Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1283

 

 

 

 

     2020           10             01                                         2020/ДШМ/1283

 

Г.Н-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1841 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 60 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Г.Н-т холбогдох эрүүгийн 2008 0000 01180 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 19:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 3-25 тоотод болгоомжгүй үйлдлийн улмаас монгол гэрийн униар хохирогч Ч.Н-ийн баруун талын нүдэн тус газарт хатгаж, эрүүл мэндэд нь баруун нүдний нэвтэрсэн шарх, нүдний цагаан бүрхүүл, эвэрлэг, хорейдын урагдал, нэвтэрсэн шархаар нүдний агуулагдахуун судаслаг бүрхүүл, шилэнцрийн гоожилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний өмнөд хоргын цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд 1 нүд нь сохорч, хагалгаанд орсон, харин болор суулгах шаардлага үүссэн боловч нүдний болор суулгах эмчилгээтэй холбоотой хохирол, хор уршгийн асуудал бодитой шийдвэрлэгдээгүй байна. Шүүгдэгч нь хохирогчид нүд сохорч хагалгаанд орсон зардлыг төлсөн гэх боловч хэргийг хялбаршуулах тухай хүсэлтэд хавсаргах ёстой тухайн баримт хэрэгт цуглараагүй. ...2. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөв, бүрэн хийгдээгүй байх тул шүүгдэгч тухайн сонсгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн ойлгож, зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл хангалтгүй. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналыг прокурор гаргасан байх боловч энэ нь дотоод зөрчилтэй болжээ. Тодруулбал, “Нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан утга агуулгад нийцээгүй утгаар бичигдсэн, мөн шүүгдэгч согтууруулах ундаа, мансууруулах бодисын хамааралтай эсэх, хөдөлмөрлөх дадалгүй эсэхэд хамаарах нотлох баримт хангалтгүй байх тул хүлээлгэх албадлагын арга хэмжээг сонгосон үндэслэл нь хангалтгүй, таамагласан шинжийг агуулсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар “эрх хасах” нэмэгдэл ялыг заавал хэрэглэх байтал энэ талаар прокурор дүгнэлт гаргаагүй, нэмэгдэл ял буюу ямар эрхийг ямар хугацаагаар хасах талаар прокурор ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар санал солилцож зөвшилцсөн байх үндэслэл, журам зөрчигдсөн. ...3. Гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэмт санааны хувьд зөрүүтэй, зөрчилтэй нөхцөл байдлууд бодитой үүссэн байх тул дахин шалгах, хянах, дүгнэх шаардлагатай. ...4. Шүүхийн өмнөх шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улмаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагад холбогдох шийдвэр, саналын баримт зэргийг хохирогчид мэдэгдэж, танилцуулах зайлшгүй шаардлагатай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.12-т заасан хохирогчийн эрх, түүний хангагдах утга агуулгаар шууд тодорхойлогдоно. Дээрх үндэслэлүүд нь шүүгдэгч Г.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөлүүд хангагдаагүйг нотолж байх ба дээр дурдсан нотолбол зохих зөрчил, асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурорын мөрдөх, хянах чиг үүргийн хүрээнд шалгагдах, шийдвэрлэгдэх асуудал...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “...1. ...гэмтлийн улмаас эмнэлэгт эмчлүүлсэн зардлыг Г.Н нь эмчилгээний явцад өөрөө төлж байсан, мөн цаашид эмчлүүлэх зардлыг яллагдагч Г.Н нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч Ч.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн талаар хүсэлт гаргасан байдаг. ...шүүхээс ирээдүйд гарах зардлыг төлүүлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийтгэх тогтоолдоо тусгаж шийдвэрлэж болохоор байна. ...2. Г.Н нь хувиараа барилгын ажил хийдэг, нийтийн албанд ажилладаггүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаггүй, бусад тодорхой эрхэд хамаарах ажил үүрэг гүйцэтгэдэггүй тул түүнд эрх хасах нэмэгдэл ял оногдуулах үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч, яллагдагч нарын  мэдүүлгээр тогтоогдсон. Иймд хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үр дагавар үүсч байна. ...3. Хохирогч, яллагдагч нарын мэдүүлэгт үйл баримтын хувьд зөрүүтэй буюу зөрчилтэй нөхцөл байдлууд тогтоогдоогүй. ...Хохирогч Ч.Н, яллагдагч Г.Н нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг бэхжүүлэн цуглуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэж болохоор байна. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Н болон түүний өмгөөлөгч А.Очбадрал нартай ял тохиролцож, ялын санал танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.6, 1.12 дахь заалт нь шүүх, прокурор, мөрдөгчийн гэм буруутай асуудалд хамаарах ба яллагдагч, шүүгдэгчид хамаарахааргүй байна. Иймд хохирогч Ч.Н-ийн эрхийг ноцтой гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.Н хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой, шүүхээс хэргийн байдалд бодит дүгнэлт хийлгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэхээр байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Т.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Т.Н нь хохирогчид хагалгааны мөнгө 1.000.000 төгрөг, мөн зээлээ төл гэж 1.000.000 төгрөг, болор суулгах захиалгын мөнгө болох 500.000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаад уг хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлох, ...мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгах, ...албадлагын арга хэмжээг сонгосон үндэслэл нь хангалтгүй,...шүүхийн өмнөх шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирогчийн эрхийг хангах” гэсэн үндэслэлүүдийг зааж Г.Н-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад,

хохирогч Ч.Н-ийн: “...Г.Н ах орон дээрээс босоод...гэрээс гарах гээд цааш алхаж байсан. Би хоймрын орон дээр сууж байхад миний баруун нүдрүү хатуу юмаар цохих шиг болсон. ...” /хх 7/,

шүүгдэгч Г.Н-ын: “...тэгээд бид хоёр жаахан ам муруйгаад, би гэрээс нь гарах гээд хаалгаруу алхаж явахад миний баруун мөрөн дээр нэг юм унах шиг болсон. Би харахад гэрийн унь мултраад миний мөрөн дээр унасан байсан. Би унийг мөрөн дээрээс баруун мөрөө давуулаад хойш шидээд гараад явсан...”, “...би Ч.Н-ийн гэрээс гарч явахад миний баруун мөрөн дээр гэрийн унь унасан. Би гэрийн унийг  баруун гараараа аваад хойш харахгүйгээр баруун мөрөө давуулаад хойш шидсэн. Сүүлд бодоход миний хойш шидсэн унь Ч.Н-ийг оносон юм байна лээ. ...” /хх 12, 46/,

гэрч О.Дуламсүрэнгийн: “...Ч.Н надад хэлэхдээ “Хань нь өчигдөр Г.Н ахтай жаахан архи уугаад бид хоёр маргалдаж муудалцаад Г.Н ах миний нүдрүү гэрийн униар цохисон. Миний нүд хавдаад юм харахгүй байна” гэж хэлсэн. ...” /хх 14/ гэх мэдүүлгүүд авагджээ.

Эдгээрээс үзэхэд шүүгдэгч Г.Н нь хохирогч Ч.Н-тнй маргалдаж улмаар гэрийн униар түүний нүдрүү санаатай цохисон эсэх, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас буюу унь унахад нь мөрөө давуулж шидэхдээ түүний нүдэн тус газар нь цохиж гэмтээсэн эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.3 дахь заалтад заасан гэм буруугийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон, тухайн нөхцөлүүд нь хэргийн бодит байдалтай хэрхэн нийцэж байгаа, шүүх шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримтыг бүрэн цуглуулж бэхжүүлэх ажиллагааг гүйцэд хийгээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын агуулга нь зөрчилтэй, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байна.

Шүүх эрүүгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхдээ буруутгагдаж буй хүний гэм бурууг заавал тогтоож байж хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай тул гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болох, тэр нь гэм буруугийн бусад хэлбэрээс хэрхэн, яаж ялгагдаж байгааг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.

Нотлох баримтын зөрүүтэй байдал нь шүүх шийдвэр гаргахад болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж болохуйц үр дагавартай байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийн бодит байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд прокурор Н.Ундрахын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 60 дугаартай “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Г.Н-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1841 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1841 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бичсэн 60 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ