| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/1011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1033 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1033
2024 09 24 2024/ШЦТ/1033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Л,
улсын яллагч: Н.Анхбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч: А.О,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2408000000000 тоот хэргийг 2024.09.18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1976 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл-2, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум 0-р баг Индэр 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00-ийн гарамын задгайд оршин сууж байгаа гэх, урьд 1 ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Ж овогт Цийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр 00-ийн гарам задгай тоотод байрлах гэртээ төрсөн дүү Ц.Гтой “архи уулаа хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, шаазан аяга шидсэний улмаас Ц.Гын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-1-2/
- Хохирогч Ц.Гын “2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би гадуур зүс таних хүнтэй архи ууж байгаад гэр рүүгээ орсон чинь ах “архи уулаа” гэж загнахаар нь би ахын өмнөөс хэрэлдсэн. Тэгээд би гарах санаатай орноос босоод хаалга руу гарах гээд алхахад Б цай уудаг сэнжтэй шаазан аягыг над руу шидээд миний толгойг хагалсан. Тэгсэн миний духны баруун хэсэгт оноод их хэмжээний цус алдаад ГГСҮТ-д би хүргэгдсэн. Миний дух баруун хэсэгтээ хагарч 4 оёдол тавиулсан. Миний буруу байсан, ах миний төлөө архи битгий уу гэж хэлж байхад нь би үгэнд орохгүй урдаас нь хэрэлдсэн” гэх мэдүүлэг /х.х-5/,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10464 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 4 см мэс заслын осдол бүхий шархтай, баруун бугалганы гадна дээд хэсэгт 5х4 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Бие өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт: Ц.Гын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх, баруун бугалгад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-10-11/,
- Яллагдагч *******аын “Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би уг тогтоолтой санал нийлж байна. Гэртээ ирээд цай уугаад сууж байсан. Гаднаас дүү Г гаднаас урхи уусан байдалтай орж ирсэн. Би дүүгээ “битгий архи уугаад бай” гэж занасан чиь миний өмнөөс хэг ёг гээд хэрүүл хийгээд байснаа “гарлаа” гээд орноос босхоор нь би цай ууж байсан цайны аяга шидсэн. Тэгсэн Гын толгойг оноод духыг нь хагалсан. Би эмнэлэг дуудах гэсэн чинь утас цэгэггүй болоод унтарсан байсан болохоор нь гудамжаар явж байсан эмэгтэйгийн утсаар эмнэлэг дуудсан. Миний дүү гэмтлийн эмнэлэг дээр очоод 4 оёдол тавиулсан. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-22/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 61-ийн гарам задгай тоотод байрлах гэртээ төрсөн дүү Ц.Гтой “архи уулаа хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, шаазан аяга шидсэний улмаас Ц.Гын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан дуудлагын хуудас, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 10464 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь өөрийн төрсөн дүү болох Ц.Гтой “архи уулаа” гэх шалтгаанаар загнасны улмаас хоорондоо маргалдаж цайны аягыг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Ц.Г “Одоо эмчилгээний бүх зардлыг ах гаргаж надад бинт, эм тариа, цэвэрлэгээний бүх хэрэгслийг авч өгч байгаа. Сэтгэцэд учирсан гэм хор тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж /х.х-5, 15-16/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Ц.Г нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, *******оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Шүүгдэгч ******* нь урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, баривчлах ялыг биечлэн эдэлж 2003.07.14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусч суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-36/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-37-42/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялыг эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй, ялгүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч *******ын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог баталж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Цийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ж овогт Цийн Бт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хураан битүүмжилж ирүүлээгүй, хохирогч “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ