Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/376

 

 

 2024      09         03                                           2024/ШЦТ/376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Т.Т,

хохирогч М.Д,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ******* аймгийн ********************** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ****************************************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Д овогт М-ын Б /РД; *****************/,

Шүүгдэгч М.Б нь;

2024 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө ******* аймгийн ****-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмчээр ажиллаж байхдаа,

хөлдөө оёдол тавиулахаар ирсэн хохирогч М.Д-ыг “баашиллаа” гэж уурлан, нүүр хэсэгт нь цохиж түүний эрүүл мэндэд “зүүн хацарт шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.Б “...Тухайн үед бид хоёр үл ойлголцсон. Ажлын ачаалал маш их байсан, дараа дараагийн хүмүүс хүлээгдэж байсан болохоор “яаралтай оёдол тавъя” гээд оёдол тавьж байх явцад маргалдсан. Тэр үйлдлээсээ янз бүрийн хараалын үгнүүд хэн, хэндээ хэлж уурлах шалтгаан эхэлж би уурандаа нэг удаа цохисон.” гэв.

хохирогч М.Д “...тухайн үед намайг “согтолттой байна” гээд 102 дуудсан, цагдаа ирэхэд би согтолттой эсэхээ нотлох гээд “үлээж үзүүлье” гэсэн боловч М.Б эмч өрөөнөөсөө гарч ирээгүй, төв цагдаа дээр очиж үлээгээд өргөдлөө гаргачихаад явсан. ...би “өвдөж байна, мэдээ алдуулалтаа хийсэн юм уу” гэж асуусан, өмнө нь мэдээ алдуулалт хийлгэж байсан болохоор хийлгэхгүй гэж хэлээгүй. ...ингээд 29-ний орой цохиулаад...долоо хоног нүд аниастай байсан.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч М.Д-ын “...2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хашаандаа өвс хадаж байгаад хөлөө цахилгаан хадуурт гэмтээж улмаар 7035103 дугаарт дуудлага өгч 20.40 цагийн орчим түргэний машинаар хүргэгдэн ****-ийн Яаралтай тусламжийн тасагт зүүн хөлөндөө оёдол тавиулах явцад эмч шархнаас базаад байхаар нь “өвдөж байна, мэдээ алдуулах тариа хийсэн юм уу” гэхэд “дуугай бай, мэдэж байна” гэхээр нь “өвдөөд байна” гэсэн чинь “бааштай хар п***а вэ” гээд орон дээр хэвтэж байхад Б гэдэг эмч гараараа нэг удаа цохиж аваад оёдлоо дутуу хийгээд гараад явсан. ...эмчийн цохисон хэсэгт таван оёдол тавиулсан. ...Б эмч 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр залгаж надаас уучлалт гуйж, “чамайг цохисондоо маш их харамсаж байна, тэр өдөр жаахан ууртай байсан юм” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Б.Б-ийн “...2024 оны 6 дугаар сарын 29-ний орой 16.00 цагаас 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд ****-ийн Яаралтай тусламжийн тасагт сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн. ...2024 оны 6 дугаар сарын 29-ний орой 7035103-ын машинаар М.Д гэх иргэн “хөлийн тавхайны дээд хэсэгт язарсан шархтай” хүргэгдэн ирсэн, уг шарханд М.Б эмч нэг  оёдол тавьсан. М.Д бага зэргийн архи уучихсан байсан, оёдол тавих явцад эмчтэй маргалдаад, хэл амаар доромжилж “п***а минь, наад хөлөө аятайхан оёорой” гээд байсан. Тухайн иргэнд өвчин намдаах тариа хийх гэж бөөн юм болж тариа хийсэн, хөлийн шарханд нь өвчин намдаах тариа хийсэн. ...Тухайн үед эмчтэй маргалдаад л байсан, эмч уурандаа нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиж аваад гараад явсан. ...М.Б эмчийн гараар цохигдох явцад нүүрний зүүн хэсэгт язарч цус гарсан, тухайн шархыг мэс заслын эмчээр косметик оёдол тавиулсан,  хөлийг нь мэс заслын эмчид үзүүлээд нэмж нэг оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч Б.Б-ийн “...2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр гэртээ хашааныхаа зэрлэг болон ургасан өвсөө цахилгаан хадуураар хадаж байгаад ир нь чулуунд цохигдон хагарч хөлөө гэмтээсэн. Улмаар эмнэлэг дуудаж түргэний машинаар хүргэгдсэн. ...сувилагч “хоёр ширхэг бинт, марал аваад ир” гээд явуулсан, би бинт, марал авчихаад буцаад ирэхэд нөхрийн нүүрний зүүн талын хэсэг цус болчихсон, язарсан байсан, “яасан юу болсон” гэхэд “эмч нь намайг баашлаад байна гээд цохисон” гэсэн. Манай нөхөр эмнэлэг рүү ороход нүүр нь зүгээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Сүүлд нь эмч нөхөр лүү залгаж уучлалт гуйж “тэр үед бухимдалтай байсан” гэдгээ хэлээд эмчилгээнд 500.000 төгрөг өгсөн. Манай нөхөр зүүн хацартаа оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

М.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрийн хооронд ***** аймгийн ****-ийн Яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмчээр ажилласан. 21.30 цагийн орчим 103-аар хөлдөө шархтай хүнийг тээвэрлэн авч ирсэн, анхны үзлэгийг хийхэд оёдол тавих шаардлагатай байсан, улмаар боолтны өрөөнд оруулж шарханд цэвэрлэгээ хийж, мэдээ алдуулалт тариа хийх явцад М.Д “би наад тариаг чинь хийлгэхгүй, тарианаас айдаг, наадахыг чинь хийлгэхгүй” гэсэн, би тарианы үйлчлэлийг танилцуулсан, тэр үед “би 100гр бол татсан байгаа, өвдөлтөө багасгах гэж уусан” гэж байсан. Би мэдээ алдуулах тариа хийсэн тэр үед хөлөө татаж “өвдөөд байна, яах гээд байгаа юм, п***а” гээд намайг хараагаад байсан, “хүний өмнөөс бэртээд ирсэн юм шиг яах гээд байгаа юм” гэхэд дахин хараагаад элдвээр хэлээд байсан. Тэгээд оёдол тавихаар болоод эхний оёдлоо хатгах явцад “п***а, наадах чинь мэдээ алдаагүй байна шүү дээ” гээд хараагаад байсан, “мэдээ алдах нь алдсан, чамд мэдрэгдэнэ” гэж хэлтэл “аятайхан шиг оёчихоорой наадахаа, п***а минь” гэж дахин, дахин хараахаар нь миний уур хүрээд “бааштай хар п***а вэ” гэж хэлээд уурандаа гараараа нэг удаа цохиод, хөлөө татаад зүүнд хатгуулчихаад байхаар нь гараад явсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээнд 500.000 төгрөг дансруу нь шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 624 дугаартай; “...М. Д-ын биед зүүн хацар шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

шүүгдэгч М.Б-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 37  дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.

Орхон аймгийн БОЭТ-ийн Хүний нөөцийн албаны даргын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 202/2024 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 43  дахь тал/,

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  хохирогч, гэрч нараас мөн М.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч М.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгчийн “...Ажлын ачаалал маш их байсан, дараа дараагийн хүмүүс хүлээгдэж байсан болохоор “яаралтай оёдол тавъя” гээд оёдол тавьж байх явцад маргалдсан. Тэр үйлдлээсээ янз бүрийн хараалын үгнүүд хэн, хэндээ хэлж уурлах шалтгаан эхэлсэн, би уурандаа нэг удаа цохисон.” гэх,

хохирогчийн “...би “өвдөж байна, мэдээ алдуулалтаа хийсэн юм уу” гэж асуусан, өмнө нь мэдээ алдуулалт хийлгэж байсан болохоор хийлгэхгүй гэж хэлээгүй. ...ингээд 29-ний орой цохиулаад...долоо хоног нүд аниастай байсан.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч М.Д-ын “...2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр...****-ийн Яаралтай тусламжийн тасагт зүүн хөлөндөө оёдол тавиулах явцад...Б гэдэг эмч гараараа нэг удаа цохиж аваад хөлийн оёдлоо дутуу хийгээд гараад явсан. ...эмчийн цохисон хэсэгт таван оёдол тавиулсан.” гэх,

гэрч Б.Б-ийн “...М.Д гэх иргэн “хөлийн тавхайны дээд хэсэгт язарсан шархтай” хүргэгдэн ирсэн, уг шарханд М.Б эмч нэг оёдол тавьсан. М.Д бага зэргийн архи уучихсан байсан, оёдол тавих явцад эмчтэй маргалдаад, хэл амаар доромжилж “п***а минь, наад хөлөө аятайхан оёорой” гээд байсан. ...Тухайн үед эмчтэй маргалдаад л байсан, эмч уурандаа нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиж аваад гараад явсан.” гэх,

гэрч Б.Б-ийн “...нөхрийн нүүрний зүүн талын хэсэг цус болчихсон, язарсан байсан, “яасан юу болсон” гэхэд “эмч нь намайг баашлаад байна гээд цохисон” гэсэн.” гэх,

М.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би мэдээ алдуулах тариа хийсэн тэр үед хөлөө татаж “өвдөөд байна, яах гээд байгаа юм, п***а” гээд намайг хараагаад байсан, “хүний өмнөөс бэртээд ирсэн юм шиг яах гээд байгаа юм” гэхэд дахин хараагаад элдвээр хэлээд байсан. Тэгээд оёдол тавихаар болоод эхний оёдлоо хатгах явцад “п***а, наадах чинь мэдээ алдаагүй байна шүү дээ” гээд хараагаад байсан, “мэдээ алдах нь алдсан, чамд мэдрэгдэнэ” гэж хэлтэл “аятайхан шиг оёчихоорой наадахаа, п***а минь” гэж дахин, дахин хараахаар нь миний уур хүрээд “бааштай хар п***а вэ” гэж хэлээд уурандаа гараараа нэг удаа цохиод, хөлөө татаад зүүнд хатгуулчихаад байхаар нь гараад явсан.” гэх мэдүүлгүүдээр, 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 624 дугаартай, “...М. Д-ын биед зүүн хацарт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч М.Б-ийн хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

Хохирогч М.Д-ын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “...зүүн хацарт шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан,

мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч М.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч М.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч М.Б гэм буруутай үйлдлээрээ хохирогч М.Д-ын эрүүл мэндэд “...зүүн хацарт шарх, цус хуралт” бүхий гэмтлийг учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.

          Шүүх хуралдааны үед хохирогч М.Д “...сэтгэл санааны хохиролтой байна, мөн ажилгүй байсан хохирлоо барагдуулмаар байна.” гэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүйгээс гадна хавтаст хэргийн 12 дахь талд “...миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй, сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгийг өгч байсан байна. 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй тул түүний ажилгүй байсан хугацааны цалингаа болон сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч М.Б-ийн хувьд, хохирогчийн эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 500.000 төгрөг төлснийг,

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2024 оны 624 дугаартай дүгнэлтээрээ хохирогч М.Д-ын биед учирсан гэмтлийг “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэж дүгнэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хохирогч М.Д гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э