Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Улсын яллагч: Н.Цогням

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000150 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,******* овогт *******ы , регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б. нь өсвөр насны яллагдагч Б.*******тай бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Хас банктай байрны хажууд хамт явж байсан Б.*******тай маргалдан зодолдсон шалтгаанаар *******ыг Б.*******ыг унагаан, дээр нь байхад түүний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд 2 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Б.******* нэг хүүхэдтэй зодолдоод байх шиг байхаар нь би яваад очсон чинь Б.*******ыг ******* гэх хүүхэд унагачихсан дээр нь гараад суучихсан байхаар нь би нэг удаа өшиглөсөн чинь тонгойгоод суучихаар нь би Б.*******ыг аваад явсан.. Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Хохирогч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 4 найзын хамт Баянхонгор сумын 1 дүгээр багт байх Хас банктай байрны хажууд явж байсан чинь нэг залуу ирээд намайг 4 дүгээр 10 жилийн Б.******* гэж таних уу гээд байхаар нь би танихгүй байна гэсэн чинь за тэгвэл уучлаарай гээд гар бариад зогсож байсан чинь араас нь өндөрдүү залуу ирж явсан чинь тэр залууг харснаа Б.******* гэх залуу намайг нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгсэн чинь миний хөмсөг сэтрээд нүд халуун оргиод явчихсан. Тэгсэн чинь *******ы араас ирж байсан өндөрдүү залуу над дээр ирээд би *******тай зууралдаад доош тонгойсон байсан чинь миний нүүр хэсэг рүү араас нь ирсэн залуу өшиглөсөн чинь 2 шүд унасан. Тэгсэн чинь *******ыг аваад цаашаа гүйгээд явсан... Миний зүүн талын хөмсөг язарсан, хоёр талын нүд улайж хөхөрсөн байна. Бас дээд хоёр шүд хугарсан байна...” Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би шүдээ хийлгэхэд нэг шүд нь 2,500,000 төгрөг шаардлагатай тул нийт 5000000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний 2 шүдийг гэмтээсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 55,596 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/ 26-27/,

Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Нэг банди ирээд ******* танихгүй юм байна гэсэн чинь би та нартай аятайхан ярьж байгаа шүү гээд байснаа та нар манай найз руу дайрсан байна гээд *******тай гар бариад зогсож байсан чинь нэг өндөрдүү залуу Б.*******ы араас ирж байсан чинь Б.******* нь *******ын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан чинь ******* нь *******ыг барьж аваад унагаасан чинь цаанаас нь нэг өндөр залуу ирээд *******ын нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгаад аваад явсан. *******ын зүүн хөмсөг сэтэрсэн 2 нүд хавдсан, 2 шүд нь хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Б.******* нь *******ын нүүр хэсэг рүү 2 удаа цохиод авсан чинь цаанаас нэг залуу нь гүйж ирээд *******ын нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. ын нүүрнээс цус гараад салаад явсан.. Намайг Б.*******ы хамт явсан залуу нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн

...1.*******ын биед 2 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө.

3.Дээрх 2 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 85/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87/, депозит дансны хуулгууд /хх-ийн 90-102/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б. нь өсвөр насны яллагдагч Б.*******тай бүлэглэж, согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Хас банктай байрны хажууд хамт явж байсан Б.*******тай маргалдан зодолдсон шалтгаанаар *******ыг Б.*******ыг унагаан, дээр нь байхад түүний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд 2 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч *******ын....араас нь өндөрдүү залуу ирж явсан чинь тэр залууг харснаа ******* гэх залуу намайг нүүр хэсэг рүү 2 удаа цохисон миний хөмсөг сэтрээд нүд халуун оргиод явчихсан,...миний нүүр хэсэг рүү араас нь ирсэн залуу өшиглөсөн чинь 2 шүд унасан.. гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19/,

Иргэний нэхэмжлэгч *******ын...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 55,596 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг/ 26-27/,

.Насанд хүрээгүй гэрч *******ын... Б.******* нь *******ын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан чинь ******* нь Б.*******ыг барьж аваад унагаасан чинь цаанаас нь нэг өндөр залуу ирээд *******ын нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Насанд хүрээгүй гэрч *******ийн...Б.******* нь *******ын нүүр хэсэг рүү 2 удаа цохиод авсан чинь цаанаас нэг залуу нь гүйж ирээд *******ын нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн чинь нүүрнээс цус гарсан,... Б.*******ы хамт явсан залуу нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дугаартай...*******ын биед 2 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 46-47/болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй яллагдагч Б.*******тай бүлэглэж хохирогч *******ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч *******ын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл байна.

Иймд шүүгдэгч Г.ын үйлдэл нь “ бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн № 4 дугаар... зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.... тогтоол / хх-ийн 115-117/ хэрэгт авагдсан бөгөөд өвсөр насны яллагдагч Б.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед *******ын биед 2 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөгт шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 46-47/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч  ******* нь хохирогч  *******ын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 55,596 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 55,596 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял  оногдуулах, уг оногдуулсан ялыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу  тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгах.... гэх дүгнэлтийг

Шүүгдэгч  *******ын... би машины угаалгын газарт ажилладаг, сарын 900000 төгрөгийн цалинтай тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг шүүхэд тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал  болон шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... машины угаалгын газарт 7 хоногийн өмнө ажилд орсон, сарын 900000 төгрөгийн цалнтай... гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ******* нь  хувьд ноогдох хөрөнгүй, тодорхой орлогогүй, тухайн ажилд  орсон талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, өөрийнхөө орлогыг нотлох баримт хувийн байдалтай холбоотой баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй,  шүүхээс оногдуулсан торгох ял нь биелэгдэх боломжгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн  нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы ыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж , уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 55,596 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай

7. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА