Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/319

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 6/13 дугаар тогтоолын “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байр”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах жагсаалтанд оруулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, уг халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр Ж ХХК-д хувьчлах тухай өөрчлөлт оруулахыг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 8 хүний халуун усны байрыг баригдаж байх үед анх манай компанийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183 дугаар захирамжаар тус халуун усны барилгын эзэмшигчээр баталж, барилгыг ашиглалтанд оруулах, халуун усны үйлчилгээний чиглэлийг өөрчлөлгүйгээр үйл ажиллагааны алдагдалыг нөхөхөд шаардлагатай үйлчилгээ нээх зорилгоор нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлчилгээгээ өргөтгөн ажиллахыг “Ж” ХХК-д зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн

Барйлга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2005 оны 03 дураар сарын 03-ны өдрийн 14/05 дугаар актаар халуун усны чиглэлээр ашиглахад хангалттай гэж үзээд санхүүжилтийн эцсийн тооцоогоор 86323263 төгрөгийн өртөгтэйгээр ашиглах байгууллага болох Ж ХХК-ийн мэдэлд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс үйлдвэрлэл-үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн байдаг ба энэ хугацаанаас эхлэн хууль ёсоор ашиглах эрх үүсэж өнөөдрийг хүртэл анхны зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулан хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байгаа болно.

Гэрээний хувьд 2005-2007 оныг хүртэл хугацаанд ахуйн үйлчилгээний газар статустайгаар ажилладаг байсан ба түрээсийн төлбөрийг 0 байхаар тогтоосон байдаг.

2007 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэл тохижилтын хэлтэстэй манай компани 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээ байгуулж гэрчилгээ олгож, гэрээ байгуулсанаас хойш тус гэрээ болон 2011 онд байгуулсан Түрээсийн гэрээ, 2012 онд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан болно.

Гэтэл хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жагсаалт батлах тухай дээрх тогтоолыг гаргахдаа манай компанийн олон жил үйл ажиллагаа явуулж, хууль ёсоор эзэмшиж ашиглаж байгаа 8 хүний халуун усны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах тухай жагсаалтад оруулж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж зааснаар манай компани эрх бүхий төрийн захиргааны байгууллагын шийдвэр, гэрээ гэрчилгээ, зөвшөөрлийн үндсэн дээр 10 буюу түүнээс дээш жил эзэмшиж, ашиглаж байгаа 8 хүний халуун усны байрыг шууд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах, бусдын өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гаргаж байгаа нь хуулиар бий болсон давуу эрхийг минь хязгаарласан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Манай компани тухайн халуун усны байрыг ямар нэг алдаа дутагдал гаргалгүйгээр  2004 оноос өнөөг хүртэл 12 жил хууль журмын дагуу үйл ажиллагаа

 

явуулж байгааг тодорхойлсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт, түрээсийн гэрээ, цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, хог зэрэг ашиглалтын зардал, түрээсийн төлбөрыг төлж байсан баримт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, ажлын байрны дүгнэлт зэрэг олон баримтуудаар 10-аас дээш жил хууль ёсоор эзэмшиж ашиглаж байгаа нь тогтоогддог ба Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хандахад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/281 дүгээр албан бичгээр “...Та бүхний ирүүлсэн материалууд нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны халуун усны барилгыг 10 буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан гэдгийг нотлохгүй байна. Тийм учраас 2004 оноос одоог хүртэл барилгыг эзэмшиж ашиглаж байсан тухай төсвийн байгууллагатай хийсэн гэрээ, төлбөрийн баримт болон холбогдох бусад баримтуудыг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэх...” хариуг өгсөн атлаа хариуцагч байгууллагаас дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь үндэслэлгүй хууль бус шийдвэр болсон байна.

 

Тиймд хариуцагч байгууллагын үндэслэлгүйгээр гаргасан “Жагсаалт батлах тухай" 6/13 дугаар топгоолын “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байр”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах жагсаалтад оруулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, тус халуун усны байрыг иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1- д заасны дагуу давуу эрхээр “Ж” ХХК-д өмчлүүлэх тухай өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар 77.1-т зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн 77.3-т Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж заасан нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглаж байсанд нь санал болгоно гэсэн нь заавал хувьчилна гэсэн ойлголт биш юм. Дээрх тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК тус шүүхэд хандаж “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 6/13 дугаар тогтоолын “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байр”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах жагсаалтанд оруулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, уг халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр Ж ХХК-д хувьчлах тухай өөрчлөлт оруулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183 дугаар бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар халуун усны барилгын эзэмшигчээр баталж...2005 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн манай компанийн мэдэлд барилгыг шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөлгүй ажиллаж ирсэн...Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрхийг маань зөрчсөн...” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “халуун усны чиглэлээр ажилладаггүй гэсэн танилцуулга орж ирсэн...Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн заалт нь заавал хувьчилна гэсэн ойлголт биш, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 6/13 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталсны дотор Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” ХХК-ийн эзэмшиж буй Халуун усны барилгыг нийтийн дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын  27-ны өдрийн 183 дугаар бүхий “Халуун усны барилгын  тухай”  гэх  захирамжаар  9  дүгээр  хорооны   нутаг   дэвсгэрт   төсвийн

хөрөнгөөр баригдаж байгаа 8 хүний халуун усны барилгын эзэмшигчээр “Ж” ХХК-г батлах, тус компанитай холбогдох гэрээ байгуулж биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Тохижилт үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст даалгах, барилгыг ашиглалтанд оруулах, халуун усны үйлчилгээний чиглэлийг өөрчлөхгүйгээр үйл ажиллагааны алдагдлыг нөхөхөд шаардлагатай үйлчилгээ нээх зорилгоор нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлчилгээгээ өргөтгөн ажиллахыг тус компанид зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай улсын комиссийн 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14/05 дугаар актаар...8 хүний халуун усны барилгын зориулалтаар ашиглахад хангалттай гэж үзээд эцсийн тооцоогоор 86 323 963 төгрөгийн өртөгтэйгээр ашиглагч байгууллага болох “Ж” ХХК-ийн мэдэлд 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилгээ явуулахыг зөвшөөрснөөр тус компани холбогдох байгууллагуудтай дулаан цахилгаан цэвэр бохир усны гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заажээ.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл нэхэмжлэгч компанид халуун усны барилгад тухайн үйл ажиллагааг явуулах хууль ёсны эзэмшил нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 183 дугаар захирамжаар үүссэн байх ба энэ үеэс эхлэн тооцоход уг эд хөрөнгийг нэхэмжлэгч хууль ёсоор эзэмшсэнээс хойш 10 жил өнгөрсөн гэж үзэхээр байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар “... тухайн аймаг нийслэл сум дүүргийн өмчийн зүйлийг хүи амаа төлөөлөн өмчлөгч байх” боловч хариуцагчаас маргаан бүхий захиргааны актаар “Ж” ХХК-ийн эзэмшиж буй Халуун усны барилгыг нийтийн дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгчээс Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан уг обьектыг нийтийн дуудлага худалдаагаар хувьчлах нь буруу, эзэмшигч компани нь давуу эрхээр хувьчлах боломжтой талаар хүсэлт гаргасан боловч түүний хариуд “нотлох   баримт   хангалтгүй”   гэсэн   атлаа   хувьчлах   хөрөнгийн   жагсаалтад оруулсныг хариуцагч захиргааны байгууллага харгалзан үзээгүй нь буруу байна.

Талуудын хооронд 2007-2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, тохижилтын хэлтэстэй “Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээ”, 2011-2012 онуудад байгуулсан түрээсийн гэрээнүүд болон Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжаас үзвэл нэхэмжлэгчид дан ганц үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлээгүй, харин халуун усны үйл ажиллагаа явуулахыг нэхэмжлэгчид хариуцуулж улмаар нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг даалгасан, эдгээр гэрээний асуудлаар талуудын хооронд маргаан үүсээгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,4, 106.3.10, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/13 дугаар бүхий “Жагсаалт батлах тухай” тогтоолын “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, халуун усны барилга, нээлттэй дуудлага худалдаа” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож,  уг 6/13 дугаар бүхий “Жагсаалт батлах тухай” тогтоолд “халуун усны барилгыг Ж ХХК-д хувьчлах” гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.Д