| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0369/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/380 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/380
2024 09 09 2024/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ч.М-д холбогдох эрүүгийн 2425002260*** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хивсний оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн ************************************* тоотод оршин суух, урьд;
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 28 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Х овогт Ч-ын М /РД; *******************/,
Шүүгдэгч Ч.М нь 2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр “хорооллын эцэс” нэртэй газарт хохирогч Ж.Д-аас “гурван шуудай нүүрс авъя, та гар утсаараа яриулаач” гэж хуурч гурван шуудай нүүрс болон хохирогч Ж.Д-ын эзэмшлийн “SamsungА-21” загварын гар утсыг авч явж, хохирогчид 302.363 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ч.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Ж.Д-ын “...2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед нүүрс борлуулах цэг дээрээ байж байсан чинь нэг эмэгтэй ирээд “гурван шуудай нүүрс авъя” гэж хэлэхээр нь би гурван шуудай нүүрс машинд нь тавьж өгсөн, энэ үед уг эмэгтэй “ахаа утсаа өгч байгаач, би ах руугаа утсаар яриад данс руу мөнгө хийлгэнэ” гэж хэлээд миний гар утсыг авсан. Энэ үед өөр хүмүүс нүүрс авахаар ирсэн байсан болохоор нүүрс ачиж өгч байсан чинь миний утсыг авсан эмэгтэй машиндаа суугаад яваад өгсөн. ...надаас нүүрс авсан эмэгтэй бол М-ийн найз хүүхэн юм, урд өмнө нь хэд, хэдэн удаа харж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 9 дэх тал/,
гэрч Д.М-ийн “...Нэг өглөө ажил дээрээ байж байтал Их залуу багийн нүүрсний зах дээр ачигч хийдэг Д гэх залуу над дээр ирээд “миний гар утсыг М аваад явчихлаа, таньтай утсаар ярина гэж хэлээд миний гар утсыг аваад намайг нүүрс ачиж байх хооронд явчихсан байна” гэж хэлсэн. Энэ үед би “нүүрс аваад ир гэж явуулаагүй, би мэдэхгүй, М-тай уулзаагүй хэрэв тааралдах юм бол утсыг нь хүргэж өг гэж хэлье” гэж хэлээд Д-ыг явуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
гэрч Б.Н-ийн “...2024 оны 1 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна М надтай ирж уулзахдаа “гар утас авах уу, надад мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд “Samsung” загварын гар утас үзүүлсэн, тухайн гар утсыг...би 50.000 билүү 80.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Тухайн гар утсыг би өөрөө ашиглаж байгаад унагааж дэлгэцийг нь хагалаад, гар утасны сэлбэгт өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Ч.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр такси бариад Д-ын ажиллаж байгаа нүүрс зардаг газар очиж Д-тай уулзаад ногоон шуудайтай нүүрснээс гурван шуудайг аваад Даас “гар утсаа өгч байгаач хүн рүү утсаар яриад өгье” гэж хэлээд гар утсыг нь авсан. Энэ үед Д хажуу талд өөр хүмүүст нүүрс зөөгөөд явж байхаар нь гар утсыг нь аваад нүүрсээ аваад шууд явсан, гарч яваад Наран багт байх танил эгч А-ийн гэрт очиж гурван шуудай нүүрсээ хүргэж өгсөн, Д-ын “Samsung” загварын гар утсыг найз Нандинцэцэгт 50.000 төгрөгөөр өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 35 дахь тал/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1100-0316 дугаартай “...“Samsung Galaxy А-21” загварын гар утас 302.363 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-23 дахь тал/,
Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 6/94 дугаартай “Хоригдол шилжүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
407 дугаар хорих ангийн “...2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ч.М үлдэж байгаа 00 жил 10 сар 25 хоногийн ялтай.” гэсэн ялын тооцооны тодорхойлолт /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
шүүгдэгч Ч.М-ын;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-46 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-60 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн хохирогч, гэрч нараас, Ч.М-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ч.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Ж.Дын “...2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед нүүрс борлуулах цэг дээрээ байж байсан чинь нэг эмэгтэй ирээд “гурван шуудай нүүрс авъя” гэж хэлэхээр нь би гурван шуудай нүүрс машинд нь тавьж өгсөн, энэ үед уг эмэгтэй “ахаа утсаа өгч байгаач, би ах руугаа утсаар яриад данс руу мөнгө хийлгэнэ” гэж хэлээд миний гар утсыг авсан. ...миний утсыг авсан эмэгтэй машиндаа суугаад яваад өгсөн.” гэх,
гэрч Д.М-ийн “...Д гэх залуу над дээр ирээд “миний гар утсыг М аваад явчихлаа, таньтай утсаар ярина гэж хэлээд миний гар утсыг аваад намайг нүүрс ачиж байх хооронд явчихсан байна” гэж хэлсэн.” гэх,
гэрч Б.Н-ийн “...М надтай ирж уулзахдаа “гар утас авах уу, надад мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд надад “Samsung” загварын гар утас үзүүлсэн, тухайн гар утсыг...би 50.000 билүү 80.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна.” гэх,
Ч.М-ын өгсөн “...Д-тай уулзаад ногоон шуудайтай нүүрснээс гурван шуудайг аваад Даас “гар утсаа өгч байгаач хүн рүү утсаар яриад өгье” гэж хэлээд гар утсыг нь авсан. Энэ үед Д хажуу талд өөр хүмүүст нүүрс зөөгөөд явж байхаар нь гар утсыг нь аваад нүүрсээ аваад шууд явсан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1100-0316 дугаартай “...“Samsung Galaxy А-21” загварын гар утас 302.363 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ч.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.М-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагдах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.М-ын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгчийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар 28 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэх.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “...үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлснийг нь харгалзан энэ гэмт хэрэгт нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Ч.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар 28 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.М-аас 302.363 төгрөг гаргуулж хохирогч Ж.Дт олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.М нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар 28 хоног хорихыг 407 дугаар хорих ангид эдэлж байсан бөгөөд түүнийг Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 6/94 дугаартай “Хоригдол шилжүүлэх тухай” албан бичгээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд шилжүүлж, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 46 хоног цагдан хорьсон болохыг,
мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ч-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М-д энэ тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сар хорих ял дээр тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар 28 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.М-аас 302.363 төгрөг гаргуулж хохирогч Ж.Д-т олгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э