Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 001/хт2026/00014

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2025/01470 дугаар магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ж” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.С, Л.П, Ч.Н нар оролцсон

Үндсэн нэхэмжлэл: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,047,022,133.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл: Санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгуулж, Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлэхийг даалгах, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Т.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, О.М, гуравдагч этгээд Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,047,022,133.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгуулж, Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлэхийг даалгах, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас 2,087,683,206.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 959,338,927.82 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчид холбогдох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээд Э.С-ын өмчлөлийн *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 482 м.кв талбайтай, хувийн сууц, гарааж, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, гуравдагч этгээд Д.П агсны өмчлөлийн *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дүгээрт бүртгэгдсэн, 57.4 м.кв талбайтай, орон сууц, гуравдагч этгээд Ч.Н агсны өмчлөлийн *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 36.9 м.кв талбайтай, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэхүү шаардлагаас үлдэх автомашин болон *** дугаар дансны мөнгөн хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 15,971,579.63 төгрөг, хариуцагчийн 11,140,880 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,666,566.03 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2025/01470 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 2,298,708,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 748,313,723.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдох 2019.03.21-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгуулж, 2638SZ загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах, “Д” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд 2019.03.21-ний өдрийн БГ-ҮХХ-ЖП2019/01, БГ-УҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03, БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаар барьцааны гэрээ, 2022.12.28-ны өдрийн гурван талт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгаж, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.С-ын өмчлөлийн, *** тоотод байрлах, 482 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-***, нэгж талбарын *** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, “Ж” ХХК-ийн эзэмшлийн, *** УБД улсын дугаартай, Lexus 570 маркийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, арлын *** дугаартай, суудлын автомашин, Төрийн банкны *** дугаар дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд /одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого/-оос тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Н, Д.П нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

Тогтоох хэсгийн “3” гэсэн дугаарлалтыг “4” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... хариуцагчаас 10,666,566.03 төгрөг” гэснийг “... хариуцагчаас 11,862,092 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,700,000 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,095,045 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, Д.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, Д.Н бид Нийслэлийн Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.01-ний өдрийн 210/МА2025/01470 дугаартай магадлалтай танилцаад, тус магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч буюу Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 748,313,723.96 төгрөгийг ...хэрэгсэхгүй болгож...” гэсэн хэсгийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй этгээд Ч.Н, Д.П нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж тус тус заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байх ба Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага зүй ёсоор үүссэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгийн талаар шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар болон тус хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т зааснаар хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:

4.1 Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 748,313,723.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тухайд: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн зүгээс хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан 2024.04.16-ны өдөр анхан шатны шүүхэд нийт 2,883,591.820.34 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд тухайн өдрөөс 2024.11.12-ны өдрийг хүртэлх хугацаанд Санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу хуримтлагдсан алданги, хүүгийн төлбөрийн зөрчлийг тус тус нэмэгдүүлэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг нийт 163,430,313.62 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнг 3,047,022,133.96 төгрөг гэж тодорхойлсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас 2,087,683,206.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 959,338,927.82 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчид холбогдох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай." гэж шийдвэрлэсэн. Мөн тус шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д “...Иймд дээрх юанийг гэрээний 2.1-д зааснаар гэрээ байгуулах үеийн ханшаар тооцвол 2019.03.21-ний байдлаар Монгол банкнаас зарласан албан ханшаар 1 юань нь 393.68 төгрөг тул 1,789,318,829.06 төгрөгийн санхүүгийн түрээс олгогдсон...” гэж, “Зохигч 2024.02.27-ны өдөр гэрээний зүйлийг хариуцагчийн ашиглалтаас нэхэмжлэгч нь буцаан авсан цаг хугацааны талаар маргаагүй тул энэ өдөр хүртэл гэрээ хэрэгжсэн гэж үзнэ. Энэхүү үндэслэлээр гэрээ нь 4 жил 6 сар 6 хоног хэрэгжсэн байна.” гэж, “... нийт 888,948,304 төгрөгийг хүү тооцогдоно. Улмаар үндсэн төлбөрийг нэмбэл нийт үүссэн үүрэгт нь 2,678,267,133 төгрөг юм.” гэж тус тус дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхийн 2025.09.01-ний өдрийн 210/MA2025/01470 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 2,298,708,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 748,313,723.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,..” гэж шийдвэрлэсэн. Мөн тус шийдвэрийн 6 дахь хэсэгт “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 1,516,709,138 төгрөг, хүү 472,631,494.28 төгрөг, нийт 1,989,340,632.51 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 758,354,569 төгрөг шаардсан, тэрээр алдангид 139,619,013.2 төгрөг төлсөн байх тул төлөгдсөн мөнгөн дүнг хасаж тооцоод үлдэх 618,735,556 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна. Гэхдээ хэргийн нөхцөл байдал болон хариуцагчийн санхүүгийн чадавхыг харгалзан үзэж, 618,735,556 төгрөгийн 50 хувь болох 309,367,778 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс багасгаж, шүүхийн шийдвэрт мөн өөрчлөлт оруулсан” гэж дүгнэсэн.

Уг хэсэгт хийсэн анхан болон давж заалдах шатны хууль зүйн дүгнэлтүүд үйл баримтын бус хууль хэрэглээний хувьд зарим хэсэгт зөрүүтэй байдал бий болгосон юм.

Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 3.1.11-д “Хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг түр буцаан авах буюу лацдах, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг түрээслэгчээс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж, мөн гэрээний 7.1.2-т заасны дагуу “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 3 удаа дараалаан төлөөгүй” бол түрээсийн зүйлийг лацдан, битүүмжилнэ гэж хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардахтай холбоотой түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эрхийг тодорхойлсон заалт байх бөгөөд гэрээний зүйлийг хариуцагчийн ашиглалтаас нэхэмжлэгч нь түр хугацаанд хураан авч, битүүмжилсэн үйл баримтыг гэрээ хэрэгжсэн буюу гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө цуцалсан гэж үзэхгүй юм. Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгч гэрээний зүйлийн захиран зарцуулах эрхэд тодорхой хязгаарлалт тогтоох нь хариуцагч Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх үндсэн үүргийг зогсоох үндэслэл болохгүй бөгөөд үүрэг нь хэвээр хадгалагдана. Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 4.2.1-д “Санхүүгийн түрээсийн төлбөрийг хавсралт 2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөх” гэж, 6.6-д “Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг даатгалын хураамж, алданги, түрээсийн хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэж тус тус заасан нь үүрэг гүйцэтгэгч санхүүгийн түрээсийн төлбөрийг сар бүрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу, тодорхой дараалалтайгаар төлөх зохицуулалттай болохыг харуулж байх ба эргэн төлөлтөөс хамааран үндсэн төлбөр, хүү тогтмол өөрчлөгддөг болохыг 2 шатны шүүх тооцоололдоо тусгаагүй болно. Ийм нөхцөлд 2 шатны шүүхээс уг шийдвэрт дурдсан тооцооллоор нийт дүнгээр хүүг тасралтгүй хугацаагаар, нэгэн ижил суурь (үндсэн төлбөр) дээр суурилан, улирал, сар, өдрөөр хуваан тооцоолсон нь талуудын тохиролцсон нөхцөл болон хүү бодох аргачлалын ерөнхий зарчимд нийцэхгүй бөгөөд санхүүгийн тооцооллын арга зүйд харшлахаар байна.

Нотлох баримтын үнэлгээний тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Ж” ХХК-ийн төлсөн төлөлтүүдийг талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д “Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг даатгалын хураамж, алданги, түрээсийн хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө.” гэж заасан дарааллын дагуу суутган тооцсон тооцоололд хүүгийн дүн 773,458,426.63 төгрөг гэж тусгагдсан бөгөөд нотлох баримтын хүрээнд гарган өгч, уг тооцооллыг тодорхой тайлбарласан. Гэтэл уг нотлох баримтыг бүрэн хянаж, харьцуулалт хийлгүй, хүүгийн тооцооллыг өөрийн аргаар, ямар ч тодорхой тайлбаргүйгээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын хамаарал, үнэлгээний зарчмыг зөрчсөн үйлдэл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа зөвлөмжид дээрх заалтыг тайлбарлахдаа 1.2-т “... нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй” гэснийг анхаарч үзэх шаардлагатай.

Алдангийн хэмжээг 50 хувиар бууруулсан тухайд: Давж заалдах шатны шүүхээс тус хэрэг маргааны хүрээнд алданги тооцох эрхтэй болохыг дүгнэсэн дүгнэлтийг хууль ёсны дүгнэлт болсон гэж үзэж байгаа. Харин алдангийн хэмжээ болон түүний 50 хувийг багасгаж шийдвэрлэсэн тухайд хууль хэрэглээний зөрүүтэй ойлголт бий болгожээ. Тухайн алдангийн хэмжээг бууруулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримталсан байх ба уг заалтыг хэрэгжүүлэхдээ хариуцагчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдалд тулгуурлаж уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн шийдвэр, оролцоо, дайны байдал үүссэн гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.” гэж заасан ба давж заалдах шатны шүүхийн 2025.09.01-ний өдрийн 210/МА2025/01470 дугаартай магадлалын Хянавал хэсгийн 6 дахь заалтад  “... Гэхдээ хэргийн нөхцөл байдал болон хариуцагчийн санхүүгийн чадавхыг харгалзан үзэж, 618,735,556 төгрөгийн 50 хувь болох 309,367,778 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс багасгаж, шүүхийн шийдвэрт мөн өөрчлөлт оруулсан.” гэж дүгнэхдээ хариуцагчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, цаашлаад төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэгтэй холбогдуулан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн эсэх, түүнд холбогдох Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгүй байтал уг асуудлыг учир дутмаг дүгнэсэн байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар алдангийн хэмжээг өөрчлөх, чөлөөлүүлэх, шинэчлэх, хүсэл зоригийг нэхэмжлэгчид илэрхийлээгүй нөхцөл байдалд алдангийн хэмжээг 50 хувь бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд тус шийдвэр нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг дээрх үндэслэлүүдээр тус тус ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч “Д” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд хариуцагч “Ж” ХХК-аас хуримтлагдсан алданги 756,854,569.11 төгрөг, хуримтлагдсан хүү 773,458,426.63 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 1,516,709,138.22 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 3,047,022,133.96 төгрөгийг гаргуулахыг шаардах эрхтэй байна.

4.2 Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр бие даасан шаардлага гаргаагүй этгээдүүд болох Ч.Н, Д.П нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар:

Магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй этгээд Ч.Н, Д.П нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, мөн тус шийдвэрийн 8 дахь хэсэгт (Шийдвэрийн 19 дэх тал): “Анхан шатны шүүх нас барсан этгээдийн эрх залгамжлагч тогтоогдоогүй байхад тэдгээрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь буруу болсон байгааг залруулсан өөрчлөлт оруулна.” гэж дүгнэсэн хэргийн үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж, мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор тайлбарласан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсгийн “гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэдэгт анхан шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоон, шаардах эрх ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэсэн байдал, нотлох баримтын хамаарал, хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх талаар гомдолд заасан эсэхээс үл хамаарч, хууль зүйн дүгнэлт өгөх давж заалдах шатны шүүхийн ажиллагааг ойлгоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана.” гэж тус тус заасныг зөрчин нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримтлаагүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна.” гэж заасныг анхаарах нь зүйтэй. Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт “Барьцааны гэрээний зүйл болох 51 болон 5 тоот орон сууцны өмчлөгч Д.П, Ч.Н нар нь нас барсан болох нь холбогдох гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Улмаар барьцааны зүйлд гэрээслэл үйлдэгдээгүй бөгөөд барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгаа нь Монголын нотариатчидын танхимын 2025.05.05-ны өдрийн 420 дугаар болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.19-ний өдрийн 10-3/518 дугаар албан тоотоор тус тус тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь тухайн нас барагчдыг хариуцагчаар татаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Гэвч гэрээ хүчин төгөлдөр бөгөөд эрх залгамжлагч тогтоогдоогүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй тул үл хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байх тул хууль хэрэглээний энэхүү зөрүүтэй байдлыг арилгаж, уг анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. Барьцааны гэрээний барьцааны эрх хэрэгжүүлэх үндсэн эрх нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй салшгүй холбоотой бөгөөд талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний шаардлагаас шалтгаална. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахтай холбоотойгоор барьцааны эрх нь заавал хангагдах зарчмыг баримтлан бие даасан шаардлага гаргаагүй этгээдүүд болох Ч.Н, Д.П нарт холбогдох барьцаа хөрөнгөөр Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.01-ний өдрийн 210/МА2025/01470 дугаартай магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан алданги 756,854,569.11 төгрөг, хуримтлагдсан хүү 773,458,426.63 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 1,516,709,138.22 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 3,047,022,133.96 төгрөгийг гаргуулах, талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон байгуулсан 2019.03.21-ний өдрийн БГ-ҮХХ-ЖП2019/01, БГ-ҮХХ-ЖП2019/02 тус тус дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.01-ний өдрийн 210/MA2025/01470 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1 Нэг талаас “Д” ХХК, нөгөө талаас “Ж” ХХК нь 2019.03.21-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-ийн ашиглалтад 5,347,188 юанийн үнэ бүхий 14 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт шилжүүлэх, түрээслэгч “Ж” ХХК нь тухайн эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 17,3 хувь болох 314,000,000 төгрөгийг БНХАУ-ын И компанид төлж, үлдэгдэл 82,7 хувь болох 4,545,110 юанийн төлбөрийг 5 жилийн хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэй төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Түрээслүүлэгч “Д” ХХК нь түрээслэгч “Ж” ХХК-ийн хүсэлтээр гэрээний зүйл болох 14 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт БНХАУ-ын “И” компаниас худалдан авсан байх боловч худалдан авсан эд хөрөнгийн үнийн 17 хувь болох 314,000,000 төгрөгийг түрээслэгч “Ж” ХХК-аар төлүүлсэн. “Ж” ХХК нь 14 автомашин, 14 чиргүүлийн БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрээс Монгол улсын Ханги мандлын хил хүртэл жолоодсон хятад жолоочийн хөлс болон шатахууны зардалд 18,000,000 төгрөг, Ханги мандлын хилээс Таван толгой чиглэлд монгол жолооч хөлсөлсөн болон түлшний зардалд 16,800,000 төгрөг, Таван толгойд ирсний дараа чиргүүлийн бэхэлгээ хийсэн, дугуй сольсон зэрэг зардлуудад 100,000,000 төгрөг, тээврийн хэрэгслүүдийг ашиглах хугацаанд урсгал засвар болон үйлчилгээ, дугуй сольсон зардлууд 300,000,000 төгрөг, 2022.10.31-ний өдрөөс 2023 оны 1 сар хүртэлх хугацаанд “Д” ХХК 14 автомашин, 14 чиргүүлийн лацдаж, хураан авсан бөгөөд зогсоолын төлбөрт манай компани 12,600,000 төгрөг, нийт 447,400,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт нийт 590,583,926.92 төгрөг “Д” ХХК-д төлсөн.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2024.02.27-ны өдөр хариуцагч “Ж” ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй шалтгаанаар түрээсийн зүйл болох 14 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт хураан авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1.2-т “түрээслэгч түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйлийг лацдан битүүмжилнэ.”, 7.2-т “түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн зөрчил арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, түрээслэгч нь гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй.”, 7.3-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу төлбөр, түүний хүүг төлөөгүй, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч үүргийн гүйцэтгэлийг албан бичгээр шаардана”, 7.4-т “Гэрээний 7.3-т заасан албан бичигт дурдсан хугацаанд түрээслэгч нь үүргээ биелүүлээгүй бол түрээслэгчийн хүсэлтийн дагуу 14 хүртэлх хоногийн нэмэлт хугацаа тогтоож болно.”, 7.5-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай түрээслэгчийн албан хуанлийн 30 хоногийн дотор хариу өгөөгүй эсхүл мэдэгдэлд дурдсан төлбөрийн шаардлагыг бүрэн хэмжээгээр буюу зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно.” гэж тус тус заасан. Гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд түрээслэгч “Ж” ХХК төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч “Д” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох техникийг битүүмжлэх ба гагцхүү “Ж” ХХК нь түрээсийн төлбөрийн зөрчлөө арилгасан тохиолдолд 14 ширхэг тээврийн хэрэгслийг буцаан авч санхүүгийн түрээсийн гэрээний харилцааг үргэлжлүүлэхээр заасан нь түрээслүүлэгч төлбөрийн зөрчил арилах хүртэл эд хөрөнгийг түр хураан авах агуулгатай. Харин түрээслэгч төлбөрийн зөрчлийг арилгах нэмэлт 14 хоногийн хугацаанд төлбөр төлөөгүй, мөн түрээслэгч 30 хоногийн дотор хариу өгөөгүй, эсхүл төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд гэрээг цуцлахаар заасан байх тул түрээслүүлэгч түр хураан авсан тээврийн хэрэгслийг түрээслэгчид буцаан өгөхгүйгээр санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгчийн эд хөрөнгийг түр хураан авах хугацаа нь хязгаартай ба түрээслэгч зөрчлийг арилгаагүй нөхцөлд гэрээний 7 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг түр хураан авах хугацаа дуусаж, эд хөрөнгийг бүрмөсөн буцаан авч гэрээг цуцлахаар зохицуулсан байна. Түрээслүүлэгч “Д” ХХК нь гэрээний 7.1.2-т зааснаар түрээслэгч “Ж” ХХК-г түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй үндэслэлээр гэрээний зүйл болох техникийн 2024.02.27-ны өдөр хураан авсан бөгөөд гэрээний 7.2-т зааснаар түрээслэгч “Ж” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн зөрчил арилмагц түрээсийн зүйлийг буцаан авах эрхтэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаа 14 хоногийн нэмэлт хугацаагаар тодорхойлогдож, түрээслэгч энэхүү хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түрээслүүлэгч “Д” ХХК нь түрээсийн эд хөрөнгөө буцаан авч, түрээслэгч “Ж” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан. “Д” ХХК-ийн 2024.01.29-ний өдрийн 03/25/24 дугаартай “түрээсийн зүйлийг буцаан авах арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичгийг түрээслэгч “Ж” ХХК-нд өгсөн байдаг. Үүгээр түрээслүүлэгч тал санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний 7-д маргаан бүхий гэрээг цуцлах журмыг зохицуулсан байх ба нэхэмжлэгч “Д” ХХК нь гэрээний зүйл болох 14 техникийг 2024.02.27-ны өдөр хурааж, улмаас 7.3, 7.4, 7.5-д заасан үндэслэл буюу хариуцагч “Ж” ХХК-ийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааны дотор биелүүлээгүй шалтгаанаар талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг буцаан авсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 221.5-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Түрээслэгч “Ж” ХХК-ийн түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан түрээслүүлэгч “Д” ХХК нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй 14 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл, 14 ширхэг чиргүүлийг биет байдлаар 2024.02.27-ны өдөр “Ж” ХХК-аас буцаан авсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн.

Иймд түрээслүүлэгч “Д” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг биет байдлаар буцаан авсан тул эд хөрөнгийн өртөг болох үндсэн төлбөр 1,470,748,255.33 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-аас давхар шаардах эрхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Д” ХХК нь түрээсийн зүйл болох 14 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл, 14 ширхэг чиргүүлийг БНХАУ-ын “И” компаниас худалдан авсан боловч худалдан авсан эд хөрөнгийн үнийн 17 хувь болох 314,390,592 төгрөгийг түрээслэгч “Ж” ХХК-аар төлүүлсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгч “Д” ХХК нь 314,390,592 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжтой.

Дээрх үндэслэлээр буюу нэхэмжлэгч “Д” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн зүйл болох 14 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгсэл, 14 ширхэг чиргүүлийг буцаан авсан атлаа уг зүйлийн 82 хувийн өртөг буюу санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 1,470,748,255.33 төгрөгийн шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. 2019 оны 4 сараас эхлэн 2020 оны 3 сар хүртэл хуваарьт эргэн төлөлтүүдийг нэг ч удаа нэг ч хоног хэтрүүлэлгүй төлж байсан боловч 2020 оны 1 дүгээр сараас Ковид-19 вирус дэлгэрч өргөн цар хүрээг хамарсантай холбогдуулан 2020.02.13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр БНХАУ-Монгол Улсын хилийг хаасан. Хил хаагдсантай холбоотойгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж давагдашгүй нөхцөл байдал үүссэн, цар тахлаас шалтгаалсан хил гаалийн асуудлаас улбаатай нүүрс тээврийн сул зогсолтын асуудал хэвээр үргэлжилсэн бөгөөд хуваарьт төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Иймд алдангийн хэмжээг хасаж шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзсэн атлаа тухайн гэрээний харилцаанд хамааралгүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримталж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэсэн. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээг цуцлагдсан гэж үзсэн боловч гэрээ цуцалсан үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй, гэрээг цуцалсан үр дагаврыг шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийг хэрэглээгүй. Зөвхөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан агуулгад хамааралтай хуулийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хариуцагч хэргийн материалтай танилцах, эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Анхан шатны шүүх хэрэгт шинээр авагдсан баримтуудтай (Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, нотариатчидын танхимын лавлагаа г.м) хариуцагчийг танилцуулаагүй, хариуцагч шинэ баримттай танилцаж, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргах боломж олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулаагүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд хяналтын шатны шүүхээс дээрх үндэслэлүүдийг анхааран авч үзэж хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хоёр шатны шүүх “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ж” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хоорондын маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл, шаардах эрхийн үндэслэл, гэрээний хүчин төгөлдөр байдал, биелэгдээгүй үүргийн тооцоолол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг буюу хуулийг өөрөөр хэрэглэн агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэслэл боллоо.

… Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Иргэний хууль, талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон талуудын гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний заалтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс хоёр шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт зөрүүтэй болсон гэж үзэж гомдол гаргаж байна.

Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийг харилцан өөр байдлаар дүгнэн тооцож, Иргэний хууль, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн заалтыг зөрөөтэй байдлаар хэрэглэж шийдвэрлэлээ.

Мөн давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ магадлалын “Хянавал хэсэгт” талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаараа Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 219.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан гэж өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан нийцээгүй. Үүнд:

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасан дараах үндэслэл байна.

Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1-д зааснаар гэрээний зүйл болох Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүлийг гуравдагч этгээдээс хамтран худалдан авч улмаар нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан тул өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн. Харин эзэмшил, ашиглалт хариуцагч талд байсан боловч нэхэмжлэгч хүчээр бодит эзэмшил, ашиглалтыг 2024.02.27-ны өдөр өөртөө шилжүүлж авснаас болж төлбөр төлөх боломжгүй, цаашид гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь маргаан гарах үндэслэл болсон.

Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1-д заасан Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээдэг ба уг гэрээний гол шинж нь түрээслэгч талд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг олж түрээслүүлэх, түрээслэгч ашигласны төлөө төлбөр төлөх талаарх эрх зүйн харилцаа байдаг. Энэ агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1-д заасан гэрээ нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөртөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж ойлгогдохоор байгаа юм. Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д заасан агуулгаас үзэхэд “... Түрээслүүлэгчийн хүсэлтийн дагуу гэрээний зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ...” гэсэн агуулга тус хуульд тусгагдсан төдийгүй гуравдагч этгээдээс худалдан авч гэдэг агуулга ч тусгагдсан. Талуудын гуравдагч этгээдтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч “Худалдан авагч” гэсэн агуулга ч тусгагдсан байгаа.

Эндээс үзэхэд санхүүгийн түрээс өгөгч буюу түрээслүүлэгч эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох боловч хуулийн дээрх заалтад буй “Түүнээс гэсэн” агуулга нь түрээслэгчээс буюу “Ж” ХХК-аас өөрөөс нь худалдан авч улмаар хариу төлбөр гэж БНХАУ-ын ӨМӨЗО-ны И-нд хамтран шилжүүлсэн урьдчилгаа, үлдэгдэл төлбөр шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ буюу төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийм агуулгаар буцаан төлбөр, хүү авч байгаа үйлдэл нь хууль бус юм. Уг хуулийн зохицуулалтад тусгагдсан “Түүнээс худалдан авч” гэсэн нь гуравдагч этгээдэд хамааралтай хуулийн зохицуулалт байх тул хариуцагчийн өмнөөс худалдан авч хариуцагчид өөрт нь буцаан түрээсэлж /өөрөө өмчлөгчөөр үлдэж/ буй агуулгыг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхгүй учир талуудын хооронд Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж хариуцагч тал маргасан.

Дээрх агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 312-р зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа бус харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан санхүүгийн түрээсийн гэрээ, түүний хавсралтаас үзэхэд 3 удаагийн гүйлгээгээр хариуцагчид мөнгө олгосон агуулга тусгагдсан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл зээлийн гэрээний харилцаа илүү давамгайлсан байх тул шүүхүүд Иргэний хуулийн 198-р зүйлд зааснаар гэрээний агуулгыг тухайн маргаанд тайлбарлах бүрэн боломжтой байсан боловч шүүх шаардах эрхийн үндэслэл, гэрээний харилцааны төрлийг хоёр шатны шүүх зөв тодорхойлж чадаагүй, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэн тайлбарлан гэж үзэхээр байна. Энэ үндэслэлээр маргаан бүхий гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж хариуцагч тал үзэж энэ талаар хариу тайлбар, нэмэлт тайлбар, сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүхүүд огт анхаараагүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ч шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй. Шүүхүүд гэрээний зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэх, хариуцагч гэрээний үндсэн төлбөр, хүүг давхар төлөх агуулгатай эрх зүйн дүгнэлт хийсэн нь хоорондоо зөрчилдөөнтэй, нарийвчилсан зохицуулалттай хууль, гэрээний зорилгод нийцээгүй байна. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэж байгаа бол Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд зааснаар гэрээний зүйл хариуцагчийн өмчлөлд үлдэж, хариуцагч санхүүгийн түрээсийн төлбөр, хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний зүйлийг гуравдагч этгээдээс хариуцагчтай хамтран худалдан авч хариуцагчид түрээслүүлсэн, нэхэмжлэгчийн өмчлөлд буюу өөрт нь бүртгэлтэй байсан хөрөнгийг хариуцагч түрээслээгүй тул түрээсийн зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу. Энэ талаар шүүхүүд дүгнэлт хийхдээ нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Ялангуяа, давж заалдах шатны шүүх энэ агуулгаар буюу Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1-д заасан агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Харин анхан шатны шүүх гэрээ 2024.02.27-ны өдөр хүртэл хэрэгжсэн гэх дүгнэлт зөв ба нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцалсан тул гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2024.02.27-ны өдрөөс хойш гэрээний үүрэгт хүү, алданги шаардах эрхээ алдсан гэж үзэх ба үүнээс хойших хугацааны хүү, алданги шаардах эрхгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг агуулгаас нь зөрүүтэй тайлбарласан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Д” ХХК-г Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн бол, давж заалдах шатны шүүх “...харин нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 758,354,569 төгрөг шаардсан, тэрээр алдангид 139,619,013.2 төгрөг төлсөн байх тул төлөгдсөн мөнгөн дүнг хасаж тооцоод үлдэх 618,735,556 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй...” байна гэж дүгнэхдээ шүүхүүд эрх зүйн харилцааг адил дүгнэсэн боловч алдангийн талаарх заалтыг тайлбарлаж хэрэглэхдээ зөрүүтэй дүгнэлт хийж өөр өөр шийдэл гаргасны зэрэгцээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9-р зүйлийн 9.1-д аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөхөөр гэрээнд тохиролцсоныг үндэслэн хариуцагч талаас МҮХАҮТ-аас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр уг байдлыг баталгаажуулан нотлох баримтаар гаргаж өгсөн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг алдангид суутган тооцож гэрээний эрх тэгш байдлыг ноцтой зөрчсөн, түрээсийн зүйлийг удаа дараа хууль бусаар битүүмжилж орох байсан орлогыг алдагдуулж санхүүгийн чадамжгүй болох нөхцөлийг бүрдүүлснийг хоёр шатны шүүх анхаарч үзэж хуулийн нэгдсэн дүгнэлт өгсөнгүй.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргаж, энэ үндэслэлээ анхан шатны хуралдаанд дэмжиж оролцсон нь түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд үлдээх агуулгыг илэрхийлж байгаад хоёр шатны шүүх өөр өөр байдлаар дүгнэж түрээсийн зүйл хэний өмчлөлд үлдэхийг тодорхой заалгүйгээр, түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээх агуулгаар тодорхойгүй үлдээж, гэрээнд заасан түрээсийн төлбөр буюу түрээсийн зүйл болж байгаа 14 толгой, 14 чиргүүлийг худалдан авсан үнийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг зөрөөтэй байдлаар хэрэглэсний улмаас хариуцагчийг илтэд хохироосон алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж үзэхэд хүргэж байна. Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 315-р зүйлийн 315.1-д заасан түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон бусад зардлыг харгалзан үзнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон, хариуцагч талын түрээсийн төлбөрт төлсөн төлбөр, түрээсийн зүйлд гаргасан зардлын нотлох баримтууд, хариу тайлбарт дүгнэлт, няцаалт өгч энэ гэрээгээр хариуцагчийн хүлээх төлбөр, хариуцлагыг тогтоох нь хуулийн шаардлагад нийцэх юм.

Талууд гэрээний зүйлийг Монгол Улсын хилээр оруулан ирж хариуцагч “Ж" ХХК-ийн нэр дээр, гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлж тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан тул гэрээний үнэ 4,545,109.80 юань буюу 1,789,318,829.06 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой. Харин шүүхүүдийн дүгнэлтээр гэрээний зүйл нэхэмжлэгчид үлдэх, гэрээний төлбөр, хүүг нэхэмжлэгчид төлөх агуулга бүхий дүгнэлт шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй нэхэмжлэгч гэрээний төлбөр, хүү болон гэрээний зүйлийг өөртөө авах нь хууль бус.

Тооцооллын хувьд 1,814,664,312 төгрөгийн үнэтэй Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, гэрээг цуцлах хүртэл нэхэмжлэгчид төлсөн 590,583,926.92 төгрөг, урьдчилгаанд 314,390,592 төгрөг, даатгалд 6,828,696 төгрөг, гаалийн татварт 190,797,376 төгрөг, нийт 2,917,264,902.92 төгрөг төлсөн тул эдгээр төлбөрүүд нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой ба энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй.

6.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.2-т заасан дараах үндэслэл байна.

Нэхэмжлэгч тал 2024.11.13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж улмаар нэр бүхий гуравдагч этгээдүүдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Д.П, Ч.Н нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.1-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.

Эдгээр хоёр гуравдагч этгээдэд шүүхээс нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй, тэдэнд хуульд заасан эрх, үүрэг, хэргийн материал танилцуулаагүй атлаа тэдний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулж өөрчлөлт оруулсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил арилахгүй гэж үзэж байна. 2025.04.30-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэгч талын хэргийн зарим үйл баримтыг тодорхой болгох зорилгоор гаргасан лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. Үүний дагуу шүүхэд Монголын нотариатчидын танхимаас ирүүлсэн 2025.05.05-ны өдрийн 420 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.19-ны өдрийн 10-3/518 дугаар албан бичиг ирүүлсэнтэй хариуцагч тал танилцаагүй, нотлох баримтад гарын үсэг зураагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд хэрэгт авагдсан хариуцагчийн өөрийн эрх ашгийг хамгаалахаар гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэж, бүрэн дүүрэн судалж, үнэлэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэхэд хүргэж байна. Хуульд зааснаар, хуулиар хүлээсэн үүргийн дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

6.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.3-т заасан дараах үндэслэл байна.

Хоёр шатны шүүхээс маргаан бүхий гэрээтэй холбоотой харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ хуулийг Улсын дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбар, зөвлөмжид дурдсанаас өөрөөр хэрэглэн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн түрээсийн гэрээнд түрээслүүлэгч нь түрээслэгчид өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалтад шилжүүлж, хариу төлбөр буюу хөлс харилцаа үүсдэг. Харин санхүүгийн түрээсийн гэрээний хувьд нэг тал нь нөгөө талын мөнгөн хөрөнгөөр авсан эд зүйл, тоног төхөөрөмжийн ашиглалтаас бий болох орлогоос түрээсийн төлбөрөө төлж, цаашид өмчлөгч болоход чиглэсэн харилцаа байдаг. Давж заалдах шатны шүүхээс эд хөрөнгийн түрээсийн гэрээний холбогдох заалтыг баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулсан нь дүгнэлттэйгээ зөрчилдсөн. Түүнчлэн, талуудын хооронд Иргэний хуульд заасан ямар төрлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт хийхдээ Улсын дээд шүүхээс тайлбарласан зээлийн гэрээний харилцаатай холбоотой тайлбар, зөвлөмжийг шүүхүүд анхаараагүй. Хариуцагч тал маргаан бүхий гэрээг зээлийн гэрээний харилцаа давамгайлсан гэрээ гэж үзэж тайлбар гаргасан бөгөөд ингэхдээ маргаан бүхий гэрээ нь зээлийн гэрээг халхавчилсан гэрээ учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно гэж тайлбарласан ба энэ талаарх хуулийн заалтыг албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.01-ний өдрийн 210/МА2025/01470 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны шийдвэрийн эхний нүүрний хэсэгт “Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичиг нар оролцов.” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон хэлэлцсэнээ шийдвэрт тусгасан байх бөгөөд шүүх хуралдааны ирцтэй холбогдох асуудлыг шийдвэрт огт тусгаагүй буюу хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2025.05.19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хэрхэн мэдэгдсэн нь тодорхой бус төдийгүй шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдүүдийн хэн алины оролцоогүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн байна гэж;

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар, тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Нөгөөтэйгөөр хариуцагчийг хэргийн материалтай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө, өмгөөлөгчөөрөө дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1470 дугаар магадлалаар хэргийг бүхэлд нь хянасангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан боловч шүүхийн зүгээс давж заалдах журмаар хэргийг бүрэн хянан үзсэнгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянах ёстой атал хэт нэг талыг барьж, бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасанчлан шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох эрхтэй боловч шүүхийн зүгээс энэхүү эрхийг эдлэх боломж олгогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг мөн л хэрэгжээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлүүдийг зөрчиж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна гэж үзэхээс гадна шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж маргааны үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Үүнд:

Талууд 2019.03.21-ний өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.3-т гэрээний хугацааг талууд харилцан тохиролцон 5 жил байхаар баталсан байх бөгөөд гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаа 2024.03.22 өдөр байна. Улмаар талууд үндсэн гэрээндээ нэмэлт өөрчлөлтийг 2019.04.08-ны оруулж, түрээсийн зүйлийг гэрээний хугацаанд хамтран өмчлөх, үндсэн гэрээний төлбөрийн үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд түрээсийн зүйлийг хамтран өмчлөх хугацаа дуусгавар болж, түрээслэгч тал бүрэн өмчлөх эрх үүсэх, гэрээний гүйцэтгэл бүрэн хангагдаж дуустал талууд гэрээний зүйлийг бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулахыг хориглохоор тохиролцжээ. Мөн дахин 2019.04.20-ны өдөр нэмэлт оруулан даатгал төлбөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Эдгээр нотлох баримтыг давж заалдах шатны шүүхийн магадлалын 16 хуудас нүүрэнд тодорхой зааж дүгнэсэн. Иймээс Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дээрх нэмэлт өөрчлөлтүүдээс харахад 2024.04.20-ны өдрөөр дуусгавар болохоор байсан байна. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч тал гэрээний зөрчил гаргасан гэж түрээсийн гэрээний зүйл 28 ширхэг эд хөрөнгийг 2024.02.27-ны өдөр хураан авч өөрсдийн эзэмшил өмчлөлдөө шилжүүлэн авсныг давж заалдах шатны шүүх өөртөө тусалсан байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Учир нь өөртөө туслах заалтыг талуудын тохиролцсон гэрээ биелэгдэх хугацааг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл гэрээний талууд, гэрээний нөгөө талаа, гэрээний агуулгаа тодорхой зэрэг бүхий л тохиролцоо нь гэрээний чөлөөт байдлын зарчим, Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан Иргэний эрх зүйн суурь зарчим тул талуудын тохиролцоо нэн чухал гэж үзнэ. Энийг шүүх харгалзан үзэлгүй өөртөө тусалсан байна гэж магадлалын 17 доод мөрөнд дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна уу гэж үзэж байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой эргэлзээгүй үнэлж дүгнэх ёстой атал хэргийн үйл баримтыг дутуу үнэлсэн байна гэж үзэж байгаа нь санхүүгийн түрээсийн 2019.03.21-ний гэрээний зүйл 28 ширхэг тусгай зориулалтын техник төхөөрөмж /4.5 сая юань түрээсийн өртөгтэй энэ нь 2 тэрбум орчим төгрөг, гэтэл дээрх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч, хариуцагч, БНХАУ-ын хуулийн этгээдүүд гуравласан гэрээ байгуулснаар хилээр импортолсон ч урьдчилгаа төлбөрт “Ж” ХХК 802,072.02 юань буюу тухайн өдрийн ханшаар 314,390,592, 14 автомашин, 14 чиргүүлийн БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрээс Монгол улсын Ханги мандлын хил хүртэл жолоодсон жолоочийн хөлс болон шатахууны зардалд 18,000,000 төгрөг, Ханги мандлын хилээс Таван толгой чиглэлд жолооч хөлсөлсөн болон түлшний зардалд 16,800,000 төгрөг, Таван толгойд ирсний дараа чиргүүлийн бэхэлгээ хийсэн, дугуй сольсон зэрэг зардлуудад 100,000,000 төгрөг, тээврийн хэрэгслүүдийг ашиглах хугацаанд урсгал засвар болон үйлчилгээ, дугуй сольсон зардлууд 300,000,000 төгрөг, 2022.10.31-ний өдрөөс 2023 оны 3 сар хүртэлх хугацаанд “Д” ХХК 14 автомашин, 14 чиргүүлийн лацдаж, хураан авсан бөгөөд зогсоолын төлбөрт 12,600,000 төгрөг, нийт 447.400.000 төгрөгийг тус тус төлсөн гэрээний хугацаанд 590,583,963 төгрөгийг эргэн төлөлтөд төлсөн байна. Энэ тооцооллыг дүгнээгүй байна. Хариуцагчаас БНХАУ-ын хуулийн этгээдэд урьдчилгаа хэлбэрээр төлсөн төлбөр 314,390,592 төгрөгийн асуудал огт дурдагдаагүй төдийгүй анхан шатны шүүхийн шийдвэрийн 39 талд “нэхэмжлэгч нь хэдийгээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу үнэ болон татвар төлснөө баримтаар нотлоогүй боловч төлсөн гэж үзлээ “гэж дүгнэснийг давах шат анхааран үзсэнгүй. Анхан шатны шүүх баримт алга гэхдээ төлсөн гэж үзлээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ. Учир нь тийнхүү төлсөн төлбөрийн хэсэг нь хариуцагчийн мөнгө буюу 314,390,592 төгрөг байдаг. Энэ талаар талууд маргадаггүй. Гэвч тооцооллыг нэг мөр шийдэх боломжгүй нөхцөл үүссэнийг шүүх анзаарсангүй.

Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 14 автомашинуудыг лацдаж зогсоож, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж буй орон сууцжуулалтын төслийн ажлын өмчлөгдсөн газрын эрхийг буюу 3 орон сууц, 2 авто зогсоолын гэрээг өөртөө шилжүүлэн авсан баримт мөн байна. Энэ асуудал огт дурдагдалгүй бас дүгнэгдээгүй байна.

Иймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1470 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дээрх шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Т.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01113 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Т.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1,470,748,255.33 төгрөг, хүү 677,469,437.35 төгрөг, алданги 735,374,127.66 төгрөг, нийт 2,883,591,820.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн төлбөр 45,960,882.89 төгрөг, хүү 95,988,989.28 төгрөг, алданги 21,480,441.45 төгрөг, нийт 3,047,022,133.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр хангуулах гэж нэмэгдүүлж, шаардлагын үндэслэлээ “... “Д” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд 2019.03.21-ний өдөр СТГ-19/01 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2019.03.21-ний өдөр БГ-ҮХХ-ЖП2019/01, БГ-ҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03 тус тус дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, БГ-ХЭХ-ЖП2019/01 дугаартай “Барьцааны гэрээ”, БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаартай “Дансны орлого барьцаалах гэрээ”-г тус тус байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 2638SZ загварын Норд бенз маркийн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг худалдан авахаар “Ж” ХХК-ийн сонгосон нийлүүлэгч болох БНХАУ-ын И XXК-тай “Д” ХХК болон “Ж” ХХК нь 2019.03.18-ны өдөр 20190318001 дугаартай “Худалдах, худалдан авах гурван талт гэрээ”-г байгуулсан ба 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг 2019.04.04-ний өдөр “Ж” ХХК-д хүлээлгэн өгсөн. Мөн Санхүүгийн түрээсийн үндсэн гэрээний түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөх оруулах, болон уг гэрээний зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор “Д” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд 2019.04.08-ны өдөр СТГ-19/01-01 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2019.04.20-ны өдөр СТГ-19/01-2 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2021.05.22-ны өдөр СТГ-19/01-3 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г тус тус байгуулсан. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд “Д” ХХК нь 2024.04.16-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш 2024.11.12-ны өдрийг хүртэл олох ёстой байсан орлогод тооцож шаардсан. Иймд гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 1,516,709,138.22 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 773,458,426.63 төгрөг, алданги 756,854,569.11 төгрөг, нийт 3,047,022,133.96 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,744,060.67 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-аас гаргуулах, хариуцагч “Ж” ХХК нь төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэж тодорхойлжээ.

11. Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулагдсан СТГ-19/01 дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ээр хариуцагчид мөнгө, эд хөрөнгийн алийг нь хүлээлгэж өгсөн талаараа нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлага, тооцоолол тодорхойгүй. Үүнд:

11.1. Нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж дуусгавар болгосон тул хүү, алданги шаардах эрхээ алдсан, ... иймээс түрээсийн зүйлийг буцаан авснаас хойш буюу 2024.02.27-ны өдрөөс хойш гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацааны хүү, алдангийг шаардах эрхгүй.

11.2. Хариуцагчийн урьдчилгаанд төлсөн үнийн дүнгийн 17,325 хувь болох 802,078.2 юань буюу 314,390,592 төгрөгөөс 289,045,106 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасч тооцоогүй ба энэ нь үндсэн төлбөрийн үлдэгдлээс хасагдах ёстой.

11.3. Хариуцагчаас нэхэмжилж байгаа нийт үнэд 14 толгой, 14 чиргүүлийн үнэ 1,814,664,312 төгрөг багтсан, гэрээний хугацаанд төлсөн нийт 527,907,487.99 төгрөг, урьдчилгаанд төлсөн 802,078.2 юань буюу 314,390,592 төгрөг, нийт 2,656,962,392 төгрөгийг хариуцагчаас буцаан авсан гэж үзэх тул шаардах эрхгүй.

11.4. Даатгал хураамжид төлсөн нийт 6,828,696 төгрөг, гаалийн татвар нийт 190,797,376 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой.

11.5. Нэхэмжлэгч тал 2024.02.27-ны өдөр түрээсийн төлбөр төлөөгүй шалтгаанаар түрээсийн зүйлийг битүүмжлэн лацдаж буцаан авсан. Иймээс худалдаж авсан хөрөнгийг өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан атлаа нэмж үнийг нь шаардаж байгааг зөвшөөрөхгүй ба хариуцагч нийт 2,854,588.463.99 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

11.6. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул хүү, алданги зөвшөөрөхгүй, цар тахлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн бодит байдлыг харгалзан анзыг багасгах боломжтой.  ...” гэж маргажээ.

12. Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдуулан 2019.03.21-ний өдөр СТГ-19/01 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар үр дагаварт тооцож 2638SZ загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг  буцаан шилжүүлж өгөхийг даалгах, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ:

“12.1. ... Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6.1, 6.4-т зааснаас үзэхэд түрээслэгч нь эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох хэдий ч хуульд заасан түүнээс гэсэн агуулга нь түрээслэгчээс өөрөөс нь худалдан авч улмаар хариу төлбөр шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ буюу төлбөр гэж үзэх үндэслэлгүй, энэ агуулгаар буцаан төлбөр, хүү авч байгаа үйлдэл нь хууль бус, хариуцагчийн өмнөөс худалдан авч хариуцагчид өөрт нь буцаан түрээсэлж буй агуулгыг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхгүй, энэхүү гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй. Иймээс талуудын хооронд үүссэн харилцаанд зээлийн гэрээний харилцаа илүү давамгайлж байна. Энэ үндэслэлээр санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл,

12.2. “Д” ХХК нь Хөгжлийн банкны охин компани тул Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.10-т зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасныг зөрчсөн.

12.3. “Барьцааны гэрээ” болон “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-үүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарах тул хүчин төгөлдөр бус ...” гэжээ.

13. Нэхэмжлэгч “Д” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хариуцагчийн санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн харилцаа байна гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. ...Түрээслэгч “Ж” ХХК-ийн зүгээс 2019.02.22-ны өдөр 19/78 дугаартай албан бичгээрээ түрээсийн зүйл болох 14 ширхэг чирэгч толгой, 14 ширхэг чиргүүлийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны И компаниар үйлдвэрлүүлж, худалдан авах хүсэлтийг “Д” ХХК-д гаргасан. Хариуцагчаас Зөвшөөрлийн тухай хуулийн 2.24 дэх заалтыг тайлбарлахдаа зориуд мушгин тайлбарласан байна. 2.24-т “банк санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх” гэж заасан байхад тайлбартаа таслал оруулан тусдаа 2 этгээдийн үйл ажиллагаанд зөвшөөрөл авах мэтээр тусгажээ. Дээрх заалт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнууд нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх бол Монгол банкнаас зөвшөөрөл авах ёстой талаар тусгагдсан байтал банкны үйл ажиллагаа эрхэлдэггүй “Д” ХХК-д хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь "Санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ" гэж заасан. Хариуцагчийн “Д” ХХК-ийг зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан тул Иргэний хуулийн 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. “Д” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан 2019.03.21-ний өдрийн СТГ-19/01 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн 5 барьцааны гэрээ, 1 шаардах эрх шилжүүлэх гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх шаардлага хангагдах боломжгүй, үндэслэлгүй байна. Санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг нь үндэслэлгүй юм.” гэжээ.

14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С нь хариуцагч талыг дэмжсэн тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

15. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт:

“15.1. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд нэхэмжлэгч нь банк биш байх тул маргаж буй гэрээнүүдийг байгуулахад Монгол банкнаас аливаа зөвшөөрөл авсан байхыг шаардахгүй юм. Түүнчлэн санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа бүртгэгджээ. Иймд маргаж буй гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д заасантай нийцсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

15.2. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг хариуцагч хүлээн авсан болох нь техник хүлээлгэн өгсөн актууд, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд тухайн санхүүгийн түрээсийн гэрээ нь бодитоор хэрэгжсэн байх тул Иргэний хээлийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

15.3. Гэрээний 1.2, 2.1-д зааснаас үзэхэд 4,545,109.80 юанийн үнэ бүхий хавсралт 1-д заасан эд зүйлийг түрээслүүлэхээр тохиролцож тухайн эд зүйл нь Монгол улсын хилээр нэвтэрч хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэнээр гэрээ хэрэгжсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

15.4. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гэрээ байгуулагдах үед Г.П байсан бөгөөд тэрээр гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагчийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Э.Түмэнбаяр болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон бөгөөд тэрээр гэрээнд гарын үсэг зуржээ. Иймд Санхүүгийн түрээсийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

15.5. Гэрээг Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн зүйлийн 313.2-т зааснаар гэрээний үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заасан байх тул хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэхгүй.

15.6. ...Хариуцагч нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор гэрээний зүйлийг хүлээн авч үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн 2.1-д зааснаар бүртгэгдсэн үйл ажиллагааны дагуу гэрээ байгуулж, эд зүйл түрээслүүлсэн байх тул хэн алиныг нь өөрийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хэлцэл хийсэн гэж үзэхгүй юм.

15.7. Эдгээр үндэслэлээр санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлгүй тул санхүүгийн түрээсийн болон уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээнүүд нь мөн зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

15.8. ... Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр ... 1,789,318,829.06 төгрөгийн санхүүгийн түрээс олгогдсон тул ...түрээслэгч нь төлбөр төлөх үүрэгтэй. Зохигч 2024.02.27-ны өдөр гэрээний зүйлийг хариуцагчийн ашиглалтаас нэхэмжлэгч нь буцаан авсан цаг хугацааны талаар маргаагүй тул энэ өдөр хүртэл гэрээ хэрэгжсэн гэж үзнэ. Энэхүү үндэслэлээр гэрээ нь 4 жил 6 сар 6 хоног хэрэгжсэн байна. Энэ хугацаанд хариуцагчид үүссэн хүүгийн үүрэг нь 1 жилд 196,825,072 /1,789,318,829.06*11%/ төгрөг, 4 жилд 787,300,288 төгрөг, 1 сард 16,402,089 /196,825,072/12/ төгрөг, 6 сард 98,412,534 төгрөг, 1 хоногт 539,247 /196,825,072/365/ төгрөг, 6 хоногт 3,235,482 төгрөг, нийт 888,948,304 төгрөгийн хүү тооцогдоно. Улмаар үндсэн төлбөрийг нэмбэл нийт үүссэн үүрэгт нь 2,678,267,133.06 төгрөг юм. Хариуцагчийн бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа дансны хуулганаас үзэхэд нийт 487,317,488.13 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн мөнгөн дүнгээр хариуцагчийг 590,583,926.92 төгрөг төлөгдсөн гэж үзлээ. ... Эдгээр үндэслэлээр үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасвал 2,087,683,206.14 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байна.

15.9. Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэхгүй.

15.10. ...Нэмэгдүүлсэн  шаардлагын хувьд төлбөр төлөгдсөн бол бусдад санхүүгийн түрээс олгож орлого олох байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул олох байсан орлогод холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

15.11. ...Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байгаагаас үзэхэд өмчлөгч нарын зөвшөөрлийн дагуу байгуулагдсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь барьцааны зүйлийн өмчлөгчийг хариуцагчаар татаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Гэвч гэрээ хүчин төгөлдөр бөгөөд эрх залгамжлагч тогтоогдоогүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй тул үл хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

15.12. Арилжааны банк дахь дансны мөнгөн хөрөнгө болон орлого барьцаалах тухай БГ-ХЭХ-ЖП/2019/02 дугаар гэрээнээс үзэхэд Төрийн банк дахь *** дугаар дансыг хариуцагч эзэмшдэг гэж шууд үзэх боломжгүй байна. Зохигч хэн аль нь энэхүү дансны эзэмшигчийн талаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргаагүй тул ... данс дахь мөнгөн хөрөнгө болон орлогоор санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

15.13. ...Нэхэмжлэгчийг санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийн өмчлөх эрхийг гэрээний 3.1.1-д зааснаар өөрт шилжүүлэн авсан, улмаар хариуцагчийн ашиглалтаас буцаан авсныг буруутгахгүй ба ... нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар зохигч хэн аль нь маргаагүй тул тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

15.14. Автомашин барьцаалсан БГ-ХЭХ-ЖП/2019/01 дүгээр гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох Lexus 570 маркийн автомашин нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх боловч ... хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус эд хөрөнгөний барьцааны тухай хуульд зааснаар барьцааны эрх баталгаажаагүй байна. Түүнчлэн хөдлөх эд хөрөнгөний хувьд өнөөдрийн байдлаар хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдоогүй тул уг автомашинд холбогдох шаардлагыг хангах боломжгүй.

15.15. ... Сөрөг нэхэмжлэлийн хувьд дээр дурдсан үндэслэлүүдээр санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон. Гэрээний 7.1-д зааснаар битүүмжилсэн, гэрээний 8-д элэгдэл хорогдол тооцож төлбөрт тооцохоор заасан байх тул өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлгүй. Түүнчлэн гэрээгээр түрээслүүлэгчийн өмчлөлд бүртгүүлэхээр заасан байна. Мөн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр тул барьцааны зүйлийг чөлөөлөхийг даалгах үндэслэлгүй..” гэсэн дүгнэлт хийжээ.

16. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ:

“16.1. ... Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж гэрээний харилцааг зөв дүгнэсэн байна.  ...Нэхэмжлэгч нь 2019.04.04-ний өдөр түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 590,583,926.92 төгрөг төлсөн, гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт нийт 2,438,256,448.94 төгрөг төлөх байсан, 2021.06.26-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн.

16.2.  ... Гэрээний 3.1.11, 7.1, 7.1.2-т зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг лацдан, битүүмжлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагчид түрээсийн төлбөр төлөхийг шаардаж, түрээсийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, 2024.02.27-ны өдрийн байдлаар өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар өөртөө тусалсан гэж үзнэ.

16.3. ...Хариуцагч нь нэхэмжлэгчид 2021.06.26-ны өдрөөс 2024.04.26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 1,516,709,138.23 төгрөг, хүү 472,631,494.28 төгрөг тус тус төлөх үүрэгтэй тул ... нийт 1,989,340,632.51 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 758,354,569 төгрөг шаардсан, тэрээр алдангид 139,619,013,2 төгрөг төлсөн байх тул төлөгдсөн мөнгөн дүнг хасаж тооцоод үлдэх 618,735,556 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна. Гэхдээ хэргийн нөхцөл байдал болон хариуцагчийн санхүүгийн чадавхыг харгалзан үзэж, 618,735,556 төгрөгийн 50 хувь болох 309,367,778 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс багасгана.

16.4. ...Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш орлого олох боломжгүй болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, учир нь нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсийн зүйлийг өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан, өөр бусдад түрээсэлж, орлого олох боломжтой байсан байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

16.5. ... Анхан шатны шүүх нас барсан этгээдийн эрх залгамжлагч тогтоогдоогүй байхад тэдгээрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь буруу тул залруулж ... нэхэмжлэлийн шаардлагаас Ч.Н, Д.П нарын үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, харин шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.С-ын барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

16.6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тээврийн хэрэгсэл болон банкин дахь мөнгөн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө болон ирээдүйд бий болох хөрөнгө буюу дансны орлогууд нь барьцааны зүйл байж болохоор хуульд зохицуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

16.7. ... “Д” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.03.21-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ болон мөн өдөр байгуулсан БГ-ҮХХ-ЖП2109/01, БГ-ҮХХ-ЖП2019/02, БГ-ҮХХ-ЖП2019/03, БГ-ХОХ-ЖП2019/01, БГ-ХЭХ-ЖП2019/02 дугаар барьцааны гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10-д заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв.

16.8. ...Түүнчлэн хариуцагчаас иргэн В.Цэнд, “Д” ХХК болон “Ж” ХХК, гуравдагч тал Нийслэлийн Тамгын газрын дарга нарын хооронд байгуулагдсан 2022.12.28-ны өдрийн гурван талт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг гурван талт гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалсан барьцааны гэрээ хэрэгт авагдаагүй, тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.  

17. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг хүчин төгөлдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж адил тодорхойлсон боловч гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг зөрүүтэй дүгнэж, алдангийн талаарх Иргэний хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна.

18. Зохигч, тэдний хооронд 2019.03.21-ний өдөр байгуулагдсан СТГ-19/01 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, энэ хүрээнд нэхэмжлэгч гэрээг санхүүгийн түрээс гэж шаардлагаа үндэслэсэн бол хариуцагч татгалзал, тайлбартаа холимог гэрээ боловч зээлийн гэрээний шинж давамгайлсан, хүчин төгөлдөр бус гэх зэргээр эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж мэтгэлцсэн, улмаар гэрээний үүргийн биелэлт, түүний тооцоолол буюу нэхэмжлэгч гэрээний зүйлийг буцаан авснаар гэрээ цуцлагдсан гэж үзвэл энэ нь гэрээний үүргийг дүгнэхэд хамаарах нөхцөл байдал болох эсэх асуудал хөндөгджээ.

19. Хэрвээ хоёр шатны шүүхийн дүгнэснээр зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаас гадна Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шаардлага хэрхэн хангагдаж байгаа, энэ тохиолдолд хариуцагчийн татгалзалд дурдсанчлан зээлийн гэрээнээс ялгагдах онцлог, үндэслэлийг анхаараагүй, хамаарах дүгнэлтийг хийгээгүй.

20. Түүнчлэн нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-ийг санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй шалтгаанаар гэрээг цуцлаад, түрээсийн зүйлийг өөрийн эзэмшилд буцаан авч, хариуцагчаас төлбөр шаардаж байгаа тохиолдолд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах тухай зохицуулалт хэрэглэгдэх эсэхийг маргааны үйл баримттай уялдуулан дүгнэх шаардлагатай.

Тухайлбал, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг түрээсэлсэн эд хөрөнгийн элэгдлийг тооцсон үнийг харгалзан тодорхойлно.” гэж заасан.

Ийнхүү шаардлагын хэмжээг тооцоход түрээсийн зүйлийн элэгдлийг тооцох нь санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалтын онцлог, үнэ тохирсон нөхцөл нь бусад төстэй гэрээнээс ихээхэн ялгаатай байдагтай холбоотой.

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Норд бенз маркийн, 2638SZ загварын 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг өөрийн эзэмшилдээ буцаан авсан атлаа нэмж үнийг нь шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, улмаар энэ үндэслэлээр гэрээний үүргийн тооцоолол буюу нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой гэж маргасан.

Гэтэл зохигч талууд энэ талаар хангалттай мэтгэлцээгүй, энэхүү хуульд заасан түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлох нөхцөл байдал буюу талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг бүрэн ойлгомжтой тодорхойлогдох хэмжээний үйл баримт тогтоогдоогүй байна.  

Тодруулбал, дээрх байдлаар түрээсэлсэн эд хөрөнгийн элэгдлийг тооцсон үнэ буюу одоогийн зах зээлийн үнэ тодорхойгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон  гэрээний үүргийн биелэлтийг тооцох, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдээгүй гэж үзэв.

21. Иймээс дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заал7дах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2025/01470 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Ж” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.26-ны өдөр төлсөн 11,863,000 төгрөг, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.02-ны өдөр төлсөн нийт 4,039,919 төгрөгийг тус тус улсын улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                          Н.БАЯРМАА

                                                                                          Э.ЗОЛЗАЯА