| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2022/00431/И |
| Дугаар | 102/ШШ2022/00758 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/00758
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ч,
Хариуцагч: Э.Ш,
Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг тогтоолгох.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Л.Ч.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Э.Шид хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Э.Штой 2015 онд танилцан, үерхэж, гэрлэлтээ батлуулаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тэдний дундаас хүү Ч.И төрсөн.
1.2 Хариуцагч Э.Ш нь тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдээ асран хамгаалах эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байна.
1.3 Иймд хүүхдийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1 Нэхэмжлэгч Л.Чтай 2015 онд танилцан, үерхэж, гэрлэлтээ батлуулаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бидний дундаас хүү Ч.И төрсөн.
2.2 Ажлын онцлогоос хамаарч хүүхэдтэйгээ хамт байж чаддаггүй. Иймд хүүхдийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хүү Ч.И эрүүл бойжиж буй талаарх эмчийн тодорхойлолт, хүү Ч.Иийн төрсний гэрчилгээний хуулбар баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдрах хугацаанд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Ч.И төрсөн.
2.1 Зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдүүдийг нэхэмжлэгч нь өөрийн асрамжид үлдээх.
2.2 Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох.
3. Хариуцагч Э.Ш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүү Ч.И эрүүл бойжиж буй талаарх эмчийн тодорхойлолт, хүү Ч.Иийн төрсний гэрчилгээний хуулбар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Л.Ч болон хариуцагч Э.Ш нар 2015 онд танилцан, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тэдний дундаас хүү Ч.И төрсөн нь хүү Ч.Иийн 0000000000 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй.
6. Талууд цаашид хамтран амьдрах боломжгүй нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
7. Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдрах үеэс хүү Ч.И нь эх Л.Чын асрамжид өсөж бойжиж байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн өсөж бойжиж байгаа болон ахуй нөхцөл, хүүхдүүдийн насны онцолго зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна. Түүнчлэн, хариуцагч нь хүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн.
8. Иймд шүүх хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хүү Ч.Иэд эцэг Э.Шоос тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Ч.Иийг эх Л.Чын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Ч.Иийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Э.Шоос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН