Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2022/00095

 

 

                 

   2022          03          09                                       103/ШШ2022/00095

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б дүүргийн .... дүгээр хороо, ...... дугаар байрны ..... тоотод оршин суух, Б овогт Э.Хийн нэхэмжлэлтэй, Б дүүргийн ... хэлтэс, “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдох Б дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод байрлах .... өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Цолмон,

Хариуцагч: БДУБХсийн төлөөлөгч Б.Баярмаа,

Хариуцагч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Эрдэнэсувд нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Х би 2006 онд К банд зарах байр байна гэж мэдээлэл аваад очиж уулзан байрыг үзээд худалдан авахаар шийдэж, К бны Б дүүрэг дэх салбараас Б дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байрны .... тоотод байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 1.500.000 төгрөгөөр худалдан авч, өөрийн эзэмшилдээ авч, амьдарсан. Байр авах үед К бны Б дүүрэг дэх салбараас ЭХЭУБийн газарт хандан ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичиг гаргуулсан. Мөн орон сууцыг худалдах тухай К бны Зээлийн хорооны хурлын .... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн .... дугаартай шийдвэр, ..... дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь банкнаас бидэнд өгсөн. Энэ үеэс хойш одоог хүртэл манай гэр бүл энэхүү орон сууцандаа амьдарч байгаа боловч орон сууцныхаа өмчлөгчөөр бүртгүүлээгүй өдийг хүрсэн. Би өөрөө цэргийн байгууллагад ажилладаг, хөдөө орон нутгаар их явж ажилладаг байсан болохоор эхнэрээ орон сууцныхаа бичиг баримтын асуудлыг шийдвэрлэж яваа гэж боддог байсан. Гэтэл эхнэр Н маань .... оны ... дугаар сарын ....-ний өдөр нас барж, ганцаараа хүүхдүүдээ, амьдралаа авч явах үүрэг хариуцлага оногдсон үеэс л орон сууцны гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулаагүй, бүртгүүлээгүй болохыг мэдсэн. Би эхнэрээ нас барснаас хойш орон сууцаа өмчлөлдөө бүртгүүлэхээр .....д хандахад баримт нь шаардлага хангахгүй байна гээд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан. Учир нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрх шилжүүлсэн тухай албан бичиг, К бны Зээлийн хорооны хурлын шийдвэр зэрэг нь усанд норгосны улмаас тамга нь бүдгэрч, арилсан байсан. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К быг татан буулгах шийдвэр гарч, банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг. Гэрээний нөгөө талыг хуулийн дагуу төлөөлөх банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хандан дээрх баримтуудын хувийг гаргуулах хүсэлт гаргасан боловч 2002-2013 оны бүх баримтыг Архивын Ерөнхий газарт шилжүүлсэн гэх хариуг өгсөн, Архивын Ерөнхий газарт хандахад К бны Б дүүрэг дэх салбарын  2006 оны баримт шилжиж ирээгүй гэсэн. Мөн банкны эрх хүлээн авагчаас Б дүүргийн ....... тоотод байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц нь К бны өмчлөлд бүртгэлгүй гэсэн хариуг манай өмгөөлөгч Д.Цолмонд өгсөн. Би өөрөө хөдөө гадаа томилолтоор их явдаг болохоор талийгаачийг энэ байрныхаа бичиг баримтыг хөөцөлдсөн байх гэж бодож байсан. Сая бурхан болоход нь бичиг баримтуудаа үзэж байтал нэрээ шилжүүлээгүй байсан. Би Улсын бүртгэл дээр очоод бичиг баримтаа үзүүлтэл танайх Капиталын эрх хүлээн авагчаас худалдан авсан нь үнэн болно гэсэн бичиг хийлгээд, гэрээгээ шинэчлээд ирвэл бүртгэж болно гэж хэлсэн. Тэгээд би өмгөөлөгч аваад өмгөөлөгчөөрөө дамжуулан эрх хүлээн авагч дээр очсон. Уг нь К бны Б салбараас уг байрыг худалдан авах үед одоо болсон гээд гарын үсэг зуруулаад, бид бичиг баримтаа авсан. Дээд байгууллага гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Иймд Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Б дүүргийн ....... тоотод байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг Э.Хийн өмч болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:: Хийн гаргасан нэхэмжлэлийн хувьд банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаар татаж оруулж ирсэн нь үндэслэлгүй, манайх өмчлөлийн эрхийг тогтоодог, өмчлөлийн эрхийн гэрчилгээ гаргадаг байгууллага биш. Манай байгууллагад 2008 онд Монгол банкны ажлын хэсэг томилогдсон К б маань өнөөдөр гарын үсэг зурах этгээд мөн үү, биш үү, гуравдагч этгээдээр явах байсан байх гэж бодож байна. Тэгээд ч орон сууц худалдан авах гэрээг 2006 онд хийсэн, өнөөдөр 17 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Мөн өнөөдөр энэ асуудал нь шүүхдээд байх асуудал мөн үү? Гэрээний хувьд нотариатаар баталгаажуулаагүй нь асуудал болоод байна. Хэрвээ батлуулсан байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Нөгөө талаасаа гэрээ нь эх хувиараа өөрсдөд нь байхгүй байна. Банкны талаас гаргаад үзэх эх хувь байхгүй тул тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Салбарын эрх уг нь журмаараа зохицуулагдсан байдаг. К бны Б дүүрэг дэх салбарын захиралд үл хөдлөх хөрөнгийг зарах эрх байсныг хэлж мэдэхгүй байна. Ийм эрх байсан үгүйг банкны зүгээс тодруулах шаардлагатай байна гэв.

 Хариуцагч БДУБХсийн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хийн мэдүүлэг манайд албан ёсоор ирээгүй, манайхаас татгалзсан зүйл байхгүй. Нэг удаа ирээд зөвлөгөө аваад явсан. Тэр үед К бнаас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан баримтаа, мөн төлбөрөө төлсөн баримтаа аваад ирвэл болно гэж хэлээд явуулсан. Ер нь К бны салбарын захирал нь тухайн байрыг худалдах асуудлыг шийдээд, зээлийн хорооноос нь шийдвэр гараад худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх боломжтой юу? Манай зүгээс тухайн салбар биш дээд байгууллага нь шийдвэр гаргах байсан байх гэж бодож байна. 2019 онд К бны эзэмшлийн хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг Прокуророос хязгаарласан. Тэгээд хөдөлгөөн хийсэн ч энэ эрхийг сэргээсний дараа л хөдөлгөөн орно. Мөн энэ гэрээ нь нотариатаар ороогүй, мөн зээлийн хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй асуудал байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг дотоод журмаараа зохицуулдаг гэж сая хэлж байна. Б дүүргийн К бны салбарын захирал шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн үү гэдгийг журмаараа шийддэг юм байна гэв.

          Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Х БДУБХэс, “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан Б дүүргийн ....... тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч БДУБХэс нь “Э.Хийгийн хүсэлтэд хавсаргасан баримт нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, ЭХЭУБийн тухай хуулиудад заасан шаардлагыг хангаагүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан” гэж,

Хариуцагч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Нэхэмжлэгчийн хүсэлтэд хавсаргасан нотлох баримт нь улсын бүртгэлийн хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа нь манай байгууллагыг хариуцагчаар татах үндэслэл болохгүй, жинхэнэ хариуцагч биш” гэж тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

  Нэхэмжлэгч Э.Х нь К бны Б дүүрэг дэх салбартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г .....-ны өдөр  байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д  “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, хоёр тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, /тамга нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж норж харагдахгүй болсон/ мөн .....-ны өдрийн “Зээлийн хорооны хурлын шийдвэр”, К бны Б дүүрэг дэх салбарын .....-ны өдрийн 10/12 дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай”  албан тоот, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 6-8 дугаар хуудас/

   Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Х нь К бны Б салбартай гэрээ байгуулан, К бны Б салбар нь “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргаж байсан үйл баримтаар байрны үнийг бүрэн төлсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг шударга эзэмшигч мөн гэж дүгнэлээ.

    Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ”, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн  авах үүргийг тус тус хүлээхээр хуульд заажээ.

   К бны Б салбар нь нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлсэн болох нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан албан тоотод : “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” Тус банкны өмчлөлд байгаа Б дүүргийн ....... тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /Улсын бүртгэлийн дугаар ...., гэрчилгээний дугаар 000112531/-ыг Энхтүвшин овогтой Хт /иргэний үнэмлэхний дугаар ..., Регистрийн дугаар ........../ өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү. Захирал Ц.Батчулуун гэсэн албан бичиг, “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1884 дугаартай албан бичигт Б дүүргийн ....... тоот хаягт байршилтэй, Улсын бүртгэлийн .... дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь “К б” ХХК-ийн өмчлөлд бүртгэлгүй байна. Иймд уг эд хөрөнгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад хандаж авна уу гэсэн албан бичиг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн “Би хөдөө гадаа байнга явдаг сая эхнэрээ нас барсны дараа байрны ордероо шилжүүлээгүй гэдгийг мэдсэн. Манай эхнэр бүх юмаа мэддэг байсан, би огт мэдээгүй” гэх тайлбар, бусад баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шаардах эрхтэй байна.

    Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол  уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид  үүсэж, өмнөх өмчлөлийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.

Нэхэмжлэгч хэдийгээр шударга эзэмшигч мөн боловч өөрийн буруутай эс үйлдлээр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан талуудын тайлбар, нэхэмжлэгчээс ирүүлсэн К бны Б салбарын .....-ны өдрийн 10/12 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, зээлийн хорооны хурлын шийдвэр, орон сууц худалдах, худалдан авах тухай .....-ны өдрийн 11/01 дугаартай гэрээ, К б ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг, Б дүүргийн ....... тоот байрны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б дүүрэг дэх “Сод хөгжил” сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, Б дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар, К бны Э.Хийн хадгаламжийн дэвтэр, гэрч Н, Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Э.Хийг .....-ны өдөр байгуулсан, 11/01  дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Б дүүргийн ....... тоотод байрлах, ... улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, ЭХЭУБийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт тус тус зааснаар бүртгэлийн ажиллагаа хийхийг зохих байгууллагад нь даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Э.Хийг Б дүүргийн ....... тоот,  29 м.кв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг БДУБХэст даалгасугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ