Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2022/00163

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-23, Түшиг төв, 3 давхарт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймаг, Дарив сум, “*******” ОНӨААТҮГ-т холбогдох нүүрсний үнэ, алданги нийт 17,073,001.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын ******* ОНӨААТҮГ-ын хүсэлтээр MoEnCo0175-2019 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус газарт 903.80 тонн нүүрс нийлүүлсэн. Тус газар нь 903.80 тн нүүрсний үнэ 16,268,400.00 төгрөг төлөх байснаас 4,800,000.00 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд 2020 онд дахин гэрээ байгуулж урьдчилан төлбөрөө төлөх замаар нүүрс худалдан авахдаа 86,400 төгрөгийг илүү төлсөн тул 2019 оны төлбөрт тооцож нийт 11,382,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Компаний зүгээс гэрээний үүргээ биелүүлж авсан нүүрсний төлбөрийг төлж барагдуулах талаар санхүүгийн ажилтнууд удаа дараа мэдэгдэж улмаар 2021 оны 07 сарын 19-ний өдөр 01/318 тоот мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Түүнчлэн гэрээний 3.5-д Худалдан авагч тал энэ хэсгийн 3.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой тухайн төлбөр тус бүрээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө гэж заасны дагуу, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 5,691,00.37 төгрөгийн алданги төлөхөөр байна. Иймд Говь-Алтай аймгийн Дарив сумын ******* ОНӨААТҮГ-т ******* ХХК-иас нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл төлбөр болох 11,382,000.00 төгрөг, алданги 5,691,000.37 төгрөг, нийт 17,073,001.11 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “*******” ОНӨААТҮГ-ын дарга М.Батзаяа  нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* ХХК-иас нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл төлбөр болох 11,382,000.00 төгрөг, алданги 5,691,000.37 төгрөг, нийт 17,073,001.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Манай байгууллагын Хаан банкин дахь 5320001005 дугаартай дансанд төвлөрсөн мөнгөөр бүрэн төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Хариуцагч “*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан нүүрсний үнэ, алданги нийт 17,073,001.11 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч “*******” ОНӨААТҮГ-ын дарга М.Батзаяа  нь нэхэмжлэлийн шаардлага болох нүүрсний үлдэгдэл төлбөр болох 11,382,000.00 төгрөг, алданги 5,691,000.37 төгрөг, нийт 17,073,001.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг  тус шүүхэд бичгээр гаргасан бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн Төрийн сангийн дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,316 төгрөгийн тал хувь болох 121,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 121,658 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “*******” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,658 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д  олгохоор тогтов.

Хариуцагч “*******” ОНӨААТҮГ нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*******” ОНӨААТҮГ-д холбогдох нүүрсний үнэ, алданги нийт 17,073,001.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн Төрийн сангийн дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,316 төгрөгийн тал хувь болох 121,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 121,658 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “*******” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,658 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ