| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0301/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/299 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002850271 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 373 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын ******* тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам эгч Samsung брэндийн notebook-г газар шидэж хууль бусаар гэмтээсний улмаас 330,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын ******* тоот гэртээ хадам эгч Samsung брэндийн notebook-г газар шидэж хууль бусаар гэмтээсний улмаас 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би хөдөө Сэргэлэн суманд байхдаа архи уугаад гэртээ ирээд дахин нэг шил архи уугаад согтчихсон байсан. Нэг мэдэхэд гэрт цагдаа нар орж ирээд намайг аваад явж байхыг л санаж байна. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад гэртээ ирээд юу болсон талаар охин асуухад “дүү уйлаад байсан. Та тэгээд бид нарыг дүүгээ авахгүй компьютер ухаж суулаа гэж хоёр гурван удаа давтамжтай хэлэхэд нь хөдлөхгүй болохоор нь уурлаад компьютер аваад шидчихсэн” гэж хэлсэн. Тэр үед ...хадам эгч ирснийг мэдээгүй. Компьютер шидээд эгчийн хүүхдийг нь оноход уурлаад надтай хэрэлдээд цагдаа дуудсан юм байна лээ...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ харих замдаа төрсөн дүү гэрээс охин авах гэж очсон. Хүүхдээ дүүгийнхээ гэрт үлдээсэн байсан юм. Тэгээд гэрт очиход хүргэн гэртээ бахирсан байдалтай өөрийн охин “наад notebook чинь хүүхдээс илүү байна уу” гээд загнаад зогсож байсан. Тэгэхээр нь би охин аваад цүнхээ үүрээд гарах хооронд миний notebook-г шидээд хөлийг нь оночихсон. Тэгэхээр нь би ******* “чи хүүхэд оночихлоо ш дээ” гэхэд өөдөөс уурлаад намайг хэлэх хэлэхгүй үгээр хараагаад доромжлоод байхаар нь цагдаад өгсөн. Манай дүү миний notebook-г урилга хийнэ гэж гуйж авсан байсан юм. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Хохирол төлбөр төлөгдсөн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
гэрч Д. "...том охин notebook дээр юм хийгээд байж байхад бага дүү нь уйлаад байхад манай нөхөр “чи дүүгээ хардаггүй юм уу” гээд notebook-г нь аваад газар шидсэн. ...тэгээд байж байхад манай төрсөн эгч гаднаас охин ээ авахаар орж ирэхэд нь би “яанаа эгчээ notebook -г чинь эвдсэн” гэж хэлэхэд манай нөхөр тавиур дээр байсан notebook-г аваад газар шидээд “энэ тийм чухал юм уу” гэж хэлэхэд эгчийн хүүхэд айгаад уйлахад эгч “чи хүүхэд оночихлоо” гээд тэр хоёр маргалдсан. Тэгэхэд манай эгч манай нөхрийг “чи хэзээ ийм байсан юм бэ” гэхэд манай нөхөр эгчийг “янхан минь, чамайг банзалдаж явсныг мэднэ шүү” гэж хэлсэн. ...цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Дамно ХХК-ны компьютерын үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 330,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд суухгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА