал НЗДас эрх олгогдоогүй Нийслэлийн боловсролын газрын хуульчийн Ц.Б-тай ярилцсан тэмдэглэлийг сонсох ажиллагаа гэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Бг ажлаас халах субъект нь НЗД С.Б мөн эсэхэд шүүх өрөөсгөл дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг буруу тайлбарлан асуудлыг шийдвэрлэсэн. Учир нь Ц.Б Нийслэлийн боловсролын газрын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Ц.Бгийн хувьд цэцэрлэгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагаар үйлчилгээний ажилтан, багш нарын албан тушаалд өөрийн хамаатан, садангийн хүмүүсийг ажиллуулсан ч тухайн үед удирдах дээд байгууллагад танилцуулж байсан, сонгон шалгаруулалт зарласан боловч орон тоо гарсан албанд тохирч тэнцэх хүн олдоогүй зэрэг нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөрийн хуулийн 27 дугаар зүйлд заасан хэм хэмжээг үндэслэн 2014, 2015, 2016 онд Э, У, О нарыг тодорхой хугацаагаар ажиллуулсан. Авлигтай тэмцэх газрын ажилтан н.Х-ын 2018 оны 02 сарын 08-ны өдөр бичсэн шаардлага НЗД-ын Тамгын газарт 2018 оны 02 сарын 12-ны өдөр ирсэн боловч Ц.Бд шийтгэл ногдуулах захирамжийг 37 хоногийн дараа гаргасан.

НЗД С.Батболдын Б/43 тоот захирамжид ажлыг өгч, авалцах хугацааг Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлээгүй, Ц.Бг сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон ноцтой зөрчил гаргасан эсэхийг тодорхой дурдаагүй зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаанд шүүх үнэлэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч НЗДд холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, шимтгэл төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1,  Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх 9/

Авлигатай тэмцэх газар нь Ц.Бд холбогдуулан нэр бүхий иргэдээс гаргасан гомдлын мөрөөр шалгалт хийсэн байх ба нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн төрсөн дүү Ц.О-ыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түр туслах багшаар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цагаан хэрэглэл угаагчаар, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр туслах багшаар, өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Э-ийг 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр жижүүрээр, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүлгийн багшаар, багшлах эрхгүй Т.А, С.Э, Д.У нарыг багшийн ажилд авч ажиллуулсан зөрчил гаргасан болох нь Авлигатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/1246 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний  6.3.12-т “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай ажил олгогч, албан тушаалтанд мэдэгдээгүй, өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан”, 6.3.21-д “Ажлын байрны тодорхойлолт, шаардлагад нийцээгүй ажилтныг ажилд авсан” зэрэг зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна. Иймд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  Б/51 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалаар өөрийн төрсөн дүү Ц.О-д үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож байсан байх ба түүний гаргасан зөрчил тус өдрийг хүртэл үргэлжилж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. /хх 87/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн боловсролын газар нь хариуцагч НЗД-д 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/186 дугаар “Ц.Бд хариуцлага тооцуулах санал" тухай албан бичгийг хүргүүлсэн байх ба 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нийслэлийн Боловсролын газар нь ажил олгогчийг төлөөлөн ажилтантай гэрээ байгуулсан, ажил олгогч НЗД ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасантай нийцсэн байна.

Нийслэлийн боловсролын газрын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.У нэхэмжлэгч Ц.Бд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/1246 дугаар албан бичгийг танилцуулан тайлбар авах ажиллагаа явуулсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 25, 26, 42 дүгээр зүйлд заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                          А.МӨНХЗУЛ